| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0827/Э |
| Дугаар | 848 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 848
Ц.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ч.Алтансүх,
шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Ц.Мандал,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингисийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1019 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Мын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Мт холбогдох эрүүгийн 1706022930123 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Ц. М, 1970 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, гавъяа шагналгүй, Нийслэлийн улсын бүртгэлийн газарт бүртгэлгүй, иргэний үнэмлэхгүй,
1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн 3 дугаар хэсгийн Ардын шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 134 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 1996 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шүүгчийн 25 дугаар захирамжаар тэнсэн суллагдсан,
1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн Сумын шүүхийн 193 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн,
1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Булган аймгийн Сум дундын шүүхийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж 2000 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн,
2000 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн Сумын шүүхийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
2000 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн Сумын шүүхийн 192 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
2002 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн Сумын шүүхийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2002 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:...../,
Шүүгдэгч Ц.М нь 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургуульд үйл ажиллагаа явуулдаг “Аян согоо” ХХК-ны цайны газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтэрч 616.472 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ерөнхий боловсролын 44 дүгээр дунд сургуулийн 125 тоот өрөөнд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар нэвтрэн орж Ц.Отгонтуяагийн эзэмшлийн сейфийг эвдэж 45.000 төгрөгийн хохирол учруулсан, “Тошиба” маркийн нөүтбүүк, НР загварын принтер хөгжим зэрэг 888.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлахыг завдсан,
2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт Орчлон” ХХК-ийн барьж байгаа барилга дээр хамт ажилладаг Д.Расулыг зодож зүүн талын хацар ясны нумны хугарал, дух, ясны баруун талын гадна ялтасны хугарал, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, дух зүүн зулайд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мт шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялыг дүйцүүлэн тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялууд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Мт оногдуулсан 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Мын цагдан хоригдсон 267 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар тус тус шүүгдэгч Ц.Моос нийт 918.229 төгрөгийг гаргуулж хохирогч А.О 616.472 төгрөгийг, хохирогч Ц.О 45.000 төгрөгийг, хохирогч Б.Р 256.827 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдолдоо : “...миний бие “өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцоход татгалзах зүйлгүй” гэдгээ бичгээр бичиж өгсөн, гэвч өмгөөлөх эрхээр хангагдаагүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлээгүйд гомдолтой байгаа.
2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургуульд үйл ажиллагаа явуулдаг “Аяны согоо” ХХК-ийн хулгайн хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байгаа, уг сургуулийн хулгайн хэргийг мөрдөн шалгах явцад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч ахлах дэслэгч Батмягмар, Эрүүгийн төлөөлөгч ахмад Батзул нар нь дарамталж, айлган сүрдүүлж, гэрчгүй хэргийг хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн. Тухайлбал: зочид буудалд хоносон гэх мэдүүлэг нь тодорхой бус, зочид буудлын үйлчлэгч эмэгтэй хоносон гэдгийг гэрчлээгүй, хулгай хийсэн барааг хаана, хэнд зарсан нь тодорхойгүй, эд мөрийн баримтаар нотлогдоогүй зөвхөн амаар байцаалт явуулсанд гомдолтой байна.
Мөн хэргийг мөрдөн шалгах явцдаа зөвхөн фото зургаар нотлох баримт бүрдүүлсэн нь учир дутагдалтай байна. 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Батоникт Ж буюу Ж ахынд унтсан байдаг, гэрчлэх хүмүүс байдаг боловч мөрдөгч, ахлах дэслэгч Батмягмар нь гэрчүүдээс мэдүүлэг аваагүй зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн ноцтой үйлдэл болсон.
Мөрдөн байцаалтад гэрч А.Э өгсөн мэдүүлэг нь: 2017 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 02 цагийн үед спорт заалнаас хүмүүс гарснаар сургуулийн үйл ажиллагаа зогссон юм. 02 цагийн үед хөл хөдөлгөөн зогссоны дараа сургуулиас гадуур нэг удаа тойроод гадна үүдний хогийг цэвэрлээд манаачийн байрандаа сууж байгаад үүрийн 06 цагийн үед гарч гадаа хогийг дахиад цэвэрлэсэн тэгээд өглөө 08 цаг өнгөрч байх үед ээлж хүлээлгэж өгөөд бууж амарсан гэх мэдүүлэг /1хх-24-25/ нь намайг хулгай хийснийг гэрчилсэн мэдүүлэг биш байсан, мөн зочид буудалд хоносон гэх мэдүүлэг нь хангалттай нотлох баримт болоогүй, зөвхөн зочид буудлын гадна талаас нь авсан фото зургийг л эд мөрийн баримт болгосон нь учир дутагдалтай байгаа, мөрдөгч ахлах дэслэгч Батмягмар нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн дураар айлган сүрдүүлж гэрчгүй хулгайн хэргийг, хуурамч нотлох баримт бүрдүүлж Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр нэг хоног хууль бусаар хонуулж дарамталж айлган сүрдүүлж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар сургуулийн цайны газар үйл ажиллагаа явуулдаг “Аяны согоо” ХХК-ийн хулгайн хэргийг дарамталж хүлээлгэсэнд гомдолтой байгаа тул дахин шалгуулах хүсэлтэй байна.
Мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Наранцацрал, Эрүүгийн төлөөлөгч ахмад Батзул нар дээр 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ...тоот 2 хулгайн хэрэг шалгагдаж байгааг нэгтгэн шалгуулах хүсэлттэй байгаа зэргийг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийтгэх тогтоолыг дахин хянан хэлэлцэж өгнө үү. Гэрч, хохирогч, өмгөөлөгчгүй шүүх хурал явагдсан нь гомдолтой байна...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Мт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон. Энэ шүүх хуралдаанаар зөвхөн хоёр хулгайн үйлдэлтэй хэргийг хянан хэлэлцсэн боловч прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Дараа нь хүний биед хүндэвтэр хохирол учруулсан хэрэг нь нэмж нэгтгэгдээд 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ц.Мт холбогдох хэргийн шүүх хуралдаан болсон. Тухайн үед би ээлжийн амралт авсан байсан тул тус шүүх хуралдаанд оролцож чадаагүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт өгсөн. Гэтэл шүүгдэгч нь энэ шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлнө гэж оролцсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нь өмнө нь 5-6 удаа ял шийтгүүлж байсан боловч 2002 оноос хойш гэмт хэрэгт холбогдоогүй. Хохирлын тухайд зарим эд зүйлийг буцааж өгсөн, зарим эд зүйлийг аваагүй гэж тайлбарладаг. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаанаар шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн нэг завдсан үйлдэл, нэг үйлдэл дээрээ баригдсан үйлдэл тус бүр дээр нь 2 жилийн ял оногдуулж, хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийн торгох ялыг дүйцүүлэн тооцож нэмж нэгтгээд 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэгт ял оногдуулахдаа тус бүрд нь ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна...” гэв.
Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.Мын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Ц.М нь Ерөнхий боловсролын 53 дугаар дунд сургууль руу орсон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлсэн байна. Гэтэл тухайн сургуулиас эд зүйл хулгайлсан үйлдэл нь хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шинжээчийн 5250 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мөн өмгөөлөгчөөр хангаагүй талаар ярьсан. Гэвч шүүгдэгч нь улсын өмгөөлөгч авсан байсан. Ц.Мт холбогдох хэргийн 2 дахь шүүх хуралдаанд өөрөө өмгөөлөгчгүй оролцох боломжтой буюу өөрийгөө өмгөөлнө гэж тайлбарласан учир анхан шатны шүүх хуралдааныг хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ /1хх-218-222/.
Анхан шатны шүүх Ц. Мт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэхдээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялууд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд ойлгомжтой гарсан байх хуулийн заалтыг зөрчжээ.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялтай дүйцүүлэн тооцохдоо 60 хоногийн хорих ял буюу 2 сарын хугацааг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна.
Түүнчлэн Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулсан бөгөөд аль ял дээр аль ялыг нэмж нэгтгэж байгаа нь тодорхойгүй.
Мөн анхан шатны шүүх хулгайлах гэмт хэргийг төгс үйлдсэн болон завдсан үйлдэлд ижил ял оноосон үндэслэлээ дүгнээгүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсгийн 3-т зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад шийтгэх тогтоол нь нийцээгүй бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байхаар тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Мт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1019 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Ц.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ