Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            Н.Лт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяатын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Лын гаргасан давж заалдах гомдлоор Н.Лт холбогдох эрүүгийн 1810000000006 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт Н.Л, 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Топ бүлэг” ХХК-ийн харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 23 дугаар гудамж, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.....Х/,

 

Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд байрлах иргэн Д.Г эзэмшлийн орон сууцны харуулын байранд Ж.Мтой маргалдан, улмаар түүнийг зодож, гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Лт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Н. Лыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н. Лыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Лт оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Лын цагдан хоригдсон 179 /нэг зуун далан ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, цэнхэр алаг өнгийн хүрэм нэг ширхэг, ногоон өнгийн хулдаасны хэсэг нэг ширхэг, ариун цэврийн цаас нэг ширхэг, хананы цаас /обой/-ны хэсэг нэг ширхэг, кабель утаснаас авсан дээж нэг ширхэг, шар иштэй сүх нэг ширхэг, паркетан шалны хэсэг нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн фудволка нэг ширхэг, улаан ягаан өнгийн цамц нэг ширхэг, хар саарал өнгийн хүрэм нэг ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мод олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Н.Лоос 16.971.686 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мод олгохоор шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Н.Л давж заалдах гомдолдоо : “...Шүүгдэгч миний бие анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэхүү гэмт хэрэгт холбогдсон үеэс хойш гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, хийсэн гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зохих хэсгийг анхан шатны шүүх хурлын өмнө төлсөн. Үлдсэн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө барагдуулах болно. Миний үйлдсэн гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд маш их харамсан гэмшиж байна. Миний энэ гэмт үйлдэл болсноос хойш ар гэрт минь хүнд байдал үүссэн болно. Гэмт хэрэгт холбогдсоноос хойшхи хугацаанд эхнэр маань 2-оос 9 насны хоёр хүүг маань миний төрсөн аав,ээж дээр орхиж явсан. Одоо хоёр хүүхэд маань настай аав, ээжтэй минь хамт амьдарч байна.Одоо би хийсэн хэргийнхээ гэм хорыг маш сайн ойлгож ухамсарлаж байгаа тул ял эдлэх хугацаандаа үлгэр жишээ хүмүүжиж аль болох хурдан суллагдаж, үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, өндөр настай аав, ээжээ асарч тэтгэхийг маш их хүсч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг журамлан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийн үйл баримтын талаар хэргийн гэрч болох Бын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгтээ зөрүүтэй байдаг. Хэргийн газрын цус гэх зүйлийг арилгасан, өглөө нь өөрөө явуулсан, чи очоод унтчих гээд зодоон болсны дараа араас нь очсон, нөгөө хүн чинь өнгөрчихсөн байна хоёулаа цуг очъё гэсэн гээд эдгээр байдал нь надад эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна. Тийм учраас өмгөөлөгч миний хувьд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаа явуулж Б гэх хүн энэ хэрэгт яг ямар байдалтай оролцсон юм бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Миний үйлчлүүлэгч анхнаасаа хэргийн үйл баримтын талаар “би зодсон, цохисон, тэнд маргаан үүссэн” гэх талаар үнэн зөв мэдүүлдэг. Ийм учраас энэ тал дээр шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзвэл шүүгдэгч нь шүүхийн шатанд 7.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16.971,686 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нийтдээ 23.971.686 төгрөгийг төлсөн. Мөн гэм буруугаа хүлээж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр, мөн тус хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар дэглэмийг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх талаас нь шүүх бүрэлдэхүүнийг анхаарч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мын өмгөөлөгч Н.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Лын гаргасан гомдолтой уншиж танилцлаа. Хохирлыг 2 хоногийн өмнө бүрэн дүүрэн барагдуулсан. Мөн шийтгэх тогтоолын 7 дугаар зүйлд заасан гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хохирлыг баримтын хэмжээнд гаргаж өгнө үү гэж шүүх тогтоол гаргасан. Энэ заалтыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгч нь нэгэнт гэм буруугаа ойлгосон, хохирлоо бүрэн дүүрэн төлсөн байгаа тул дэглэмийг өөрчилж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх боломжтой. Хохирогчийн талаас гомдол санал байхгүй. Мөн Бын асуудал дээр шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байдаг. Энэ талаар цааш нь шалгаад явах боломжтой. Энэ асуудал анхан шатны шүүхэд яригдаж байсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Прокурор Д.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед  хохирлыг бүрэн төлжээ. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж дэглэмийг өөрчлөхөд татгалзах зүйлгүй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд байрлах иргэн Д.Г эзэмшлийн орон сууцны харуулын байранд Ж.Мтой маргалдан, улмаар түүнийг зодож, гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мын мэдүүлэг /1хх-63-67/, гэрч Б.Бын мэдүүлэг /1хх-68-69, 70-73, 2хх-17-18/, Шинжээч Ц.Бадралын мэдүүлэг /2хх-20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 167 тоот дүгнэлт /1хх-97-98/, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-09-31/, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-34-36/, яллагдагч Н.Лын мэдүүлэг /1хх-165-167/, Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-178/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-172/, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /1хх-186/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй, хэргийн үйл баримт  тогтоогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний үйлдсэн хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

 

Анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх үед шүүгдэгч Н.Л нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 23 971 686 төгрөгөөс 7 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүхээс гаргуулахаас тогтоосон 16 971 686 төгрөгийг давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэхээс өмнө төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Н.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ улмаас гэмшиж материаллаг хохирлыг төлсөн  байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд “дэглэм хөнгөрүүлэх”-ийг хүссэн тайлбар зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн дэглэмийг хөнгөрүүлэн   нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Лын гаргасан “дэглэм хөнгөрүүлэхийг” хүссэн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “3” дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Лт оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Лт оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Лын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ