Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/745

 

 

 

 

 

 

 

    2021           11            22                                         2021/ШЦТ/745

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

улсын яллагч: Р.Мягмардорж /Сонгинохайрхан дүүрэг/,

шүүгдэгч: Ц.О, түүний өмгөөлөгч Н.Жамъяан /ҮД:0572/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч О нь “2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 0 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрийн орчимд иргэн Оын “Redmi note pro8” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, төөрөгдөлд оруулах замаар залилж 500.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О нь “2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 0 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрийн орчимд иргэн Оын “Redmi note pro8” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, төөрөгдөлд оруулах замаар залилж 500.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Оын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Оын хохирогчоор өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Парадоксын буудлын орчмоос найзындаа архи ууж байгаад гарч яваад Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 00 тоотод байрлах төрсөн ах Энхбаярындаа очих гээд Номин их дэлгүүрийн баруун талын зам дээр такси барих гээд зогсож байтал хойд хэсгээс нэг залуу гарч ирээд “та такси барих гэж байгаа юм уу, хаа хүрэх гэж байгаа юм” гэж асуухаар нь “хойшоо гэр хороолол явах гэж байна” гэтэл тэр залуу “цуг такси бариад дөхөөд бууж болох уу” гэхээр нь “за тэг” гэж хэлээд такси барих гээд гар өргөж байтал тэр залуу “та гар утсаа өгч байгаа ч нэг хүнтэй яриад өгч болох уу” гэхээр нь би өөрийнхөө гар утсыг өөрийнхөө хурууны хээгээр дэлгэцийг нь түгжээг тайлаад өгтөл тэр залуу цаашаагаа нэг эмэгтэй хүнтэй 1 минут гаран яриад өгсөн. Яагаад эмэгтэй хүнтэй ярьсныг мэдсэн бэ гэхээр яг миний хажууд яриад байсан ба цаана нь эмэгтэй хүн яриад байгаа нь сонсогдоод байсан. Яг юу яриад байгааг би мэдээгүй учир нь би архи уусан халамцуу байсан. Тэгээд тэр залуу ярьж дуусаад миний утсыг өгсөн бөгөөд би халаасандаа хийтэл миний утас дуугарсан. Гэтэл 8825-1812 гэсэн дугаараас дуудлага ирсэн. Аваад ярьтал нэг залуухан гэмээр хоолойтой эмэгтэй хүн “сая надтай ярьсан хүн тантай хамт байна уу, яриулаад өгөөч” гэж хэлэхээр нь “байна гэж хэлээд, чамтай яръя гэж байна” гэж хэлээд утсаа өгсөн. Гэтэл нэг жижиг тэрэг ирээд нэг залуу “хаа хүрэх гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь би “хойшоо гэр хороолол” гэхэд “за суучих” гэж хэлэхээр нь би жолоочийн хажууд урд талд нь суусан, харин нөгөө залуу утсаар ярьсан чигээрээ машины арын суудалд суугаад миний утсыг өгсөн. Машин хөдлөөд явахаар нь “Т” онгорхой байна уу, ганц архи авах гэсэн юм” гэхэд жолооч залуу за гээд Т дэлгүүр орсон. Тэгээд халаасанд бэлэн мөнгө байхгүй байхаар нь “ойрхон АТМ байна уу” гэж жолоочид хэлэхэд жолооч залуу “ойрхон АТМ байгаа” гэж хэлээд бичлийн урдуур ертөнцийн зүгээр зүүн тал луугаа жаахан яваад Хаан банкны АТМ дээр ирээд зогсохоор нь нөгөө залуутай хамт буугаад АТМ ороод би Голомтын виза картаа нөгөө залууд өгөөд “мөнгө аваад өгөөч, би авч чаддаггүй юм аа” гэж хэлээд картаа өгч, пин кодоо хэлсэн. Нөгөө залуу надад АТМ-ээс 100.000 төгрөг авч өгөхөөр нь картаа, мөнгөтэйгөө авч халаасандаа хийгээд АТМ-ээс гарч таксиндаа суусан. Такси эргээд “Т” руу явж байхад дахиад миний утсанд дуудлага ирсэн ба харахад нөгөө залуутай яриад байсан дугаараас байсан ба “чиний яриад байсан дугаар байна” гэж хэлээд утсаа арын суудалд сууж байсан нөгөө залууд өгсөн. Тэр залуу эмэгтэй хүнтэй яриад байх шиг байсан. Энэ хооронд машин “Т”-ын гадаа очиж зогсоход үүдэнд нь нэг залуу зогсож байсан ба таксины жолооч цонхоо онгойлгоход нөгөө залуу “архи байна шүү” гэж хэлсэн. Тэгээд би ямар архи байгаа юм бэ үзье гэж хэлээд таксинаас бууж нөгөө залуутай таксинаас 5-6 метрийн зайтай зогсоод үзэхэд “Соёрхол” нэртэй 0,5 летрийн архи 60.000 төгрөг гэхээр нь ямар үнэтэй юм бэ гэж бодоод авахгүй гэж хэлээд эргээд таксиндаа жолоочид “ямар үнэтэй архи вэ, ийм үнэтэй архи байдаг юм уу” гэж хэлээд харахад нөгөө машинд байсан залуу байхгүй байхаар нь жолоочоос “нөгөө залуу хааччихсан юм бэ” гэж асуухад жолооч залуу “та 2 хамт яваа биш юм уу, таньдаг биш юм уу” гэхээр нь би “үгүй ээ, сая такси барих гэж байхад суугаад хойшоо дөхөж болох уу, гэж асуухаар нь хэдэн үг солиод сая л таарсан хүн” гэж хэлэхэд жолооч залуу “утсаар яриад булан тойроод гүйгээд явчихсан ш дээ” гэж хэлэхээр нь “миний утсыг аваад явчихсан байна” гэж хэлээд явсан газрынх нь араас такситайгаа зөндөө хайсан боловч олдоогүй. Тэгээд жолоочийн утсаар өөрийнхөө 9927-4833 дугаарт залгахад “холбогдох боломжгүй” байхаар нь тэр шөнөө таксины жолоочоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ар талд байдаг хуурай ах М хүргүүлээд жолооч залууд “өглөө та надтай цагдаагийн газар ороод миний утсыг хүн аваад явсан талаар мэдүүлэг өгөөд туслаарай” гэхэд нөгөө жолооч залуу “за гэж хэлээд надад өөрийнхөө 000 дугаарыг өгсөн. Тэгээд бид 2 танилцаад надад цаас нь дээр өөрийнхөө нэрийг Э гэж бичээд өглөө залгаарай гэж хэлээд явсан. Би өглөө нь хуурай ах М дугаараас Эын дугаарт залгаад цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөөд өгөөч гэж хэлэхэд за гэж хэлээд бид 2 цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн. Удалгүй цагдаагийн газраас залгаад очиж уулзахад мөрдөгч нь нэг зураг үзүүлээд “энэ таны утсыг авч явсан хүн мөн үү” гэж асуухад мөн байсан. Тэгээд энэ хүнийг О гэдэг бид цааш нь шалгаж байгаа, одоохондоо олдоогүй байна гэж хэлсэн. Тухайн би архи уучихсан согтуу байсан болохоор найр тавиад итгэчихсэн юм. Хэрэв архи авсан бол тэр залуутай архи уух байсан байх. Би гар утсаа 650.000 төгрөгөөр Өмнөговь аймгийн төвөөс 2020 оны 11 дүгээр сард худалдан авч байсан. Миний гар утас “Redmi note pro8” маркийн евро загварын 2 сим ордог ногоон өнгийн гар утас байсан. Би гар утсаа 650.000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд шинээрээ ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй. Тэр үед тэр залуу эрээн алаг куртектэй, ноосон билүү, чихтэй малгай өмссөн байсан. Туранхай, шар царайтай, нүүр хэсэг нь шөвгөр хэлбэртэй, шар залуу байсан ба дуугаар нь бол бүрэн мэднэ. Одоо харсан ч би танина...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Оын гэрчээр өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө таксинд явж байхад 2 залуу гараа өргөхөөр нь авсан ба таксины мөнгө авна гээд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар явсан. АТМ орохдоо нөгөө 2 залуу хамт буусан бөгөөд мөнгөө аваад гарч ирсэн. Тэгээд дүү залуу нь ахынхаа утсыг аваад яриад байсан. Тэгж байгаад машинаас буугаад яваад өгсөн. Гэтэл ахимаг насны залуу утсаар ярьж байсан залуу хааччихсан талаар асуухаар нь би “танай дүү биш юм уу” гэхэд “үгүй ээ, биш, миний утсыг аваад явчихлаа” гэсэн. Тэгээд бид 2 тэр залууг хайгаад олохгүй болохоороо нөгөө залуу гэртээ буусан. Утсыг нь аваад  буусан залуу туранхай бор залуу байх шиг байсан. Ногоон өнгийн гадуур хувцастай байсан. Тэдгээр залууг би огт танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-211 тал/,

 

Мобиком ярианы жагсаалт /1-р хх-ийн 182-183 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 184-187, 190-194 тал/,

 

К ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 216-218 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Оын яллагдагчаар өгсөн “...Би тухайн хэрэг гарсан өдрийг санахгүй байна. Ц надад падаан бичиж өгсөн өдөр байсан. Тухайн өдөр журмын хашаанаас эд зүйлээ авч, зурагтын тэр хавиар болон Нарантуул зах дээр зарсан. Үүнд 2 төрлийн талх, 3 төрлийн боорцог ойролцоогоор 2 төрлийн кекс байсан. 200.000 төгрөг орчмын бараа байсан. Би журмын хашаанаас эд зүйлсээ авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин талх нарийн боовны үйлдвэрээс юу ч аваагүй. Харин Өргөөгийн ар зам дээр хүний гар утас авснаа хүлээн зөвшөөрч байна. Би гар утасны хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 67 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 73, 77 тал/, садан төрлийн лавлагаа /1-р хх-ийн 74-76 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 148-150 тал/, Оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх-ийн 118 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /1-р хх-ийн 110-111, 113-117, 120-124 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч...”  гэж мэдүүлж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяан “....эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.....” гэсэн байр суурьтайгаар  оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч О нь хохирогч От  “2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 0 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрийн орчимд иргэн Оын “Redmi note pro8” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, төөрөгдөлд оруулах замаар залилж 500.000 төгрөгийн хохирол учруулсан” болох хохирогчийн болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч О гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 0 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрийн орчимд иргэн Оын “Redmi note pro8” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, төөрөгдөлд оруулах замаар залилж 500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч От гэмт хэргийн улмаас 500.000 төгрөгийн хохирол учирсан гэх байх ба шүүгдэгчийн “...хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн...” мэдүүлэг /2-ийн хх-164 тал/, хохирогчийн гомдол санал байхгүй гэх мессежний хуулбар /2хх-170 тал/ зэргээр шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх  төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, төөрөгдөлд оруулах замаар залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч От 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч От ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оргон зайлсны улмаас 44 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 352 цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 368 цагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч От эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 44 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, төөрөгдөлд оруулах замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч От 720 / долоон зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оын цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялаас хасаж тооцож, биечлэн эдлэх ялыг 368 /гурван зуун жаран найм / цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О нь бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч                     От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ