| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01435/И |
| Дугаар | 1736 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 1736
Б.Алтангадасын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01683 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Алтангадас,
Хариуцагч Т.Оюундарьд холбогдох,
Гэм хорын хохиролд 1 437 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямрагчаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу Т.Оюундарийн эзэмшлийн 38-22 УБН дугаартай, Тоёотой Аллион маркийн автомашины баруун ар талын суудал буюу жолоочийн арын суудалд сууж явахад Төв аймгийн Жаргалант сумын салдаг уулзварын хойд талд шулуун тэгш хуурай газарт жолоо барьж явсан Т.Оюундарь нь хурд хэтрүүлэн урдаа байгаа автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгал руу орж машинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас автомашинтайгаа өнхөрсөөр замын хажуу руу орж онхолдсон юм. Тухайн үед Замын цагдаагийн газраас тухайн газар дээр нь хэмжилт хийж Т.Оюундарийн буруутай үйлдэл гэдэг дүгнэлтийг гаргасан.
Төв аймгийн прокурорын газраас хохирлын мөнгөн дүн бага учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Анх нийт 2 877 550 төгрөгийн эмчилгээ сувилгааны зардал гарч, “Бодь даатгал” ХХК-д 1 731 000 төгрөгийн материал бүрдүүлж өгснөөс даатгалын хэмжээ гээд 1 440 000 төгрөгийг олгосон. Харин үлдсэн 1 437 550 төгрөгийг нь жолооч Т.Оюундарь өөрөө хохирлыг нь барагдуулж дуусгана гэсэн боловч одоо болтол миний хохирлыг бүрэн барагдуулаагүй тул үлдсэн 1 437 550 төгрөгийг Т.Оюундариас гаргуулж өгнө үү. Одоогийн байдлаар эрүүл мэндийн зардалд гарсан 1 437 550 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашдаа энэ төлбөрийг хүүгийнхээ эрүүл мэндийн асуудалд зориулах гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд зарцуулсан төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 1 437 550 төгрөгийг Т.Оюундариас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямрагчаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зам тээврийн ослын улмаас Б. Алтангадасын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсанд би болон манай гэр бүлийнхэн ихэд санаа зовж, эмнэлэг дээр очиж уулзан, шаардлагатай эмчилгээ, сувилгааны талаар ар гэрийнхэнтэй нь ярилцаж байсан. Эмнэлэг дээр биднийг очиж уулзахад болон “Бодь даатгал” ХХК-д нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгөх үед Б.Алтангадас, түүний ар гэрийнхэн нэхэмжлэлд дурдсан хэмжээний буюу 2 877 550 төгрөг биднээс нэхэмжилж байгаагүй.
Б.Алтангадасын эмчилгээ, сувилгаанд яаралтай туслах үүднээс би 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг шилжүүлсэн. Мөн даатгалын материалыг шуурхай бүрдүүлж өгсөн. “Бодь даатгал” ХХК-аас Б.Алтангадаст 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1 731 100 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 40 000 төгрөг, нийт 1 771 100 төгрөг шилжүүлснээ тухай бүр мэдэгдэж байсан. Даатгалын нөхөн төлбөр орсноос хойш нэхэмжлэгч талаас бидэнтэй өнөөг хүртэл дахиж холбоо бариагүй. Б.Алтангадас, түүний ар гэрийнхэн болон бидний хооронд нэхэмжлэлд дурдсан хэмжээний буюу 1 437 550 төгрөгийг төлнө гэж тохиролцсон зүйл байхгүй.
Төв аймгийн прокурорын газар тус хэргийг шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Т.Оюундарь нь тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байсан бөгөөд “Бодь даатгал” ХХК-аас Б.Алтангадаст учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Бодь даатгал” ХХК-аас ирүүлсэн албан бичигт “Бодь даатгал” ХХК-аас 2 054 000 төгрөгийг нэхэмжлэгч тал нэхэмжилсэн бөгөөд 1 771 100 төгрөгийг гаргаж өгсөн. Даатгалаас албан бичиг авах гэж очиход шаардлагатай, нотлох баримтаар нотлогдож байгаа хөтөлбөрүүдийн нөхөн төлбөрийг өгсөн гэсэн.
Даатгалын дээд хэмжээгээр бус шаардлага хангасан баримтыг үндэслэж нөхөн төлбөрийг төлсөн гэсэн. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т зааснаар 38 800 төгрөгийн хураамж төлдөг бөгөөд жолоочийн хариуцлагын даатгалаар дээд тал нь 5 000 000 төгрөг авах боломжтой. Нэхэмжлэгч тал өөрсдөө 2 054 000 төгрөгийн баримт бүрдүүлж өгсөн байсан. Хэрэв баримтаа гаргаж өгсөн бол илүү мөнгө авах боломжтой байсан гэж үзэж байгаа. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөгийг эрүүл мэндийн зардалд нь өгч байсан.
Нэхэмжлэлд хавсаргасан 1 437 550 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан баримт гэдэгт эргэлзэж байна. Даатгалын төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болон 09 дүгээр сарын 16-ны өдөр 2 хувааж олгосон. Нэхэмжлэлд хавсаргасан баримтын он, сар нь сайн харагдахгүй байсан бөгөөд хамгийн сүүлийн баримт нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн баримт байсан. Даатгалд бүрдүүлж өгсөн материалыг хэрэгт хавсаргасан байна.
“Бодь даатгал” ХХК-аас буцааж өгсөн баримт байгаа бөгөөд одоо байгаа баримтуудын аль нь даатгалаас ирсэн гэдэг нь тодорхойгүй байна. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль болон “Бодь даатгал” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр даатгалын байгууллага нөхөн олговрыг олгож даатгуулагч нөхөн олговроос чөлөөлөгдөх үндэслэл болж байгаа. Мөнгө дутуу өгсөн гэж байгаа бол “Бодь даатгал” ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч гэм хорын асуудал ярьж байгаа бол даатгалын төлбөр орсноос хойш буюу 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойших эмчилгээний төлбөр, зардлын талаар ярьж байгаа бол эдгээр нь баримт нь тухайн үед байхгүй байсан. Иймд гэм хорын асуудал биш, тухайн үед гарсан зардлаа нэхэмжилж байна уу гэж үзсэн. Даатгалын байгууллагаас гаргуулах боломжтой төлбөрийг биднээс нэхэмжилж байгаа нь процессын хувьд алдаатай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Оюундариас 1 437 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Алтангадасын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Алтангадасаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлаагүй байна. Учир нь, "Бодь даатгал" ХХК-аас нэхэмжлэгч Б.Алтангадаст ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын нөхөн төлбөрт 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1 711 100 төгрөг гарган өгсөн. Ийнхүү өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын нөхөн төлбөрт 2 054 100 төгрөг гаргуулахаар эмчилгээ, сувилгааны баримтаа даатгалын компанид өгсөн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдагдсан хавтаст хэргийн 5-8 дугаар талын баримтууд хавсаргагдаагүй, үүний үндсэн дээр даатгалын компаниас мөнгө аваагүй юм. Тиймээс хэргийг анхан шатны шүүхэд буцаавал нэхэмжлэгч тал энэ талаарх баримтыг даатгалын комгцаниас авч чадах билээ.
Хэрэв анхан шатны шүүх даатгалийн компаниас дээрх хавтаст хэргийн 5-8 дугаар талд авагдсан баримтад дурдагдсан мөнгийг авсан гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох үүрэгтэй юм. Гэвч хариуцагч тал дээрх баримтуудыг үндэслэн даатгалын компаниас мөнгө авсан гэх үндэслэлээ нотолж чадаагүй, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямрагчаа “...Бодь даатгал ХХК-аас буцааж өгсөн баримт байгаа бөгөөд одоо байгаа баримтуудын аль нь даатгалаас ирсэн гэдэг нь тодорхойгүй байна.” хэмээн эргэлзээтэй байдлаар тайлбараа өгсөн нь харагдаж байна. Ийм байдлаар хариуцагч тал хуульд заасан үүргээ биелүүлээгүй байхад шүүх бодит нотлох баримтад тулгуурлаагүй, ургуулан бодож дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлд “...Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацааны эмчилгээ сувилгаатай холбоотой хохирлоо даатгалын компаниар нөхөн төлүүлсэн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 1 дэх талд авагдсан нэхэмжлэлээс харвал дээрх хугацааны доторх бүхий л сувилгаа, эмчилгээний зардлаа даатгалын компаниар төлүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нотлох баримтыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тухай: Анхан шатны шүүхээс хавтаст хэргийн 4-9 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг үндэслэлгүйгээр авч хэлэлцээгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эмчилгээ, сувилгаатай холбоотой зайлшгүй гарсан бүхий л зардлын баримтуудыг хуулийн дагуу гаргаж өгсөн билээ. Гэвч шүүх энэхүү нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн нь үндэслэлгүй, зайлшгүй гарах зардалд хамаарна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.
Нэхэмжлэгч Б.Алтангадас нь хариуцагч Т.Оюундарьд холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1 437 550 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2 877 550 төгрөг зарцуулсан бөгөөд үүнээс 1 731 000 төгрөгийн баримт бүрдүүлэн өгөхөд “Бодь даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 1 440 000 төгрөг олгосон тул үлдэх 1 437 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч нь “Бодь даатгал” ХХК-иас хохирлоо шаардах нь зүйтэй, даатгалын нөхөн төлбөрийг ямар баримтыг үндэслэн авсан, ямар баримтыг нь даатгалын байгууллага буцааж өгсөн нь тодорхойгүй, хугацааны хувьд даатгалд өгсөн баримтуудаа хэрэгт хавсаргасан байх тул даатгалаас авсан зардлыг дахин шаардсаныг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс Шаргалжуут рашаан сувилалд сувилуулахад болон Мөнгөн гүүр эмнэлгээр үйлчлүүлэхэд, мөн Мон-Арго ХХК-аас эм, тариа худалдан авахад зардал гаргасан гэж холбогдох баримтыг шүүхэд гаргасан боловч Бодь даатгал” ХХК-иас ямар баримтыг үндэслэн нөхөн төлбөр авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн нотлох баримт нь “Бодь даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр авахад үндэслэл болсон эсэхийг тодруулах шаардлагатай, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын маргаж буй үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна.
Шүүх зохигчдын маргаж буй үндэслэлийг тодруулж, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.ОТГОНЦЭЦЭГ