Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/687

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Х холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х нь “...2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын 0 тоот өрөөнд хохирогч Өтай маргалдан, улмаар аяга толгойн тус газар шидэж эрүүл мэндэд нь баруун зулайд няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Х нь “2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын 0 тоот өрөөнд хохирогч Өтай маргалдан, улмаар аяга толгойн тус газар шидэж эрүүл мэндэд нь баруун зулайд няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Хын “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрийг бүтэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Өын хохирогчоор өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 18-нд Х, Э нартай уулзаад гадуур явж байгаад пиво ууж, хоол идсэн. Тэгээд Баянгол дүүргийн 0 хороонд байрлах “Р” нэртэй зочид буудлын 0 тоот өрөөнд ирж нэг шил архи хувааж уугаад Х явлаа гээд буудлаас гарсан. Э бид 2 үлдээд унтаж байтал өрөөний хаалга тогшихоор нь би онгойлготол Х орж ирээд "гар утсаа хаячихсан байна” гэхээр нь утас руу нь залгахад өрөөнд байхгүй байсан. Тэгээд “утас хаана байна” гэхээр нь би “чиний утсаар яадаг юм бэ” гээд бид маргасан. Х стакан авч над руу шидээд миний толгойг онож хагалсан. Тэгээд толгой хэсгээс цус гараад би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Эын гэрчээр өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” нэртэй зочид буудлын гадна талд өөрийн найз Х, Ө, Л нартай уулзаад тэндээсээ урд талын цайны газарт орж хоол идэж, пиво уучхаад тухайн зочид буудал руу Ө, Х, Л, Өын найз эмэгтэй нарын хамт ороод дэлгүүрээс 0.75 литрийн Чингис нэртэй архи 1 ширхэг, 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 10 ширхгийг авч тус зочид буудлын 4 давхрын 0 тоот өрөөнд орж ууцгаасан. Өын найз эмэгтэй, Л нар яваад өгсөн бөгөөд би усанд орчхоод баруун талын ор нь дээр унтсан. Тэгээд гэнэт чимээ гараад байхаар нь сэрээд харахад Ө, Х нар хоорондоо маргалдаад аль хэдийнээ нэгнийгээ цохиод Өын толгой тус газраас цус гараад зүүн талын ор нь дээр хэвтчихсэн. Харин Х миний хэвтэж байсан орны зүүн хэсэгт сууж байсан. Би угаалгын өрөө орж алчуур аваад толгой тус газар нь дараад байж байтал Ө цагдаа дуудсан. Тэр 2 Д аймгийн Хилийн цэргийн 000 дугаартай ангид харуулын даргаар ажилдаг нэг хамт олон юм. Тэр 2 Хын гар утас алга болсон асуудлаас болж маргасан гэсэн. Би яг юу болсон талаар хараагүй, унтаж байгаад хэрүүл, шуугиан болоод байхаар нь босож ирээд харахад ийм зүйл болчихсон байсан. Зочид буудал орохоос өмнө тэр 2 юунаас болоод байгаа нь мэдэгдэхгүй нэгнийгээ үгээр идээд байсан ба би маргааныг нь болиулсан. Хилийн цэргийн баяр байсан учир хамт ажилладаг байсныхаа хувьд баяраа тэмдэглэсэн. Тэр 2-ын ярианаас сонсоход Х, Өын толгой руу аяга авч шидээд хагалсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 000 дугаартай шинжээчийн: “...Өын биед баруун зулайд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л яллагдагчаар өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийн найз Ө, Э нартай уулзаж хоолонд ороод Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” нэртэй зочид буудлын 0 тоот өрөөнд орж бид нэг шил архи хувааж уусан. Би гэртээ харих гээд явсан ба явж байхдаа гар утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь буцаж буудал ороод гар утсаа хайсан. Э унтаж байхаар нь Өаас асуухад “би аваагүй” гэсэн. Тэгээд маргалдаад би ширээ нь дээр байсан стакан аваад Өын толгой руу шидсэн. Гэтэл толгой нь хагарсан бөгөөд Ө цагдаа дуудсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч согтолт гайгүй байсан. Э бид 2-ыг маргалдаад намайг Өын толгойг хагалсны дараа сэрсэн бөгөөд тэнд бид 3-аас өөр хүн байгаагүй. Өт учруулсан гэм буруугаа ухаарч хохирлыг нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 56 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 57 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 59, 65-70 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71-72 тал/,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х нь  “2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын 0 тоот өрөөнд хохирогч Өтай маргалдан, улмаар аяга толгойн тус газар шидэж эрүүл мэндэд нь баруун зулайд няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд “утас хаана байна” гэхээр нь би “чиний утсаар яадаг юм бэ” гээд бид маргасан. Х стакан авч над руу шидээд миний толгойг онож хагалсан. Тэгээд толгой хэсгээс цус гараад би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд гэнэт чимээ гараад байхаар нь сэрээд харахад Ө, Х нар хоорондоо маргалдаад аль хэдийнээ нэгнийгээ цохиод Өын толгой тус газраас цус гараад зүүн талын ор нь дээр хэвтчихсэн. Харин Х миний хэвтэж байсан орны зүүн хэсэгт сууж байсан. Би угаалгын өрөө орж алчуур аваад толгой тус газар нь дараад байж байтал Ө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Х гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Хын “2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын 0 тоот өрөөнд хохирогч Өтай маргалдан, улмаар аяга толгойн тус газар шидэж эрүүл мэндэд нь баруун зулайд няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...Миний хохирол барагдсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 78 тал/ гэх бөгөөд шүүгдэгч Хыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х нь 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын 0 тоот өрөөнд хохирогч Өтай маргалдан, улмаар аяга толгойн тус газар шидэж эрүүл мэндэд нь баруун зулайд няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Хт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 77 тал/

 

Иймд шүүгдэгчийн хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Хт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх  тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ