Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/805

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001354 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Б.Т/РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр сургуулийн орчим явж байсан иргэн Г.Бад “би Этэй хамт байна, өчигдрийн данс руу чинь орсон мөнгийг *** тоот данс руу шилжүүлчих” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Э.Эийн 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Арилжаанаас татсан мөнгө 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Бын дансанд орсон байсан. Тухайн үед би Бад Этэй хамт байна гэж хэлээгүй. “Би арилжааны мөнгө орсон уу би арилжаанаас олсон ашгаа авъя. Миний данс руу 2.000.000 төгрөг явуулчих чамд мөнгө хэрэгтэй бол наанаасаа 100.000 төгрөгийг нь аваад үлдэгдлийг Э ах руу явуулчих” гэж хэлсэн. ...Би тухайн арилжаанаас ашиг авах эрхтэй байсан учраас миний данс руу шилжүүлчих гээд авсан...” гэв.

           Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр сургуулийн орчим явж байсан иргэн Г.Бад “би Этэй хамт байна, өчигдрийн данс руу чинь орсон мөнгийг *** тоот данс руу шилжүүлчих” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Э.Эийн 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөгийг долларт шилжүүлээд 600 гаруй ам.доллараар арилжаанд орсон. Тухайн арилжааг Т бид хоёр хамт хийсэн ба арилжаанаас миний оруулсан мөнгө 2.100 орчим ам.доллар болсноос 1.500 долларыг нь татчихсан байсан. Тэгээд Т 365 ам.долларыг, би 230 долларыг арилжаанд орж алдсан. Тухайн татсан мөнгө нь 4.000.000 гаруй төгрөг байсан бөгөөд үүнээс Т 2.000.000 төгрөгийг нь Б руу залгаад надтай хамт байна гэж худал хэлэн өөрийн данс руу 2.000.000 төгрөгийг авсан байсан. Ттэй фейсбүүкээр холбогдоход “уучлаарай ахаа, удаахгүй өгчихье” гэсэн. Тухайн арилжаанд би өөрөө 100 хувь ганцаараа 2.000.000 төгрөг оруулсан. ...Ерөнхийдөө Бын дансны картыг ашиглаад арилжаа хийдэг байсан. Ттэй ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, ашгаа хувааж авна гэсэн зүйл огт яриагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,

         Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т над руу залгаад “Этэй хамт явж байна, өчигдрийн данс руу чинь орсон мөнгийг *** тоот данс руу шилжүүлчих” гээд дахин дахин залгаад байсан. Би тухайн үед ажилтай байсан бөгөөд залгаад “татсан мөнгө орсон байна уу, ийшээ шилжүүлчих” гээд байхаар нь тухайн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би Э ах руу залгаад “Тийн данс руу 2.000.000 төгрөг хийчихлээ шүү” гэхэд “юу яриад байгаа юм бэ, би Ттэй хамт яваагүй, яагаад шилжүүлж байгаа юм бэ” гэсэн. ... 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр би Т лүү мөнгө шилжүүлсэн байна. Надад ашгаа авч байна гэж огт хэлээгүй, “би Этэй хамт ажил руугаа явж байна, орж ирсэн мөнгөө над руу шилжүүлчих” гэсэн болохоор нь би Тийг Этэй хамт явж байгаа гэж итгэн шилжүүлсэн. Тухайн арилжааг хийхэд Э 2.000.000 төгрөгийг оруулсан. Харин Т огт мөнгө оруулаагүй. Би хамт арилжаанд ордоггүй, зүгээр картаа ашиглуулдаг...” гэх мэдүүлэг /хэргийн 40-41, 45-46 дугаар хуудас/,

         Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 20 дугаар хуудас/,

         Фейсбүүк чатаар харилцсан мэдээлэл /хэргийн 21-23 дугаар хуудас/,

         Арилжаанд оролцож ашиг олсон гэх баримтууд /хэргийн 56-72 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Эийн хамт арилжаанд орсон. Тухайн үед Э ах арилжааны дансаа 697 доллараар цэнэглээд тухайн өдөртөө түүнийгээ 2.100 доллар болгон өсгөсөн. Тэгээд 1.500 долларыг нь Монгол мөнгө болгон шилжүүлэн авсан. Тухайн арилжааны дансанд 600 доллар үлдсэн бөгөөд би 360 гаруй долларыг нь арилжаанд оруулаад алдсан. Үлдсэн 300 долларын Э арилжаанд оруулж алдсан. Бын дансанд арилжааны ашиг 2.000.000 гаруй төгрөг орсон байна гэхээр нь 2.000.000 төгрөгийг миний данс руу явуул гэж хэлсэн. Би тухайн арилжаанд өөрийн зүгээс ямар нэгэн мөнгө өгөөгүй, арилжаа эхлэх мөнгийг Э ах өөрөө гаргасан...” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 77 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 73-79 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 82 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр сургуулийн орчим явж байсан иргэн Г.Бад “би Этэй хамт байна, өчигдрийн данс руу чинь орсон мөнгийг *** тоот данс руу шилжүүлчих” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Э.Эийн 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, фейсбүүк чатаар харилцсан мэдээлэл, арилжаанд оролцож ашиг олсон  баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө болон бусдаар дамжуулан өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгосныг тус тус ойлгоно.

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т “...Би арилжаанд оролцсон ашгаас авах эрхтэй байсан, гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж байх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч Б.Тийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эөд 2.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байна.    

  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Төөс 2.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эөд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

             Шүүгдэгч Б.Тийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Тийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч Б.Тийн хувийн байдал /шүүх хуралдаанд гаргаж буй авир араншин, зан төлөв/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал, хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй, санаачилга гаргаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.Тт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

   Шүүгдэгч Б.Т нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Тийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Төөс 2.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эөд олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО