Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 44

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: С.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Золбоод холбогдох 201616000095 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Овоотын цэргийн ангийн байранд С.Золбоо нь хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эхнэр Т.Шинэхүүтэй маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч С.Золбоогийн мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөө аваад сумын төв дээр ирсэн. Тэгээд би Овоот хотхон руу машинтайгаа явж байхдаа ганцаараа явсан. Тэгээд би гэртээ харьчихаад нэг шил архи ууж байхад эхнэр гаднаас орж ирсэн. Тэгээд би эхнэртэйгээ архинаас болж хэрэлдэж маргалдсан. Тэгээд би эхнэрийгээ нэг удаа алгадсан. Тэгээд би орлуу түлхэж унагаасан. Тэгээд байж байхад гаднаас Бишмаа гэх хүүхэн өөр нэг хүүхэнтэй хамт орж ирээд боль гээд салгасан. Тэгээд би дахиж эхнэртэйгээ муудалцаагүй. Өмнө нь эхнэртэйгээ хэрэлддэг байсан, бусдаар бол зодож цохиж байгаагүй. Намайг архи уучихлаа гэж уурласан, тэгээд хоорондоо маргалдаад би эхнэрийгээ зодсон. ...Архи уусан байсан, би нэг шил архи ганцаараа уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 22 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Золбоо мэдүүлэхдээ: “...хийсэн хэрэгтэй гэмшиж байна, эхнэрээсээ уучлалт гуйсан. Дахин архи дарс уухгүй” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Т.Шинэхүүгийн мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ байж байхад манай нөхөр Золбоо ажлаасаа бууж ирчихээд тэгээд сумын төв явчихаад буцаад ирсэн. Тэгээд ирэхдээ архи уучихсан ирсэн. Тэгээд надад хандаж чи найзуудыгаа дууд цуг архи ууя гэсэн. Тэгээд ирэхгүй завгүй байна гэж би хэлсэн. Тэгэхээд танай найзууд ийм шүү дээ, дуудахаар ирдэггүй гэж хэлээд бид 2 гэр лүүгээ орж байхдаа үүдний өрөөнд зүгээр байж байгаад намайг гэнэт миний нүүр лүү гараа зангидаж байгаад баруун гараараа 2-3 удаа цохиж авсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ оролгүй буцаж гарч зугтаасан. Тэгэхэд Золбоо миний араас гүйж ирээд намайг гэр лүү үсдээд оруулсан. Тэгээд үүд рүү орохдоо намайг түлхэж унагаасан. Тэгээд шкафнаас заазуур аваад намайг боогоод ална гээд байсан. Тэгээд хүү маань гарч ирээд ааваа болиоч ээ гэхэд заазуураа аваад яваад өгсөн. Тэгээд би босоод хойд өрөө рүүгээ ороод орон дээр сууж байхад чи муу зугтаагаад хаа холдохын гээд дахин намайг гараа зангидаж байгаад миний зүүн шанаа руу цохиод байсан. Тэр нь дараа хавдчихсан байсан. Тэгээд байж байхад Бишмаа, Урангоо нар манайд орж ирсэн. Тэгээд хэрүүл зодооноо боль дандаа яах гэж хэрүүл зодоон хийж байдгийн гэж Золбоод хандаж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан. Тэгээд тэрнээс хойш Золбоо надад гар хүрээгүй. Удалгүй сумын цагдаа нар ирээд Золбоо бид хоёрыг аваад явсан... Золбоо намайг өмнө нь зодож байсан. Уурлахаараа зодоод байдаг болсон. Би одоо Золбоогоос салмаар байна, байнгын дарамтанд амьдарч байгаа болохоор хүүхдүүдэд үнэхээр хэцүү байна, “Би өөрийн нөхөр болох Золбоотой эвлэрсэн, одоо бид хоёрын дунд маргаантай асуудал байхгүй, бид хоёр учир эв зүйгээ олсон болохоор энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Золбоогоос нэхэмжлэх зүйл, санал гомдол надад одоо байхгүй” гэх мэдүүлгүүд / хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Т.Мижигсүрэнгийн мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би жижүүртэй байсан. Над руу Бишмаа утсаар залгаад Шинэхүүг нөхөр нь зодоод чирээд гэр лүү орлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын төв дээр байх ээж рүүгээ залгаад Шинэхүүг Золбоо зодоод байна. Би жижүүртэй болохоор гарч болохгүй байна, гэхэд цагдаад мэдэгдсэн байсан. Тэгээд удалгүй сумаас цагдаа нар ирээд манай дүүг нөхөртэй нь хамт аваад сум руу явсан. Золбоо архи уухаараа агсам тавиад, эхнэрийгээ зодоод байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч С.Урангоогийн мэдүүлсэн: “...Би тэр өдөр ажлаасаа гэртээ ирэхэд манай нөхөр хажуу айлын хүмүүс хоорондоо муудалцаад байна чи орохгүй бол эхнэрийгээ зодоод байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Шинэхүүгийн гэр лүү нь ороход Золбоо нь гэрийнхээ хойд буйдан дээр сууж байсан. Шинэхүү нь хүүтэйгээ гал зуухныхаа хажууд байсан. Тэгэхээр нь би эхнэрийг нь гаргах гэхэд Золбоо нь уурлаад хашгичаад байсан. Тэгээд байж байхад Бишмаа гэрт нь орж ирсэн. Тэгээд алчуур усаар норгоод Золбоогийн цээжин дээр нь тавьсан. Тэгээд байж байгаад Шинэхүүг гэрээс нь гаргах гэхэд Золбоо нь өдөөс хашгараад байсан. Тэгээд би Бишмаатай хамт гарахад Золбоо нь эхнэрийгээ гаднаас гэр лүүгээ оруулаад хаалгаа дотроосоо түгжсэн. Тэгээд би буцаж очоод хаалгыг нь нүдсэн. Тэгэхэд огт тайлж өгөөгүй. Би хаалганы гадна талд нь зогсож байгаад гэр лүүгээ орсон. Тэгээд удалгүй байж байхад манай нөхөр цагдаа ирээд Золбоог аваад явлаа гэж хэлсэн. Золбоо ер нь архи уухаараа эхнэрийгээ зодоод байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ц.Бишмаагийн мэдүүлсэн: “...Би тэр өдөр ажлаа тараад гэртээ цонхон дээрээ хоолоо бэлдээд байж байхад хүн гадаа хашгарах шиг болсон. Тэгэхээр нь би цонхоороо харахад Шинэхүүгийн араас Золбоо нь хөөгөөд гэр лүүгээ орж байсан. Тэгэхээр нь би Шинэхүүгийн эгч Мижигсүрэн рүү утсаар залгаад Шинэхүү нь нөхөртэйгээ муудалцаад байна гэхэд би ажилтай байна чи ороод оч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр лүү нь ороход Урангоо эмч гэрт нь орчихсон байж байсан. Тэгээд би алчуур норгоод Золбоогийн толгой дээр нь тавьж өгсөн. Тэгээд би буцаад гэрлүүгээ орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

   Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 235 дугаар

  1. Т.Шинэхүүгийн биед тархи доргилт, баруун мөрний цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 15 дугаар хуудас/
  5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/
  6. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/
  7. Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас/
  8. С.Золбоогийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч С.Золбоо нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Овоотын цэргийн ангийн байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Т.Шинэхүүтэй маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Шинэхүүгийн мэдүүлсэн: “...үүдний өрөөнд зүгээр байж байгаад намайг гэнэт миний нүүр лүү гараа зангидаж байгаад баруун гараараа 2-3 удаа цохиж авсан. Хойд өрөө рүүгээ ороод орон дээр сууж байхад чи муу зугтаагаад хаа холдохын гээд дахин намайг гараа зангидаж байгаад миний зүүн шанаа руу цохиод байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Т.Мижигсүрэнгийн мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би жижүүртэй байсан. Над руу Бишмаа утсаар залгаад Шинэхүүг нөхөр нь зодоод чирээд гэр лүү орлоо гэж хэлсэн. ...Золбоо архи уухаараа агсам тавиад, эхнэрийгээ зодоод байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч С.Урангоогийн мэдүүлсэн: “...Би тэр өдөр ажлаасаа гэртээ ирэхэд манай нөхөр хажуу айлын хүмүүс хоорондоо муудалцаад байна чи орохгүй бол эхнэрийгээ зодоод байх шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Ц.Бишмаагийн мэдүүлсэн: “...Би тэр өдөр ажлаа тараад гэртээ цонхон дээрээ хоолоо бэлдээд байж байхад хүн гадаа хашигарах шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/-үүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 235 дугаар: 1 Т.Шинэхүүгийн биед тархи доргилт, баруун мөрний цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй, 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 15 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Золбоог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч С.Золбоод холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч С.Золбоогийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч Т.Шинэхүү эмчилгээний төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Золбоо нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Т.Шинэхүү шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар С.Золбоод урд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч С.Золбоо бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.