Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0161

 

С.Вийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Х.Бий нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0074 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бий гаргасан давж заалдах гомдлоор, С.Вийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бий нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4 хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Вийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бий “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилохыг тус хэлтсийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

С.Вийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлдээ “...аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаапаас чөлөөлж, уг албан тушаалд М.Хг томилсноор С.В нь төрийн албанаас чөлөөлөгджээ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааж өгсөн бөгөөд 24.1.1-д зааснаар тэтгэвэр тоггоолгох насанд хүрсэн; 24.1.2-д зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; 24.1.3-д зааснаар өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн албанаас чөлөөөх ёстой.

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар иргэн М.Хг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болохоос төрийн албанаас чөлөөлөөгүй. 

2. Анх С.Вийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Төрийн апбаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан үндэслэлээр Булган сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилсон байдаг.

Зохих шатны шүүхүүд М.Хг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоохдоо Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг ямар нэгэн байдлаар хүчингүй болгоогүй. М.Хг хууль тогтоомж зөрчиж ажлаас чөлөөлсөн нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа болохоос биш С.Вийн буруутай үйл ажиллагаа биш. Түүнийг ажилд эргүүлэн томилсноор С.Вийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх ёсгүй.

С.Вийг дээрх албан тушаалд томилсноор С.В, Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн /хуучин нэрээр/ хооронд эрх зүйн харилцаа үүсэж түүний төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрх нь батапгаажсан. Тус хэлтсийн даргаар ямар хүн ажилласнаас үл шалтгаапан С.В нь төрийн жинхэнэ албан хаагчаар үргэлжлүүлэн ажиллах ёстой. М.Х дахин ажлаас чөлөөлөгдсөн учир С.Вийг түүний оронд дахин томилоход ямар нэгэн хууль зөрчигдөхгүй.

Хэрэв С.Вийг Нийгмийн даатгалын хэлтэс тухайн үед сонгож авч байцаагчийн ажилд томилоогүй байсан бол өмнө нь эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж эрх ашиг нь хохирох ёсгүй байсан.

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас хапагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой.

С.В нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдснөөр түүний хууль ёсны эрх ашиг, Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг эдлэх эрх нь ноцтой зөрчигдсөн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу хянаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0074 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Вийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилохыг тус хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн “С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилохыг тус хэлтсийн даргад даалгах” шаардлагын тухайд:

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус хэлтэст Булган сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М.Хг чөлөөлж, тус хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар уг албан тушаалд С.Вийг томилжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай М.Хн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 01 дүгээр шийдвэрийг үндэслэн тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар С.Вийг Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн ажлаас чөлөөлж, М.Хг мөн өдрөөс тус албан тушаалд томилсон, мөн тус хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар “тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр М.Хг Булган сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн зэрэг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч С.В нь анх Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус хэлтэст Булган сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдсон байх боловч, тус албан тушаалд ажиллаж байсан М.Х өөрийг нь ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч маргасан, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдож, томилогдох болсноор С.В Булган сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн ажлаас чөлөөлөгдөж шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон М.Х 6 сар гаруй хугацааны дараа тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, өөрөө хүсэлт гаргасан гэх үндэслэлээр Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн албанаас чөлөөлөгдсөнөөр гарсан төрийн жинхэнэ албаны сул орон тоонд өмнө ажиллаж байсан тул томилогдох байсан, ийнхүү томилоогүй нь хууль бус, мөн Ж.Алхагүлийг тус албан тушаалд томилсон нь хууль бус гэж нэхэмжлэгчээс маргасан нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан үед уг орон тоог нөхөх журмыг, 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх, төрийн жинхэнэ албаны сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх журмыг, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөд бүртгэгдсэн иргэдээс шаардлага хангасан иргэнийг шалгаруулж авах хүсэлт уламжлах журмыг тус тус зааж зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдолд юуны өмнө тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөж болохоор, хэрэв боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэл бүхий иргэдээс тухайн албан тушаалд тавигдах онцлог шаардлагыг харгалзан шалгаруулан авах талаар ажил олгогчийн зүгээс төрийн албаны төв байгууллагад хүсэлт тавихаар, харин төрийн албаны төв байгууллага нь тухайн сул орон тоонд ажиллах хүсэлтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тусгай шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзол хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах буюу төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх үүргийг хүлээхээр хуульчлагджээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нийтэд мэдээлэх, тус орон тоог нөхөх захиалга өгөх, мөн эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу нэр дэвшүүлэх зэрэг үйл ажиллагаа явагдаагүй болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т ”Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж зааснаас үзвэл М.Х шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсоноор тус албыг эрхэлж байгаад ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч С.Вийг төрийн албан хаагчийн нөөцөд байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс хуулиар төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдолд түүнд ажиллах хүсэлтэй иргэдээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, онооны жагсаалтын дэс дарааллаар тухайн албан тушаалд томилуулахаар ажил олгогчид нэрийг нь уламжлах асуудлыг эрхлэн хэрэгжүүлэх Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт шийдвэргүй энэ тохиолдолд шүүх “өмнө нь тус албанд томилогдон ажиллаж байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.Вийг төрийн жинхэнэ албаны сул орон тоонд томилохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргыг төрийн жинхэнэ албаны сул орон тоо болох тус аймгийн Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилох байсан гэж үзэх хууль зүйн боломжгүй байна. 

Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал болон ажлын байраар хангуулах талаар тухайн үед маргах боломжтой байсан, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин 6 сар гаруй хугацааны өмнө тус албан тушаалд томилогдон ажиллаж байсан, тус албан тушаалыг эрхэлж байсан төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний дагуу чөлөөлөгдөж сул орон тоо гарах үед төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтгүйгээр томилогдох ёстой гэсэн үндэслэлээр маргасан нь Төрийн албаны тухай хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг ямар нэгэн байдлаар хүчингүй болгоогүй, М.Хг хууль тогтоомж зөрчин ажлаас чөлөөлсөн нь ажил олгогчийн буруу, С.Вийн буруутай үйл ажиллагаа биш, түүнийг эгүүлэн томилсноор С.Вийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөх ёсгүй ... төрийн жинхэнэ албан хаагчаар үргэлжлүүлэн ажиллах ёстой ...Хиганбай дахин ажлаас чөлөөлөгдсөн учир С.В түүний оронд дахин томилогдоход ямар нэгэн хууль зөрчигдөхгүй ...С.В өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөнөөр түүний эрх, хууль ёсны ашиг, ...хуульд заасан баталгааг эдлэх эрх нь ноцтой зөрчигдсөн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн “Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т ”захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаас үзвэл маргаан бүхий тушаал хууль бус байх мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон байх гэсэн хоёр шаардлага зэрэг хангагдсан тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн боломжтой.

Маргаан бүхий Б/21 дүгээр тушаалаар Ж.Алхагүлийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсон нь “төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд иргэнээр биш тухайн албан тушаалын чиг үүрэгт хамгийн ойр хамааралтай тухайн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчаар орлон гүйцэтгүүлэх”-ээр зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.3.3-т заасантай нийцээгүй байх боловч тус тушаалыг хүчингүй болгосноор сул орон тоо гарах үед тухайн байгууллагад ажиллаж байгаагүй нэхэмжлэгч С.Вийг тус албан үүргийг орлон гүйцэтгэх байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхээргүй байх тул  шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж ажил олгогчоос сонгон шалгаруулалтын захиалга өгөх талаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг энэ маргаанд хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь тогтоогдсон байх хэдий ч нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалтын захиалга, сонгон шалгаруулалт зарлан явуулахтай холбогдуулан маргаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн “төрийн жинхэнэ албаны сул орон тоонд шаардлага хангасан иргэнийг сонгон шалгаруулж авах тухай хүсэлт гаргах”-тай холбоотой зүйл, заалтыг хасч, харин “ төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцох”-той холбоотой хуулийн зохицуулалт болох мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0074 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...17.4...” гэснийг хасч, “...23.5...” гэж нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Вийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бий гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

                        ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ