Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0130/З |
Дугаар | 530 |
Огноо | 2019-08-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 530
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор В.О-ийндүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Дүгнэлтийн агуулга
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор В.О 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ[2]: ... тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б нь А ХХК-ний Х м салбарт дадлагажигч Б.П-ийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 0176601 дугаартай шийтгэлийн хуудсаар 100.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан 17-055/006 дугаартай материалыг хяналаа.
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б нь Т нарийн боовны газраас кремтэй боов авч идэхэд дотроос нь төмөр хошуу гарч ирлээ гэх иргэний фэйсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шалгажээ.
А ХХК-ний Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Т нарийн боовны газрын дадлагажигч Б.П нь кремтэй боов хийхдээ төмөр хошуу ашиглаж алдаа гаргасны улмаас иргэний худалдаж авсан кремтэй боовноос төмөр хошуу гарч ирсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд түүний гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэх заалтыг зөрчжээ.
Гэтэл Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б нь дээрх зөрчилд Т нарийн боовны газрын дадлагажигч буюу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлэх үүрэг хүлээгээгүй Б.П-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар буюу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэх заалтаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан байна.
Иймд Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дадлагажигч Б.П-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 100.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан 0176601 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хоёр. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга.
Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б-т 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[3].
... В.О прокурор нь миний бичсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдсэн Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан Дотоод хяналтын журмаа мөрдөж ажиллаагүй гэсэн заалтаар торгосныг хууль буруу хэрэглэсэн гэсэн байна.
Миний бие нь тухайн А ХХК-ийн Х мын салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд А ХХК нь дотоод хяналтын журмаа боловсруулан салбарт бүртээ мөрдүүлж ажилладаг байсан. Салбарын эрхлэгч буюу гал тогооны ахлах нь өглөө бүр дотоод хяналтын болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг нийт ажилтнуудад танилцуулдаг байсан. Тухайн өдөр салбарын эрхлэгч буюу гал тогооны ахлах нь амралттай байсан бөгөөд дадлагажигч н.П нь тухайн бүтээгдэхүүнийг хийхэд хэрэглэгддэггүй төмөр хошууг хэрэглэсэн бөгөөд уг хошуугаа мартаж үлдээсэн байсан нь дотоод хяналтын журмаа мөрдөж ажиллаагүй гэдгийг тухайн холбогдогч н.П-ийн мэдүүлгээр нотолсон юм.
Иймд дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Дотоод хяналтын журам мөрдөж ажиллаагүй заалтыг зөрчсөн үйлдэл учраас миний бичсэн 0176601 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Оээс Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б-ийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материал, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 0176601 дугаартай шийтгэлийн хуудас зэргийг хянаж, улсын байцаагчийг хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.[4]
Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б нь Т нарийн боовны газраас кремтэй боов авч идэхэд дотроос нь төмөр хошуу гарч ирлээ гэсэн иргэний фэйсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу А ХХК-ийн Х мын салбарын үйл ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хяналт шалгалт явуулжээ.
Хяналт шалгалтаар А ХХК-ийн дотоод хяналтын журам, ажлын байрны тодорхойлолт, дадлагажигч ажилтан Б.П, гал тогооны ахлах ажилтан М.Э, иргэн Э.Ш нараас авсан мэдүүлэг зэргийг үндэслэн дадлагажигч ажилтан Б.П кремтэй боов хийхдээ төмөр хошуу ашиглаж алдаа гаргасны улмаас иргэн Э.Ш-ын худалдаж авсан кремтэй боовноос төмөр хошуу гарч ирсэн.
Уг зөрчлийг А ХХК-ийн дадлагажигч ажилтан Б.П гаргасан гэж үзэж, түүнд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар буюу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэх заалтаар 100.000 /нэг зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Гэтэл А ХХК-ийн дадлагажигч ажилтан нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлэх үүргийг хүлээсэн этгээд биш харин уг үүргийг А ХХК-ийн захирал болон бусад эрх бүхий этгээд хүлээхээр байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. гэжээ. Харин маргаан бүхий шийтгэл оногдуулсан шийтгэвэр нь энэхүү хуулийн шаардлагад нийцээгүй тухайлбал, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тохироогүй шийтгэлийг оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 0176601 дугаартай шийтгэлийн хуудсаар А ХХК-ний Х м салбарт дадлагажигч Б.П-т 100.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэв.
Учир нь зөрчил гаргасан холбогдогч этгээдийг зөв тогтоож, хуулийг зөв хэрэглэж, хуульд заасан тохирсон арга хэмжээг авах, уг арга хэмжээг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх этгээд болох улсын байцаагч авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-т заасны удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн прокурор В.О-ээс гаргасан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дадлагажигч Б.П-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 100.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан 0176601 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б-т холбогдуулан гаргасан дүгнэлтийн зарим хэсгийг ханган, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Бийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0176601 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.С