Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0355

 

“Х Г” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн төлөөлөгч З.М, хариуцагч Б.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Б.Б нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Х Г” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, Э.Б нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Х Г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Э.Б нарын тогтоосон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1102201801 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “...Тухайн татвар төлөгч нь зөрчлөө хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөхийг татварын улсын байцаагч бид урьдчилан таамаглах боломжгүй учраас нотлох баримтдаа тулгуурлан шийдвэрийг гаргаж зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

“М Г Э И” ХХК, “Д” ХХК-иуд нь холбогдох бусад аж ахуй нэгжүүдэд хий бичилттэй падаан өгсөн тухайгаа хүлээн зөвшөөрсөн буюу нотлогдож байдаг. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газарт явуулсан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10/4767 дугаар албан бичгээр нотлогдож байхад “Х Г” ХХК-д хамааралгүй мэтээр ойлгож шийдвэр гаргасан.

“Х Г” ХХК-ийн кассаар гаргасан бэлэн мөнгөний зарлагын баримт нь харилцах данснаас өөрийн кассанд гаргасан дүн болно. Энэ нь уг холбогдогч аж ахуйн нэгжүүдийн харилцах данс руу гүйлгээ хийгдээгүй байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэдэг заалтыг зөрчсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон гэж шийдвэрт бичигдсэн байгаа нь хариуцагчийн тайлбарыг буруугаар ойлгон бичсэн байна. Шүүх хуралд оролцох явцад эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн зөвхөн хугацааны хувьд таарахгүй байгаа тул хянан гарын үсэг зурж баталгаажуулахгүй гэсэн талаар хэлсэн боловч прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байгаа гэж буруу ойлгон шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д “3ахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцопнийг татан оролцуулна” гэж заасан заалтыг хэрэгжүүлэн Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03-сарын 15-ны өдрийн дугаар 58 прокурорын тогтоолыг авч үзээгүй шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Х Г” ХХК нь “Татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1102201801 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, Э.Б нарт холбогдуулан гаргажээ.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1102201801 дугаар шийтгэлийн хуудсаар “...2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Монголгранд эйнжил инвест” ХХК-иас 313,796,439 төгрөг, “Д” ХХК-иас 898,636,360 төгрөг, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Монголгранд эйнжил инвест” ХХК-иас 476,179,388.2 төгрөгийн нийт 1,688,612,187.2 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтанд тусган татвар ногдуулах орлогыг буруулсан зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр “...68,861,218.7 төгрөгийн нөхөн татвар, 20,658,365.6 төгрөгийн торгууль, 19,006,935.9 төгрөгийн алданги, нийт 108,526,520.2 төгрөгийн төлбөр”-ийг төлүүлэхээр “Х Г” ХХК-д оногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон байна.

Гэтэл дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, Э.Б нар “Х Г” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж, татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1102201801 дугаар шийтгэлийн хуудсаар “Х Г” ХХК-д шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ.

Учир нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын “албан бичгийн хавсралтад дурдсан хуулийн этгээдийн НӨАТ-ын 2016 оны ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг шуурхай хийж, үр дүнг ЭЦА болон манай газарт ирүүлэхийг мэдэгдье” гэсэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2830 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаартай “Монголгранд эйнжил инвест” ХХК-д хяналт шалгалт хийн гаргасан дүгнэлтэд хохирлын хэмжээгээр гэмт хэргийн шинжтэй хавсралтад нэр дурдсан аж ахуйн нэгжүүдийн 2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж шийдвэрийг ирүүлнэ үү” гэсэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10д/477 дугаар албан бичиг, хэрэгт нотлох баримтаар авагдсан “мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт” зэрэг баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлүүдийг дээрх нотлох баримтууд тодорхойлж чадахгүй байхад татварын улсын байцаагч нар нь “Х Г” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан журмаар хяналт шалгалт явуулж, гомдол гаргагч хуулийн этгээдэд зөрчил оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2830 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10д/477 дугаар албан бичиг нь зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон гэсэн үндэслэлд хамаарахгүй, хэрэгт нотлох баримтуудаар авагдсан “мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт” нь учруулсан хохирлыг нотолсон баримт биш гэж үзлээ.

Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байхад татварын улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий “шийтгэлийн хуудас”-ыг хууль ёсны гэж үзэхгүй тул хүчингүй болгох нь зөв юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д зааснаар шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тохиолдолд хуулийн 121.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах ёстой.

Гэвч нэгэнт зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тусгайлан заасан байхад зөрчлийн талаар дахин нотлох баримт бүрдүүлэхээр шүүхээс хэргийг буцаах нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасантай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/000010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР