Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1737

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2017/00223 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК,

Хариуцагч Я.Ичваан, Г.Тулга нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, 38 439 502 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батмөнх давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Д.Бархас,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Ичваан нь 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр  1500006255 дугаар зээлийн гэрээ, 50-656 дугаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 50 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Уг зээлийн гэрээнд И.Тунгалагтамир нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 2015 оны 5 дугаар зард зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 9 сараар сунгаж, 2017 оны  5 дугаар сарын 12-ны  өдөр дуусгавар  болгох, мөн  2015  оны  6, 7, 8 дугаар саруудад зээлийн хүү төлөх байдлаар эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Тулгыг оролцуулах, зээлийн  дансыг 1500014152 тоот болгох зэрэг гэрээний өөрчлөлт хийсэн болно.

Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид 1А дугаар гудамжны 27 тоот хаягт байрлах Ү-2207003165 улсын бүртгэлийн дугаартай, 000184701 гэрчилгээний дугаартай 106.25 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид 1А дугаар гудамжны 27 тоот хаягт байрлах, 010500073 нэгж талбарын дугаартай, 0001573 гэрчилгээний дугаартай 2 400 м.кв талбайтай, ногоо нөөшлөх зориулалттай, эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3 дугаар хороонд байрлах 18671294820305 нэгж талбарын дугаартай, 000466135 гэрчилгээний дугаартай 46 000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг болно.

Я.Ичваан нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1500006255 дугаар зээлийн гэрээний төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойшх төлбөрийг төлөлгүй 577 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Я.Ичваан, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Тулга нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ.

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 29 318 185 төгрөг, зээлийн хүү 8 106 278 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 015 039 төгрөг, нийт 38 439 502 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд 1500006255 дугаар зээлийн гэрээний 3.1.9, 5.1.1, 50-656 дугаар баталгаат ипотекийн гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.7,-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, дээрх төлбөрийг зээлдэгч Я.Ичваан, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Тулга нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Зээлдэгч Я.Ичваанаас зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ ноцтой зөрчсөн учраас гэрээг цуцалж зээлийн нийт төлбөр  38 439 502 төгрөг гаргуулж, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид 1А дугаар гудамжны 27 тоот хаягт байрлах Ү-2207003165 улсын бүртгэлийн дугаартай, 000184701 гэрчилгээний дугаартай 106,25 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид 1А дугаар гудамжны 27 тоот хаягт байрлах, 010500073 нэгж талбарын дугаартай, 0001573 гэрчилгээний дугаартай 2 400 м.кв талбайтай, ногоо нөөшлөх зориулалттай, эзэмших эрхтэй газар, Налайх дүүрэг, 3 дугаар хороонд байрлах 18671294820305 нэгж талбарын дугаартай, 000466135 гэрчилгээний дугаартай 46 000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг зээлийн барьцаанд авсан учраас уг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Тулгаас үүргийн гүйцэтгэлийг шаардахаас татгалзсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Н.Ганбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие банкинд хандан “...үйлдвэрээ ажиллуулахад хөрөнгө дутчихлаа, зээлийг төлж чадахгүй төлбөрийн чадвар, эрүүл мэндийн хувьд муу боллоо. Хүмүүстэй хамтармаар байна. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг зараад зээлээ хаа...” гэж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүсэлтээ өгч байсан. Банк асуудлыг шийдвэрлэхгүй удааширч хүүний дарамтанд орсон. Авсан нь үнэн болохоор үндсэн зээлийг хэсэгчлээд төлнө. Хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломж үнэхээр байхгүй байна. Уг нь үйлдвэр ажлаад эхлэвэл төлчих боломж байгаа л даа. Зээлээ төлөхийн тулд өөр бусад хүмүүстэй хамтраад ажиллая гэхээр газрын гэрчилгээнүүд барьцаанд байгаа болохоор болохгүй байна. Миний амьдарч байгаа хашаа, байшинг зараад зээлийг төлөхөд би татгалзахгүй, үйлдвэрлэл явуулах зориулалттай газраар зээлийг төлүүлэхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Тулга шүүхэд гаргасан тайлбартаа:  Энэ зээлийн Я.Ичваан төлөх ёстой. 2015 оны 6 дугаар сард хийсэн гэрээний өөрчлөлтөөр хугацаа сунгахад хуримтласан зээлийн төлбөрийг болон сүүлийн хэдэн сарын төлбөрийг би төлсөн. Тийм учраас “Хас банк” ХХК-аас нэхэмжилж байгаа 38 439 502 төгрөгийг би төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Ичваанаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 850 687 төгрөгийг гаргуулж Хасбанкны Цайз салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 1/А дугаар гудамжны 27 тоотод байрлах 000184701 тоот гэрчилгээний дугаартай Ү-2207003165 тоот улсын бүртгэлийн дугаартай 106.25 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж,

Нэхэмжлэлийн шаардлагаас  3 588 815 төгрөгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а гудамжны 27 тоот хаягт байрлах 01050000736 нэгж талбарын дугаартай, 0001573 гэрчилгээний дугаартай 2 400 м.кв талбайтай ногоо нөөшлөх зориулалттай газар, Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 18 нэгж талбартай 000466135 гэрчилгээний дугаартай 46 000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 148 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Я.Ичваанаас 332 203 төгрөгийг гаргуулж Хас банкны Цайз салбарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалт нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нотлох баримтыг үнэлээгүйн улмаас хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэн, эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 50-656 дугаартай баталгаат ипотекийн гэрээ нь 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн албанд, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн газрын албанд бүртгүүлсэн болох нь гэрээний хавсралтад хийгдсэн бүртгэлийн байгууллагын тэмдэг, дүүргийн газрын албаны ажилтан Т.Гангаамаа гэсэн нэрийн дардас бүхий тэмдэглэгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээнд хийгдсэн Хасбанкинд барьцаалсан тухай тэмдэглэлээр баталгаажсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан шаардлагыг бүрэн хангаж барьцааны бүртгэлийг хийлгэсэн, энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байтал анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг огт үнэлэхгүй, зохих байгууллагад бүртгүүлсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 1А дугаар гудамжны 27 тоот хаягт байрлах Ү-2207003165 улсын бүртгэлийн дугаартай 000184701 гэрчилгээний дугаартай 106_25 м.кв тапбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангахад үнийн дүнгийн хувьд харьцангүй боломжтой байна. Иймд үлдэх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагагүй гэж үзэв гэж дүгнэсэн. Шүүх барьцаа хөрөнгийн үнэлгээг хийж, үүргийн гүйцэтгэлийн хангах барьцаа хөрөнгийг өөрөө шууд сонгосноор Иргэний хуулийн 153, 157 дугаар зүйлд заасан барьцаалагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг ноцтой зөрчлөө. Мөн үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг эзэмших эрхтэй газраас салгаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг алдагдуулсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зээлээ төлөхийг шаардсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр хүү, нэмэгдүүлсэн хүү авах хугацааг зогсоож нэхэмжлэлийн шаардлагаас 3 588 815 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 5.3-д “Банк нь гэрээний 5.1, 5.2-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй буюу хугацаанд хэрэгжүүлээгүй нь энэхүү эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй” гэж заасан. Мөн банк нь гэрээнд заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид олгож, хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа атал Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ шударгаар биелүүлээгүй гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, шаардах хуудас зэргийг буруу үнэлэн, хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтуудыг огт хэрэглэлгүй нэхэмжлэгч банкны зээлийн гэрээ болон хуулийн дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхийг зөрчиж хохирол учруулж байгааг анхаарч үзэхийг хүсье.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хангахгүй орхисон 3 588 815 төгрөг
болон Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а гудамжны 27 тоот хаягт
байрлах, 01050000736 нэгж талбарын дугаартай 2 400 м.кв талбайтай ногоо
нөөшлөх зориулалттай газар, Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах
18671294820305 нэгж талбарын дугаартай, 46 000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн
зориулалттай эзэмших эрхтэй газруудаар хангуулах шаардлагыг тус тус ханган шийдвэрлэж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтад өөрчлөлт
оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгч Хас банкны “Цайз” салбар нь хариуцагч Я.Ичваанд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 439 502 төгрөг гаргуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсанаас хариуцагч зээлийн үндсэн төлбөр 29 318 185 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийг зээлдэгч биелүүлээгүй гэж төлбөр шаардсан, харин хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ гэрээний дагуу нийт 48 386 401 төгрөгийг төлсөн, үүнээс 27 704 586 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн, нэмж  хүү төлөх боломжгүй, үндсэн зээлийн төлбөрийг зээлийн барьцааны хөрөнгө болох 106.25 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг худалдан борлуулж хаах боломжтой гэсэн тайлбарыг гаргасан байна.

            Зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн өдрийн баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй бөгөөд зээлдэгч нь зээлийн төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлж дуусгаагүй, үндсэн зээл 29 318 185 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо зөвшөөрсөн тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байна.

Талууд зээлийн гэрээний 1.1 дэх заалтаар зээлийн хүүгийн хэмжээг сарын 2.5 хувиар харилцан тохиролцож тогтоосон, мөн гэрээний 4.1-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр төлөхөөр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Хариуцагч Я.Ичваан зээлийн хүүд 8 106 278 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 015 039 төгрөг шаардсаныг төлөхгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлоогүй ба “төлбөрийн боломжгүй” гэх түүний тайлбар нь төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн үндсэн зээл 29 318 185 төгрөг, зээлийн хүү 8 106 278 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 015 039 төгрөг, нийт  38  439 502 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн үед ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болох нь зээлдүүлэгчийн эрх тул эрхээ хэрэгжүүлээгүй гэж түүнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд зээлдэгчээс зээлийн төлбөр төлөхийг шаардсан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр гэрээг цуцлах үүрэгтэй байсан гэж дүгнэн, зээлийн төлбөр төлөх үүргийг уг хугацаагаар хязгаарласан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Зээлийн гэрээний 1.8-д гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах баталгаа болгож, 50-656 дугаартай Баталгаат ипотекийн гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн, уг гэрээний хавсралт жагсаалтад Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1/А гудамжны 27 тоотод байрлах 000184701 дугаар гэрчилгээ бүхий өмчлөх эрхийн Ү-2207003165 дугаарт бүртгэлтэй 106.25 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а гудамжны 27 тоот хаягт байрлах  01050000736 нэгж талбарын дугаартай 0001573 дугаар гэрчилгээ бүхий 2 400 м.кв талбайтай ногоо нөөшлөх зориулалттай газар, Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 18 нэгж талбартай 000466135 гэрчилгээтэй 46 000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийг барьцаалсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг баримт хэрэгт авагджээ. /хх-16/

Зохигчид Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу Баталгаат ипотекийн гэрээг байгуулсан, барьцаалагч нь мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Хариуцагч буюу зээлдэгч нь дээрх эд хөрөнгө болон газар эзэмших эрхээр  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээгээр нэгэнт зөвшөөрсөн, ийнхүү тохиролцсон нь хууль зөрчөөгүй тул зөвхөн барьцааны нэг зүйл буюу 106.25 м.кв үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулахыг зөвшөөрнө гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг болон гэрээнд заасанд нийцнэ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд хуулиар тусгайлан зохицуулагдах харилцаа байхад шүүх барьцааны нэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой, үлдэх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн зохицуулалт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааны холбогдох зохицуулалтад нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж зөвтгөх нь зүйтэй. 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “34 850 687 төгрөг” гэснийг “38 439 502 төгрөг” гэж, шийдвэрийн 2, 3 дахь заалтыг нэгтгэн “барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” шаардлагыг бүхэлд нь хангасан болон улсын тэмдэгтийн хуваарилсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2017/00223 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “34 850 687 /гучин дөрвөн сая найман зуун тавин мянга зургаан зуун наян долоон/ төгрөгийг” гэснийг “38 439 502 төгрөгийг” гэж  өөрчлөн, 

тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1/А гудамжны 27 тоотод байрлах 000184701 дугаар гэрчилгээ бүхий өмчлөх эрхийн Ү-2207003165 дугаарт бүртгэлтэй 106,25 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1а гудамжны 27 тоот хаягт байрлах  01050000736 нэгж талбарын дугаартай 0001573 дугаар гэрчилгээ бүхий  2 400 м.кв талбайтай ногоо нөөшлөх зориулалттай газар, Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 18 нэгж талбартай 000466135 гэрчилгээтэй 46 000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж, 6 дахь заалтыг “5” гэж, 7 дахь заалтыг “6” гэж дугаарлаж, 4 дэх заалтын “Я.Ичваанаас 332 203 төгрөгийг гаргуулж” гэснийг “Я.Ичваанаас 350 148 төгрөгийг гаргуулж” гэж тус тус  өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 142 571 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

А.ОТГОНЦЭЦЭГ