Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 515

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, Ж.Т-ын нэхэмжлэлтэй, БЗД БХ-т холбогдох захиргааны хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, гуравдагч этгээд “ГБ” ХХК -ийн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн асгуулга[3]: Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Доржийн гудамжны 36 дугаар байрны 3*  тоот 2 өрөө 28,66 м2 төлбөр нь дууссан,бусадтай ямарваа нэгэн хөрөнгийн маргаан байхгүй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсээс өмчлөгч иргэн Ж овогтой Т ын нэр дээр гаргуулахыг даалгах.

Нэхэмжпэлийн үндэслэл: Иргэн Ж овогтой Т миний бие 2009 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Доржийн гудамж .. дугаар байрны 3*  тоот 28,66 м/2 талбайтай 2 өрөө орон сууцыг иргэн А овогтой Г-ээс тухайн үеийн ханшаар 18 сая төгрегөөр худалдан авч, улмаар 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр нотариатаар батлуулж баталгаажуулсан билээ. Тухайн үед уг орон сууцыг эзэмшиж, амьдарч байсан А.Г нь барилгыг барьсан гүйцэтгэгч компани болох “ГБ” ХХК -тай 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээг хийж, орон сууцны төлбөр болох 9601 ам.долларыг тухайн үеийн Монгол банкны ханшаар 1221 төгрөгөөр тооцож 11722821 /арван нэгэн сая долоон зуун хорин хоёр мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг 100 хувь төлсөн байдаг. Орон сууцыг барьсан “ГБ” ХХК  нь тус байрны иргэд оршин суугчдын шаардлагаар уг орон сууцыг барьсанаас хойш бүтэн 11 жилийн дараа буюу 2017 оны намраас эхлэн тус орон сууцыг бичиг баримттай болгох ажлыг хийж эхэлсэн юм. Байрны иргэд, оршин суугчдын нэгэн адил миний бие мөн адил өмчлөн, эзэмшиж буй орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн өр төлбөргүй, төлбөр дууссан гэсэн бичиг баримтыг авахаар хүсэлт гаргаж ”ГБ” ХХК -д 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн удаа дараалан хандаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл тус компанийн захирал Ж-ийн М миний өмчлөн, эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт авахад шаардагдах өр төлбөргүй гэсэн бичиг баримтыг тодорхой бус шалтгааны улмаас гаргаж өгөхгүй байна. Уг өр төлбөргүй гэсэн бичиг баримтыг “ГБ” ХХК -ны захирал Ж.М гаргаж өгөхгүй байгаагаас үүдээд Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тасаг иргэн миний өмчлөн, эзэмшиж байгаа тус байрны ордерийг гаргаж өгөх боломжгүй гэдгээ мэдэгдэж, улмаар иргэн намайг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахыг зөвлөсөн юм. Дээр дурьдсанчлан тус байрыг анх худалдан авсан А.Г нь орон сууц захиалгын гэрээг хийхдээ төлбөрийг гүйцэтгэгч компани болох “ГБ” ХХК -д 100 хувь төлсөн бөгөөд иргэн миний бие 2009 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.Г-ээс 18 сая төгрөгөөр үнэ тохиролцон худалдаж аваад, 2017 оны дугаар сарын 05-ны байр худалдсан иргэн А.Г-тэй хамт нотариат дээр цуг очиж баталгаажуулсан билээ. Дүүргийн үл хөдлөх хөрөнгийн тасгийнхны зөвлөснөөр иргэн миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж “ГБ” ХХК -иас төлбөр дууссан, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн бичиг гаргуулах тухай нэхэмжпэл гаргасны дагуу иргэний хэргийн шүүх хурал 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болж иргэн миний нэхэмжпэлийг хуулийн зохицуулалт байхгүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон билээ. Ер нь “ГБ” ХХК -ийн захирал Ж.М нь иргэн надтай урд өмнөх таагүй харилцаанаас үүдэлтэйгээр өс санаж ийнхүү иргэн миний худалдан авч, өмчилж буй үл хөдлөх хөрөнгийн маань төлбөр дууссан, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн бичиг баримтыг гаргаж өгөхгүй байна гэж миний бие үзэж байна. Хамгийн хачирхалтай нь иргэн миний адил тус байрыг дамжуулж худалдаж авсан 10-аад айл өрх өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтаа аваад байна. Мөн дүүргийн Улсын бүртгэлийн тасагт 2017 оны 12 дугаар сараас эхлэн удаа дараалан өмчлөн, эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийнхөө баримт бичиг болох ордерийг авахаар удаа дараалан хандаж байгаа боловч, өөрсдөөсөө асуудлыг зайлуулан ямарч төлбөрийн маргаан байхгүй иргэн миний өмчлөн, эзэмшиж буй орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж ордер олгохоос татгалзсаар өнөөдрийг хүрлээ. Иргэн миний бие өмчлөн, эзэмшиж буй орон сууцныхаа үл хөдлөхийн гэрчилгээг авахтай холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсаны дагуу 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус газрын эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын дарга Б.А-ын хариу бичиг ирсэн бөгөөд, тус бичигт иргэн намайг эд хөрөнгийг улсын бүртгэлд анх удаа бүртгэж гэрчилгээ олгоход мөн л баримт бичгийн бүрдүүлэлт хийж, харъяа дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хандахыг зөвлөжээ. 2012 оны 12 дугаар сард баталсан Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор тухайн шинээр барьсан барилга, орон сууцыг зөвхөн барилга, орон сууцыг барьсан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, компани л улсын комисст хүлээлгэн өгч бичиг баримтын бүрдүүлэлт хийж, оршин суугчдыг бичиг баримтжуулна гэж заажээ. “ГБ” ХХК  болон түүний захирал Ж.М нар тогтоолын энэ заалтыг л өөрт урвуулан, овжиноор ашиглаж байна гэж миний бие үзэж байна. Тус байрны оршин суугчдын яриагаар Ж.Мнь дамжуулж худалдаж авсан төлбөр нь 100 хувь дууссан зарим айл өрхөд ордер авахад нь шаардагдах баримт бичгийн бүрдүүлэлт хийж өгөхдөө нэмэгдэл төлбөр нэхэж авсан тухай яригддаг. Төлбөр нь 100 хувь төлөгдсөн, төлбөрийн ямарваа нэгэн зөрчилгүй иргэдээс нэмэгдэл төлбөр шаардан авах нь хууль бус үйлдэл юм. Ийнхүү төлбөр нь 100 хувь төлөгдсөн, бусадтай ямарваа нэгэн хөрөнгийн маргаан байхгүй. Иргэн миний өмчлөн эзэмшиж буй Баянзүрх дүүргийн дүгээр хороо Доржийн гудамны ..-.. тоот 28,66 м2 орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахыг даалгахаар миний бие захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ийнхүү хандаж байгаа билээ гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүхэд гаргасан тайлбартаа:[4] Иргэн Ж.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Улсын Бүртгэлийн байгууллага нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Захиалгаар баригдсан орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг байсан.

Дээрх хууль болон журамд заасны дагуу Захиалгаар баригдсан орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг дараах баримт бичгийг бүрдүүлэн 1 эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг бөгөөд Үүнд:

-Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, -өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, -орон сууц /автозогсоол/-ыг захиалан бариулсан тухай гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний эх хувь, -орон сууц /автозогсоол/-ын төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт, -эд хөрөнгийн дөрвөн талаас авсан фото зураг, -орон сууц /автозогсоол/-ын план зураг, -тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Х хотхон /13360/, Б.Доржийн гудамж .. дугаар байрны 3*  тоот орон сууцыг иргэн Ж.Т өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 6 дугаар сарын 4-ний өдөр, 6 дугаар сарын 27-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж мэдүүлэг гаргасан байна. Тухайн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1. дэх хэсэгт заасан тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг болох гүйцэтгэгч байгууллагаас ирүүлсэн орон сууц /автозогсоол/-ын төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт дутуу, мөн зарим нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй зөрүүтэй байсан тул дээрх хуулийн 14.1.1 дэх хэсгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

“ГБ” ХХК  нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Х хотхон /13360/, Б.Доржийн гудамж .. байр хаягтай орон сууцны зориулалттай барилгыг захиалагчдын өмчлөлд бүртгүүлэхээр Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт-ыг “ГБ” ХХК -ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/11 тоот албан бичиг болон бусад нотлох баримтын хамт тус хэлтэст ирүүлсэн байна.

Тухайн жагсаалтанд нэхэмжпэлд дурдсан .. тоот орон сууцны захиалагч нь тодорхойгүйгээр /хоосон/ ирсэн байна.

Иймд иргэн Ж.Т нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Х хотхон /13360/, Б.Доржийн гудамж .. дугаар байрны 3*  тоот срон сууцны хууль ёсны өмчлөгч гэх хангалттай нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож үү гэжээ.

3. Гуравдагч этгээд “ГБ” ХХК -ийн төлөөлөгч Ж. М шүүхэд гаргасан тайлбартаа[5]: Иргэн Ж.Т-ын нэхэмжлэлтэй Банязүрх дүүргийн Улсын бүртгэлийн газарт холбогдох хэрэгт тус компаниас дараахь тайлбарыг гаргаж байна.

Тус компани иргэн Ж.Т-тай ямар нэгэн иргэний харилцаанд ороогүй, түниий өмнө гэрээгээр болон бусад хэлбэрээр хүлээсэн ямар нэгэн үүрэг байхгүй болно. Харин Ж.Т-ын маргаж буй орон сууцыг иргэн А.Г тус компаниас худалдан авсан бөгөөд тэрээр манайхтай хийсэн орон сууц захиалгын гэрээгээ цуцлах, бусдад шилжүүлэх талаар А.Г манайд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Т-ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь ханган шийдвэрлэв:

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн .-р хороо Доржийн гудамжны ..-р байрны .* тоот 2 өрөө 28,66 м2 төлбөр нь дууссан, бусадтай ямарваа нэгэн хөрөнгийн маргаан байхгүй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөгч иргэн Ж овогтой Т айлбар-ын нэр дээр гаргуулахыг даалгах. гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Т нь худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг анх 2018 оны 05 дугаар сарын 17, 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нийт 3 удаа хариуцагч Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргажээ.[6]

Уг мэдүүлгийг хариуцагч байгууллагаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасан тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг болох Төлбөр тооцоо дууссан албан бичиг авах, худалдах худалдан авах гэрээ биш захиалсан гэрээний эрх шилжүүлэх гэрээ хийх, “ГБ” ХХК -иас план зураг авах, “ГБ” ХХК -ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний 02/11 тоот албан бичгээр ирүүлсэн жагсаалтад мэдүүлэг гаргасан 32 тоот орон сууцны захиалагч нь тодорхойгүй хоосон ирсэн. зэрэг баримт байхгүй, дутуу үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан гэдэг нь хариуцагч талын тайлбар, мэдүүлгийн хуулбар[7] зэргээс тогтоогдож байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй., 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ... гэж заажээ.

Анх маргаан бүхий орон сууцыг захиалгаар бариулахаар иргэн А.Г нь “ГБ” ХХК -тай Орон сууц захиалгын гэрээ[8]-г 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж, улмаар 2006 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр уг орон сууцны бүрэн эрхт эзэмшигч батламжийг А.Г-д “ГБ” ХХК -иас олгожээ[9].

Нэхэмжлэгч Ж.Т нь “ГБ” ХХК -ийн барьсан Баянзүрх дүүргийн . дүгээр хорооны .. дугаар байрны .*  тоот 28,66 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг түүнийг эзэмшигч иргэн А.Г-ээс 18.000.000 төгрөгөөр худалдан авч 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ[10].

Уг гэрээнд ...нэхэмжлэгчээс орон сууцыг 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр А.Г-ээс худалдан авсан, төлбөрийг бэлнээр бүрэн төлсөн, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй, “ГБ” ХХК -ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №09/06 тоот албан бичгийг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар болсон тул Худалдах гэрээг нөхөж хийсэн болно... гэжээ.

Энэ нөхцөл байдлыг дээр дурдсан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасантай холбогдуулан дүгнэхэд, А.Г нь маргаан бүхий орон сууцыг захиалгаар бариулж, байр захиалах үедээ төлбөрөө гүйцэтгэгч компанид 100 хувь төлж, улмаар захиалагчаас түүнийг уг орон сууцны бүрэн эрхт эзэмшигч гэсэн батламжийг олгосон үеэс А.Г нь шинээр баригдсан уг орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг гүйцэтгэгч “ГБ” ХХК -иас шилжүүлэн авч, энэхүү шилжүүлэн авсан өмчлөх эрхтэй орон сууцны өмчлөх эрхээ Ж.Т д шилжүүлжээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагын дагуу орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн хэлцлийг талууд Худалдах-худалдан авах гэрээ-гээр 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр баталгаажуулж, уг гэрээнд өмчлөх эрхээ шилжүүлсэн үндэслэлийг ...нэхэмжлэгчээс уг орон сууцыг 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр худалдан авсан, төлбөрийг бэлнээр бүрэн төлсөн, эрхийн зөрчилгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй, “ГБ” ХХК -ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №09/06 тоот албан бичгийг үндэслэн ҮХЭХ-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар болсон тул Худалдах гэрээг нөхөж хийсэн болно... гэж тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

Дээрх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 болон мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчээс иргэн А.Г-тэй байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ нь гэрээнд заасан орон сууцыг өмчлөх эрхийг бий болгосон, тухайлан хэлбэл, уг орон сууцыг нэхэмжлэгч Ж.Т-ынөмчлөх эрхэд шилжүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс мэдүүлэгтээ энэхүү өмчлөх эрх бий болгосон Худалдах-худалдан авах гэрээ, Орон сууц захиалгын гэрээ, батламж бичиг зэргийг нотариатаар батлуулан хавсарган өгсөн байтал хариуцагчаас мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, Худалдах худалдан авах гэрээ биш захиалсан гэрээний эрх шилжүүлэх гэрээ хийх гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл нь дээр дурдсан хуулийн заалтуудад нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь шинээр баригдсан орон сууцыг захиалан бариулаагүй, харин захиалан бариулсан этгээдээс худалдан авч төлбөрийг төлсөн, захиалан бариулсан этгээд нь гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах үед төлбөрөө 100 хувь төлсөн тухай гэрээ, улмаар орон сууцны бүрэн эрх эзэмшигч гэсэн батламж бичгийг авсан, түүнийг мэдүүлэгтээ хавсаргасан байтал дахин төлбөр тооцоо дууссан албан бичиг авах гэсэн үндэслэлээр баримт бичиг дутуу гэж үзсэн хариуцагчийн үйлдэл нь бодит байдалд нийцэхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс хавсарган өгсөн Орон сууц захиалгын гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ, Батламж бичиг зэргээс 32 тоот орон сууцны захиалагч нь А.Г гэдэг нь тодорхой байна.

Үүнээс гадна маргаан бүхий орон сууцыг барьсан “ГБ” ХХК -иас Баянзүрх дүүргийн бүртгэлт хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/10 тоот албан бичгээр[11] Тус компаний 2004-2005 онд БЗД-ийн 4-р хороо, Доржийн гудамж, Хил хамгаалах ерөнхий газрын замын хойно барьсан 3*, 3**-р байруудын нийт 68 айлын орон сууцны гэрчилгээг манай компаний зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн бүртгэл хийж, захиалагч, худалдан авагчийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг баталгаажуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй болно...., мөн тус компаниас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 02/14 албан бичгээр Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст ...3**-р байрыг барьж ашиглалтанд оруулсан боловч тус компаний үйл ажиллагаа зогсонги байдалд орсон /захирал эрүүгийн хэрэгт холбогдон хорих ял эдэлдсэн/-ы улмаас улсын комисст хүлээлгэн өгөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох ажиллагаа өнөөдрийг хүртэл саатаж захиалагчдын эрх ашгийг олон жил хохироосоор ирсэн билээ. Иймд сүүлийн 2 жилд компани үйл ажиллагаагаа сэргээн зохих ажиллагааг дараалан хийж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсэн тул манайхаас хавсралтаар хүргүүлсэн 3**-р байрны зоорийн давхарт байрлах автомашины дулаан зогсоолын захиалагчийн жагсаалтын дагуу захиалагчийн өмчлөх эрхийг баталгаажуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгоно уу. гэсэн[12] агуулга бүхий удаа дараагийн албан бичгүүдийг[13] хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлжээ.

Дээр дурдснаар орон сууцны захиалагч нь тодорхой, мөн гүйцэтгэгч компаниас удаа дараагийн албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахгүй хүндрэл учруулж байгаа, гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй гэсэн албан бичгүүдийг өгсөн байтал хариуцагчаас “ГБ” ХХК -ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний 02/11 тоот албан бичгээр ирүүлсэн жагсаалтад мэдүүлэг гаргасан 3* тоот орон сууцны захиалагч нь тодорхойгүй хоосон ирсэн. гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хавсарган өгсөн баримт бичгийг дутуу гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Эдгээр нөхцөл байдлыг дүгнэхэд, мэдүүлэг гаргагч болох нэхэмжлэгч Ж.Т нь мэдүүлэгт заасан орон сууцны өмчлөх эрхтэйг нотлох баримт бичгийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн байтал улсын бүртгэгчээс хуулийг буруу тайлбарлан, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг дутуу баримт ирүүлсэн, орон сууцны өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй гэж үзэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно. гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь дээр дурдснаар хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Ж.Т-ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ баталгаажуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

         3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т-аас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Нийслэлийн Баянзүрх дүүргийн .-р хороо Доржийн гудамжны 3**-р байрны 3* тоот 2 өрөө 28,66 м2 төлбөр нь дууссан, бусадтай ямарваа нэгэн хөрөнгийн маргаан байхгүй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөгч иргэн Ж овогтой Т-ын нэр дээр гаргуулахыг даалгах. гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн :-р хороо Доржийн гудамжны 3**-р байрны 3* тоот 2 өрөө 28,66 м2 орон сууцыг иргэн Ж овогтой Т ын нэр дээр бүртгэх-ийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ