Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/859

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ийн С-т холбогдох эрүүгийн ************* дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ************суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ************************ тоотод оршин суух,

- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

- Налайх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-ийн С /РД: ************************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 10 дугаар сарын 13-нд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” ХХК-ийн төв байран дээр хохирогч Ц.Ц-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, хэвлий, нуруу, хэсэгт гараараа 2-3 удаа цохиж зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, тохой, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай баримт /хх 4/,

2. Хохирогч Ц.Ц-ийн:

“...2021 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байх “***********” ХХК-ийн төв байран дээр ирээд өглөөний хоол иддэг өрөөнд ороод ширээний ард хүргэлтийн ажилтан С-ын өөдөөс хараад сууж байсан чинь С надад хандаж “гөлийгөөд юу хараад байгаа юм” гэж асуухаар нь түүнд хандаж “чам руу харж болдоггүй юм уу” гэж хариулсан чинь “манайд чам шиг ийм нохой байж байгаад үхсэн” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “манайд чам шиг ийм нохой байж байгаад жорлонд унаад үхсэн” гэж хэлсэн чинь С уурлаад босож ирээд бид хоёр барилцаж аваад салсан чинь С надад хандаж “гараад ир” гэж хэлээд гараад явах үед нь түүний араас дагаад гарсан чинь С куртикний малгайнаас барьж байгаад доош дараад хэвлий, нуруу хэсэг рүү гараараа цохисон. С надад хандаж “нааш ир юм ярья” гэж хэлээд машины цаагуур орох үед нь би түүний араас дагаад орсон чинь надаас хэрүүл нэхээд бид хоёр маргаад зогсож байсан. С уурлаад миний зүүн нүд, зүүн хацар, толгой хэсэг рүү гараараа цохих үед би тэнцвэр алдаад газар унасан чинь миний толгой, хэвлий, нүүр, нуруу хэсэг рүү гараараа цохичхоод яваад өгсөн. Би С-аас эмчилгээний зардал болгож 200.000 төгрөг авсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, Миний бие С-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

3. Гэрч Х.А-ын

“...2021 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед Баянгол дүүргийн 20-р хороо “**********” ХХК-ийн хашаанд ирсэн. Ажилд гарахын өмнө амралтын өрөөнд ороод цай ууцгаагаад сууж байсан чинь Ц хоцорч орж ирээд С, Ц хоёр нэг ширээнд суугаад өөд өөдөөсөө хараад нэгнийгээ дооглож байгаад тоглоод юм яриад сууж байсан. Би утсаар тоглож байгаад харсан чинь Ц, С хоёр хэрүүл хийгээд муудалцаад, тэр хоёр барилцаж аваад нэгнийхээ гэдэс, хэвлий хэсэг рүү цохиод байсан. Би тэр хоёрыг гар гээд өрөөнөөс гаргасан чинь тэр хоёр гарч байхдаа хэрүүл хийгээд барилцаж аваад гадаа гарч ирээд тэр хоёр дахин барилцаж авахаар нь очиж салгасан чинь Ц чулуу аваад С луу дайраад байхаар нь би болиулаад салгасан. Тэр хоёр цаашаа машины цаагуур орж юм ярьж байснаа маргаад Ц газраас чулуу аваад шидсэн С бултаад байж байсан чинь Ц араас нь ирээд өшиглөсөн. С уурлаад Цийн толгой хэсэгт нь гараараа цохисон чинь толгой хэсэг нь хавдаад булдруу гараад ирсэн. Тэгээд тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 19- 20/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9963 дугаартай:

“...Ц.Ц-ийн биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, тохой, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 22-23/,

5. Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би эргэж хараад түүнийг боогоод багалзуур хэсэг рүү нь түлхчхээд гадаа гараад ирсэн чинь Ц миний араас гарч ирээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд түүний гэдэс, хэвлий хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь намайг нэг удаа гараараа цохисон. Бид хоёр барилцаж аваад байж байсан чинь манай ажлын газрын А ах салгасан. Би Ц-ийг дагуулаад машины араар ороод “чи яагаад уурлаад байгаа юм бэ” гэж асуусан чинь “чи өөрөө яагаад намайг доромжлоод байгаа юм” гэж асуухаар нь “тоглоом биз дээ” гэж хэлсэн чинь уурлаад миний гэдэс рүү гараараа цохихоор нь би түүний гэдэс хэсэг рүү гараараа цохисон чинь манай ажлын газрын хүмүүс хүрч ирээд салгасан. Ц над руу чулуу авч шидсэн. Тэр чулуу нь миний хөл хэсэгт оносон. Тэгээд би явган сууж ирсэн чинь гүйж ирээд миний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний уур хүрч түүний араас хөөж очоод нүүр хэсэг рүү нь гараараа цохичхоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.С-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.С нь хохирогч Ц.Цийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.С нь:

2021 оны 10 дугаар сарын 13-нд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***********” ХХК-ийн төв байран дээр хохирогч Ц.Ц-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, хэвлий, нуруу, хэсэгт гараараа 2-3 удаа цохиж зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, тохой, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Ц-ийн “...С уурлаад миний зүүн нүд, зүүн хацар, толгой хэсэг рүү гараараа цохих үед би тэнцвэр алдаад газар унасан чинь миний толгой, хэвлий, нүүр, нуруу хэсэг рүү гараараа цохичхоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Х.А-ын “...тэр хоёр барилцаж аваад нэгнийхээ гэдэс, хэвлий хэсэг рүү цохиод байсан. С уурлаад Цийн толгой хэсэгт нь гараараа цохисон чинь толгой хэсэг нь хавдаад булдруу гараад ирсэн. Тэгээд тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9963 дугаартай “...Ц.Ц-ийн биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, тохой, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.С нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.С нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардалд шүүгдэгч Б.С нь 200.000 төгрөгийг хохирогч Ц.Ц-ид төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.С-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.С нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 258 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Б.С-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.С-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 1350 /нэг мянга гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ДАЛАЙХҮ