Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/841

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Д-ийн Л-д холбогдох эрүүгийн 2105000001906 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********************** төрсөн, эрэгтэй, ***************************** гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***************************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Д-ийн Л /РД: *******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” гэх нэртэй ресторанаар үйлчлүүлж байхдаа Д.В-тэй “чамаас болж ажлаасаа халагдсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр болон биеийн бусад хэсэгт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай баримт /хх 1/,

2. Хохирогч Д.В-ийн:

“...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед “**************” ХХК- ийн ажилчидтайгаа Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” нэртэй ресторанд хоол идэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 20 цагийн үед гаднаас зүс мэддэг Л гэх залуу нь нэг найзтайгаа орж ирээд бид нартай суусан. Тэгээд сууж байхад манай ажлынхан нэг нэгээрээ гарч яваад Л, Ш бид 3 тухайн газраа үлдсэн. Гэтэл Л нь “чи юу хийж байгаа юм, би чамаас болж ажлаасаа халагдсан, чамд ажлын чинь хоол зохиж байна, чи хоол ид” гээд над руу хоол шидээд байсан. Тэгэхээр нь би “чи одоо болно, над руу хоол шидэхээ боль” гэхэд Л нь “чи архи уумаар байна уу” гээд над руу архи цацсан. Би Лд хандан “би одоо архи уухгүй” гэж хэлэхэд Л нь миний нүүр хэсэг, шанаа хэсэг рүү олон удаа цохисон. /хэдэн удаа цохисон талаар сайн санахгүй байна/. Л нь намайг цохиж байх хооронд миний утас дуугарахаар нь утсаар ярих гэтэл Л нь миний утсыг булааж аваад дахиад миний толгой хэсэг, нүүр хэсэг рүү цохиод “битгий жүжиглээд бай” гээд цохиод байсан. Тэгээд би Л-д хандан “одоо болно, чи намайг зөндөө зодлоо, юу нь болохгүй байгаа юм хоёулаа ууя” гэж хэлээд бид 2 нэг хундага архи уусан бөгөөд шууд намайг дахин цохиж эхэлсэн. Би тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна нэг мэдэхэд гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 5/,

3. Гэрч Д.Д-ын:

“...Тухайн өдөр 19 цагийн үед “С М” ХХК-ийн ажилчдын хамт Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” нэртэй ресторанд хоол идэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд сууж байхад 20 цаг өнгөрөөд гаднаас Д.Л ах нэг найзтайгаа халамцуу “Эдэн” нэртэй 1 литрийн тал шил архи бариад орж ирсэн юм. Тэгээд бид нартай юм ярьж хоол унд идээд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байхад Л нь ажилчидтай муухай харьцаад байсан чинь манай ажилчид нэг нэгээрээ гараад яваад өгсөн. Өрөөнд В ах, Л ах бид 3 үлдсэн. Тэгсэн чинь Л ах Вд хандан “чиний ажил чинь чамд зохиод байгаа юм биш үү, чамаас болж ажлаас халагдсан, чи хоол ид” гээд хоолны үлдэгдэл цацаад шидээд нүүр, толгой, хэсэг рүү нь цохиод суугаад байсан. В ах Л ахад архи хундагалж өгөхөөр архийг нь урдаас нь цацаад дахиад толгой, нүүр рүү нь цохиод байсан. Мөн намайг “би чамайг ажилд оруулсан шүү, аятайхан байгаарай” гэж хэлсэн. В ахыг олон удаа цохисон бөгөөд би яг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна жаахан сууж байгаад толгой, нүүр рүү нь цохиод, алгадаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх 7/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11092 дугаартай:

“...Д.В-ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нураанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх 11-12/,

5. Яллагдагч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би В-ийн нүүр, толгой руу нь хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Л-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Л нь хохирогч Д.В-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Л-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Л нь:

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” гэх нэртэй ресторанаар үйлчлүүлж байхдаа Д.В-тэй “чамаас болж ажлаасаа халагдсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр болон биеийн бусад хэсэгт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.В-ийн “...Л нь миний нүүр хэсэг, шанаа хэсэг рүү олон удаа цохисон. /хэдэн удаа цохисон талаар сайн санахгүй байна/. ...бид 2 нэг хундага архи уусан бөгөөд шууд намайг дахин цохиж эхэлсэн. Би тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна нэг мэдэхэд гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Д-ын “...Л ах В-д хандан “чиний ажил чинь чамд зохиод байгаа юм биш үү, чамаас болж ажлаас халагдсан, чи хоол ид” гээд хоолны үлдэгдэл цацаад шидээд нүүр, толгой, хэсэг рүү нь цохиод суугаад байсан. В ах Л ахад архи хундагалж өгөхөөр архийг нь урдаас нь цацаад дахиад толгой, нүүр рүү нь цохиод байсан. ...В ахыг олон удаа цохисон бөгөөд би яг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна жаахан сууж байгаад толгой, нүүр рүү нь цохиод, алгадаад байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11092 дугаартай “...Д.В-ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нураанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Л нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.Л нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.В-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардалд шүүгдэгч Д.Л нь 393.500 төгрөгийг хохирогч Д.В-д төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Л-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Л нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 262 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Д.Л-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Л-гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ********************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Дийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ДАЛАЙХҮҮ