Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Хохирогч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт ******* холбогдох эрүүгийн 2133000000073 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Салхит өртөөний Цэрэгжүүлсэн хамгаалалтын даргаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Шивээтийн 15-94 тоотод оршин суух, Тайжууд овогт Өлзийтогтохын Амартүвшин / РД:ОЭ000000/; Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт байрлах “Шимт нарс” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт цохин эрүүл мэндэд нь нүүрэнд цус хуралт, зулгаралт, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт байрлах “Шимт нарс” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт цохин эрүүл мэндэд нь нүүрэнд цус хуралт, зулгаралт, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь Шүүхийн хэлэлцүүлэгт : Шүүгдэгч *******ий өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажлаар ирчхээд найз Батбаатар маань ирж хоол ид гэхээр нь очиж хоол идчихээд. Батбаатарын ажлын хоёр хүнтэй 0.75 литрийн архи хувааж уугаад ажлын хүмүүс нь явсан. Батбаатар амралтын газарт очиж үргэлжлүүлье гээд өөрийнхөө таньдаг эмэгтэйгээ хамт аваад явсан. Бид амралтын газраа очоод архи ууж согтуурсны улмаас хоорондоо маргалдаж Батбаатарын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. Мөрдөн байцаалтад Хохирогч *******ын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Амартүвшин нь ажил хэргийн шугамаар Сайхан суманд манай ажил дээр ирсэн юм. Тэгээд Сайхан суманд ажлаа дуусаад буцах гэхэд нь би Амартүвшинг хоолонд оруулаад гаргаж өгсөн юм. Тэгээд манай ажлын 2 хүнтэй хамт бид нар дөрвүүлээ нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд Амартүвшин бид хоёр манай ажлын 2 хүнээс салаад Амартүвшингийн жолоочтой бид гурав үлдээд би Ууганбаяр гэх танил эмэгтэй рүүгээ утсаар яриад "завтай бол хальт хамт хүн гаргаж өгчихөөд ирье" гээд Ууганбаярыг гэрээс нь очиж аваад бид дөрвүүлээ Сайхан сумын 3 дугаар багт байх "Шимт нарс" амралтын газарт очсон юм. Тэгээд тэр амралтын очоод Амартүвшин, Амартүвшингийн жолооч залуу бид гурав нэг шил архи хувааж уугаад хажууд Ууганбаяр сууж байсан юм. Амартүвшин бид хоёр хамт нэг шил архиа уугаад байж байгаад хоорондоо бага зэрэг маргалдсан чинь Амартүвшин босч ирээд намайг заамдаж аваад боогоод газарт унагаагаад гараараа миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж авсан юм. Тэгэхээр нь би Амартүвшингийн доороос босч ирээд "намайг яаж байгаа юм” гээд уурласан чинь Амартүвшин намайг дахиж заамдаж аваад газарт унагаагаад боогоод байсан. Тухайн үед би ухаан балартаад намайг цохисон эсэхийг нь мэдээгүй юм. Тэгсэн нэг хүн Амартүвшинг надаас салгах шиг л болсон яг хэн салгасныг нь хараагүй юм. Учир нь миний толгой орон доогуур орчихсон байсан юм. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн юм. Би тухайн үед нэг их согтоогүй байсан юм ерөнхийдөө болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа би Амартүвшинг нэг ч цохиогүй юм. Амартүвшин намайг 2 удаа боож газарт унагаасан миний нүүр толгой цээж хэсэг рүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34-р хуудас/, Гэрч Р.Чулуунбаатарын өгсөн: “...Би “Шимт нарс” гэх амралтын газар харуулын ажил хийдэг. 2021 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цаг өнгөрөөгөөд Амартүвшин гэх Салхитын онцгой байдлын газрын дарга хийдэг залуу над руу утсаар залгаад гэр байна уу, бэлдэж байгаарай , би хэдэн хүмүүстэй очиж байна" гэж хэлсэн юм. Тэгээд 23 цаг өнгөрөөгөөд Хөтөлийн Батбаатар, гэж залуу бас нэг танихгүй эмэгтэй, Амартүвшин гурав ирээд нэг гэр аваад орой хоол унд хийнэ гэхээр нь би 2 удаа төмс лууван ногоо оруулж өгсөн. Тэгэхэд зүгээр байцгааж байсан. Тэгээд би гэртээ байж байсан чинь гэнэтхэн чанга чанга дуугараад орилоод явчихаар нь би Салхитын цагдаа руу залгатал утсаа авахгүй болохоор нь гэрт нь яваад орсон чинь Батбаатар газар хэвтчихсэн нүд нь хөхөрчихсөн байдалтай "Намайг зодчихлоо эмч цагдаа дууд" гэхээр нь утасны номертой дэвтрээ эргүүлээд байж байсан чинь Хөтлийн цагдаа дуудчихсан гэж Батбаатар хэлсэн. Тухайн гэрт Батбаатар, Амартүвшин, нэг танихгүй эмэгтэй нар байсан. 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Анх ирэхдээ бүгд зүгээр байсан. Дараа нь хоорондоо маргалдаад байхаар нь яваад орсон чинь Батбаатарын нүд хөхөрсөн, хавдаад тагларсан байсан. Ирэхдээ л согтуу байсан. Амралтанд ирээд нэг их уугаагүй байх. Намайг ороход Батбаатар хэлэхдээ Амартүвшин намайг зодчихлоо, миний нүд юм харахгүй байна гээд орилоод байсан. Тэгсэн Амартүвшин болохоор “би ямар сүртэй чамайг зодсон юм уу, зүгээр түлхсэн чинт уначихсан биз дээ” гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/, Гэрч А.Ууганбаярын өгсөн: “...Би өмнө Сайхан сумын Төмөр бетон дэрний үйлдвэрт ажилладаг байсан. Тухайн үед Батбаатарыг таньдаг байсан юм. Харин Амартүвшин гэх хүнтэй 2021 оны 05 дугаар сард танилцсан юм. Эдгээр хүмүүстэй төрөл садан болон өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй зүгээр л танилууд байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр би Батбаатар Амартүвшин, нартай хамт салхинд гарч амрахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг "Шимт нарс" амралтын газар луу явсан юм. Тэгээд Шимт нарс амралтын газарт очоод хоол унд идээд амраад байж байгаад нэг шил архи хувааж ууцгаасан юм. Би тэр архинаас нь нэг их уугаагүй. Харин Амартүвшин Батбаатар хоёр хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусахын үед Батбаатар согтуурхаад агсам тавиад намайг хэл амаар доромжлоод намайг заамдаж аваад түлхэж унагаагаад миний толгойны чихний ард хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэгсэн Амартүвшин намайг өмөөрөөд Батбаатарыг боль гээд түлхсэн чинь Батбаатар унаад босч ирээд Амартүвшинг заамдаж аваад тэр хоёр бие биенээ заамдаж аваад хэрэлдээд байхаар нь би гэрээс гараад гадаа хүнтэй утсаар яриад 10 орчим минут гадаа байж байгаад эргээд гэрт орж ирсэн чинь хажуу гэрийн эгч ороод ирчихсэн байж байсан. Харин Амартүвшин Батбаатарыг газар шалан дээр унагачихсан дээр нь гараад заамдаад дарчихсан байдалтай байж байсан. Тухайн үед би тэнд байсан эгчтэй хамт тэр хоёрыг салгасан юм. Батбаатар босч ирээд утсаа аваад цагдаа руу ярьсан юм. Батбаатар намайг архи уу гээд шахаад байхаар нь би уухгүй гэсэн чинь уурлаад согтуурхаад дайраад байсан. Тэгээд намайг заамдаж аваад толгой хэсэг рүү нэг цохиод түлхээд унагаачихсан юм. Миний толгой яг цохиулсан хэсгээрээ хүзүү рүүгээ чилж өвдөөд байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал алга. Батбаатар Амартүвшин нар нь тухайн амралтын газар очхоосоо өмнө хоёулаа архи уучихсан байсан болохоор нэлээн согтолттой байсан юм. Бид гурваас өөр хүн очоогүй. Харин Амартүвшингийн ажилын газрынх нь жолооч ирээд мах архи авчирч өгчихөөд яваад өгсөн юм. Тухайн зодоон цохион болох үед Амартүвшингийн ажлын газрын жолооч нь байсан юм. Тэгээд гэрт орж гараад яваад байсан. Тэр жолооч бас Батбаатарыг боль гээд суулгаад хөл гарыг нь бариад аргадаж хэлээд байсан. Амартүвшингийн ажлын газарын жолооч гэх залуу нь Батбаатартай цохилцож зодолдсон зүйл огт болоогүй. Зүгээр Батбаатарын аргадаад хэлээд байсан. Эхлээд тэр хоёр заамдалцчихсан байж байсан. Тэгээд би гэрээс гараад гадаа байж байгаад орж ирэх үед хажуу гэрт байсан эгч ороод ирчихсэн байсан. Тухайн үед Амартүвшин нь Батбаатарыг заамдаад дээр нь гарчихсан тэгээд толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан юм өөр дахиж цохиогүй юм. Тэгсэн Батбаатарын нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19-р хуудас/, Гэрч *******ын өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр дарга Амартүвшинтэй хамт ажлаар Сайхан суманд ирсэн юм. Тэгээд Сайхан суманд ажлаа дуусаад орой 21 цагийн үед байх дарга Амартүвшин найз Батбаатар гэх хүн, бас нэг эмэгтэйг машиндаа суулгаад Сайхан сумын 3 дугаар багт байр “Шимт нарс” амралтын газар очсон юм. Би тэнд очоод тэр гурвыг гэрт оруулж үлдээчхээд цаашаа Салхит ороод хоолны мах аваад ирсэн юм. Намайг Салхит орчихоод эргээд ирэх үед тэр гурав нэг шил архи хувааж уугаад дуусаж байсан юм. Тэгсэн даргын найз Батбаатар гэх хүн нэлээн согтсон шинжтэй байсан. Тэгээд нөгөө цуг ирсэн эмэгтэй рүү гээ дайраад цохиод авсан юм. Тэгсэн Амартүвшин дарга Батбаатар гэх найзыгаа болиулах гээд очоод энгэрээс нь бариад авсан чинь Батбатар нь бас даргыг заамдаж бариад тэр хоёр зууралдаж байгаад ор луу унаад өгсөн юм. Тухайн үед Батбаатар гэх хүн орны толгой хэсгийн модыг мөргөчих шиг л болсон юм. Би тэгэхээр нь тэр хоёрыг салгачихаад гараад яваад өгсөн юм. Намайг явсанаас хойш тэнд юу болсонг мэдэхгүй байна..., ...Тухайн болсон асуудлын хувьд Амартүвшин Батбаатар хоёр муудалцаад зууралдаад байхаар нь би салгасан. Харин зодож цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Би түрүүлээд яваад өгсөн. Тухайн үед тэнд Ууганбаяр гэх эмэгтэй, Амартүвшин дарга, Батбаатар бид нараас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25-р хуудас/, *******т 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яаралтай тусламж үзүүлсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эрүүл мэндийн төвийн 26 дугаартай хуудас/хх-ийн 38-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан №714 дугаартай “...ДҮГНЭЛТ: 1.*******ын биед нүүрэнд цус хуралт, зулгаралт, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.*******ын биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” шинжээч эмч Д.Туяагийн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн согтуурал хэмжсэн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн согтуурал хэмжсэн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р хуудас/ зэрэгт нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүгдэгч *******гийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь “...Миний бие Батмөнх овогтой Батбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Амартүвшинтэй нэг шил архи хувааж ууж халамцуу байхдаа маргаан үүсэж зодуулсан юм. Тухайн үед хоёулаа халамцуу байсан учир ийм байдалд хүрлээ. Бид хоёрын хувьд урьд нь ямар ч муудалцах шалтгаан байгаагүй. Олон жил сайхан найзалж ирсэн. Амартүвшин миний эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг өгсөн. Мөн ажил төрөл гээд мөнгө авсан. Иймд миний бие ******* нь найз Амартүвшинд гомдол санал байхгүй гэдээ албан ёсоор мэдэгдэж байгааг минь хүлээн авна уу...” гэсэн тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын үед хийгдсэн тодорхойлолтоор /хх-ийн 81- р хуудас/-аар шүүгдэгч ******* нь урд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Яллагдагч ******* нь хохирогч *******тай эвлэрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-85/ гаргасныг прокурор хянаад 2021 оны 11дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоол /хх-88/ -оор хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэх тухай шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг мэдэгдсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болно. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайжууд овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА