| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00049/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Бадам, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Н.Бадам, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Эрдэнэбилэг, Иргэний хариуцагч ******* Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овгийн ******* холбогдох 2133000000054 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар баг Бургалтай гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Шаавай овгийн ******* /РД:ОМ00000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг Шувуут /хөдөө/ гэх газарт 31-50 ОРХ улсын дугаартай Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг. 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл. Арав.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган 1 нас 02 сартай иргэн Г.Мичидмааг дайрч, Г.Мичидмаагийн биед духны ясны хугарал, тархины эдийн няцрал, духанд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг Шувуут /хөдөө/ гэх газарт 31-50 ОРХ улсын дугаартай Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг. 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл. Арав.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган 1 нас 02 сартай иргэн Г.Мичидмааг дайрч, Г.Мичидмаагийн биед духны ясны хугарал, тархины эдийн няцрал, духанд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэх үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *******гийн өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нөхөр бид хоёр гэрээсээ гараад хадмынхыг нүүлгэх гээд явсан. Тэгээд хадмынд очоод нөхөр маань тэнд үлдээд би хөрш айлынд очиж цэнэглэгчээ асуухаар машинаа унаад явсан. Тэгээд гэрийнх нь гадаа очиход Эрдэнэбилэг гэрийнхээ гадаа Ганбаа ах хүүхдүүдтэйгээ гэрийнхээ гадаа байсан. Би цэнэглэгчээ асуухад өгчихсөн гээд тэрхэн хооронд нээх удаагүй хэдхэн минутын зүйл л болсон. Тэгээд араандаа хийгээд хөдлөхөд миний зүүн гарын арын дугуйн дээр нэг зүйл гарах шиг болохоор нь би зогссон. Зогсоод 2 сартай Урантуяагаа хажууд суулгаад машинаас гараад харахад Эрдэнэбилэг охиноо тэвэрчихсэн уйлаад байсан. Би тэрхэн зуур айж балмагдаад хүний хүүхэд гэмтээчих вий дээ гэж бодоод хамгийн түрүүнд эмнэлэг дуудъя л гэж бодсон. Тэгээд шууд машинаа бариад хадмындаа очоод нөхөртэй “айлын хүүхэд гэмтээчих шиг боллоо. Чи очоодхооч гээд” уйлсан. Нөхөр маань шууд Ганбатын гэр лүү явсан. Тэгээд эмнэлгийн машин 11 цагийн алдад ирсэн. Би тухайн үед Приус 20 тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Энэ манай нөхрийн машин. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж машин барьсан миний буруу. Эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд эхлээд эмнэлэгт 8 хоног хэвтэж гарсан эхний эмчилгээний мөнгө гээд 1.900.000 төгрөг өгсөн. Дараа нь хохирогчийн талаас тохиролцох саналыг гаргаад охиныг цаашдаа эмчлүүлнэ гээд 8.000.000 төгрөг нэхэмжлээд өгсөн байгаа. Би үнэхээр гэмшиж байгаа. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Цаашдаа хүүхэд маань эрүүл саруул байгаасай л гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Эрдэнэбилэгийн өгсөн: “...Манайх одоо 4 хүүхэдтэй хамгийн бага нь Мичидмаа гэдэг охин байгаа. Тэр өдөр гэмтэл авснаасаа болоод Эрдэнэтийн сэхээнд ороод биеийн байдал нь муу гээд эмч нар хэлж байсан. Сүүлдээ эмч нар зураг жоохон хөдөлгөөнтэй гарсан. Гэнэт ухаан ороод амьсгалахад зураг нь хөдөлсөн байсан байна гээд тэр өдөртэй зураг аваагүй. Тэгээд сэхээнд байх хугацаандаа охин маань нэг удаа ухаан алдаагүй байгаа. Бид охиныхоо зургийг дахиад авхуулмаар байна гэхэд. За тэгвэл хойд эмнэлэг зураг сайн авдаг. Манайх зүсэлт муутай хойд эмнэлэг дээр оч гэсэн. Тархины баруун тал цууралттай хүнд байна гэсэн. Тэгээд эрчимт эмчилгээ рүү оруулаад 7 хоногийн хугацаанд бид хоёр улам сайжирсан. Аягүй их уйлагнаад, бөөлждөг байсан тэгэхээ болиод 8 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад аягүй сайн гам хийх ёстой, мэдрэлийн эмчийн хяналтад эхний 06 сар явах ёстой. Анхнаасаа хяналтад байж толгойг нь хэмжүүлж байх хэрэгтэй гэсэн. Ер нь эмнэлгээс гарснаасаа хойш унаж татсан зүйл байхгүй. Эмч нар хэлэхдээ бие нь сайжирсан байна гэж хэлсэн. Бид хоёр 10 сарын эхээр эмнэлэгт очоод зурганд оруулах гэсэн боловч унтаж байгаа мөртлөө цочоод байсан.Т эгээд зургийн эмч хүүхэд чинь аягүй их цочролтой байгаа юм байна. Хүүхдийн чинь толгойн байрлалаас харахад хавдсан зүйл байхгүй байна. Их олон эмнэлгээр яваад байгаа учир цочроо ны гарахгүй байгаа юм байна хэсэг байж байгаад зургийг нь авхуул гэж хэлсэн. Одоохондоо хүүхэд маань хоол ундаа идээд тоглож наадаад дажгүй байгаа. ******* маань хүүхэд чинь яаж байна ингэх үү яах уу гээд байнга ярьдаг. Тэрэнд нь маш их баярлаж байгаа. Цаашдаа хэрэг төвөггүй хүүхдүүдтэйгээ сайн сайхан амьдраасай гэж хүсэж байна. Өөр цаашид мөнгө төгрөг гэж нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Эрдэнэбилэгийн өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд нөхөртэйгөө амьдраад 10 жил болж байгаа юм. Манайх 4 хүүхэдтэй хамгийн том нь 8 настай дараагийнх нь 6 настай бас 5 настай хүүхэд байгаа. Хамгийн бага хүүхэд маань одоо 1 нас 3 сартай. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ нөхөр 3 хүүхэд, Буяннэмэх ах нартай хамт байж байхад саахалт айлын эмэгтэй ******* нь өөрийн цагаан Приус-20 машинтайгаа манай гэрийн гадаа ирж зогсоод надаас утасны цэнэглэгч асуухаар нь “би байхгүй” гээд хэлтэл хойно машин хөдлөх шиг болохоор нь эргээд хартал *******гийн жолоодож явсан машины цаахна талд манай бага охин Мичидмаа хэвтэж байсан юм тэгэхээр нь би хүүхэд дайрчихлаа гэж орилоод хүүхэд дээрээ гүйгээд очтол манай хүүхэд газар дээшээ хараад хэвтчихсэн хамраас нь бага зэрэг цус гараад нүүр нь хөхрөөд ухаан алдчихсан байсан би тэр үед их сандраад хүүхдээ тэврээд уйлтал нөхөр ирсэн тэр үед харин Шинэн машинтайгаа цааш яваад өгсөн юм. Манай хүүхэд дайруулсныхаа дараа бие нь их муу байсан дух нь зүүн хэсгээрээ хавдаад нүүр нь хөхрөөд ухаангүй болчихсон байсан тэгсэн Шинэнгийн нөхөр Бархас машинтайгаа давхиж ирээд хүүхдийн биеийг асуухаар нь би хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ гээд нөхөртэйгөө хамт охиноо тэврээд машинтайгаа Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан юм тухайн үед Бархас би бас хамт явъя гээд манай машины арын суудалд суугаад нөхөр бид хоёртой хамт Орхон аймаг руу явсан юм. Орхон аймгийн Эмнэлэг рүү явж байх замд манай хүүхдийн бие их тааруу байсан нүүр нь хөхрөөд үе үе ухаан алдаад байсан юм. Тэгээд Орхон аймгийн эмнэлэгт аваачаад үзүүлтэл шууд сэхээн амьдрах тасаг руу шилжүүлсэн юм. Тэгээд тэр оройнхоо сэхээнд хоноод маргааш орой нь сэхээнээс гаргаад гэмтлийн эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Манай хүүхэд Орхон аймгийн Медипас эмнэлэгт үзүүлж тархины зураг авхуулсан, мөн Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 8 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би гомдолтой байна энэ асуудлаас болж охины маань биед их хүнд гэмтэл учирлаа.Цаашид охиныхоо эмчилгээнд зарцуулсан бүх төлбөр тооцоо болон бусад бүх зардлаа *******гээр төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/ 2.Гэрч Ц.Алтанцөгцийн өгсөн: “... Манай хүргэн Бархас 2020 онд тухайн 31-50 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг Орхон аймгаас худалдаж авч байсан. Тэр үед манай хүргэн Сэлэнгэ аймгийн харьяат учир машин авч болохгүй миний бичиг баримтаар авсан. Шилжүүлэг хийж чадаагүй яваад байгаа. 31-50 ОРХ машин хүргэн Бархасын эзэмшлийн машин юм. Надад хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-р хуудас/ 3.Гэрч *******ийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байсан 11 цагийн орчимд цагийг нь хэлж мэдэхгүй байна Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар баг “Шувуутын зүүн салаа” гэх газар ***** гэрт гэрийн урд байх саравчинд суугаад тамхи татаад сууж байтал цагаан өнгийн Приус-20 маркийн машин Ганбатын гэрийн баруун талаар ирээд зогссон. Тэгээд Ганбатаас гар утасны цэнэглэгч асууж байсан ба Ганбат байхгүй гээд хэлсэн чинь за гээд явсан. Тэгтэл түг гэх чимээ гарахаар нь харсан чинь нөгөө машины доороос нэг юм гарч ирсэн ба эхэндээ нохой байна уу гэж харан сайн хартал Ганбатын бага охин Мичидмаа байсан тэгээд аав нь шууд очоод авсан. Би дахин харж чадаагүй ямар ч байсан уйлахгүй дуугүй ухаангүй байсан . Машиныг ямар ч байсан жоохон хүүхэд өвөр дээрээ тэвэрчихсэн нэг эмэгтэй жолоодож байсан. Би нэрийг нь мэдэхгүй машины дугаарыг нь ч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/ 4.Гэрч *******ын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд би гэртээ эхнэр Эрдэнэбилэг ,3 хүүхэд, Буяннэмэх ах нартай хамт байж байсан юм. Би тухайн үед гэр дотроо зурагт асаах гээд байж байтал гэрийн гадаа машинтай хүн ирэх шиг болсон. Тэгээд удалгүй нөгөө машин өндөр хаазтай хөдлөх шиг л болсон тэгсэн чинь эхнэр Эрдэнэбилэг хүүхэд алаад хаячихлаа гээд орилохоор нь гараад хартал гэрийн гадаа нөгөө машины дэргэд манай бага охин Мичидмаа дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд ээж нь түрүүлж очоод тэвэрч авахаар нь би араас нь гүйгээд очтол охин маань ухаангүй нүүр нь хөхөрчихсөн хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд тэндээсээ шууд машинтай Орхон аймгийн эмнэлэг рүү аваад явсан. Тухайн машиныг саахалт айлын эмэгтэй ******* гэх хүн тухайн үед жолоодож явсан. Одоогоор манай охины бие ер нь муу тархиндаа гэмтэлтэй цаашдаа унаж татдаг болох магадлал өндөртэй гэж хэлж байсан. Байнгын мэдрэлийн эмчийн хяналтад байх шаардлагатай ер нь 12 наснаас дээш унаж татах магадлал их өндөр гэж эмч нар хэлээд байгаа. Миний зүгээс үнэхээр гомдолтой байна эрүүл саруул байсан хүүхдийг минь ийм болгосонд гомдолтой...” гэх мэдүүлэг/хх-ийн 90-р хуудас/ 5.2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 6-7-р хуудас/ 6.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 471 дугаартай “... Г.Мичидмаагийн биед духны ясны хугарал, тархины эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Духны ясны хугарал, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт/хх-ийн 22-23-р хуудас/ 7.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Т.Үнэнбаатарын 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан №03 дугаартай “...******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг. 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл. Арав.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан...” гэх шинжээчийн дүгнэлт.../хх-ийн 35-р хуудас/ 8.Иргэний хариуцагч *******ын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би гэрээсээ эхнэр *******гийн хамт Баруунбүрэн сумын 2 дугаар баг Шувуут гэх газар манайхаас нэг километр орчим зайд байх аав Сайжаагийнд очсон юм. Би тэр өдөр аавын гэрийг нүүлгэх ажилтай байсан учир аавынд үлдээд эхнэр *******д машинаа өгөөд “гэртээ хариад малаа хараад байж бай” гээд явуулсан юм. Тэгсэн удалгүй эхнэр машинтайгаа хүрч ирээд машинаасаа “би хүүхэд дайрчихлаа гээд уйлаад” буугаад ирсэн. Тэгэхээр нь би тухайн хүүхдээ дайруулсан айлынд нь яваад очиход хүүхдийнх нь хамраас нь цус гарчихсан эцэг эх нь хүүхдээ тэвэрчихсэн уйлаад байж байсан. Тэгэхээр нь би одоо энд уйлж зогсоод яах вэ гялс эмнэлэгт аваачиж үзүүлье гэж тэр хүүхдийн эцэг эхэд хэлсэн юм.Тухайн үед эхнэр маань миний эзэмшлийн 3150-ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Би 3150-ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 12 дугаар сард Орхон аймгаас хүнээс худалдаж авсан ба машин шилжүүлж авахад заавал 14 хоногийн дотор Сэлэнгэ аймагт очиж нэр дээрээ шилжүүлэг хийх шаардлагатай болсон тул эхнэрийн ах Ц.Алтанцөгц гэх хүний нэр дээр тухайн машинаа авсан юм. Тэр үед эхнэр маань жирэмсэн байсан болохоор би Сэлэнгэ аймаг явж амжихгүй болчхоод машиныг хадам ахынхаа нэр дээр худалдаж авсан юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоо шилжүүлж болохгүй талаар мэднэ. Тухайн үед би өөрөө аавын гэрийг нүүлгэх гээд ажил ихтэй байсан ба ар гэрийн маань ажил хэцүүдэх гээд мал ахуйгаа эргүүлэх зайлшгүй шаардлагатай байсан болохоор өөрийн эхнэр *******д тээврийн хэрэгслээ өгч явуулсан. Ийм осол аваар болно гэж тухайн үед огт бодоогүй юм үнэхээр харамсалтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн 18 насанд хүрсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байж 3150 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Иймд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Эрдэнэбилэг нь “Охин Мичидмааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 1.919.980 төгрөг төлсөн. Цаашид бага насны хохирогч Мичидмаагийн цаашид гарах эмчилгээний зардалд 8.000.000 төгрөг төлсөн болох нь бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн иргэн Ганбат овогтой Мичидмааг асрах хамгаалагч аав, ээж болох Пүрэвжав овогтой Ганбат, Өлзийдалай овогтой Эрдэнэбилэг бид охин Мичидмаагийн эмчилгээний зардал болох 8.000.000 төгрөгийг /найман сая/ төгрөгийг Цэвэгжав овогтой Шинэнгээс хүлээн авсан нь үнэн болно. Цаашид бид гомдол тэмцэлгүй болно...” гэсэн мэдүүлэг 2021 оны 09 сарын 20-ны өдрийн ХААН банкны шилжүүлэг /хх-154/-ээр тогтоогдож байна. Иймд л шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагчаас гаргуулах хохирол төлбөргүй байна. Улсын яллагч: “...Шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дугаар зүйлд заасны дагуу оршин суух газар ажил сургуулиа өөрчилж, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах саналыг улсын ялагчийн зүгээс гаргаж байна...” гэв. Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2, 2.3-т Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах шийтгэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг байна. Иймд улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-109/-ээр тогтоогдож байна. Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Дээрх байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, *******г 01/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь ******* энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9.919.980 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож 3150 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч *******т буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ************** Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т заасан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, *******г 01/нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******г оршин суугаа газраа өөрчлөх зорчих явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4.Шүүгдэгч ******* шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын саналыг үндэслэн ял оногдуулахыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9.919.980 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, иргэний хариуцагчаас гаргуулах төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож 0000 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч *******т буцаан олгосугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА