Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Орчуулагч, хэлмэрч А.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос А.Д,

Хохирогч Х.Х-,

Хохирогчийн өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Д.А, С.Т,

Шүүгдэгч бөгөөд хохирогч Х.Н-,

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Х-ын Н-, Е овогт Т-н Б- нарт холбогдох эрүүгийн 2013000520167 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт мал маллаж амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, Е овогт Х-ын Н-, регистрийн дугаар БЗ............

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 12.-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт мал маллаж амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Т-н Б- регистрийн дугаар Б3...................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Н- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд бэлчээрийн маргаанаас болж Х.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Н-йг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч бөгөөд хохирогч Х.Н- мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

Хохирогч Х.Х- мэдүүлэхдээ: “...Надад учирсан хохирлыг төлүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2013000520167 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Х.Х-гаас 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 10, 12-13 дугаар хуудас/,

2. Шүүгдэгч Т.Б-аас Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/,

3. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-17 дугаар хуудас/,

4. Хохирогч Х.Х-н өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Х.Н-йн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

6. Видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,

7. Хохирогч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /1-р хх-ийн 55, 61-62, 69 дүгээр хуудас/,

8. Хохирогч Х.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73, 80 дугаар хуудас/,

9. Гэрч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 дугаар хуудас/,

10. Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 109, 113 дугаар хуудас/,

11. Гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 117 дугаар хуудас/,

12. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх- ийн 128 дугаар хуудас/,

13. Гэрч Т.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/,

14. Гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 148 дугаар хуудас/,

15. Гэрч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 150 дугаар хуудас/,

16. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 71 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

17. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 182-183 дугаар хуудас/,

18. Шүүгдэгч Х.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 227-228 дугаар хуудас/,

19. Шүүгдэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 238 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Х.Н-гийн хувийн байдлын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/610 дугаартай “Х- овогтой Н- /БЗ.........../ тоот регистрийн дугаартай. Ам бүл 3. 1994 онд төрсөн, 27 настай, Тус багийн бүртгэлтэй оршин суугч мөн болно. Х.Н- нь аав, ээжтэйгээ хамт амьдардаг, төлөв даруу зантай, түүнд тоолуулсан ямар ч мал, хөрөнгөгүй болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 247-рх, 2-р хх-ийн 01-рх/,

2. Шүүгдэгч Х.Н-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 02-рх/,

3. Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол /2-р хх-ийн 04-07-рх/,

4. Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2-р хх-ийн 08-рх/,

5. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр олгосон “РД:БЗ................, овог:Е-, эцэг /эх/-ийн нэр:Х-, нэр:Н- яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо:1994/06/16, төрсөн газар: Баян-Өлгий, Ногооннуур, хаяг:Баян-Өлгий, Ногооннуур, 5-р баг, Ямаат, хүчинтэй хугацаа:2039/06/16, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 250-рх/,

6. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 513 дугаар “БЗ................ регистрийн дугаартай Х-ын Н-, БЗ....... регистрийн дугаартай Т-н Б- нарын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй байна.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 16-рх/,

7. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 194 дугаар “Х- овогтой Н- /БЗ................/-ийн нэр дээр 24-76 БӨТ улсын дугаартай Газ 2410 маркийн, 1505 БӨҮ улсын дугаартай Toyota camry маркийн тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй байна.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 18-20-рх/

Шүүгдэгч Т.Б-ы хувийн байдлын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 272 дугаартай “Т- овогтой Б- /БЗ......./ нь Ямаат багт эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг. Т.Б- нь бүтэн өнчин ба архи тамхи хэрэглэдэггүй, хамаатан ах дүүгийн малыг хариулж амьдардаг  Т.Б- нь төлөв даруу зантай, урд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 11-12-рх/,

2. Шүүгдэгч Т.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 13-рх/,

3. Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /2-р хх-ийн 14-рх/,

4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 513 дугаар “БЗ................ регистрийн дугаартай Х-ын Н-, БЗ....... регистрийн дугаартай Т-н Б- нарын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй байна.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 16-рх/,

5. 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олгосон “РД:БЗ......., овог:Е-, эцэг /эх/-ийн нэр:Т-, нэр:Б яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо:1998/01/12, төрсөн газар: Баян-Өлгий, Ногооннуур, хаяг:Баян-Өлгий, Ногооннуур, 5-р баг, Ямаат, хүчинтэй хугацаа:2023/01/12, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 10-рх/,

6. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 194 дугаар “Т-н Б- /БЗ......./-ы нэр дээр БӨЗ 55-48 улсын дугаартай Даюун-150 маркийн мотоцикл бүртгэлтэй байна.” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 18-20-рх/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл болон бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Н-, Т.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нараас гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирлын талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Х.Н- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд бэлчээрийн маргаанаас болж Х.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Н-йг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.Х-гаас 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 10, 12-13 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Б-аас Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-17 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Х-н өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.Н-йн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

- Видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Ногооннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанхудагийн төгсгөл гэх газарт мал хариулж явж байхад А.Х- гэгч нь ирж надад чи энд мал хариулах эрх байхгүй, уг газар миний бэлчээрийн газар гэх мэтээр хэрүүл маргаан гаргасан. Тэгж байтал А.Х-ын хүү болох Х.Н- ирж намайг мотоциклоос буулгаж заамдаж авч газар унагаж гараараа зүүн нүд рүү цохиж, дараа нь толгойн баруун болон зүүн талд чамархай, баруун талын чих рүү цохиж цээж рүү өшиглөж зодсон...”,

“...Намайг Х.Н- зодсоны улмаас миний зүүн талын нүд хөхөрсөн, хамрын нуруу яс мурийсан, дээд уруул бага зэрэг хавдсан байсан. Х.Н- миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон...”,

“...Миний бие эрүүл мэндээ эмчлүүлэхэд буюу аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 579.240 төгрөгийн зардал гарсан. Мөн анх эмнэлэгт ирэх үед болон хэрэг шалгагдах хугацаанд Ногооннуур сумаас ирж буцахад нийтдээ 600.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 800.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд нийтдээ 1.979.240 төгрөг гарсныг миний бие Х.Н-гаас нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55, 61-62, 69 дүгээр хуудас/,

- Хохирогч Х.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:   “...Х.Х- бид хоёр маргалдаж байхад тэрээр надад хүн дуудчихсан байгаа одоо хүрээд ирнэ. Ирэхээр нь та нарыг харна гэсэн байсан ба хэсэг хугацааны дараа дүү нь болох Т.Б- гэгч бас нэг дүүгээ дагуулаад мотоциклоор хүрээд ирсэн. Т.Б- ирээд чулуу аван над руу дайрч чулуугаа шидэх үед уг чулуу нь миний хамарт онож миний хамарнаас цус гарсан. Би цаашид ямар нэгэн юм болох юм байна гэж бодоод гар утсаа аавд өгч бичлэг хийлгүүлсэн...”,

“...Т.Б- надад чи яагаад Х.Х-г цохиж байгаа юм бэ гэхэд би Х.Х- над руу чулуу шидээд байхаар нь би түүнийг толгойгоороо мөргөсөн юм. Чи харин намайг яагаад чулуугаар цохиж байгаа юм. Шидсэн чулуу чинь миний хамарт онож хамар болон амнаас цус гарч тогтохгүй байна гэж хэлэхэд тэрээр чи Х.Х-г зодож байхад би чамайг нэг цохих эрх байгаа биз дээ гэх хэрэлдээд байсан...”,

“...Уг хэргийн улмаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тухайн үед би 95.000 төгрөгөөр томографикаар толгойн зураг авахуулсан. 15.000 төгрөгөөр рентген зураг авахуулсан. Уг 110.000 төгрөг мөн цагдаагаас дуудагдаж ирж буцахад байнга ахынхаа машинд бензин хийж ирдэг. Шатахуунд нийт 378.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 800.000 төгрөг, цагдаад дуудагдаж ирэх үед Ахмади гэх хүнээр өдрийн 20.000 төгрөг өгч малаа хариулуулсан. Түүнд нийт 16 хоног 20.000 төгрөгөөр бодож 320.000 төгрөг өгсөн. Нийт хохиролд 1.608.000 төгрөг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73, 80 дугаар хуудас/,

- Гэрч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай гэр сумын төвд байдаг бөгөөд нөхөр маань 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ногооннуур сумын Улаанхудгийн эцэс гэх газар байдаг Т.Б-ы гэрт мал хариулж өгөхөөр явсан байсан. Тухайн өдөр 15 цаг өнгөрч байхад би гэрт сууж байтал нөхөр маань миний утас руу залгаж А.Х- болон Х.Н- нар намайг зодож алах гэж байна. Цагдаа болон сумын эмч нарт хэлж мэдэгд гэж хэлээд утсаа тасалсан...”,

“...Х.Х- эмнэлгийн машинаар ирэх үед түүний нүүр цус болсон байсан ба хамрын нуруу хэсэг нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 дугаар хуудас/,

- Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Х.Х- над руу хүрч ирээд салаавч гаргаж муу сэг минь надаас олж ид, би чамайг алаад хаясан ч би хуулийг худалдаж авсан ч гарч ирж чадна гэж мотоциклоор намайг тойрч яваад байсан. Тэгж байхад манай хүү Х.Н- биднийг хараад мориороо хүрээд ирсэн. Х.Н- ирээд Х.Х-д та хөгшин хүнийг яаж байгаа юм бэ? наад хүн чинь эмнэлэгт эмчилгээ хийлгүүлээд саяхан гарсан хүн гэж хэлэхэд тэрээр түүнд чи биднийг яах юм, энэ хөгшин хүн өөд болсны дараа чи ганцаараа үлдэнэ биз дээ бид арвуулаа шүү дээ гэж хэрэлдээд мотоциклоо унагааж хаячихаад Х.Н- руу чулуу шидэж дайрахад Х.Н- мориноосоо буусан. Тэр үед Х.Х- гүйж очиж Х.Н-йг заамдаж авч ноцолдсон. Би Х.Х-г салгах гэж түүний өмсөж явсан гадуур хувцаснаас барьж татахад түүний өмсөж явсан гадуур хувцас аль тал нь байсныг санахгүй байна. Хажуу талаараа урагдсан...”,

“...Х.Х-, Х.Н- нар хоорондоо ноцолдож байх үед мотоциклоор Х.Х-н дүү болон Т.Б- хажуудаа нэг эрэгтэй хүүхэдтэй хамт ирсэн. Т.Б- ирээд та нар яагаад нийлээд хүн зодож байгаа юм гэж хэлэн Х.Н- руу дайрч хамар луу гараар цохиход түүний хамарнаас цус гарсан...”,

“...Т.Б- нь Х.Н- руу чулуу шидэхэд уг чулуу нь түүний хамарт оносон. Би анх мэдүүлэг өгөхдөө буруу ойлгуулсан юм шиг байна. Х.Н-йг гараараа хамар руу цохиогүй, түүний шидсэн чулуу хамарт нь оносон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109, 113 дугаар хуудас/,

- Гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид уг газарт анх очиход Х.Н-йн хамар нь хавдсан юм шиг хамар нь битүүрсэн ярьж чадахгүй нүүр нь мөн цамцны урд хэсэг нь цус болсон байсан...”, “...Харин Х.Х-н өмсөж байсан хар өнгийн куртикны аль тал нь байсныг сайн анзаараагүй урагдсан байсан. Мөн нүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117 дугаар хуудас/,

- Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид уг газарт очиход Х.Х- болон нөгөө биерхүү залуугийн нүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124 дүгээр хуудас/,

- Гэрч Т.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Би уг газарт очиж машинаас буухад А.Х- түүний хүү Х.Н- мөн Х.Х-, Х.Х-гийн дүү гээд нэг залуу байсан ба нэг хүүхэд мал хариулаад явж байсан уу зайтай газар явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128 дугаар хуудас/,

- Гэрч Т.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид хэрэг учрал болсон газарт очиход Х.Х- нь газарт дээш харан хэвтэж байсан ба Х.Н- түүний эцэг А.Х- мөн Т.Б- нар байсан. Х.Х- болон Х.Н- нарын нүүр цус болсон байсан...”,

“...мөн Х.Х-н зүүн нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

- Гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Х.Х- нь бусдад зодуулсан гэх дуудлагын дагуу эмнэлгийн жолооч С-ын хамт уг дуудлаганд очсон. Очиход нэг саарал өнгийн Уаз маркийн машин зогсож байсан бөгөөд машины гадна иргэн Х.Х- газарт толгой гэж орилж хэвтэж байсан. Хажууд нь хэсгийн төлөөлөгч Ж.Т-, цагдаа Т.Ш-, мөн Х.Н-, машины жолооч А.А- гэх залуу бас нэг хүн байсан. Би Х.Х-гийн толгойг үзэхэд түүний толгойн зулай, дух, нүүр, баруун чих орчмоор цус болсон байсан ба толгойноос цус гарч гоожиж байсан ба яаралтай оёдол тавих, цус тогтоох шарх байгаагүй. Ер нь угааж цэвэрлээд шалгах шаардлагатай байсан тул сумын эмнэлэг рүү авч очиж үзэхээр болж түүнийг машинд суулгаж сум руу ирсэн. Манай машинаар цагдаа Т.Ш-, Х.Н-йн хамт ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  "...Х.Х-н биед үзлэг хийх явцад зүүн нүдний дээд болон доод зовхи хөхөрсөн, хавантай, зөөлөн эдийн гэмтэлтэй, хамрын нуруунд шалбархайтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148 дугаар хуудас/,

- Гэрч Ө.А-ын “...Х.Х-н биед үзлэг хийхэд хоёр чихний хэнгэрэг бүрэн, баруун чихний гэдэс орчим бага зэрэг урагдсан шархтай, хамрын хянга яс орчим шалбарсан шархтай, хамрын таславч муруй байсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150 дугаар хуудас/,

- -Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 71 дугаартай “...Иргэн Х.Х-н биед гавал тархины битүү гэмтэл. тархины доргилттой, зүүн талын дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай. зулайнд дунд хэсэгт хавдартай, хамрын нуруунд хавдартай, хамрын нурууны мурийлттай, зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх- дүгнэлт /1-р хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай “...Иргэн Х.Н-йн биед хамрын битүү гэмтэлтэй, хамрын таславч баруун тийш мурийсан, хугарч мурийсан, хамрын гадна яс талд хэд хэдэн хугаралтай, баруун талд бага зэрэг цөмөрч орсон. Нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай зөөлөн эдийн бэртэл гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-хх-ийн 182-183 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-228 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би Х.Н-йг зодоогүй учир уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч Х.Н- нь хохирогч Х.Х-гийн, шүүгдэгч Т.Б- нь хохирогч Х.Н-гийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлүүдээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарын үйлдлийн улмаас хохирогч Х.Х-, Х.Н- нарын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

            Шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Н-, Х.Х- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч Х.Х-д 1.959.240 төгрөгийн, хохирогч Х.Н-д 1608.000 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгч нар төлж өгөхөөр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Б-аас 1608.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Н-д, шүүгдэгч Х.Н-гаас 1.959.240 төгрөг гаргуулан хохирогч Х.Х-д олгохоор шийдвэрлэв.

            Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрт нь 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан,

Хохирогч, болон түүний өмгөөлөгч А.С нараас улсын яллагчаас санал болгосон торгуулийн ял оногдуулах саналыг дэмжиж оролцсон,

Шүүгдэгч Х.Н-гийн өмгөөлөгч С.Т-иэс “...Улсын яллагчаас санал болгосон торгуулийн ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү.” гэх саналыг гаргасан,

Шүүгдэгч Т.Б-ы өмгөөлөгч Д.А-ээс “Улсын яллагчаас санал болгосон торгуулийн ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү.” гэх саналыг гаргасан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хувийн байдлын хувьд Х.Н- нь урьд ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасан тул шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарт хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарын холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй байх тул Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарт оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Долоо. Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Н-, Т.Б- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан СД бичлэгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-гийн эзэмшлийн Самсунг-А50 маркийн 600,000 төгрөгийн үнэтэй гар утас, шүүгдэгч Т.Б-ы ХААН банкны 5187110468 дугаар дансанд 502.446 төгрөгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е овогт Х-ын Н-, Е овогт Т-н Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Н-, Т.Б- нарын тус бүрт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-, Т.Б- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан СД бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас 1608.000 /нэг сая зургаан зуун найм мянган/ төгрөг гаргуулан хохирогч Х.Н-д, шүүгдэгч Х.Н-гаас 1.959.240 /нэг сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун дөчин/ төгрөг гаргуулан хохирогч Х.Х-д олгосугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар  шүүгдэгч Х.Н-гийн эзэмшлийн Самсунг-А50 маркийн 600.000 төгрөгийн үнэтэй гар утас, шүүгдэгч Т.Б-ы ХААН банкны 5187110468 дугаар дансанд 502.446 төгрөгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.  Шүүгдэгч Х.Н-, Т.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК