Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/808

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б.Б /РД:***/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 33 дугаар байрны ***тоотод байх гэртээ хамтран амьдрагч Д.Эийг бусадтай хардаж маргалдлаа гэх шалтгаанаар нүүр болон цээж хэсэгт нь цохих, түлхэх зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, баруун доод зовхи, цээж, баруун шуу, баруун гуя, өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, дээд уруул, баруун доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 33 дугаар байрны ***тоотод байх гэртээ хамтран амьдрагч Д.Этэй “бусадтай хардлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, баруун доод зовхи, цээж, баруун шуу, баруун гуя, өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, дээд уруул, баруун доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:    

Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3,4 дүгээр хороололд байх “Рояал” гэх ресторанд хоол идчихээд орой 22 цагийн орчим гараад гэр лүүгээ буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Өргөө 33-***тоот руу орохоор хоёулаа лифтэнд суусан. Энэ үед  манай нөхөр баруун гараараа миний нүд хэсэг рүү нэг удаа алгадсан, мөн баруун хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. ...Тэгээд гэртээ ороод нөхрийн үеэл болох Баярмаа гэх хүнтэй хардаад маргалдаж эхэлсэн ба манай нөхөр уурлаад босож ирээд миний цээж рүү цохиод би унахдаа сандал мөргөөд хөлөө цохисон. ...Өмнө намайг ерөөсөө цохиж зоддоггүй байсан. ...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Миний буруу бас байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 31-32, 59 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би дүүтэйгээ жижиг өрөөнд унтаж байсан чинь нойрон дунд манай ээж чанга хашхираад байсан. ...нэг мэдсэн чинь хаалга аягүй чанга саваад хаагдах шиг болсон, хүн гарсан уу, орсон уу гэдгийг мэдэхгүй байна. Өглөө 9 цагийн үед босоод ээжийг хартал баруун нүд нь хөхөрчихсөн байсан ...” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9557 дугаартай:

“1.Д.Эийн биед дээд уруулд шарх, баруун доод зовхи, цээж, баруун шуу, баруун гуя, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, дээд уруул, баруун доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүдээс дээд уруулын шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хэргийн 12-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...23 цагийн үед харих гээд гэр лүүгээ явсан. ...Бид 2 хамт лифтэнд суусан ба намайг Баярмаа гэх эмэгтэйтэй хардаад уурлаад байхаар нь миний уур хүрээд нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгтэл уурлаад гэр лүү ороод өөдөөс хашхичаад байхаар нь гараа зангидаж байгаад цээж рүү нь 1-2 удаа цохисон ба сандалны ирмэгт хөлөө цохиод уначихсан. Тэгээд би чамтай хэрүүл хийж байхаар явлаа гээд утсыг нь булааж гарынх нь булчин хэсэг рүү 1 удаа цохичихоод гараад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг /хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 43 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/, хохирогч Д.Эийн “...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 64 дүгээр хуудас/.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 33 дугаар байрны ***тоотод байх гэртээ хамтран амьдрагч Д.Этэй “бусадтай хардлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, баруун доод зовхи, цээж, баруун шуу, баруун гуя, өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, дээд уруул, баруун доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргаж өгөөгүй, хохирогчийн “...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдсан байх тул /хэргийн 64 дүгээр хуудас/ шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 235 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн саналтай мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

         Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.  

  1. Бусад асуудлаар:

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО