Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0142

 

“Оюуны холбоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг, Д.Гантөр, гуравдагч этгээд “Квадратберг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзоригт, Н.Мандах өмгөөлөгч нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 767 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Оюуны холбоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Оюуны холбоо” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 2002 онд “Монгол энергоcтрой” трестийн барьж, ашиглаж байгаад орхигдсон, 4 дүгээр цахилгаан станцын зүүн талын гражуудыг хүрээлэн хашаа барьж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч,  хөрөнгөөр нөхөн сэргээж өнөөдрийг хүртэл хамгаалж, үйл ажиллагаа явуулж ирсэн. 2004 онд “Дулааны 4 дүгээр цахилгаан станц”-ийн гүйцэтгэх захирлын албан тоотын дэмжлэгтэйгээр Баянгол дүүргийн Газрын албанд уг газрыг эзэмших хүсэлт гаргасан боловч дүүргийн газрын албаны мэргэжилтэн н.Үрчгээ, н.Бямбадорж нар нь “Оросын компанийн барьсан гражтай болохоор энэ газрын асуудлыг дүүрэг шийдэхгүй” гэсэн. Үүний дараа Нийслэлийн Газрын албанд зөвшөөрөл хүсэхэд мөн л ижил тайлбар хэлээд хүлээж авахгүй болохоор нь Хотын ерөнхий менежер н.Бат дээр дугаар авч бараг сар шахам хүлээж, орж уулзахад “Граж төрийн өмч, гражын ойролцоох газарт аж ахуйн нэгжид газар эзэмших зөвшөөрөл олгохгүй” гэж тайлбарласан.

            Ингээд манайд “Панел систем” ХХК-иас мэдэгдэл ирүүлсний дагуу тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1580 тоот албан бичгээр манай эзэмшиж байсан газрыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “Квадратберг” ХХК-д эзэмшүүлж, гэрчилгээ олгосныг мэдсэн. Нийслэлийн Засаг даргын 582 дугаар захирамж нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж биднийг илтэд хохироож байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож манай компанийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу эдлүүлэх боломжийг олгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар дээрхи “Г” хэлбэрийн 621.5 мкв үл хөдлөх хөрөнгө хууль бусаар “Панел систем” ХХК-ийн нэр дээр шилжсэн байна. Манай компани уг хөрөнгийн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг ба өөрийн эзэмшилдээ 10 гаруй жил авч ашиглаж хамгаалсаар ирсэн билээ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг зөрчиж бүртгэсэн.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэлд Ү-2205049310 дугаарт “Квадратберг” ХХК-ийн өмчлөлд анх бүртгэсэн бүртгэл, “Квадратберг” ХХК-иас “Панел систем” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “Квадратберг” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж “ТЭЦ-4” ХК-ийн хашаанд 5101.5 мкв газрыг эзэмшүүлсэн байна. “ТЭЦ-4” ХК, Эрчим хүчний газрын дэмжлэг, зөвшөөрлөөр хуульд заасан үндэслэл журмын дагуу “Квадратберг” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна..." гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...“Квадратберг” ХХК-ийн өмчлөлд тус компанийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээ, кадастрын зураг, албан ёсны хаяг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрээ, гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн фото болон план зураг болон бусад нотлох баримтыг үндэслэн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049310 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000253692 тоот гэрчилгээ олгосон байна. Уг бүртгэл нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 56 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр “Панел систем” ХХК нь өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. Дээрх хувийн хэргийн нотлох баримтаас харахад “Квадратберг” ХХК-иас “Панел систем” ХХК-д шилжсэн бүртгэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг хангаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл дэх мэдүүлэг буцаах үндэслэлгүй байх тул бүртгэл хийсэн байна. Иймд “Панел систем” ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд “Квадратберг” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Оюуны холбоо” ХХК нь тус газарт үйл ажиллагаа явуулахдаа биднээс түр хугацаагаар зөвшөөрөл авч цэвэр ус савлах зориулалтаар ажиллаж эхэлсэн ба манайх газрын зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр явуулах үед газрыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч тал ямар ч газар эзэмших зөвшөөрөлгүй байж дур мэдэн байшин барьж улмаар газар чөлөөлөх шаардлага тавихад 100 сая төгрөг нэхдэг болсон. Уг газарт бид 1997 оноос оросуудын 04 дүгээр цахилгаан станцыг барихдаа ашиглаж байсан бүрэн бус граж болон барилга болоод үйлдвэрийн хог хаягдлыг өөрсдийн хүч хөрөнгөөр цэвэрлэн дэд бүтцийг бий болгон олон жил хөөцөлдөж байж газар эзэмших зөвшөөрөл авсан. Энэ газарт дан ганц нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байсан бус манай компани үйл ажиллагаа явуулж байгаа ба газар чөлөөлөх шаардлага тавихаар тус шүүхэд хандаж хугацаа хожиж байгаа...” гэжээ.

            Гуравдагч этгээд “Панел систем” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Квадратберг” ХХК-ийн эзэмшилд байсан Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 4591 мкв газарт хөрөнгө оруулж ажиллахаар болж “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх” гэрээг 2013 оны 03 дугаар сарын 04-нд, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг 2013 оны 07 дугаар сарын 15-нд байгуулсан билээ. Уг газрыг анх очиж үзэж байхад баруун хойд талд нь нэгэн цэвэр усны үйлдвэр ажиллаж байсан бөгөөд энэ тухай лавлаж асуухад түрээсээр түр байгаа мэдэгдэл өгөөд гаргаарай гэсэн хариулт хэлж байсан. Мөн амины орон сууцны маягтай 2 давхар байшин хашаанд нь барьсан байсан бөгөөд уг барилгыг гарахдаа буулгаад аваад явна гэсэн тайлбар өгч байсан.

Уг газарт нүүн очсон даруйдаа “Оюуны холбоо” ХХК-д байр чөлөөлж өгөхийг шаардсан бичиг хүргүүлсэн боловч уг газар манайх, бидний эзэмшлийнх гэсэн хариу мэдэгдлийг өгсөн. Бидний зүгээс энэ талаар “Квадратберг” ХХК-д мэдэгдэж юу болоод байгаа талаар асуухад наад улсууд чинь энэ газар ямар ч хамаагүй, манай аавын танил хүн түр үйл ажиллагаа явуулъя гэж гуйж ирчихээд одоо бүр даварч байна, барьсан байшингаа өндөр үнэлж зарах санаатай байгаа юм. Ямар ч асуудал байхгүй гэсэн боловч газар эзэмших гэрчилгээ гаралгүй өдий хүрлээ.

Энэхүү газрын маргаанаас болж манай компаний үйл ажиллагаа бүтэн хоёр жил гаруй зогсож, гадны хөрөнгө оруулагчийн итгэл алдарч гэрээгээ цуцалсан зэрэг асар их хохирол амссан бөгөөд шүүхээр асуудал шийдэгдсэний дараа буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилж шүүхэд хандах болно” гэжээ.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 767 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг тус тус баримтлан ”Оюуны холбоо” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдох “нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох “эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2205049310 дугаарт “Квадратберг” ХХК-ийн өмчлөлд анх бүртгэсэн бүртгэл, “Квадратберг” ХХК-иас “Панел систем” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч “Оюуны холбоо” ХХК давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “зүй нь хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн өмчийн хорооноос саналыг нь авсан байх, энэхүү ажиллагаа нь бичгийн хэлбэртэй байх шаардлагатай бөгөөд заавал санал нэгдэх, зөвшөөрөл авахыг шаардахгүй болно. Энэ талаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар тогтоолоор "зөвшилцөх" тухай ойлголтыг тайлбарласан болно.” гэж хуулийг буруу хэрэглэсэн. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын хууль дүрэм журамд нийцүүлэн гаргах ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж заасан. Хариуцагч энэ заалтыг нэхэмжлэгч манай компанид хэрэглэчихээд гуравдагч этгээд "Квадратберг" ХХК-д хэрэглэлгүй шударга бус үйлчилснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгтээ “...хариуцагч нь "Квадратберг" ХХК-д маргаан бүхий 4591 мкв газрыг олгохдоо Төрийн өмчийн хороотой зөвшилцөж саналыг нь аваагүй...” гэж дүгнэсэн мөртлөө Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар тогтоолоор "зөвшилцөх" тухай ойлголтыг тайлбарласан нь ойлгомжгүй байна.

Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...ТЭЦ-4 ХК-ийн эзэмшил газраас "Квадратберг" ХХК-д 4591 мкв газрыг олгосон шийдвэр нь алдаатай...” гэж шүүх дүгнэсэн атлаа нэхэмжлэгч манай компанийг анх хүсэлт гаргахдаа алдаа гаргаж газрын албанд өргөдлөө бүртгүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсонд нийцэхгүй байна. Шүүх энэ дүгнэлтийг гаргахдаа хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт гаргасан. Шүүх шийдвэртээ “....Учир нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараар нэхэмжлэгч "Оюуны холбоо" ХХК нь 2006 оноос /оныг буруу ойлгон бичжээ 2002 он/ өнөөг хүртэл маргаан бүхий газар үйл ажиллагаа явуулж байсныг үгүйсгэхээргүй байна. Харин "Дирекцион" ХХК-иар 2008 онд 5000 мкв, 2009 онд 802,1 мкв газарт кадастрын зураг хийлгэсэн. Тухайн газрыг эзэмших хүсэлтийг Нийслэл хотын ерөнхий менежер Ч.Батад гаргаж байсан талаар Ч.Батын гэрчийн мэдүүлэг, тодорхойлолт зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана" гэж заасны дагуу газар эзэмших хүсэлтээ Засаг даргад гаргах ёстой байтал шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй албан тушаалтантай уулзаж байсныг зохих журмын дагуу хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй юм...” гэж дүгнэсэн. Уг нь Хотын ерөнхий менежер Ч.Батаар дүүргийн газрын алба болон Нийслэлийн газрын албанд хандаж байсныг л гэрчлүүлэх зорилготой тодорхойлолт тайлбар авсаныг шүүх буруу ойлгож дүгнэсэн.

Түүнчлэн "Оюуны холбоо" ХХК нь маргаан бүхий газар 2 давхар байшин барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна гэжээ. 2002 оноос ТЭЦ-4 ХК-ийн үндсэн тоноглолын засварын ажлыг шинэчилж станцын найдвартай ажиллагааг хангах зорилгоор гүйцэтгэх захирал Ц.Баярбаатар бид ярилцаж тохиролцон /Монголын талаас 3 Оросын талаас 2 нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй/ Монгол-Оросын хамтарсан "МонРосЭнерго" ХХК-г байгуулж 2003 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрчилгээгээ авсан. 2002 оны сүүлчээр маргаан бүхий газар дээр байрлах гражуудын нэгэнд нь хамтарсан компанийн хөрөнгө болох засварын зориулалттай багаж, сэлбэг материалаа хадгалж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

"Оюуны холбоо" компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зайлшгүй шаардлагын улмаас ТЭЦ-4 ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баярбаатарын 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн газрын албанд гаргасан "Манай станцын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг байнга гүйцэтгэж өвлийн бэлтгэл хангах ажилд гол үүрэг гүйцэтгэж бидэнд мэргэжлийн үнэтэй туслалцаа үзүүлдэг "Оюуны холбоо" ХХК-д тус компанийн одоо ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа 0,5 га газрыг Монгол Улсын Газрын тухай хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхийг зөвшөөрч байна" гэсэн зөвшөөрлийн дагуу 2 давхар байшинг гражийн хамт барьсан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах", 27 дугаар зүйлийн 27.5-д "Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно", Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д "Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна.” гэж тус тус заасны дагуу 2 давхар байшин барьсан.

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн хоёрт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д "Улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах эрхтэй. 11.5.3-т нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол бүртгэлд бүртгэхээс татгалзах, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт бүртгэл хийлгүүлэх мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн бөгөөд "Квадратберг" ХХК-ийн мэдүүлэгт хавсаргасан материалуудыг судлан үзэхэд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно" гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан байна...” гэж хуулийг мөн буруу хэрэглэсэн. Манай компани 2004 онд цахилгаан станцын даргын зөвшөөрлөөр уг үл хөдлөх хөрөнгийн хойд хэсэгт бүрэн засвар хийн, цэвэр, бохир ус, дулааны шугам, 380-ын цахилгаан татаж 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж цэвэр усны үйлдвэр байгуулан өнөөг хүртэл ашиглаж байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.5-д "бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” гэсэн заалтыг зөрчиж уг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн. Учир нь манай компани 2015 оны 5 дугаар сарын 8-нд захиргааны шүүхэд газартай холбоотой маргаан үүсгэсэн байсан. Гэтэл гуравдагч этгээд "Квадратберг" ХХК уг газар дээрх барилгын газар маргаантай гэдгийг мэдсээр байж хууль зөрчиж хүсэлт гаргасныг бүртгэлийн байгууллага ажлаа дутуу хийж хяналт шалгалтаа бүрэн гүйцэд тавьж чадаагүй.

Дээрхи үл хөдлөх хөрөнгө болон газрыг төрийн өмчөөс хувийн өмчид шилжүүлэх бол, Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалтын дагуу хамгийн тэргүүн ээлжинд манай компани уг хөрөнгийг эзэмших эрхтэй гэж үзэж байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 582 дугаар захирамжаар "Квадратберг" ХХК-д БГД-ийн 20 дугаар хороонд орших ДЦС-4 ТӨХК-ийн эзэмшил газраас 4591 мкв газрыг шилжүүлэн олгохдоо манай компанийн эрх ашгийг зөрчсөн төдийгүй Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 50 дугаар тогтоолыг зөрчсөн.

                  Гуравдагч этгээд "Квадратберг" ХХК газар эзэмших хүсэлт гаргахдаа манай компанийг газар эзэмших хүсэлт гаргахад төрийн өмчийн хөрөнгө байгаа газрыг эзэмшүүлэхгүй талаар мэдсэн тул газрын зөвшөөрөл авахад хийлгэсэн 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Д.Нямдаваагийн үйлдсэн кадастрын зураг дээр улсын үл хөдлөх хөрөнгө болох 70 метр урттай, 621,5 мкв бүхэл бүтэн 1 давхар барилгыг тусгаагүй засмал зам мэтээр бүдэг зураасаар дүрсэлж Газрын албаны бүртгэлийн хэлтсийн дарга М.Буяндэлгэрийн гарын үсэггүй /баталгаажаагүй/ баримт материал үйлдсэн.

                       Гуравдагч этгээд "Квадратберг" ХХК газар эзэмших хүсэлт гаргахдаа хийлгэсэн кадастрын зураг дээр манай компанийн барьсан 2 давхар барилгыг хасч үйлдсэн. Үүнийг нь газрын алба шалгаж тогтоогоогүй. Мөн кадастр үйлдсэн компани барилгын зургийг үйлдээгүй.

                        Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар маргаан бүхий газар дээрхи үл хөдлөх хөрөнгийг "Квадратберг" ХХК өөрийн эзэмшилдээ авах хүсэлтийг гүйцэд шалгаагүй нэхэмжлэгч манай компанийн эрх ашгийг зөрчсөн. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 767 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож нэхэмжлэгч манай компанийн хуулийн дагуу, шударгаар, тэргүүн ээлжинд газар болон үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг минь сэргээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн “Эд хөрөнгийн эрхийн Ү-2205049310 дугаарт Квадратберг ХХК-ийн өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл, тус компаниас Панел систем ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Маргаан бүхий Г хэлбэрийн барилга нь 2002 оноос хойш тухайн үед хэн нэгний өмчлөлд байгаагүй нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1202[1] тоот, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 7/1919[2] тоот, Төрийн өмчийн хорооны 2013 оны 05 дугаар сарын 21-ний 3/1353[3] тоот албан бичгүүдээр тус тус нотлогдож байна.

Мөн уг маргаан бүхий барилгын тодорхой хэсэгт нэхэмжлэгч нь 2004 оноос үйл ажиллагаа явуулж байсан нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд “Квадрат берг” ХХК-ийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хаяг, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Дулааны 4 дүгээр цахилгаан станц хувьцаат компанийн 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/894 тоот албан бичиг[4] зэргээр тогтоогдож байна.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар нь тухайн барилгыг бүхэлд нь өмчлөх эрхтэйг нотолсон баримтгүй байхад тухайн барилгын зарим хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан гуравдагч этгээд “Квадратберг” ХХК-д бүхэлд нь өмчлүүлсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “Мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргах”, 14 дүгээр зүйлийн 14.1.6-д хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар заасныг тус тус зөрчсөн байна. Үүний улмаас нэхэмжлэгчийн тухайн барилгын зарим хэсэгт гуравдагч этгээдийн адилаар 2006 оноос хойш тасралтгүй эзэмшиж, ашиглан явуулж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ашиг сонирхол нь зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн барилгын өмчлөгч тодорхойгүй бөгөөд Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь илээр эзэмшиж байсан хэсгээ тус тус өмчлөх эрхийг зохих журмын дагуу олж авахыг үгүйсгэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд өмчлөх эрхтэй болоогүй боловч түүнийг зохих журмын дагуу олж авах, олж авах хүртлээ эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулах ашиг сонирхол нь зөрчигджээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  тайлбартаа “...Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас “... “Квадратберг” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээ, кадастрын зураг... болон бусад нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон...” гэх боловч газар эзэмших эрх олж авахаас өмнө баригдсан байсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд газар эзэмшигчийг шууд өмчлөх эрхтэй гэж үзэхгүй.

Учир нь маргаж байгаа барилгыг анх Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн газар дээр 2002 онд “Монгол энергоcтрой” трест /оросын гэх/ барьж, ашиглаж байгаад орхисон, өөрөөр хэлбэл Квадратберг ХХК-ийн өмч биш болох нь хэргийн оролцогчдын тайлбар, бусад баримтаар нотлогддог.

Нөгөө талаас гуравдагч этгээд Квадратберг ХХК-ийн тухайн барилгаас түүний эзэмшиж, ашиглаж байсан хэсгийг өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Оюуны холбоо ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Квадратберг ХХК нь өөрийн эзэмшиж, ашиглаж байсан уг барилгын хэсгийг 2011 оноос өмчлөх эрхээ бүртгүүлж баталгаажуулсан, улмаар уг өмчлөх эрхээ гуравдагч этгээд Панел систем ХХК-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй хэсгийн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шууд хангах үндэслэлгүй.

Иймд хариуцагч улсын бүртгэлийн ерөнхий газар нь гуравдагч этгээдийн тухайн барилгын ямар хэмжээтэй аль хэсгийн өмчлөх эрхийг ямар үндэслэлээр олж авсан талаарх нөхцөл байдлыг тодруулж, энэ талаарх баримтыг мэдүүлэгт хавсаргуулан дахин шинэ акт гаргах боломжтой байх тул дээрх бүртгэлүүдийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2. Нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжийн Квадратберг ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Маргаан бүхий газарт нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулахдаа тухайн үеийн Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн удирдлагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, 2 давхар үл хөдлөх хөрөнгийг барьжээ.

 

 

Нэхэмжлэгчийн тайлбар, Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн 2004 оны 1/894 тоот албан бичиг, 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Дирекцион” ХХК-иар хийлгэсэн эзэмшил газрын байршил заасан кадастрын зураг, гэрч Ч.Батын “нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газар нь ОХУ-ын Монгол энергострой трестийн барьсан объект байрладаг учраас боломжгүй гэсэн хариу өгсөн” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2004 оноос маргаан бүхий газрыг эзэмших хүсэл зоригоо илэрхийлж захиргааны байгууллагад хандаж байжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авсан захиргааны албан тушаалтан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 2-д “... эрх хэмжээнд хамаарахгүй бол энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажилтанд хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу зохих албан тушаалтанд шилжүүлэлгүй, уг газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж өөрөө хариу өгснийг нэхэмжлэгчийн буруу гэж үзэх боломжгүй, хэрэгт авагдсан баримтуудаас уг хариунд дурдсан асуудал нь бодит байдалтай нийцэж байгаа, мөн нэхэмжлэгч нь газар эзэмшигчээс зөвшөөрөл авч түүний газар дээрх барилгад 2004 оноос хойш гуравдагч этгээдийн нэгэн адилаар үйл ажиллагаа явуулж байсан, улмаар тухайн газарт 2 давхар барилга барьсан боловч тухайн үед газар эзэмшигчээс энэ талаар маргаан үүсгэж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүй “... Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй албан тушаалтантай уулзаж байсныг зохих журмын дагуу хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал нотлогдсонгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Нэхэмжлэгчийг хүсэлт гаргасныг үгүйсгэхгүй талаар дээд шатны шүүхийн шийдвэрүүдэд дурдсаныг мөн анхаараагүй байна. 

Түүнчлэн Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд зааснаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшил газар болон баталгаажуулсан хэмжээг тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүр Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосныг уг харилцаатай огт хамааралгүй, хууль болон хэм хэмжээ тогтоосон шийдвэр биш байхад Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан “зөвшилцөх” гэдэг үгтэй адилтган тайлбарлаж “төрийн өмчийн хорооны санал авах” гэж ойлгохоор хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “Квадратберг” ХХК-д 4591 мкв газрыг эзэмшүүлэхдээ бодит байдал дээр газрыг хэн эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа, уг газар дээр хэний зөвшөөрлөөр хэний үл хөдлөх хөрөнгө байрладаг, мөн төрийн өмчит компани нь хэд хэдэн этгээд эзэмшиж, ашиглаж байгаа, бусдын үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг зөвхөн нэг этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн нь үндэслэлтэй эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулаагүй байна.

            Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах боломжтой байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг хариуцагч нарт даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 767 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Квадратберг” ХХК-д холбогдох хэсэг, “эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2205049310 дугаарт “Квадратберг” ХХК-ийн өмчлөлд анх бүртгэсэн бүртгэл, “Квадратберг” ХХК-иас “Панел систем” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал тус тус түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж,

шийдвэрийн Тогтоох хэсэгт “3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн Ерөнхий газарт газар эзэмшүүлэх болон үл хөдлөх хөрөнгө өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай болон Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн бодит байдал дээр маргаж байгаа газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хэн ямар хэмжээгээр эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа, уг газар дээр хэний зөвшөөрлөөр хэний үл хөдлөх хөрөнгө байрладаг, мөн төрийн өмчит компани нь хэд хэдэн этгээд эзэмшиж, ашиглаж байгаа, бусдын үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг зөвхөн нэг этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн нь үндэслэлтэй эсэх зэрэг нөхцөл байдлыг нягтлан шалгаж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, шударга ёс, тэгш байдлыг хангаж, дахин шинэ акт гаргах замаар шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хэргийн 2-р хавтасны 24 дэх тал

[2] Хэргийн 2-р хавтасны 25 дахь тал

[3] Хэргийн 2-р хавтасны 26 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтасны 8 дахь тал