Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1738

 

Д.Баярбатын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02090 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Баярбат,

Хариуцагч С.Баатарт холбогдох,

 

21 086 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баатар нь аж ахуй эрхлэх зорилгоор, бизнест мөнгө дутаад байна, ажил зогсчих гээд байх тул хүүтэй ч хамаагүй мөнгө олж өгч туслаач гэж удаа дараа гуйж байсан учир Д.Баярбат нь таньдаг найзын хувьд түүнд туслахаар өөрийн орон сууцаа барьцаалан Н.Наранчимэгээс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэ мөнгөнөөс С.Баатарын бусдад төлөх ёстой байсан өр буюу П.Бямбаноровоос зээлээр авсан цементийн үнийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1 400 000 төгрөгөөр, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1 600 000 төгрөгөөр, нийт 3 000 000 төгрөг төлж барагдуулсан.

Мөн С.Баатарын Хаан банкны 5753664583 тоот данс руу 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг, 7 дугаар сарын 03-ны өдөр 15 086 000 төгрөг, нийт 18 086 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл С.Баатар нь авсан мөнгөө буцаан төлөхгүй улмаар уулзахаас зайлсхийн зугатаасан тул шүүхэд хандах гэтэл оршин суух хаяг нь олдохгүй байсаар өдийг хүрсэн. Нэгэнт зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги нэхэмжлэх эргүй юм. Иймд, С.Баатарын өмнөөс төлсөн өр болох 3 000 000 төгрөг болон түүнд дансаар шилжүүлсэн 18 086 000 төгрөг, нийт 21 086 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Баярбат бид хоёр ярилцаж тохилцоод үхрийн фермер байгуулж ажиллахаар болж 2 талаасаа хөрөнгө, мөнгөө нийлүүлж, 2015 оноос ажлаа эхлүүлэн ажилласан. Д.Баярбат энэхүү аж ахуйг байгуулж ажиллахад гар бие огт оролцоогүй. Би бүхий л хүч хөдөлмөрөө ашиглаж, хүн хүч дайчлан, хөлс төлж ажиллуулж ирсэн. Д.Баярбат бидний 2 талаасаа нийлүүлсэн мөнгө гэвэл миний оруулсан хувь хөрөнгө илүү байсан бөгөөд бидний хувь нийлүүлсэн мөнгө хүн хөлсөлж ажиллуулахад зарцуулагдаад дууссан. Д.Баярбат надаас мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

С.Баатарын эзэмшилд Төв аймгийн Баянчандманьд 0.5 га газар байдаг юм байна. Энэ газар дээр хамтарч үхрийн ферм байгуулья, олсон ашгаа хувааж авч хамтарч ажиллая гэсний үндсэн дээр харилцан тохиролцоод Д.Баярбат 18 086 000 төгрөгийг С.Баатарт шилжүүлж үйл ажиллагаанд хамтарч оролцсон. Ферм байгуулах объектод ажилчдыг байрлуулах, үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг Д.Баярбат хэрэгжүүлэхээр болсон.

Харин С.Баатар үхэр худалдаж авах болон гадуур зохицуулах ажлыг хариуцсан байдаг. Энэ ажил 2015 оны 7 дугаар сард эхлээд 9 дүгээр сар гэхэд Д.Баярбат ажлын байрандаа архидан согтуурдаг, ажилд нь авчирсан хүмүүсийг хөөж явуулаад, өөрийнхөө ах дүүс гэдэг хүмүүсийг авчраад архидаад сууж байсан. Мөн авчирсан материалыг алга болгосон, үйл ажиллагаа явуулдаггүй байж байдаг байсан. Ийм асуудлууд удаа дараа гарч байсан. Үүнээс болж талууд маргаантай байдаг байсан. Хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сард ухаангүй согтуу байж байхад нь С.Баатар хүрч ирээд, архи нь гарахаар нь ярилцъя гэж бодоод иртэл цонхоор гараад зугтаагаад алга болчихсон байсан юм билээ.

Тэрнээс хойш хайгаад олдохгүй, ахад нь хэлж хайгаад, очиж уулзахаар Д.Баярбатыг зэмлэдэг. Энэ байдал дээр ах дүү хамаатан садан нь С.Баатартай нийлж Д.Баярбатыг эрж хайж явж байсан. Ийм байдалд байсан учраас С.Баатар өөрөө ганцаараа зүтгэж байсан. Мал аж ахуйн салбар бол маш хүнд ажилтай байдаг. Одоо 43 толгой малтай, хашаа тойруулаад барьсан сайхан ферм байгуулсан байгаа.

Энэ фермд 18 086 000 төгрөгийг хамтарсан хэлбэрээр хөрөнгө оруулсантай маргахгүй. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцоод, хамтран ажиллаад явбал үр шимийг нь хүртэхэд нээлттэй байгаа. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. С.Баатар зээл аваагүй. Хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллах гэрээнээс татгалзах журам хуульд байгаа. Д.Баярбатаас мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч С.Баатараас 18 086 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярбатад олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 500 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч С.Баатараас 248 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярбатад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу 18 086 000 төгрөг хариуцагч С.Баатарт шилжүүлснийгээ мөнгө зээлдүүлсэн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой байх хуулийн шаардлага байдаг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг хэмээн тайлбарласныг миний бие няцаах зорилготой 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч асуулгахаар хүсэлт гаргасныг шүүгч үндэслэлгүйгээр хангаагүйд гомдолтой байна. Мөн талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч Д.Баярбат нь хариуцагч С.Баатарт холбогдуулан 21 086 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг Д.Баярбат хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн гэжээ.

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ буюу хамтран ажиллаж байсныг нотолно гэж гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2017/10833 дугаар захирамжаар /хх 49-50/ “...хариуцагч талаас хамтран ажиллахтай холбоотой сөрөг шаардлага гаргаагүй байгаа тохиолдолд хүсэлтэд заасан үндэслэлээр гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй байх тул...” гэсэн үндэслэл зааж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй, хэргийн оролцогчийн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Нотлох баримт бүрдүүлэх талаарх зохигчийн хүсэлтийг хангаагүй атлаа татгалзлын үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй болно.

Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоход ач холбогдолтой гэж гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангасны дараа хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын маргаж буй үндэслэлд дүгнэлт хийх боломжтой болох тул  энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 248 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ