| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0143/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/149 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/149
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Хохирогч Е.Н-,
Хохирогчийн өмгөөлөгч С.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгч У.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт У-ы Б-д холбогдох эрүүгийн 2113000000164 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1975 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баян-Өлгий аймгийн ...... сумын ...... дугаар баг, ........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт У-ы Б-, регистрийн дугаар МИ.................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Күмисхалам” дэлгүүрийн урд хохирогч Е.Н-тай маргалдаж улмаар түүний нүдэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч У.Б- мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, ээжтэй нь холбоотой зардлыг төлөхгүй, харин хохирогч Е.Н-ын өөрт нь учирсан хохирлыг шүүхээс гаргуулсан хэмжээгээр төлж барагдуулж өгнө.” гэв.
Хохирогч Е.Н- мэдүүлэхдээ: “...У.Б- нь намайг зодсон нь үнэн. Түүнд гомдолтой байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10.850.170 төгрөгийг төлүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000164 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Иргэн И.А-ээс амаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01-рх/,
2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05-рх/,
3. Шүүгдэгч У.Б-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10-рх/,
4. Хохирогч Е.Н-ын нүдний шилэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13-рх/,
5. Хохирогч Е.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 84, 86-87-рх/,
6. Гэрч И.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 89-91-рх/,
7. Гэрч У.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 95-рх/,
8. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 97-рх/,
9. Гэрч Ч.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 100-рх/,
10. Гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 102-рх/,
11. Гэрч У.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 104-105-рх/,
12. Хохирогч Е.Н-ын биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 453 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-122-рх/,
13. Шүүгдэгч У.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 156-157/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч У.Б-ы хувийн байдлын талаар:
1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/82 дугаартай “У- овогтой Б- /МИ................/ тоот регистрийн дугаартай. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 2 дугаар баг “Цагаан эрэг” 5 гудамж 20 тоогод оршин суудаг. У.Б- нь тодорхой эрхэлсэн ажилгүй, төлөв даруу зантай болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 176-рх/,
2. Шүүгдэгч У.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178-рх/,
3. Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 180-рх/,
4. Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 184-рх/,
5. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 185-рх/,
6. 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “РД:МИ................, овог:Х-, эцэг /эх/-ийн нэр:У-, нэр:Б-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо:1975/12/10, хаяг:Баян-Өлгий, .....-р баг, ........ тоот, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 186-рх/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Б-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч У.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч У.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн, хохирлын талаар маргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч У.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Күмисхалам” дэлгүүрийн урд хохирогч Е.Н-тай маргалдаж улмаар түүний нүдэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Иргэн И.А-ээс амаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01-рх/,
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...Учралын газарт хүрэлцэн ирэхэд уг газарт машины зогсоолд олон тооны тээврийн хэрэгслүүд байрлан зогсох бөгөөд үл хөдлөх цэгээр “Күмисхалам” нэртэй дэлгүүрийн урд явган хүний замд байрласан гэрлийн шонг тэмдэглэн үзлэг хэмжилт хийхэд үл хөдлөх цэгээс зүүн хойшоо 7,8 метр зайд, зогсоолын ирмэгээс эгц хойшоо 3.9 метр зайд засмал зам дээгүүр хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож, хатсан хэсгийг 1 тоогоор тэмдэглэн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Р гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл /хх-ийн 03-05/,
- Иргэн У.Б-ы биед үзлэг хийсэн “...Иргэн У.Б- нь толгойндоо хар өнгийн саравчин малгайтай, дээгүүрээ цэнхэр алаг өнгийн хантаазтай, түүний дотор талд хар өнгийн дугуй захтай, урт ханцуйтай цамцтай, дотор нь ягаан өнгийн дугуй захтай, богино ханцуйтай футболктой, доогуураа цоохор өнгийн өмтэй, хоёр хөлөндөө хар өнгийн пүүзэн гуталтай байх бөгөөд дээрх хувцаснуудад ямар нэгэн урагдаж, бохирдсон зүйлгүй байв. У.Б-ы гадна биед үзлэг хийхэд баруун гарын сарвууны гадна ядам хурууны харалдаа 1,5 x 0,3 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай бөгөөд биеийн бусад хэсэгт ил харагдах шарх, сорвигүй байсан үзлэгийг үүгээр өндөрлөв.” гэх тэмдэглэл /хх-ийн 08-10-рх/,
- Хохирогч Е.Н-ын нүдний шилэнд үзлэг хийсэн: “...Иргэн И.А-ээс гаргаж өгсөн эд зүйл нь хар өнгийн рамтай нүдний шил байх бөгөөд уг нүдний шилний баруун нүдний хэсгийн шил нь цуурч хагарсан байдалтай, зүүн нүдний рам хэсгийн шил нь хагарч унасан, зүүн талын бариул /зүүлт/ нь салсан байдалтай, баруун талын бариул /зүүлт/ байхгүй байсныг тус тус тэмдэглэлд тусган гэрэл зургаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл /хх-ийн 11-13-рх/,
- Хохирогч Е.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...машинтай явж байгаад нэг “Истана” маркийн машинтай шүргэлцсэн. Уг нь тэр машины буруу байсан. Тэр машины жолоочтой тохироод ярилцаад зогсоолд машины гадна зогсож байтал нөгөө жолоочийн төрөл нь гэх нэг эрэгтэй хүн хүрч ирээд хөндлөнгөөс оролцоод миний машины хойд буферийн зүүн хэсгийн хонхойж орсон хэсгийг гараараа түлхэж гаргасан. Түүнээс болж бид хоёрын дунд маргаан гараад улмаар тэр эрэгтэй манай ээжийг хэл амаар доромжилсон. Улмаар би түүнийг цээж рүү нь гараараа түлхэх үед тэр эрэгтэй намайг эхлээд зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж авсан. Тэгэнгүүт би хариу буцааж нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэр эрэгтэй хүн гараараа миний хамар руу хэд хэдэн удаа цохиж авсан. Тэр үед миний ухаан санаа самуурч газарт суучихсан ба миний хамарнаас цус гараад миний нүдний шил хагарч унасан байсныг ээж цүнхэндээ хийж аваад эмнэлэг рүү явсан..., ...цоохор өмд, цэнхэр хантааз, хар малгайтай 40 орчим насны хүн зодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 84, 86-87-рх/,
- Гэрч И.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хүү Е.Н- бид хоёр машинтайгаа Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тирлик” захын тэнд явж байхад “Истана” маркийн машин манай машинтай шүргэлцсэн. Тэгээд манай хүү машинаа зогсоолд байрлуулчихаад буугаад нөгөө “Истана” маркийн машины жолоочтой ярилцаад зогсож байтал “Истана” маркийн машины жолоочийн төрөл нь гэх нэг эрэгтэй хүн ирж манай машины хойд хэсгийг харснаа “энэ чинь амархан засагдана шүү дээ” гэж хэлээд машин хонхойсон хэсгийг гараараа янзалсан болсон. Тэр үед би нөгөө эрэгтэй хүнд хандаад “чи наанаасаа бос бид нар яараад явж байна” гэсэн чинь тэр эрэгтэй намайг хэл амаар доромжилж надад “манай машин зүгээр л байна, танай энэ хог машиныг хогонд хаясан ч яадаг юм” гэж хэлж байсан. Тэгтэл тэр газар олон хүмүүс бөөгнөрч эхэлсэн. Тэгж байтал тэнд бөөн зодоон болоод манай хүүг нөгөө эрэгтэй хүн зодож эхэлсэн ба хүүгийн энэ тэндээс нь цохиж, өшиглөж байсан. Хүүгийн нүдний шил нь хагарч газарт унасан. Дараа нь хүүгийн хамарнаас цус гарч эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91-рх/,
- Гэрч У.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд жолооч бид хоёр хоорондоо тохиролцсоны дараа түүний машиныг үзэхэд хойд буферний баруун булан хэсэг нь хонхойчихсон байсан ба манай ах Б-ы уг хонхойсон хэсгийг цаанаас нь түлхээд хэвийн байдалд нь оруулж өгсөн. Тэгсэн чинь нөгөө машины жолооч манай ах руу дайраад эхэлж ахын нүд хэсэг рүү цохиж авсан. Дараа нь манай ах буцааж нөгөө жолооч залууг нүдэн тус газар нь цохих үед нүдний шил нь хагарч газарт унаад залуугийн хамарнаас нь цус гарсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаж аваад ах залууг дагуулаад эмнэлэг рүү яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-рх/,
- Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...12 цаг өнгөрч байхад бидний хажууд “Истана” болон “Приус-20” маркийн хоёр машин хоорондоо шүргэлцчихсэн. Тэгээд жолооч нар нь хоорондоо тохирох шиг болоод машинаа зогсоолд байрлуулаад байж байтал “Истана” маркийн машины жолоочийн төрөл нь гэх эрэгтэй хүн ирээд нөгөө жижиг “Приус-20” маркийн машины хонхойсон хэсгийг нь гараараа гаргаж, янзалж байсан харагдсан. Тэгтэл уг “Приус-20” маркийн машины жолооч залуу болон эмэгтэй хүн нөгөө машиныг гараараа зассан хүн рүү “наад машиныг засварын газар луу аваачих байсан” гэж хэлээд эрэгтэй рүү дайрсан. Залуугийн хажууд байсан эмэгтэй хүн машиныг гараараа зассан эрэгтэй хүнийг толгой хэсэг рүү нь гараараа даллаж цохих шиг болоход нөгөө хүний хар саравчтай малгай нь газарт унасан. Эмэгтэйгийн хүү нь ч бас нөгөө хүн рүү дайраад хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгж байтал машины буферийг гараараа янзалсан эрэгтэй хүн “Приус-20” маркийн машины жолоочийн нүдэн тус газар гараараа цохиж авахад залуугийн нүдний шил нь хугарч унаж, хамарнаас нь цус гарч эхэлсэн. Тэгээд нөгөө хоёр хүн зодооноо зогсоож, хамарнаас нь цус гарсан залууг эмнэлэг рүү аваад явсан..., ...Миний санаж байгаагаар тэр хүн цоохор өмдтэй, хантааз өмсөөд явж байсан, толгойндоо хар саравчтай малгай байсан. Тэр хүнийг би огт танихгүй, миний ойлгосноор “Истана” маркийн машины жолоочийн төрөл нь гэсэн. Нэр усыг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 97-рх/,
- Гэрч Ч.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...12 цаг өнгөрч байхад бидний хажууд “Истана” болон “Приус-20” маркийн хоёр машин хоорондоо шүргэлцчихсэн. Тэгээд жолооч нар нь хоорондоо тохирох шиг болоод машинаа зогсоолд байрлуулаад байж байтал “Истана” маркийн машины жолоочийн төрөл нь гэх настайвтар эрэгтэй хүн ирээд нөгөө жижиг “Приус-20” маркийн машины хонхойсон хэсгийг нь гараараа гаргаж, янзлаад сүртэй юм биш байна гэж хэлсэн. Тэгтэл “Приус-20” маркийн машины нүдний шилтэй жолооч залуу болон эмэгтэй хүн нөгөө машиныг гараараа зассан хүн рүү “наад машиныг засварын газар луу аваачих байсан, танд ямар хамаа байна” гэж хэлээд хоёулаа дайрсан. Тэгэх явцад эмэгтэй нь нөгөө настай хүний толгой хэсэг рүү нь гараараа цохих шиг болоход нөгөө хүний саравчтай малгай нь газарт унасан ба нүдний шилтэй залуу хүүхэд нөгөө эрэгтэй хүнийг эхэлж толгой хэсэг рүү нь цохиж авсан. Харин настайвтар эрэгтэй хүн хариу буцааж нүдний шилтэй залуугийн нүдэн тус газар нэг удаа цохиж авахад залуугийн нүдний шил нь хугарч газарт унаж, хамарнаас нь цус гарч эхэлсэн. Тэгээд нөгөө хоёр хүн зодооноо зогсоож, хамарнаас нь цус гарсан залууг эмнэлэг рүү аваад явсан..., ... тэр хүн цоохор өмдтэй, хантааз өмсөөд явж байсан, толгойндоо хар саравчтай малгай байсан. Тэр хүнийг би огт танихгүй, миний ойлгосноор Истана маркийн машины жолоочийн төрөл нь гэсэн. Нэр усыг нь мэдэхгүй. Тэр залуу хүүхдийг бүлэглэж зодсон асуудал огт болоогүй. Тэнд байсан бүх хүмүүс харж зогсож байсан. Залуугийн хамарнаас нь цус гарсны дараа зодоон өндөрлөсөн. Тэгээд түргэний машин ирээд залууг эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 100-рх/,
- Гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байсан үе байсан, би иргэн Тилеугийн “Истана” маркийн машины урд сууж байтал засмал зам дээгүүр хар өнгийн “Приус-20” маркийн суудлын тээврийн хэрэгсэл болон “Истана” маркийн тээврийн хэрэгсэл хоорондоо шүргэлцчихсэн. Яг хэнийх нь буруу байсныг анзаарч харсангүй, бодвол тэр “Истана” машин нь зүүн тийш “Спорт” цогцолбор луу эргэх байгаад шүргэлцсэн харагдсан, харин нөгөө жижиг машин нь чигээрээ явж байсан. Тэгээд тэр хоёр машины жолооч машинаасаа буугаад тохирох шиг болоод хоёулаа машинаа замаас холдуулж зогсоолд байрлуулсан. Хар өнгийн “Приус-20” маркийн суудлын тээврийн хэрэгсэл нь миний сууж байсан машины зүүн талд нэг машины цаана байрлаж зогссон. Тэгээд нэг мэдтэл тэр машины хажууд жолооч залуу болон хажууд нь нэг эмэгтэй хүн, би бодохдоо ээж нь болов уу гэж бодсон. Мөн нөгөө “Истана”-гийн жолооч, түүний ах Б- нар хар өнгийн “Приус-20” маркийн суудлын тээврийн хэрэгслийн хойно зогсож байсан. Тухайн үед миний сууж байсан машины жолооч талын цонхны шил нь онгорхой байсан тул бүх юм надад сонсогдож, харагдаж байсан. Тэгж байтал нөгөө Б- гэх хүн хар өнгийн “Приус-20” маркийн суудлын тээврийн хэрэгслийн доор нь ороод куперийг нь гараараа засаад босоод ирсний дараа хар машины жолооч нь Б-д хандаад “чамд ямар хамаатай юм бэ төгзөг минь” гэж хэлэхийг сонссон. Дараа нь машины жолооч Б- руу дайраад нэг удаа цохиж авахад Б-ы малгай нь газарт унаад тэр хүн буцааж машины жолоочийг буцааж хамар хэсэг рүү нь нэг удаа цохиж авахад нөгөө нүдний шилтэй жолооч залуугийн хамарнаас нь цус гараад дараа нь жолооч залуугийн хажууд явсан эмэгтэй хүн Б- руу дайраад байсан ба тэнд байсан хүмүүс салгаж авсан. Хар өнгийн “Приус-20" маркийн суудлын тээврийн хэрэгслийн жолоочийг бүлэглэж зодсон асуудал болоогүй, тэр залуугийн хамарнаас цус гарахад уг залуу доошоо тонгойгоод зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 102-рх/,
- Гэрч У.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цайны цаг байсан санагдаж байна, 12 цаг өнгөрч байтал би өөрийнхөө 28-49 БӨТ улсын дугаартай машинаараа яваад “Хостерек” захын тийшээ “Күмисхалам” дэлгүүрийн урд байрлах зогсоол байрлуулчихаад зах руу ороод гараад ирсэн. Зах дотор 5-10 минут л удсан байсан. Буцаж машиндаа ирэхэд миний машины туслах, баруун хажуу талд зогсоол дээр хар өнгийн “Приус-20” маркийн суудлын тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд уг машины хажууд 3 эрэгтэй хүн, 1 эмэгтэй хүн зогсож байсан. Тэд нарын дунд залуухан эрэгтэй нь “би цагдаа дуудна” гэж хэлж байхыг сонсоод би тэд нарын хажууд дөхөж очиход цоохор өмдтэй, цэнхэр хантаазтай, бараан малгайтай настайвтар эрэгтэй хүн нь “энэ яах ч үгүй шүүдээ, засаж янзалж болохоор юм байна” гэж хэлсэн. Тухайн үед би тэр хар машины хойд хэсгийг харахад хойд куперийн зүүн талын булан хэсэг нь алганы хэмжээтэй хонхойсон байдалтай харагдсан. Тэгж байтал нөгөө цоохор өмдтэй, цэнхэр хантаазтай, бараан малгайтай настайвтар эрэгтэй хүн зогсож байгаад машины хойд хэсэгт газарт хэвтэж аваад гараа оруулаад нөгөө хонхойсон хэсгийг нь гараараа түлхэж гаргахад хонхойсон хэсэг нь хэвийн байдалдаа ороод тэр хэсгийн алганы тал хэмжээтэй хэсгийн будаг нь зурагдсан байдалтай болчихсон. Тэгтэл хар машины жолооч нь гэх залуу нөхөр “танд ямар хамаатай юм бэ, та яагаад засаад байгаа юм, засварын газар орох ёстой байсан” гэхэд нөгөө настайвтар хүн “энэ хогийг ямар засах шаардлагагүй юм байна шүүдээ, гараараа засаад болчихлоо шүүдээ, наад жижигхэн хэсгийг засварын газар засах ч үгүй” гэж хэлэхэд хар машины жолооч болон тэрний хажууд байсан эмэгтэй уурлах шиг болоод нөгөө настайвтар эрэгтэй хүн рүү дайрч эхэлсэн. Эхлээд залуу эрэгтэй настайвтар эрэгтэйн нүүр хэсэг рүү нэг удаа цохиж авахад тэр хүний толгойнд байсан малгай газарт уначихсан ба эмэгтэй нь гартаа байсан цүнхээрээ давхар цохиж байтал машин жолооч залуу дахиж дайрахад, нөгөө настайвтар эрэгтэй хариу буцааж гараараа цохих үед машины жолоочийн хамар тус газар гар нь хүрсэн. Тэгтэл машины жолооч эрэгтэй доошоо хараад зогсчихсон ба хамарнаас нь шууд цус гараад эхэлсэн. Уг нь бол тухайн үед машины жолооч эрэгтэй нь нүдний шилтэй байсан бөгөөд нүдний шилнийх нь рамны хэсэг нь хамарны гадна талыг нь зүсчих шиг харагдсан. Тэгээд өндөр нуруутай нэг эрэгтэй хүн нь нөгөө настайвтар эрэгтэй хүнийг татаж салгаж авсан.
...Тийм үйл явдал болоогүй, машины жолооч болон куперийг гараараа зассан настай эрэгтэй хүний хооронд л зодоон цохион болсон. Харин нөгөө залуугийн хажууд байсан эмэгтэй гартаа байсан цүнх билүү, түрийвч билүү нэг юмаараа настайвтар хүний толгой, мөр хэсэг рүү давхар цохиж байсан. Дараа нь машины жолооч дахиж дайрах үед настай эрэгтэй хариу буцааж нэг удаа цохиж аваад зодоон, маргаан өндөрлөсөн. Тэр хар машины жолоочийг бүлэглэж зодсон асуудал огт болоогүй. Тэр үйл явдал хэдхэн секунтэнд болж өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-рх/,
- Хохирогч Е.Н-ын биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 453 дугаартай “...Иргэн Е.Н-ын биед тархины доргилт, хамрын нуруунд хавантай, хамрын ясны шинэ хугаралттай, хамрын таславч зүүн тийш мурийсан, хамрын нуруунд шархтай /2 ширхэг оёдол тавьсан/ гэмтэл тогтоогдлоо. Иргэн Е.Н-ын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн Е.Н-ын биед үүссэн гэмтлүүд 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөр чадвар алдалтад нөлөөлөхгүй. Е.Н-ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 120-122-рх/,
- Шүүгдэгч У.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бүлэглэж зодсон асуудал огт байхгүй, гэм нь миний бие Е.Н-ын машины хойд буферийн хонхойж орсон хэсгийг гараараа гаргаснаас болж Е.Н- болон түүний ээж над руу дайраад “яах гэж оролцоод байгаа юм, бид нар засварын газар оруулах гэж байгаа” гээд учир зүггүй дайрч эхлээд ээж нь гартаа байсан түрийвчээ далайлгаад эхэлсэн. Тэгж байтал хүү нь намайг түлхэхээр нь би нүүр лүү нь цохиход тэр намайг эргүүлж миний хамар луу нэг удаа цохиж авсан. Тэгээд би хариу буцааж нэг удаа цохиж авахад миний гар түүний нүдний шил хагарч унасан. Тэгээд хамарнаас нь цус гараад бид хоёрын зодоон зогссон.” /хх-ийн 156-157-рх/ гэх мэдүүлэг,
- Шүүгдэгч У.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч У.Б-ы гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч У.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч У.Б-ы үйлдлийн улмаас хохирогч Е.Н-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.Б-ы үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч У.Б-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Е.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийтдээ 10.160.320 төгрөг нэхэмжилжээ.
Үүнээс шүүгдэгч У.Б-аас 4.180.220 төгрөг гаргуулан хохирогч Е.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 5.980.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал,
1. Компьютерын томографын оношилгоо-36,000 төгрөг,
2. Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн зардал- 37,500 төгрөг,
3. Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу явах автобусны билетийг буцаалгасан мөнгө-15,300 төгрөг,
4. “Жана Өлке” авто тээвэрт очиж автобусанд тавьсан ачаагаа буцааж авахад хөлсөлсөн таксинд гарсан зардал-8,000 төгрөг,
5. Баян-Өлгий аймгаас Улаанбаатар чиглэлийн онгоцны нэг талын онгоцны тийзийн зардал 2 хүн-770,000 төгрөг,
6. Хот явах үед аймгийн Нисэх онгоцны буудалд такси хөлсөлсөн зардал-21,000 төгрөг,
7. Улаанбаатар хотын нисэхээс Улаан хуаран хүртэл такси хөлсөлсөн зардал-60,000 төгрөг,
8. “Нэгдэлчин” зочид буудалд төлсөн зардал-70,500 төгрөг,
9. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хүнсэнд төлсөн зардал
- Хоолны зардал-13,000 төгрөг,
- Хоолны зардал-3,500 төгрөг,
- Ус-1250 х 2 ш = 2,500 төгрөг
- Цитрамон эм-8500 төгрөг,
10. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хүнсэнд төлсөн зардал
- Өглөөний цай, хоол-17,000 төгрөг,
- Үдийн хоол-6,000 төгрөг,
- Оройн хоол-5,000 төгрөг,
- Автобус-2,000 төгрөг
11. “Сонгодо” хувийн эмнэлгийн мэдрэлийн эмчид үзлэгт ороход гарсан зардал - 28,000 төгрөг,
12. Улсын Нэгдүгээр эмнэлгийн автомат машинаас 3 удаа шинжилгээний хариу гаргуулж авахад гарсан зардал-1,500 төгрөг,
13. Эмнэлэгт хэвтэх үеийн бэлтгэлд гарсан зардал
- Тавчик-12,000 төгрөг
- Бинт-8ш, эмульс синтомицин-5ш - 18,500 төгрөг,
14. Багшийн дээдийн буудлаас Улаанхуаран хүртэл такси хөлсөхөд гарсан зардал - 7,000 төгрөг,
15. 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хүнсэнд төлсөн зардал
- Өглөөний цай-2400 төгрөг,
- Өглөөний цай-21000 төгрөг,
- Үдийн хоол-13.650 төгрөг,
16. Улаанхуарангаас Улсын нэгдүгээр эмнэлэг хүртэл такси хөлсөхөд гарсан зардал-7,500 төгрөг,
17. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хүнсэнд төлсөн зардал - 9,383 төгрөг,
18. Улаанхуарангаас-Улсын нэгдүгээр эмнэлэг хүртэл такси хөлсөхөд гарсан зардал- 7,500 төгрөг,
19. Эмнэлэгт хэвтэх үед ковидын тест өгөхөд гарсан зардал-16,500 төгрөг,
20. Эмнэлэгт хэвтэх үед авч орсон хоол, хүнс
- Хоолны зардал-1000 төгрөг,
- Хоолны зардал-13,950 төгрөг,
21. Эмнэлэгт хэвтэх үед ковидын тест өгөхөд гарсан зардал-13,000 төгрөг,
22. Хагалгааны төлбөр - 331,364 төгрөг,
23. Автобусанд-500 төгрөг,
24. Хагалгаатай холбоотой гарсан зардал /Хамрын имплантын төлбөр/-769,000 төгрөг,
25. Улаанхуарангаас УНТЭ хүртэл такси хөлслөхөд-7,500 төгрөг,
26. Хагалгаанаас гарсны дараа уух хүйтэн зүйл-6,500 төгрөг,
27. Хагалгаанаас гарсны дараа уух хүйтэн зүйл-6,500 төгрөг,
28. Хүнсний зүйл /пирог/-1,500 төгрөг,
29. Бөөлжилтийн эсрэг эм авахад гарсан зардал-12,000 төгрөг,
30. Соруул-1,300 төгрөг,
31. Хүнсний зардал-3,000 төгрөг,
32. Автобусанд гарсан зардал 1 хүн /ээж/ -500 төгрөг,
33. Улаанхуарангаас УНТЭ-хүртэл такси хөлслөхөд- 7,500 төгрөг,
34. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хоол, хүнсний хэрэгцээнд
- Уух ус, ундаа-7,976 төгрөг,
- Өдрийн хоол эргэлтээр-10,000 төгрөг,
- Хоолой зайлах хүнсний сода-1,600 төгрөг,
- Оройн хоол-11,000 төгрөг,
35. Автобусанд гарсан зардал 1 хүн /ээж/ -500 төгрөг,
36. Улаанхуарангаас УНТЭ-хүртэл такси хөлслөхөд- 7,500 төгрөг,
37. Өдрийн хоол хүнсэнд-34,000 төгрөг,
38. Автобусанд гарсан зардал 1 хүн /ээж/ -500 төгрөг,
39. Үзлэг үйлчилгээ-42,000 төгрөг,
40. Үзлэг үйлчилгээ-50,000 төгрөг,
41. Үзлэг үйлчилгээ-56,000 төгрөг,
42. Үзлэг үйлчилгээ-85,000 төгрөг,
43. Улаанхуарангаас УНТЭ-хүртэл такси хөлслөхөд- 7,500 төгрөг,
44. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хоол хүнсэнд
- Эргэлтээр хүнсний зүйл-8,200 төгрөг,
- Оройн хоол-6.750 төгрөг,
- Өдрийн хоол-6,500 төгрөг,
45. Улаанхуарангаас УНТЭ-хүртэл такси хөлслөхөд - 7,500 төгрөг,
46. Улаанхуарангаас “Чингисхаан” зочид буудлын “Нарру орtical” нүдний хараазүйн төв хүртэл такси хөлсөхөд гарсан зардал-6,000 төгрөг,
47. Гадаа зүүх, компьютерт зүүх нүдний шил хийлгэхэд гарсан зардал - 222,100 төгрөг,
48. Өглөөний хоол-7,000 төгрөг,
49. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хоол, хүнсний хэрэгцээнд
- Өдрийн хоол-40,000 төгрөг,
- Оройн хоолонд-40,600 төгрөг,
50. Улаанхуарангаас “Чингисхаан” зочид буудлын “Нарру оptical” нүдний хараазүйн төв хүртэл такси хөлсөхөд гарсан зардал-6,000 төгрөг,
51. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хоол хүнсэнд
- Өдрийн хоол-37,000 төгрөг,
- Байрласан айлд хүнсний зүйл авч орсон-27,396 төгрөг,
- Оройн хоол – 5,400 төгрөг,
- “Еmart”-д шил хийлгэх зуур уух зүйл авахад гарсан зардал-16,400 төгрөг,
52. “Чингисхаан” зочид буудлын “Наppу орtical нүдний хараазүйн төвөөс Улаанхуаран хүртэл такси хөлсөхөд гарсан зардал-6,000 төгрөг,
53. Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлийн автобусны билет авахад гарсан зардал 2 хүн - 208,000 төгрөг,
54. Эмчилгээ, эм хэрэгсэл авахад гарсан зардал
- Хамар угаах сав-17,500 төгрөг,
- Хамар угаах зориулалтын давс-9,500 төгрөг,
- Амоксоклав таб-10ш х 950төг=9,500 төгрөг,
- Витамин С 100мг-10ш х 500төг-5,000 төгрөг,
- Лабор-250,0-2фл х 4500 төг=9,000 төгрөг,
- Фезам-20штук х 165төг=3,300 төгрөг,
- Тариур 10шх320төг=3,200 төгрөг,
Систем аппарат- 2шх500төг=1.000 төгрөг,
55. Баян-Өлгий рүү ирэх замд хоол хүнсэнд гарсан зардал- 11.000 төгрөг,
56. Улаанхуарангаас “Драгон” хүртэл такси хөлсөхөд гарсан зардал-30,000 төгрөг,
57. Баян-Өлгий рүү ирэх замд хоол хүнсэнд гарсан зардал- 14,500 төгрөг,
58. Эмульс синтомицин тос-4,200 төгрөг, Витамин С 1000мг-10ш=8000 төгрөг,
59. Эмийн зардал Эмульс синтомицин тос - 8,400 төгрөг,
60. Эмчилгээний зардал толгойн рентген зураг-15,000 төгрөг,
61. Эмчилгээ, эм хэрэгсэл авахад гарсан зардал- 37,500 төгрөг,
62. Эмчилгээ, эм хэрэгсэл авахад гарсан зардал /сорвины тос/-16,000 төгрөг,
63. Эмчилгээ, эм хэрэгсэл авахад гарсан зардал /Аертап, магни актив/-44,000 төгрөг,
64. Эмчилгээ, эм хэрэгсэл авахад гарсан зардал-59,700 төгрөг,
65. Эмчилгээ, эм хэрэгсэл авахад гарсан зардал-4,000 төгрөг,
66. Эмчилгээ, эм хэрэгсэл авахад гарсан зардал-75,500 төгрөг, нийт 3.741.819 төгрөг нэхэмжилжээ.
Хохирогч Е.Н-ын гадаа зүүх, компьютерт зүүх нүдний шил хийлгэхэд гарсан зардал гэж 222,100 төгрөг нэхэмжилснийг “Ашиг билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-21-221 дугаар “...хагарч гэмтсэн нүдний шил 2021 оны 10 дугаар сарын байдлаар 90,000 төгрөгийн үнэтэй байна...” гэх дүгнэлтээр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Үүнээс гадна иргэний нэхэмжлэлд:
Үүнээс хохирогч Е.Н- нь гэмт хэргийн улмаас цалин орлогогүй байсан үеийн олох байсан орлого гэж “Өлгий аудит”-ын ажлын хөлс 12 өдөр - 100.800 төгрөг, “Баянцамбагарав”-ын ажлын хөлс-392.304 төгрөг, нийт 493.104 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлдээ холбогдох нотлох баримт хавсарган ирүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогч Е.Н-ын ээж нь болох А- нь хот руу хүүгээ сахихаар явахдаа ажлаасаа 5 өдрийн цалингүй чөлөө авч, 5 өдрийн цалин нь 347.597 төгрөг болох нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн цалин олгох хүснэгт /хх-ийн 66-рх/-ээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Е.Н-ын өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлөх 420.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно.
Өөрөөр хэлбэл хохирогч эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хэдэн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.
Хохирогч Е.Н- нь шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилснийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нэрлэн заасан “амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-ийг эдийн бус хохиролд хамааруулан үздэг.
“Эдийн бус гэм хор” гэх ойлголтод сэтгэл санааны хохирлыг хамааруулж үзэх боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтад хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлөх тухай тусгасан ба харин хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх талаар тусгаагүй байна.
Иймд хохирогч Е.Н-ын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах зардал болон нүүрс хагалахад 200,000 төгрөг, пийшингийн хөө, тортог цэвэрлэхэд 120.000 төгрөг, үнсийг гаргахад 135.000 төгрөг, мод хөрөөдөх, хагалахад 100.000 төгрөг, нийт 555,000 төгрөгийг нэхэмжлэх боловч энэ талаарх нотлох баримт байхгүй тул нотлох баримтаа бүрдүүлж бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Иймд шүүгдэгч У.Б-аас 4.180.220 төгрөг гаргуулан хохирогч Е.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 5.980.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон прокурор нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан,
Хохирогч, болон түүний өмгөөлөгч А.С-аас “...Улсын яллагчийн саналыг дэмжиж оролцсон”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгож өгөхийг хүсэж байна.” гэх саналыг гаргасан,
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд У.Б- нь урьд ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасан тул шүүгдэгч У.Б-д хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Долоо. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч У.Б-аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нүдний шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.
Хэрэгт шүүгдэгч У.Б-ы эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт У-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч У.Б- нь энэ хэргийн улмаас баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-аас 4.180.220 /дөрвөн сая нэг зуун наян мянга хоёр зуун хорин/ төгрөг гаргуулан хохирогч Е.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 5.980.100 /таван сая есөн зуун наян мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д заасаар хохирогч Е.Н- нь цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах зардал болон нүүрс хагалахад 200.000 төгрөг, пийшингийн хөө, тортог цэвэрлэхэд 120.000 төгрөг, үнсийг гаргахад 135.000 төгрөг, мод хөрөөдөх, хагалахад 100.000 төгрөг, нийт 555.000 төгрөгийг нэхэмжлэх боловч энэ талаарх нотлох баримт байхгүй тул нотлох баримтаа бүрдүүлж бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нүдний шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт шүүгдэгч У.Б-ы эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
9. Шүүгдэгч У.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК