Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 410

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Б даргалж, А.С, Б.А нарын бүрэлдэхүүнтэй Э.Б-ийн нэхэмжлэлтэй, СХД ЗД, СХД ГА-д тус тус холбогдох захиргааны хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, Д.Б, гуравдагч этгээд М.М, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч Э.Б-ээс 2017 оны 07 дүгээр сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э овогтой Б миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Дунд нарангийн 14-40* тоот, 700 мкв газрыг иргэн Г.Ц-с шилжүүлэн авсан.

Миний бие шилжүүлж авсан газраа өмчлөн авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2016 оны 12 дугаар сарын 04-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус хүсэлт гаргахад Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14\2022 тоот албан бичгээр ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж байгаа тул таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна... гэсэн хариу өгсөн.

Эндээс би Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны Дунд нарангийн 19-59* тоот хашаанд оршин суух Г******* овогтой Б , 31 дүгээр хорооны Дунд нарангийн 19-58* тоот хашаанд оршин суух Г.М гэх 2 айл нь миний эзэмшлийн газартай давхцуулан кадастрын зураг хийлгэж, өмчлөлийн гэрчилгээ гаргаж авсныг мэдсэн.

Үүний дараа би Нийслэлийн Засаг даргад энэ талаар гомдол гаргахад 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/2243 тоот албан бичгээр ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 37 тоот захирамжаар танд олгосон газар нь нийслэлийн газрын мэдээллийн санд иргэн Г.Ц-ийн нэр дээр бүртгэгдсэн... гэсэн хариу өгсөн.

Газрын тухай хуульд газрын мэдээллийн санд бүртгэх ажлыг газрын алба хэрэгжүүлж, засаг дарга хяналт тавьж ажиллахаар заасан бөгөөд миний бие шилжүүлж авсан газраа өмчлөхөөр хүсэлт гаргах үед дээрх зөрчлүүд илэрч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр зохих шатны засаг даргад хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй болно.

Миний эзэмшиж байсан газрыг давхцуулсан, мэдээллийн санд оруулаагүй талаар би өөрөө мэдэх боломжгүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас өгсөн хариунаас мэдээд дээд шатанд нь гомдол гаргахад нэгдмэл санд оруулаагүй болохыг нь бас мэдсэн.

Эдгээр албан бичгүүдээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүрэгтэй..., 21.5.3-т ...энэ хуулийн 21.2.2-т заасны баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах... гэж заасныг зөрчиж, үүргээ биелүүлээгүйгээс иргэн миний хууль ёсоор шилжүүлэн авсан газраа эзэмших эрх зөрчигдсөн тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус дүүргийн газрын албанд газар шилжүүлэн авсан захиргааны актыг хуулийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгаж өгнө үү гэв.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Э.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар захирамжаар дүүргийн 12 дугаар хороо, Дунд нарангийн 14-40* тоотод 700 мкв газар эзэмших эрхтэй болсон.

Нэхэмжлэгч нь дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.6.3-д заасан үүргээ биелүүлээгүй нь хууль бус болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тодорхойлон заасан бөгөөд дээрх бүрэн эрхийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэх боломжгүй байна. Мөн хуулийн 21.5.3-д заасны дагуу дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгожээ. Дүүргийн Засаг дарга нь иргэн Г.Ц-ийнгазар эзэмших эрхийг 2009 оны 37 дугаар захирамжаар иргэн Э.Бэд шилжүүлсэн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхгүйг гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад гомдол гарган 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гомдлын хариуг авсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 08-ны дотор нэхэмжлэл гаргах боломжтой байсан тул дээрх хуулийн 54.1.8-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Б.А 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Э.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжпэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 37 тоот захирамжаар дүүргийн 12 дугаар хороо, Дунд нарангийн 14-40* тоотод 700 мкв газар эзэмших эрхтэй болсон байна. Газрын тухай хуулийн 27 дугаар захирамжаар 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. заасны дагуу Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болно.

Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө гэж заасныг зөрчин газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан үедээ кадастрын зургийн мэдээллийн санд мэргэжлийн байгууллагаар хийлгэж актаа хүлээлгэн өгч бүртгүүлээгүй, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн кадастрын зураглал хийгдээгүй талбайд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр захиалж кадастрын зураглал хийлгэнэ. гэж заасан бөгөөд иргэн Э.Б нь дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авах үедээ мэргэжлийн байгууллагаар кадастрын зураг үйлдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Б.А 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17 дугаар зүйлийн 17.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тодорхой хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад шилжүүлэн авсан захиргааны актыг хуулийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгах, газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.

1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад шилжүүлэн авсан захиргааны актыг хуулийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгах шаардлагын талаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл , хууль , эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн энэ заалт нь захиргааны байгууллага нэгдүгээрт хуулиар тодорхой үүрэг хүлээсэн байх ёстой, хоёрдугаарт хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлэхээс татгалзсан, эсвэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа буюу эс үйлдэхүй нь хууль бус байх, гуравдугаарт энэ хууль бус эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байвал шаардагдах захиргааны акт гаргахыг шүүхээс даалгаж шийдвэрлэнэ. Дээрх хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад шилжүүлэн авсан захиргааны актыг хуулийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгах шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

1.1 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт газрын харилцааны талаарх дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх болон бусад бүрэн эрхийг заасан бөгөөд дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн бусдаас газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж, 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин газрын мэдээллийн сан хөтлөх /мэдээллийн санд мэдээлэл оруулах/ үүрэг нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал биш байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга мэдээллийн сан хөтлөх үүргийг хуулиар хүлээгээгүй тул мэдээллийн санд оруулахыг даалгах шаардлага нь үндэслэлгүй байна.

1.2. Дүүргийн Засаг дарга иргэн Г.Ц-д 2007 оны 385 дугаар захирамжаар маргаж буй байршилд 700 мкв газар эзэмшүүлж, Г.Ц, Э.Б нарын 2 талын газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг үндэслэн тухайн 700 мкв газрын эзэмших эрхийг 2009 оны 37 дугаар захирамжаар нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн дүүргийн Газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/188 дугаар тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт болох Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журам-ын 5.9-д Талбайн хэмжээнд өөрчлөлт хийхэд газар дээр нь заавал кадастрын зураглал, хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх, нэгж талбаруудын хил заагийн хувьд ямар нэг давхцалгүй байх гэж, мөн журмын 8.5-д эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр мэдээллийн санд нэгж талбарын мэдээллийг засварлахыг хориглоно гэж тус тус заасан.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.4-д зааснаар газрын мэдээллийн сан эрхлэх асуудал нь дүүргийн газрын албаны эрх хэмжээнд хамаарах бөгөөд дүүргийн Газрын алба нь эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 700 м2 газрын хэмжээг өөрчлөн 979 мкв-аар гуравдагч этгээд нарын өмчлөлд байгаа газартай давхцуулан мэдээллийн санд бүртгэх эрхгүй байна.

Дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгчид хууль тогтоомжид заасны дагуу тусгай эрх бүхий байгууллагаар газар дээр бодитой хэмжүүлэн эзэмших эрх олгогдсон 700 м2-т багтаан кадастрын зураг хийлгэж ирэхийг удаа дараа мэдэгдсэн боловч бодит байдал дээр хил залгаа орших тухайн хашааны зүүн талын Дүүргийн Засаг даргын 2007 оны 385 дугаар захирамжаар эзэмшсэн иргэн С.Д-ийн хашаанаас 4-5 метрийн зайтайгаар гуравдагч этгээд нарын өмчлөлийн газартай давхцуулан зураг хийлгэж ирүүлснийг мэдээллийн санд бүртгэх хууль зүйн боломжгүй юм.

Иймд газар эзэмшүүлэх шийдвэрээс томруулж, бусдын өмчлөлийн газартай давхцуулан хийлгэсэн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхээс татгалзсан Дүүргийн Газрын албаны шийдвэрийг хууль бус эс үйлдэхүй гэж үндэслэлгүй болно.

1.З.Хууль, журмууд болон бусдын газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин хийлгэсэн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших болон аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул мэдээллийн санд зураг оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Дүүргийн Засаг дарга 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар захирамжаар иргэн Г.Ц-д Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо /хуучнаар/ Дунд нарангийн 14-40* тоот хаягаар нэгж талбарын 18******* дугаартай 700 м2 газрыг эзэмшүүлж, 2009 оны 37 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж эзэмшүүлсэн, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар захирамжаар Дунд нарангийн 19-59* тоот хашааны нэгж талбарын 18******* дугаар бүхий 679 м2 газрыг Н.Б-д, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаар захирамжаар Дунд нарангийн 19-58* тоот хашааны 628 м2 газрыг Г.М-д тус тус эзэмшүүлсэн байна.

Дээрх газруудыг ямар нэг хэмжээгээр давхцалгүйгээр эзэмшүүлсэн бөгөөд 2016 оныг хүртэл газар дээр болон бичиг баримтын хувьд ямар нэг маргаангүйгээр тус тусын газрыг эзэмшиж ирсэн.

Харин Э.Б нь бусдаас шилжүүлэн авсан газрынхаа кадастрын зургийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар эрх бүхий этгээдээс зөвшөөрсөн хэмжээнээс томруулан, гуравдагч этгээд нарын өмчийн газрын зурагтай давхцуулан кадастрын зураг хийлгэж мэдээллийн санд оруулахаар хүсэлт, шаардлага гаргаж эхэлснээр уг маргаан эхэлсэн.

Газар давхцуулсан эсэх нь газар эзэмшүүлсэн шийдвэртэй холбоотой асуудал бөгөөд ямар нэг давхцалгүйгээр эзэмшүүлсэн газруудыг дүүргийн Газрын алба мэдээллийн санд бодит байршлаар нь буюу давхардуулалгүйгээр бүртгэх үүрэгтэй.

Нэгэнт бусдад газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэр нэхэмжлэгчийн газартай ямар нэг байдлаар давхцаагүй тул газар давхардуулсан асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Г.Б, Г.М нараас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд Г.Б, Г.М нараас нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Г.Б нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн .. дүгээр гудамжны ... тоот 679 мкв газрыг 2008 онд эзэмшиж 2012 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авч кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн. Г.Мнь Дунд нарангийн .. дүгээр гудамжны ... тоот 628 мкв газрыг 2007 онд эзэмшиж 2012 онд өмчилж кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн. Өөрийн өмчлөлийн газарт Г.Б нь граж, Г.М нь нэг давхар байшин барьж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан.

Гэтэл нэхэмжлэгч нь Г.Ц-с 700 мкв газрыг 2009 оны 37 тоот захирамжаар шилжүүлэн авсан байх бөгөөд одоо бодит байдал дээр 833 мкв газар эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан Г.Ц-ийн /нэгж талбарын дугаар 18*******/ кадастрын зургаар батлагдаж байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ нэгж талбарын дугаарыг 18638313582853 гэх боловч бодит байдал дээр нэгж талбарын 18******* дугаарт бүртгэгдсэн газарт амьдарч хашаагаа байрлуулсан байна. Э.Б нь Ц-ээс 700 мкв газар шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад 833 мкв газар бодит байдал дээр /гуравдагч этгээд нарын газартай давхардаагүй байдлаар/ эзэмшиж анх авсан 700 мкв газар хэрхэн хуулийн дагуу нэмэгдсэн баримт байхгүй атлаа хуулийн дагуу газар өмчлөн авсан гуравдагч этгээд нарын газартай давхацсан мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 700 мкв газар шилжүүлсэн Засаг даргын захирамжийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмшиж кадастрын мэдээллийн санд бүртгэгдэх журамтай. Хэрвээ газрын хэмжээ нэмэгдсэн бол эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гарах ёстой гэтэл энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад дур мэдэн газрын хэмжээг нэмэгдүүлэн гуравдагч этгээд нарын газартай давхацсан мэтээр маргаж мэдээллийн санд өөрчлөлт оруулах нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан 700 мкв газартай гуравдагч этгээд нарын газар нь ямар нэгэн байдлаар давхцаагүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхээс маргаан бүхий газартай холбоотой эрх бүхий байгууллагын шийдвэрийг нотлох баримтаар авахаар албан бичиг явуулсан байх бөгөөд маргаан бүхий газруудыг олгосон захирамж, нэгж талбарын дугаартай холбоотой мэдээлэл хувийн хэрэг ирсэн тохиолдолд нэмж тайлбар гаргана гэжээ.

Гуравдагч этгээд М.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 19-58* тоот газрыг 2007 онд эзэмшиж 2012 онд өмчилж Кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн. Өөрийн өмчлөлийн газарт байшин барьж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан.

2016 онд аав болох Г.М-аас шилжүүлж авсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбаруудыг хэрэгт цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий эс үйлдэхүйн хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Э.Б-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албаны газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус дүүргийн газрын албанд газар шилжүүлэн авсан захиргааны акт, хуулийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүхээс захиргааны хэрэг үүсгэжээ.[6]

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

Маргаан бүхий газрыг анх иргэн Г.Ц-с 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгонохайрхан дүүргийн Газрын албанд тус дүүргийн 12 дугаар хороо Дунд наран 14-40* хаягт газар эзэмших хүсэлт[7] гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар захирамжаар Г.Ц-д тус дүүргийн 12 дугаар хороо Дунд наран 14-40* хаягт 700 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ[8] олгожээ.

Г.Ц-с өөрийн эзэмшлийн 700 м2 газрыг нэхэмжлэгч Э.Б-д 2008 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр шилжүүлэх гэрээ[9] хийж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 37 дугаар захирамж[10]-ын хавсралтын 12 дахь хэсгээр 18******* кадастрын нэгж талбарын дугаартай маргаан бүхий 700 м2 газрыг нэхэмжлэгч Э.Б-ийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ[11] олгожээ.

Иргэн Г.Ц-ийн эзэмшиж байсан маргаан бүхий газрын хэмжээ бодит байдал дээр 979 м2 хэмжээтэй байсан гэдэг нь газар эзэмших хүсэлт гаргах үед иргэн Г.Ц-сгаргаж өгсөн кадастрын 18******* дугаар бүхий зураг нь кадастрын зураг[12], газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ[13] зэргээр тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Г.Б гийн өмчлөлийн газрыг анх иргэн С.А нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрийн дагуу, нэгж талбарын 18******* дугаар бүхий 700 м2 газрыг эзэмших эрхийн 2008 онд 02 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байжээ[14].

Уг газрыг эзэмших эрхийн 664 м2 хэмжээгээр гуравдагч этгээд Г.Б нь иргэн С.А-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 296 дугаар захирамжийн дагуу шилжүүлэн авчээ.[15]

Үүний дараа гуравдагч этгээд Г.Б-аас газрын хэмжээг бодит байдалд 679 м2 байгаа тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 14-ний 33 дугаар захирамжаар Г.Б-ийн эзэмшлийн газрын хэмжээг 679 м2 болгон нэмэгдүүлэн түүнд олгохоор шийдвэрлэж[16], нэгж талбарын 18******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ[17]-г 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгож, улмаар уг газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ[18]-г Нийслэлийн Засаг даргаас 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гуравдагч этгээд Г.Б-д олгожээ.

Харин иргэн Г.М-аас 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших хүсэлт[19] гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаар шийдвэр[20]-ийн дагуу нэгж талбарын 18******* дугаар бүхий 628 м2 газрыг эзэмшүүлэх эрх олгож, гэрчилгээ[21] олгож, улмаар Нийслэлийн Засаг даргаас 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар өмчлүүлэх эрхийн гэрчилгээ-[22]-г олгожээ.

Уг газрыг гуравдагч этгээд М.М нь өөрийн аав Г.М-аас шилжүүлэн авчээ[23].

Нэхэмжлэгч Э.Б нь өөрийн эзэмшлийн газрыг өмчлөн авахаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албанд 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, мөн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус хүсэлт[24] гаргахад Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14/2022 дугаар албан бичгээр ...хүсэлт гаргаж байгаа газар нь ...Г.Б-д өмчлүүлсэн газартай давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж байгаа тул таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. гэсэн хариуг өгчээ[25].

Үүний дараа нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дээд шатны байгууллага Нийслэлийн Засаг даргад гомдол[26] гаргаж, Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/2243 дугаар албан бичгээр ...танд олгосон газар нь нийслэлийн газрын мэдээллийн санд иргэн Г.Ц-ийндээр бүртгэгдсэн байгаа тул ...шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү. гэсэн хариуг өгчээ.

Маргаан бүхий газрын үзлэгээр бодит байдалд маргаан бүхий газар нь баруун талаар гуравдагч этгээд М.М-ын байшингийн зүүн хойд хэсгийн булан хэсгээр давхцсан боловч нэхэмжлэгч, гуравдагч М.М нь аль аль нь уг газрын хэмжээгээр маргаагүй байна.

Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаа, зурган мэдээллүүд[27]-ээс дараахь нөхцөл байдал тогтоогдож байна:

-нэхэмжлэгч Э.Б-ийн нэр дээр газар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдээгүй.

-нэхэмжлэгч Э.Б-ийн өмнөх газар эзэмшигч Г.Ц-ийн нэр дээр маргаан бүхий нэгж талбарын 18******* дугаар бүхий 978.93 м2 газар нь 2008 оны 09 дүгээр сараас 2012 оны 06 дугаар сар хүртэл бүртгэлтэй байсан.

-2012 оны 06 дугаар сарын архивын мэдээлэлд маргаан бүхий нэгж талбарын 18******* дугаар бүхий 978.93 м2 газар нь газар эзэмшигч Г.Ц-ийн нэр нь өөрчлөгдөөгүй боловч нэгж талбарын дугаар нь 18******* болон өөрчлөгдөн, газрын хэмжээ нь 918.83 м2 болон өөрчлөгдсөн, үүний дараа 2013 оны 02 дугаар сарын зурган мэдээллээр нэгж 18******* дугаар бүхий 918.83 м2 газар нь 833.16 м2 талбайтай болон өөрчлөгдсөн, газар эзэмшигчийн нэр өөрчлөгдөөгүй, мөн бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартай давхцалгүй гэжээ.

-гуравдагч этгээд М.М-ын өмчлөлийн газар нь анх 2012 оны 02 дугаар сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл нэгж талбарын 18638313549853 дугаартайгаар 628.33 хэмжээтэйгээр М.кв-ын нэр дээр бүртгэлтэй, 2013 оны 02 дугаар сараас нэгж талбарын дугаар нь 18******* дугаар болж өөрчлөгдсөн, бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газартай давхцалгүй гэж бүртгэгджээ.

-гуравдагч этгээд Г.Б-ийн газар нь анх 2012 оны 06 дугаар сараас мэдээллийн санд нэгж талбарын 18******* дугаартайгаар, 679.23 дугаартайгаар бүртгэлтэй байна.

Гурав.Хууль зүйн үндэслэлийн талаар

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-т дүүргийн газрын алба эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх эрх хэмжээтэй байхаар зохицуулжээ.

Маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч Э.Б нь иргэн Г.Ц-ээс Сонгинохайрхан дүүргийн 2009 оны 37 дугаар захирамжаар 18******* кадастрын нэгж талбарын дугаартай 700 м2 газрын газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын алба нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-т заасны дагуу нэхэмжлэгч Э.Б-д газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан даруйд маргаан бүхий газрыг тэмдэгжүүлж, координатжуулан, кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд болон газрын мэдээллийн санд Г.Ц-ийн нэрийг Э.Б-ийн нэрээр өөрчилсөн бүртгэлийг хийхээр байжээ.

Гэтэл уг бүртгэлийг хариуцагчаас үйлдээгүй буруутай байдлаас шалтгаалж газрын кадастрын зурган мэдээллийн санд маргаан бүхий газар нь уг газрыг өмнө нь эзэмшиж байсан Г.Ц-ийн нэр дээр одоог хүртэл бүртгэлтэй, нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг олж авсан байтал зурган мэдээллийн хувьд уг газрын эзэмшигч гэдэг нь тодорхойгүй байдал бий болж, улмаар нэхэмжлэгч эзэмшлийн газраа өмчлөн авах эрхийг хариуцагчаас зөрчжээ.

Мөн маргааны үйл баримтаас дүгнэхэд, маргаан бүхий газар нь өнөөдрийн бодит байдал дээр баруун хойд хэсгээрээ гуравдагч этгээд М.М-ын байшингийн зүүн хойд хэсэгтэй зарим хэсгээр давхцаж байгаа, нэхэмжлэгч талаас өөрийн газрыг энэхүү гуравдагч этгээдийн давхцаж байгаа хэсгийг оруулахгүйгээр кадастрын зураг үйлдэн өөрчлөн оруулах боломжтой, уг давхцалтай маргаагүй, зөвхөн захирамж, гэрчилгээнд дурдсан 700 м2 газрын хэмжээгээр тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэн авах боломжтой талаар талаар дурдаж, энэ байдлаар мэдээллийн санд өөрийн нэр дээр бүртгэх тухай хүсэлт гаргасан байдлыг хариуцагчаас харгалзан үзэж, түүний хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэдэг нь тогтоогдож байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл  ажиллагааг сумын газрын  даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ. гэж заажээ.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийг өөрийн хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлэн шийдвэрлэх боломжтой байтал маргаан бүхий газар нь гуравдагч этгээдүүдийн газартай давхцалтай нөхцөл байдлыг бодит байдал дээр очин судлан үзээгүй, давхцал хэзээ, юунаас шалтгаалж бий болсныг нягтлаагүй, уг давхцал нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, харин гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх үед үйлдсэн кадастрын зургаас шалтгаалж уг давхцал бий болсон зэргийг нягтлан шалгах хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй.

Гэсэн атлаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан бусдын эзэмшлийн газартай давхцалтай гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газраа мэдээллийн санд өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс зайлсхийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцээгүй бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан нэхэмжлэгчээс өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хариуцагчаас биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих үүрэгтэй... гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа өмчлөн авах хүсэлтээ шийдвэрлүүлж чадаагүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол өдийг хүртэл хохирсон байгааг дурдах нь зүйтэй.

Нэгтгэн дүгнэхэд, хариуцагчийн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

Хариуцагч талаас энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 37 дугаар захирамж, нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээнд заасны дагуу нэгж талбарын 18******* кадастрын нэгж талбарын дугаартай маргаан бүхий 700 м2 газрыг хээрийн судалгаа хийх замаар газар нь дээр очиж нэхэмжлэгчийг байлцуулан хэмжилт хийн, тэмдэгжүүлж, координатжуулан, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэл, газрын мэдээллийн санд нэхэмжлэгч Э.Б-ийннэр дээр бүртгэх ажиллагааг хийх болохыг дурдах нь зүйтэй.

Маргаан бүхий газрыг хэмжин, координатжуулан, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх явцад нэхэмжлэгчийн газар нь 700 м2-аас илүү гарах тохиолдолд илүү гарсан газрыг нэхэмжлэгч нь Газрын тухай хууль болон бусад хуульд заасны дагуу эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт гаргах эрх нь нээлттэй болохыг мөн дурдах нь зүйтэй.

 

           3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албаны газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус дүүргийн Газрын албанд газар шилжүүлэн авсан захиргааны актыг хуулийн дагуу мэдээллийн санд оруулахыг даалгах гэсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, газар давхцуулсан асуудлыг шийдвэрлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгосон шийдвэрийн дагуу газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч Э.Б-ийн нэр дээр түүний эзэмшлийн газрыг бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.Б

                         ШҮҮГЧ                       Б.А 

                          ШҮҮГЧ                        А.С