Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/727

 

 

 

 

 

 

 

 

      

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Д.Баасандорж хөтлөн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э нь “2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, З 0  тоот байх гэртээ эхнэр Этэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Э нь “2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, З 0  тоот байх гэртээ эхнэр Этэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э “…хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор өгсөн: “...Би Баянгол дүүргийн 0 дугаар хороо, З 0 тоот гэртээ нөхөр Э болон 3 хүүхдийн хамт амьдардаг. Би Модны 2-т байх Турк ресторанд тогоочийн ажил хийдэг бөгөөд өнөөдөр ажилдаа яваагүй амарч байсан. Тэгээд жолооны курст сурч байгаа бөгөөд хотын жолоотой гадуур явж байсан. Яг машин бариад явж байхад нөхөр Э над руу залгасан. Жолоо бариад явж байсан учир утасны дуудлагыг нь авч чадаагүй. Жолоогоо тараад 15 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд Э согтуу байсан ба намайг зодох гээд дайрахад нь би зугтаагаад хажууд байгаа хадам ээж Бын гэрт орсон. Тэгээд цагдаа дуудаад өг гэхэд цагдаа дуудаж өгөөгүй, мөн намайг зодоод байхад салгахгүй байсан. Э намайг үсдэж дараад миний баруун талын нүд рүү цохисон. Тэгээд би яая л даа, тайвширчих, 2-лаа гэртээ оръё гэж хэлээд гэртээ орсон. Гэртээ оронгуутаа миний дээр гараад намайг боосон, тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд салгасан. Хэрэв цагдаа нар орж ирээгүй бол намайг боож алах байсан. Ер нь эрүүл, согтуу ялгаагүй намайг цохиод авдаг. Би тэр бүрд юм хэлдэггүй, цагдаа дууддаггүй. Үргэлжилсэн үйлдэлтэй зодоод байвал цагдаад хэлдэг. Өмнө нь олон удаа зодож байсан ч цагдаад хэлж байгаагүй, харин 6-7 сарын өмнө нэг удаа цагдаад дуудлага өгсөн. Согтох үедээ байнга хэл амаар доромжилж агсам тавьдаг. Өмнө нь олон удаа баривчилгаанд явж байсан. 10 настай охиноо хүртэл ээж шигээ янхан болно гэж хэлээд загнадаг, манай том хүү аав согтуу байгаа бол харихгүй гээд найзындаа хонодог болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эийн 2021 оны 0 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Миний нөхөр Э нь архи уухаараа ааш зан нь өөр болчихдог. Ер нь намайг зодож, цохиод байдаггүй. Бид 2 гэр бүл болоод 20 гаран жил болж байна. Энэ хугацаанд сайндаж муудах зүйл байлгүй л яах вэ, гэхдээ 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр анх удаа намайг хардалтаас болж зодсон. Үр хүүхдээ мөн цохиж зодоод байдаггүй. Хааяа хичээл номоо хийхгүй байна гэж загнадаг. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...Би Эын төрсөн ээж нь юм. Өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Э гаднаас орилоод ороод ирсэн. Гэтэл араас нь Э ороод ирсэн. Орж ирээд Э үсдээд дарсан. Би салгах гэсэн боловч миний гарыг мушгиад байсан болохоор би салгаж чадахгүй зогсож байсан. Э архи уусан байсан бөгөөд согтолт нь гайгүй байсан. Тэгж байгаад гэртээ оръё гээд гэртээ орсон. Би араас нь ороогүй. Энэ 2 ер нь хардалтаас үүдэлтэй хэрүүл маргаантай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0000 дугаартай “...Эийн баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашлаад ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 55-56 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох хороололд ганцаараа 0,33 граммын архи 2 шилийг уусан. Тэгээд гэртээ ирэхэд манай эхнэр Э хаана архи уусан нь мэдэгдэхгүй согтуу байж байсан. Тэгээд намайг “чи хаана архи уусан юм бэ, чи ер нь ээжтэйгээ зайл” гэх мэтээр хэрүүл өдөөд доромжлоод байсан. Тэгээд би ээжийг маань доромжлоод байхаар нь баруун гараараа нүд хэсэгт нь нэг удаа цохисон. Ер нь Э миний төрсөн эх Б байнга хэрэлдэж байдаг, байнга доромжилж байдаг. Тэгээд бид 2-г маргалдаж байхад манай эгч Нараа цагдаа дуудсан байсан. Бид 2 гэр бүл болоод 20 гаран жил болж байна. Би төрсөн хүүхдүүдээ дарамтлаад загнаж, зодоод байдаг зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-70 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 28 тал/, Хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт /хх-ийн 29 тал/,  Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт /хх-ийн 30 тал/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 31 тал/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 32 тал/, Регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 33 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 тал/, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 36-38 тал/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 39-41 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 42-52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Эт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Э нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, З 0  тоот байх гэртээ эхнэр Этэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хохирогч Э, гэрч Д.Б нарын мэдүүлгүүд, шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг санаатайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч Э болон хохирогч Э нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болох гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 32 тал /-аар тогтоогдож байх тул Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Эт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүхээс дүгнэв.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч нь хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны  хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Мөн түүнчлэн Баянгол дүүргийн хяналтын прокуророос ирүүлсэн шүүгдэгчид холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь заалтад заасан нотолбол зохих байдал хангагдсан гэж шүүх дүгнээд шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй, тэрээр “ямар нэгэн гомдол саналгүй” /хх-ийн 17-18 тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Эыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэн шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Эт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 400 /дөрвөн зуу/ цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, ял оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Эт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ нь:

 

1. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эыг 400/ дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ