Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаяр/цахим сүлжээгээр/, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2034001780010 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Буурал 6 гудамжны 22 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, Маргад овгийн ******* /РД:ТК00000000/, Холбогдсон гэмт хэргийн талаар Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагааны гозгор” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль экологид 37,170 /гучин долоон мянга нэг зуун далан/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2034001780010 дугаартай хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрээс нь бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 1. 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-4 хуудас) 2. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...04-42 СБА улсын дугаартай Портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд үзлэгийг цагийн зүүний дагуу хийж гүйцэтгэхэд гадна ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бөгөөд ар талын тэвшин дээр үзлэгийг хийхэд нийт 41 шуудай чулуу шороонууд болон мөн модон иштэй төмөр хүрз байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 хуудас) 3. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “...Тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авч “04-42 СБА” гэж тэмдэглэсэн 41 шуудай шороог эд мөрийн баримтаар тооцов...” гэх тогтоол (хавтаст хэргийн 8 хуудас) 4. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1170 килограмм чулууг ялгах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 56-58 хуудас) 5. Геологийн төв лаборторийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжилгээний хариу (хавтаст хэргийн 59-60 хуудас) 6. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “...Төв аймгийн Сүмбэр сумын нутагг тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт авч явсан шорооноос ашигт малтмалыг нь ялган авахад 89,45 грамм гарсан байх тул 89,45 грамм алтны үнэлгээ тогтоох, шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд, мөн Монгол банкны албан ёсны сайт зэргээр тогтоох боломжтой гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон дараах магадлагааг гаргав. 1. Шинжилгээ хийсэн он, cap, өдөр: 2020 оны 05 сарын 25-ны өдөр 2. Шинжилгээ хийсэн газар: Төв аймаг дахь Цагдаагийн газар. 3. Шинжилгээ хийсэн үндэслэл: Төв аймгийн Баянцогт сумын нутагт тусгай зөвшөөрөлгүй хууль бусаа ашигт малтмал олборлосон байх тул үнэлгээ хийх 4. Шинжилгээний обьектын талаархи мэдээлэл: 2020 оны 05 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол банкны албан ёсны сайтаас татаж авсан алтны ханш. 5. Шинжилгээний аргачлал, явцын талаар: Монгол банкны албан ёсны сайтаас татаж авсан алтны ханш гэмт хэрэг үйлдэгдсэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 138,887,50 төгрөг байсан бөгөөд холбогдогч нарын авч явсан чулуунаас гарсан 89,45 грамм алттай харьцуулж бодоход 12,423,442,2 төгрөг байна. Хоёр. Магадлагаа 6. Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Монгол банкны албан ёсны сайтаас татаж авсан алтны ханш гэмт хэрэг үйлдэгдсэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 138,887,50 төгрөг байсан бөгөөд холбогдогч нарын авч явсан чулуунаас гарсан 89, 45 грамм алттай харьцуулж бодход 12,423,442,2 төгрөг байна...” гэх мөрдөгчийн магадлагаа болон хавсаргасан баримтууд (хавтаст хэргийн 84-85 хуудас) 7. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 80-82 хуудас) 8. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний “Эртэч наран” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “...Хариулт: Хэргийн газрын анхны үзлэгийн фото зургууд, хэргийн материалаас үзвэл ухсан эвдрэл үүсгэн ухсан нүхнээс 41 шуудай алттай шороо гаргаж тээвэрлэн авч явсныг нь цагдаагийн хяналтанд доор тээрэмдэж 89.45 гр алтыг ялгаж авсанаар иргэн *******ыг олборлох үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. *******тай холбогдох хэргийн газрын эвдрэл нь 1.0-1.1 м урттай, 08.-0.9 м өргөнтэй амсар бүхий тэгш өнцөгт хэлбэрийн эгц доош ухсан нүх байна. Нүхний гүний хэмжээ их ч ойр орчинд нь шинээр гаргаж хаясан овоолго, шороо байгаа байдал тогтоогдоогүй тул өмнө нь ухсан нүхнээс алттай 1170 кг чулууг гаргаснаар газрын хэвлийд 0.87 м3 эзлэхүүн бүхий эвдэрлийг үүсгэсэн байна. Нүхний орчинд газар хөрс, ургамлыг тахлаагүй байна. Энэ талаар дүгнэлтийн хавсралтын 1-р хэсэгт дэлгэрэнгүй өгүүллээ. Хууль бус үйл ажиллагаагаар алт олборлосон гэх нүх бүхий газар нь 2020 оны 9 сарын 02-ны байдлаархи Google Earth сансрын зургаар хавсралтын 2 хэсэгт үзүүлснээр олборлох үйл ажиллагаанд өртөөгүй газар байна. Харин хайгуулын тусгай зөвшөөрөлтэй XV43000146 талбайд байршиж байх тул тус нүхийг хайгуулын зорилгоор гаргасан байж болох талтай. Ухсан нүхний байршлыг хайгуулын тусгай зөвшөөрлийн XV43000146 талбайтай ямар байдлаар давхцаж байгааг хавсралтын 2-р зурагт үзүүлэж тайлбарлав. Хайгуулын эрх бүхий XV43000160 талбайн тусгай зөвшөөрөл нь "Комерс майнинг" ХХК-ний нэр дээр байна. Иргэн *******тай холбогдох хэргийн материалд үндэслэн тогтоосноор газрын хэвлийд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 37,170.0 (гучин долоон мянга нэг зуун далан) төгрөг болж байна. Энэ талаар хавсралтын 3 дугаар хэсэгт өгүүлэв. Ухсан орчинд хийсэн хэргийн газрын анхны үзлэгээр авсан фото зургаас үзвэл нөхөн сэргээлт хийсэн байдал тогтоогдохгүй байна. Мөн хэргийн газарт ухсан нүхнээс өөр эвдрэл байхгүй бөгөөд нүхийг ухсанаас хойш нилээдгүй хугацаа өнгөрч орчны байдал ургамалжиж эдгэрсэн байна. N48°40'547", Е105°13'441" солбицол дахь эвдрэл бүхий ухаш нүх нь Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар, хуулиар хамгаалсан ямарваа газартай давхцалгүй байна. Шинжээчийн дүгнэлт. Иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2-р багийн нутаг "Цагаан гозгор" гэх газарт газрын хэвлийд нэвтэрч учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 37,170.0 (гучин долоон мянга нэг зуун далан) төгрег болж байна. N48°40,547", E105013,44i" солбицол дахь эвдрэл бүхий ухаш нүх нь Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар, хуулиар хамгаалсан ямарваа газартай давхцалгүй, харин хайгуулын тусгай зөвшөөрөлтэй XV43000146 талбайтай давхцаж, тус тусгай зөвшөөрөл нь "Комерс майнинг" ХХК-ний нэр дээр байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 96-101 хуудас) 9. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2-р багийн нутаг Цагаан-Гозгор гэх газраас ******* нь зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 89.45 грамм алт олборлосон гэх хэрэгт 89.45 грамм алтны зах зээлийн үнэлгээ тогтоох шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд Монгол Улсын Төв банкны албан ёсны "www.mongolbank.mn" сайтын мэдээлэл зэргээс тогтоох боломжтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон дараах магадлагааг гаргав. 1.Шинжилгээ хийсэн он, cap, өдөр: 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2.Шинжилгээ хийсэн газар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 18 тоот өрөө. 3.Шинжилгээ хийсэн үндэслэл: Яллагдагч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутгаас хууль бусаар гар аргаар алт олборлосон байх тул үнэлгээ хийх. 4.Шинжилгээний обьектын талаарх мэдээлэл: 89.45 грамм алт, Монгол Улсын төв банкны албан ёсны сайтаас татаж авсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн алтны ханшийн мэдээлэл. 5.Шинжилгээний аргачлал, явц, шинжээчид тавьсан асуултын талаар: Монгол Улсын Төв банкны албан ёсны "www.mongolbank.mn" сайтын мэдээлэлд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар алтын ханш 157,779.78 төгрөг байсан бөгөөд эд мөрийн баримтаар хураан авсан 89.45 грамм алттай харьцуулж бодход 14,047,482.9 төгрөг /арван дөрвөн сая дөчин долоон мянга дөрвөн зуун наян хоёр төгрөг есөн төгрөг/ болж байна. Хоёр. Магадлагаа 6. Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдал, асуултад өгсөн хариулт: Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 89.45 грамм алт Монгол Улсын төв банкинд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 14,047,482.9 төгрөг /арван дөрвөн сая дөчин долоон мянга дөрвөн зуун наян хоёр төгрөг есөн төгрөг/ байна...” гэх мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 104-105 хуудас) 10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаярын “...Би Амарсайхан гэж хүнийг танихгүй. ******* гэгч нь танай сумаас хууль бусаар гар аргаар алт олборлосон гэх асуудлыг талаар огт мэдээгүй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг Цагаан-Гозгор гэх уулан дээр хуучин гар аргаар алт олборлож байсан гүнзгий ухагдсан агуй мэт газар байдаг юм. Тухайн газраас алт олборлох зөвшөөрөл 2020 онд олгож байгаагүй. Ер нь тийм зөвшөөрөл олгогддоггүй юм. Манай сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар алт олборсон чулуу, шорооноос гарсан алтыг орон нутагтаа улсын орлого болгон авахаар нэхэмжлэл гаргаж байна. Өөр гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 хуудас) 11. Гэрч Т.Дорлигийн “...Намайг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өглөө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хоньчийн нуруу гэх газарт гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байж байтал өглөө 08 цагийн орчим танихгүй залуу ирээд “нутгийн чинь ах чамайг Портер машин унадаг гэж хэлсэн. Тэгээд тэр хүн танайхаас 10 километр зайд Болорын уурхайн тэр хавиас чулуу ачаад Төв аймгийн Сүмбэр сум луу оруулаад машинаараа зөөгөөд өг гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд чулуу байсан гэх газарт очиход замын хажууд 20 гаран шуудайтай чулуу шороонууд байсан. Тэгээд шуудайтай шороог Амараа, тэгээд зүс таних 2 залуу Амраагийн эхнэр хүүхдүүд нь зөөсөн юм. Тэгээд тэр чулууг ачаад Төв аймгийн Сүмбэр сум луу явж байтал сумын төвөөс 7-8 километр зайд шатахуун дууссан. Тэгээд тэр Амраа гэх залуу өөрийнхөө унаж явсан машинаар сумын төв лүү түлшинд явсан. Тэгээд түлшээ хийчхээд сумын төв рүү ороод нэг айлын хашаанд ороод зогсож байтал цагдаа орж ирээд аваад явсан. Ямар учиртай чулуу юм бэ гэхэд алт гарах чулуу байгаа юм гэж хэлсэн. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Цагаан шовгор гэх газраас авсан гэж хэлж байсан..., ...2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн "Хоньч" гэх газар өвөлжөөндөө гэртээ байж байхад Хар өнгийн Делика маркийн машинтай Амарсайхан гэж залуу эхнэр хүүхэдтэйгээ /ойролцоогоор 7-8 насны хүүхэдтэй/ бас 2 залуугийн хамт ирсэн юм. Тухайн үед би тэр хүмүүсийг огт таньдаггүй байсан. Тэгээд надаас жоохон чулуу гаргачихсан байгаа Октябрь оруулаад айлын хашаанд буулгаад өгөөч бензин тосыг нь хийгээд дээр нь хөлсийг чинь өгнө гээд гуйгаад байхаар нь явж өгөхөөр болсон юм. Тэгээд би өөрийн 0442 СБА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинтайгаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн нутаг "Цагаан гозгор" гэх уулын өвөрт замын хажууд буулгаад овоолсон байсан шуудайтай чулуунуудыг ачиад Октябрь сумруу явсан юм. Тэгээд очоод айлын хашаанд буулгах гэж байхад цагдаа нар ирээд хурааж авсан юм. Намайг цагдаа аваад явсан. Тэд нар өөрсдийн машинтайгаа үлдсэн юм. Тэгээд цагдаа дээр байж байхад Амарсайхан ирсэн нөгөө хамт явж байсан 2 залуу хаашаа явсныг мэдэхгүй дахиж уулзалдаагүй. Анх манайд очиход юүдэнтэй малгай өмссөн машин дотор байсан болохоор таниагүй, ер нь танихгүй хүмүүс байсан. Одоо царай төрхийг нь хараад танихгүй. Дахиж уулзаагүй. Тэгээд би сүүлд нь Амарсайханыг нөгөө хүмүүстэйгээ нийлж миний машин тэргийг авч өгөөч гэж хэлсэн чинь тэр хүмүүс алга болсон хаашаа явсныг мэдэхгүй олдохгүй байна гэж хэлж байсан. Анх надтай ярихдаа цөөхөн гэж хэлж байсан юм. Би ачих үед нь машиндаа сууж байсан юм. Тухайн өдөр цасаар шуурч байсан юм. Тэгээд цагдаад баригдаад буулгаж байхад 40 гаруй шуудай чулуу байсан. Тухайн хэргийн улмаас миний өөрийн эзэмшлийн 04-42 СБА улсын дугаартай Хьюндай портер маркийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа. Хэрэв миний тээврийн хэрэгслийг улсын орлого болгох асуудал яригдвал *******аас тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна. Би 2020 оны 08 дугаар сард Төв аймаг дахь цагдаагийн газраас өөрийн тээврийн хэрэгслийг авсан одоогоор надад өөрт маань байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14- 16, 117 хуудас) 12. Гэрч *******ий “...Миний бие нь хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Миний бие нь Мөнхөө, Батаа, Дорлиг гэх хүмүүсийг сайн танихгүй. Манай нөхөр Амарсайхан нь тухайн хүмүүсийн машиныг нь чирч өгч байсан. Тэгэхдээ танилцсан. Би сайн мэдэхгүй. Миний бие нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу нөхөр Амарсайханы хуурай ахаас бүтэн хонь авах гэж явсан бөгөөд тухайн хуурай ахынх нь нэрийг нь санахгүй байна. Миний бие нь алт олборлох ажилд ямар нэгэн ажилд оролцоогүй бөгөөд машин чирч очсон айлд би хүүхэдтэйгээ үлдсэн. Миний нөхөр ******* нь 10 гаруй жилийн хугацаанд хувиараа газар тариалангийн ажил эрхэлдэг, зан байдлын хувьд төлөв, даруу, бусдад тусархуу зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 хуудас) 13. Гэрч Б.Анхныбаярын “...Миний бие ХФ2020/0608 захиалгын дугаартай дээжин дээр химийн тоон шинжилгээг атом шингээлтийн спектрометр багажаар алтын агуулгыг тодохойлсон тухайн шинжилгээгээр алтны агуулга 0.71 мг/кг байсан. Энэ агуулга нь 1 кг шороо тутамдаа 0.71 мг гэсэн үг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128 хуудас) 14. Яллагдагч *******ы “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Билгүүн, Батболд гэдэг 9 настай хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд оторлож байсан танил Даваа гэдэг ахынд очих гэж яваад замдаа машин эвдэрсэн гэсэн 2 залуутай таараад машиныг нь чирч өгсөн юм. Тэгтэл манай суманд алт гарч байгаа та ирээч гэж хэлсэн. Тэгээд надад “Цагаан гозгор” гэдэг газрыг зааж өгсөн. Тэгээд би ахындаа эхнэр хүүхдээ орхичхоод нөгөө газар нь очсон юм. Тэр газар уулын орой дээр ухагдсан агуй шиг том нүх байсан. Тэгээд тэнд 2 өдөр чулуу ухаад 41 шуудай чулуу гараад 2020 оны 02 дугаар сарын 12- ны өдөр тэрийг авч явахаар болоод миний өөрийн унаж явсан Делика маркийн машинд багтахгүй байхаар нь би Төв аймгийн Сүмбэр сум луу очоод тэндээсээ Дархан луу харина гэж бодоод ахындаа очоод эхнэр хүүхдээ аваад буцаж чулуун дээр ирсэн. Тэгээд унаа хайгаад явж байтал мотоциклтой хүн байхаар нь портер асуусан чинь Дорлиг гэдэг айлыг зааж өгсөн. Тэгээд Дорлиг гэдэг айлд эхнэр хүүхдийн хамт очоод портероороо Төв аймгийн Сүмбэр сум луу чулуу хүргээд өгөөч гэхэд түлш хийгээд өгчих гэсэн. Тэгээд тохиролцоод чулуугаа ачаад Төв аймгийн Сүмбэр сум руу үдээс хойш 15 цагийн үед цасаар шуурч байхад очсон. Тэгээд айлын хашаанд машинаа оруулж байсан чинь цагдаатай таарсан. Тухайн танихгүй 2 залуу надад газар зааж өгсөн. Би ганцаараа 2 өдөр ухаж 41 шуудай гаргасан. Би тэр 2 залуугийн багажийг гуйж ашигласан юм. Тэр хоёр залуу тусдаа газар ухаж чулуу авсан. Тэр хоёрын авсан чулууг хараагүй. Тэгээд би өөрийн гаргаж авсан чулууг өөрийн машинаар бага багаар зөөж уулнаас буулган замын хажууд тавьсан. Тэгээд портер олоод тэр хоёр залууг гуйгаад ачуулсан юм. Тэгээд Сүмбэр явах гэж байна хамт явчихъя чулууны тээрмийн оочир харна гээд дагаад өөрсдийн машинтай явсан юм. Тэгээд Сүмбэрт цагдаад баригдсан чинь алга болчихсон байсан. Тэгээд утсаар нэг яриад цагдаа дуудаж байна гэж хэлсэн чинь тэрнээс хойш сураггүй алга болсон. Би нэр усыг нь ч мэдэхгүй байна. Тухайн үед Батаа, Мөнхөө гэж хэлж байсан. Одоо харвал бараг царай зүсийг нь ч танихгүй байх. Би урьд нь тийм зүйл хийж байгаагүй. Тэр танихгүй 2 залууг алт гарч байна гэхээр нь мөнгөний хэрэгтэй байсан болохоор хэдэн төгрөг олох орж үзсэн юм өөр санаа зорилго байгаагүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 138-139 хуудас), Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 02 сард цагаан сарын өмнө хүнээс хонь авах гэж яваад зам дээр гараа өргөөд зогсож байсан машин нь эвдэрчихсэн хоёр залууд тус болоход тэр уулан дээр алт байгаа, хүмүүс тэрийг авч байгаа гэдэг мэдээллийг аваад эхнэр хүүхдээ хонь авах гэж байгаа айлдаа үлдээчхээд тэр хоёр залууг дагаад уулан дээр очсон.Очиход их том агуу шиг нүх байсан. Тэгээд тэр хоёр залуугийн хүрз, жоотуу, төмөр, жижиг, жижиг зүйлээр нь малтаж маажин шуудайлаад унаж явсан машиндаа хоёр гурваар нь зөөгөөд уулын бэл рүү явсан. Уулын бэл дээр буулгачхаад угаасаа миний машин даахгүй байсан. Тэгээд айл амьтан танихгүй болохоор цаасан шуурганаар явж байгаад мотоциклтой хүнтэй таараад энэ хавьд портертой хүн байна уу? гэж асуухад Дорлиг гэх айлыг зааж өгсөн. Тэр залуутай танилцаад би ийшээ портер дээр чинь чулуу ачаад Төв аймгийн Бат-Сүмбэр суманд аваачих гэсэн юм аа салиаркийг нь хийгээд өгье гэж хэлээд портер дээр чулуугаа ачаад явж байгаад тухайн сумын цагдаагийн эрүүгийн төлөөлөгчид нь баригдсан. Тэгээд энэ хэрэг анх төв аймгийн цагдаагийн газар дээр шалгагдаж байгаад харьяа дүүрэг гээд наашаасаа шилжиж ирсэн ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагааны гозгор” гэх газарт алт олборлох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл хуулийн шаардлагад нийцсэн, хэргийн зүйчлэл тохирсон байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга ******* нь 2021 оны 03 дугаар сарын 30- ны өдөр “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Цагааны гозгор” гэх газарт хууль бусаар алт олборлосон иргэн *******д холбогдох 2034001780010 дугаартай хэргийн экологи эдийн засгийн үнэлгээний хохирол бүрэн төлөгдсөн учир орон нутгийн зүгээс гомдолгүй болно...” гэх 1/356 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгч ******* нь байгаль экологид учруулсан 37,170 төгрөгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гурав. Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль экологид 37,170 /гучин долоон мянга нэг зуун далан/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүх тэссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг мэдэгдэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 89.5 грамм алтыг улсын орлого болгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы хохирол төлбөрт төлсөн 75,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Татварын бус орлогын данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай 04-42 СБА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид буцаан олгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Маргад овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 89.5 грамм алтыг улсын орлого болгосугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы хохирол төлбөрт төлсөн 75,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Татварын бус орлогын данснаас буцаан гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай 0000 СБА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид буцаан олгосугай.

8. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр болон нөхөн сэргээлтийн зардал нөхөн төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, прокурор, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА