Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0156

 

С.Бы нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШШ2017/0041 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлоор, С.Бы нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай “илүү олгосон тэтгэврийг төлүүлэх, дутуу олгосон тэтгэврийг олгох тухай” актын С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг актаар тавигдсан 19040409 төгрөгийг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж Нийгмийн даатгалын санд оруулах, мөн С.Бы 2017 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврээс суутгаж, дутуу олгогдсон 313.443 төгрөгийг гаргуулж С.Бд буцаан олгохыг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О давж заалдах гомдолдоо:

“... Тус захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШШ2017/0041 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжпэгч С.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай “илүү олгосон тэтгэврийг төлүүлэх, дутуу олгосон тэтгэврийг олгох тухай” актын С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг актаар тавигдсан 19040409 төгрөгийг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж нийгмийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүхийн дээрх шийдвэрээс үзэхэд шүүх зөвхөн С.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхийн оронд “Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай актаар тавигдсан 19040409 төгрөг”-ийг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, нийгмийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэсэн нь уг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, хууль буруу хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр шүүхийн шийдвэрт доорх хуулийн заалтуудыг үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

Тухайлбал, Шийдвэрийн тогтоох хэсэгт: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дугээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн заалтуудыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж, иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуй нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох” шийтгэл ногдуулна

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж тус тус заажээ. Гэтэл хуулийн дээрх заалтуудад үндэслэлгүйгээр олгогдсон тэтгэврийг нийгмийн даатгалын байгууллагаар нөхөн төлүүлэх талаар огт тусгагдаагүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн заалт нь үндэслэлгүйгээр авсан тэтгэврийг тухайн тэтгэвэр авагчаар нөхөн төлүүлэх, Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн заалт нь албан тушаалтны алдаагаар буруу олгогдсон тэтгэврийг тухайн ажилтнаар биш, тэтгэвэр авагчид хариуцуулахаар заасан байна. Хариуцна гэсэн ойлголтыг тухайн албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх биш, харин илүү тэтгэвэр авсан этгээдээр нөхөн төлүүлэх ажлыг хариуцаж хийлгэнэ гэсэн агуулгатай байна гэж ойлгож байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж зааснаас үзэхэд учирсан хохирлыг захиргааны байгууллага төлөх биш, харин гэм буруутай албан тушаалтнаар төлүүлнэ” гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШШ2017/0041 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх, дутуу олгосон тэтгэврийг олгох тухай” актын С.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2017 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврээс суутгаж, дутуу олгогдсон 313.443 төгрөгийг гаргуулж С.Бд буцаан олгохыг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах”  шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй “актаар тогтоогдсон 19.040409 төгрөгийг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, Нийгмийн даатгалын санд оруулах”-аар шийдвэрлэсэн нь, маргаанд хамаарахгүй хуулийн зүйл заалтыг баримталсан нь тус тус буруу байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нар нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх, дутуу олгосон тэтгэврийг олгох тухай” маргаан бүхий 20 дугаар актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн нийт 30.855.348 төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байх бөгөөд тус актын хавсралтаас үзвэл нэхэмжлэгч С.Быг “эрх үүсэхгүй, өөрийн хүсэлтээр халагдсан” зөрчил гаргасан гэж үзэж 19.040409 төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нийгмийн даатгалын байгууллага тус актыг үндэслэн нэхэмжлэгч С.Бы 2017 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврийн 50 хувийг суутгасан байна.  

 Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Бы тэтгэвэр тогтоолтын хувийн хэргээс үзвэл түүний гаргасан 2006 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгуулах тухай өргөдөл, Зэвсэгт хүчний төв архивын 2003 оны 1877 тоот лавлагаа, Ардын армийн 119 дүгээр ангийн захирагчийн 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар тушаалын хуулбар, 1984-1999 оны цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудыг Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, дарга, ахлах нягтлан бодогч нар хүлээн авч хянан баталгаажуулж, тус баримтуудыг үндэслэн 2006 оны 03 дугаар сарын 15-ны өдөр С.Бд “цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр” тогтоосон байна.   

Хариуцагч нараас маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болгосон Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “илүү тогтоолгож авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх” үндэслэл нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэрэг зөрчлийг тухайн тэтгэвэр тогтоолгогч этгээд шууд санаа зорилготойгоор өөрөө үйлдсэн түүнийгээ нийгмийн даатгалын байгууллагад гаргасан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон бол “тэтгэврийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан” гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, тухайн тэтгэвэр тогтоолгогчоос хуурамч баримт бичиг бүрдүүлснийг, худал мэдээлснийг эрх бүхий байгууллага, шалгаж тогтоосон тохиолдолд тэтгэвэр авагчийг тус зөрчлийг гаргасан гэж буруутгах үндэслэл бүрдэхээр байхаас гадна төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан тэтгэвэр тогтоолгогчийн бүрдүүлэн өгсөн баримт хүсэлтийг хянан шалгах, зөрчил илэрвэл арилгуулахаар шаардах, хэрэв тэтгэвэр тогтоох үндэслэлгүй тохиолдолд тэтгэвэр тогтоохоос татгалзах эрхтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч С.Бы анх тэтгэвэр тогтоолгохдоо нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгсөн түүний ажлаас чөлөөлөгдсөн талаарх баримт болох Ардын армийн 119 дүгээр ангийн захирагчийн 1991 оны 165 дугаар тушаалын хуулбар нь шүүхийн журмаар Батлан хамгаалах төв архиваас гаргуулсан тус тушаалын хуулбартай ижил болох нь тогтоогдсон, үүнтэй хариуцагч тал маргаагүй байна.

Иймээс анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийг анх тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй, хариуцагчаас хуурамч баримт бүрдүүлсэн гэх асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол хүсэлт гаргаагүй, тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэн өгсөн баримтыг дуурайлгаж, хуурамчаар үйлдсэн талаар тогтоолголгүйгээр илүү олгогдсон гэх 19.040.409 төгрөгийг нэхэмжлэгч С.Баар төлүүлэхээр акт тогтоосон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалттай нийцээгүй ...” гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй.  

 Иргэн С.Быг анх өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргах үед түүний баримт материалыг хүлээн авч хянасан нийгмийн даатгалын байцаагч, ахлах байцаагч, дарга нар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2010 оны 163 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д заасны дагуу баримт бичгийн бүрдэл, баталгаажилтыг урьдчилан хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баримт бичгийн бүрдлийг тэтгэврийн эрх үүсэх үед нь бүрэн хангуулах, мэргэжлийн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлэх боломжтой байсан байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үед нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь түүнд цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоох нөхцөл бүрдсэн эсэхийг, тухайлбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл шаардлага хангагдсан эсэхийг хянан шалгах үүргээ биелүүлээгүй, түүнд цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг буруу тогтоосон байхад тэтгэвэр авагчийг буруутгаж, илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус байна. Хууль тогтоомжид нийцээгүй тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Түүнчлэн хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд мөрдөгдөхөөр заасан Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг мөрдөөгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш.

Харин нэхэмжлэгчээс “19.040.409 төгрөгийг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, нийгмийн даатгалын санд төлүүлэх” талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэлийн “2017 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврээс суутгаж, дутуу олгогдсон 313.443 төгрөгийг гаргуулж С.Бд буцаан олгохыг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлагын тухайд нэхэмжлэгч “...2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр миний тэтгэврээс 50 хувийн суутгал хийгдсэн ...5 дугаар сард суутгасан байсан 156 722 төгрөгийг ...буцаан олгосон ...2017 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын тэтгэврүүд маань бүтэн олгогдсон ...хариуцагч байгууллагаас 2017 оны 10 дугаар сарын тэтгэврийн 50 хувийг суутгасан ...гэж тайлбарласан  байх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар, С.Бы 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны ХААН банкны “Депозит дансны хуулга” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэгэнт маргаан бүхий акт үндэслэлтэй биш болох нь тогтоодсон байх тул нэхэмжлэгчийн тэтгэврээс суутгал хийснийг зөв гэж үзэх үндэслэлгүй тул түүний тэтгэврээс суутгасан 313.443 төгрөгийг иргэн С.Бд буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэстэй зөв байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаас буцаан төлүүлнэ” гэж зааснаас үзвэл албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг тэргүүн ээлжинд төр барагдуулж, үүний дараа буруутай албан тушаалтнаас гаргуулахтай холбоотой харилцаанд тус хуулийн зохицуулалт мөрдөхөөр байна.

Харин мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл .../-ийн улмаас/ өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн ...шаардах эрхтэй” гэж зааснаас үзвэл захиргааны хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас тухайн акт хаяглагдсан этгээд хохирлыг арилгуулахыг шаардах эрхийг эдлэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны акт дээр дурдсан үндэслэлээр хууль бус болох нь тогтоогдсон буюу энэ тохиолдолд Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай актын улмаас үндэслэлгүй суутгагдсан тэтгэврийг авч чадаагүй хохирсон гэх үндэслэл байх тул нэхэмжлэгч С.Быг 2017 оны 10, 11 дүгээр сарын авах ёстой байсан тэтгэвэр хууль бусаар суутгагдаж хохирсон гэж үзэж, тэрхүү хохирлоо шаардсаныг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг, мөн нэхэмжлэгчээс “19.040.409 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын санд оруулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ...асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй байх тул тус хэсгийг хассан өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШШ2017/0041 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 ...” гэснийг “...100 дугаар зүйлийн 100.1...” гэж өөрчилж, “...уг актаар тавигдсан 19040409 төгрөгийг Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж Нийгмийн даатгалын санд оруулах” гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ