Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0651

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“Н-Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Нэхэмжлэгч: “Н-Э” ХХК

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

Гуравдагч этгээд: “Ш о” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 127 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт орших 376.34 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь “Н-Э” ХХК болох буюу тус компани, аймгийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох, “Н-Э” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, “Ш о” ХХК-д олгосон 45000073 дугаартай Чулуут нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 114/ШШ2023/0017 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Н.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0008/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н-Э” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг дарга, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 127 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт орших 376.34 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь “Н-Э” ХХК болох буюу тус компани, аймгийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох, “Н-Элемент” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, “Ш о” ХХК-д олгосон 45000073 дугаартай Чулуут нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 114/ШШ2023/0017 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Н-Э” ХХК-иас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Н-Э” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар албан бичгээр “Орон нутгийн тусгай хэрэгцээний газар, бэлчээр болон хадлангийн талбай, ойн сан бүхий /“Э” ХХК-ийн агуулахын/ газартай давхцалтай учир тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэх хариуг эрх хэмжээнийхээ хүрээнд хуралдаж, саналаа хүргүүлсэн нь хууль ёсны гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг гаргахдаа бодит байдалд нийцээгүй байна. Учир нь 2015 онд тусгай хэрэгцээнд авсан газрыг 2017 онд чөлөөлсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Гэтэл хариуцагчийн саналд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэсэн үндэслэлээр дэмжээгүй нь тодорхой байна. Тодруулбал ийм үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах боломжгүй. Хэрэв үнэхээр орон нутгийн тусгай хэрэгцээнд байсан бол “Ш о” ХХК-д мөн адил үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох санал өгөх боломжгүй юм. Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай ямар ч давхцалгүй болохыг мэргэжлийн байгууллагын үүднээс тогтоосон байхад Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал нь түүн дээр үндэслэгдээгүй байгаа нь илт хууль бус гэж үзэх үндэстэй.

3.2. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн дагуу анхан шатны шүүлт хийж, Ашигт малтмал, газрын тосны газарт шүүлт хийлгэхээр явуулж улмаар хариу ирсний дараагаар Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсан баримт хэрэгт авагдсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан ажиллагааг хийсэн гэж ойлгогдож байна. Харин тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй байна. Сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аль алиныг нь авахаар заасан байгаагаас үзвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа болно. Зүй нь аль алинаас нь санал авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

3.3. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд байхгүй шийдвэрийг гаргасан гэж үзнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шийдвэрийн алинд нь хамааруулж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

3.4. Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй. Нөгөө талаар “Ш О” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь нэхэмжлэгчийн хүсээд байгаа тусгай зөвшөөрлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байсныг илтгэж байна. Нотлох баримтаар үнэлэхгүй юм бол ямар зорилгоор хэрэгт ач холбогдолтой гэж үзэн цуглуулсан юм бэ, хариуцагч талаас өргөдөл гаргагчдын хэн алиных нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь “Э” ХХК-ийн агуулахын газартай давхцалтай байсан гэж тайлбарладаг. Үүнийгээ баримтаар нотлоогүй. “Э” ХХК-ийн эзэмшлийн газрын хэмжээ, кадастрын зураг, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн гаргасан өргөдөлд тусгасан талбайтай хэрхэн, хэдий хэмжээгээр давхцаж байгаа талаар эрх бүхий мэргэжлийн байгууллагаас ямар ч баримт нотолгоо цуглуулаагүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. “Э” ХХК-ийн эзэмшлийн гэх талбай нь нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбайн 3 хувь, “Ш о” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбайн 6 хувьтай давхцалтай гэж харагдаж байна. Энэ талаар анхан шатны шүүхэд мэргэжлийн байгууллагаас нь зураг гаргуулж, түүн дээр үндэслэн шийдвэрлэх хүсэлтийг хэлэлцүүлгийн шатанд гаргасан ч хүлээн аваагүй. Үнэхээр энэ маргааныг тал бүрээс нь шийдвэрлэх сонирхолтой байсан бол анхан шатны шүүх хуульд заасан боломжийг ашиглан нотлох баримт гаргуулж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байсан.

3.5. Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас “Ш о” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулахаар хуульд заасан хугацаанд өргөдөл гаргасан эсэх талаар нотлох баримтыг гаргуулан авсан. Маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосонтой холбоотой ямар ч шийдвэр, үйл ажиллагаа явуулаагүй байна. Энэ талаар хэрэгт баримт байхгүй байхад дуусгавар болгосон гэж дүгнэсэн нь нэхэмжлэлд дурдаагүй, маргаагүй асуудлаар урьдчилан шийдвэрээ гаргасан, түүнийгээ батлах гэж дүгнэсэн гэж үзэж байна.

3.6. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 114/ШШ2023/0017 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Н-Э” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдуулан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 127 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт орших 376.34 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь “Н-Э” ХХК болох буюу тус компани, аймгийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох, “Н-Э” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, “Ш о” ХХК-д олгосон 45000073 дугаартай Чулуут нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

3. Тогтоогдсон үйл баримтын тухайд;

3.1. “Н-Э” ХХК-иас Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 376.34 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, тус аймгийн Засаг даргад 2018 оны 8 дугаар сарын 31, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд өргөдөл гаргасан.

3.2. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь уг өргөдлийг шийдвэрлэж, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1-10/874 дүгээр албан бичгээр “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас татгалзсан тул аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй” гэх агуулга бүхий хариу өгөхдөө Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2, 14.4 дэх хэсэгт заасан Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт авах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах зэрэг тодорхой ажиллагааг хэрэгжүүлжээ.

3.3. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газраас уг өргөдөлд заасан талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон түүнчлэн түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх дүгнэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 7/2041 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргад ирүүлсэн ба үүний дараа Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг дарга албан бичиг хүргүүлж, түүний хариуд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар албан бичгээр “хүсэлт гаргасан газар нь орон нутгийн тусгай хэрэгцээний газар, бэлчээр болон хадлангийн талбай, ойн сан бүхий газартай давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэх саналыг хүргүүлсэн байх ба Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон аймгийн Засаг даргын албан бичгээр гаргасан хариу мэдэгдэл /шийдвэр/-д тухайн үед гомдол гаргаж маргаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлана.

3.4. “Ш о” ХХК-иас Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Чулуут нэртэй газарт 180.53 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдлийг тус аймгийн Засаг дарга шийдвэрлэж, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01-А/278 дугаар захирамжаар 178.2 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ДА-0018Х дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

3.5. Ингэхдээ өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад, Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 8/2189 албан бичгээр “хүсэлт гаргасан 180.53 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэх дүгнэлт, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар албан бичгээр “хүсэлт гаргасан 180.53 га талбайн “Эрэл” ХХК-ийн агуулахын газартай давхцалгүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжлээ” гэх санал,  Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 136 дугаар албан бичгээр “... 178.2 га газрыг “Ш о” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн” гэх санал гаргасан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, санал өгөх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь хуульд заагаагүй үндэслэлээр хүн, хуулийн этгээдийн эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлэх ба энэ заалтад агуулгын тайлбар хийхэд, тухайлбал Хурлын Тэргүүлэгчдийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах санал гаргах нөхцөлийг хуулиар тогтоосон байхад түүнээс өөр буюу хуульд байхгүй үндэслэл зааж татгалзсан бол илэрхий алдаатай захиргааны акт гэж тооцох зарчимтай. 

4.2. Энэ тохиолдолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлт гаргасан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудалд албан бичгээр гаргасан Хонгор сумын Хурлын Тэргүүлэгчдийн санал /шийдвэр/ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулна, харин өргөдөлд дурдсан тухайн асуудлыг сумын Хурлын Тэргүүлэгчид хуулиар тогтоосон журмын дагуу хурлаар хэлэлцэж, эрх хэмжээнийхээ хүрээнд, олонхийн саналаар шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал гаргасан байх тул Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинж хангагдахгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.3. Захиргааны актын утга агуулгын илэрхий алдаа гэдэгт а/ хуульч биш дундаж боловсролтой бүх хүний хувьд уншихад агуулга ойлгомжтой, тодорхой байх шалгуурыг үл хангах, б/ захиргааны актаар зохицуулах гол харилцаа дутагдаж, хуулийн зохицуулалтыг давтсан алдаа /П.Одгэрэл, Захиргааны эрх зүйн ерөнхий анги, 3.хэвлэл, х.214, (2016)/-г ойлгох бол Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу гаргасан, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 127 дугаар албан бичгийг нэхэмжлэлд тодорхойлсон үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэхгүй.

4.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд нэгэнт эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгосон, хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл байхгүй учраас Хурлын Тэргүүлэгчдийн маргаан бүхий албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосноор хамгаалагдаж сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байх тул “манай өргөдөлд дурдсан талбай ямар ч давхцалгүй гэж Ашигт малтмал, газрын тосны газраас тогтоосон байхад сумын Хурлын санал түүнд үндэслээгүй нь илт хууль бус” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

5. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

 5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт орших 376.34 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь “Н-Э” ХХК болох буюу тус компани, аймгийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу мэдэгдэл хүргүүлсэн, нэхэмжлэгч гардаж авсан тухайгаа тайлбарлаж маргаагүй тул зөрчигдсөн гэх хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх нь хуулийн дагуу хамгаалагдах боломжгүй” гэж дүгнэснийг, холбогдох эрх зүйн зохицуулалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарласан гэж үзэхээр байна.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ шаардлагын үндэслэлийг, шүүх хуралдаанд “эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргах ёстой байсан ч гаргаагүй тул эс үйлдэхүй” гэж тодорхойлсон ба энэ хэсгийн 3.1-3.3 -д дурдсанчлан “Н-Э” ХХК-иас 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдөлд аймгийн Засаг дарга тодорхой ажиллагаа явуулж, албан бичгээр хариу өгсөн, тухайн тохиолдолд өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат буюу горим, хугацааны талаар нэхэмжлэгчээс гомдол гаргаагүйн зэрэгцээ маргаан бүхий талбайд өөр хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байх тул эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор “тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших” эрх нь эдгээр нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийн шийдвэрийн хүрээнд сэргэхгүй учраас давж заалдах гомдлын үндэслэл үгүйсгэгдэнэ.

5.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “... хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасанд агуулгын тайлбар хийхэд, байршлын хувьд давхцалтай талбайд хэд хэдэн хуулийн этгээдээс, зэрэг буюу ойролцоо цаг хугацаанд өргөдөл гаргасан тохиолдолд түргүүлж гаргасан өргөдлийг эхэлж шийдвэрлэх зарчмыг илэрхийлсэн зохицуулалт байна.

5.4. Тодруулбал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хувьд хэн аль нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь уг талбайд өргөдөл гаргасан боловч аймгийн Засаг даргаас “Н-Э” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн өргөдөлд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1-10/874 дүгээр албан бичгээр хариу мэдэгдэж, “Ш о” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн өргөдөлд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/А/278 дугаар захирамжаар тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд хариу өгсний  дараа гуравдагч этгээдээс өргөдөл гаргаж, түүнийг шийдвэрлэсэн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг шүүхээс шийдвэрлэсэн тухайд;

6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд байхгүй шийдвэрийг гаргасан гэж үзнэ” гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

6.2. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж шүүхээс гарах шийдвэрийн бусад төрлийг тодорхойлон заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зарим /эсхүл бүхэлдээ/ шаардлагын хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдож байна гэж үзвэл шүүхээс энэ зохицуулалтыг хэрэглэх боломжийг хууль тогтоогч тийнхүү олгосон.

6.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан ““Н-Э” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

6.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “сумын Хурлаас ирүүлсэн саналд үндэслэн, аймгийн Хурлаар хэлэлцүүлэх боломжгүй гэсэн мэдэгдлийг өгсөн нь манай өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй” гэж шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тодруулсан, мөн “аймгийн Засаг даргын хариу өгсөн албан бичигтэй тухайн үед маргаагүй” гэж тайлбарласныг Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 127 дугаар албан бичиг, аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1-10/874 дүгээр албан бичиг зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл, хөөн хэлэлцэх хугацаа тоологдох энэ нэхэмжлэлийн шаардлага /төрөл/-ын хувьд өргөдлийн хариуг аймгийн Засаг даргаас хүлээн авснаас хойш 3 жил гаруйн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үйл баримт тогтоогдож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

6.5. Харин “Н-Э” ХХК-ийн гаргасан ““Ш о” ХХК-д олгосон 45000073 дугаартай Чулуут нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

6.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д тус тус заасан эрх зүйн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасантай хамтатган тайлбарлавал, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн, “Ширхэг од” нэртэй хуулийн этгээдэд олгосон 45000073 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь захирамжилсан шинжийг агуулаагүй, дангаараа эрх зүйн үр дагавар бий болгохгүй тул захиргааны акт гэж үзэхгүй.

6.7. Иймд тус нэхэмжлэлийг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн гаргасан, өргөдөлд дурдсан талбайд Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй буюу дэмжихгүй гэсэн хариу өгч, өргөдлийг шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхаж, тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэх тайлбар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

8. Түүнчлэн “Ш о” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх асуудал нь нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийн үйл баримттай шууд холбогдолгүй тул “... энэ талаар хэрэгт баримт байхгүй байхад нэхэмжлэлд маргаагүй асуудлаар урьдчилан шийдвэр гаргасан” гэх, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаан нь хуулиар тогтоосон дараалал горимын дагуу явагддаг ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хүсэлт гаргаагүй оролцогч нь шинэ буюу нэмэлт нотлох баримт цуглуулах талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргахгүй тул “... газрын давхцалыг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус хүлээн авах боломжгүй. Энэ нь хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй.

9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 114/ШШ2023/0017 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Н-Э” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, “Ш о” ХХК-д олгосон 45000073 дугаартай Чулуут нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 127 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт орших 376.34 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь “Н-Э” ХХК болох буюу тус компани, аймгийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 төгрөг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

                  ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                  Ц.САЙХАНТУЯА

                  ШҮҮГЧ                                                  З.ГАНЗОРИГ