Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2017/00162

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Өлзийт сум 3 дугаар баг, “Яргайт” гэх газар оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, 59 настай, Боржгино овгийн Цэрэндоржийн Дэлэгпунцаг /РД:ЙК58050416/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Дэлэгпунцаг, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Дэлэгпунцаг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Дэлэгпунцаг миний бие нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан. Би хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтын зөрчилтэй зөрүүг засан зөв болгож өгөхийг хүсч байна. Иймд намайг 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл, мөн 1980 оны 06 дугаар сарын 23-наас 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 22-ныг дуустал цэргийн алба хаасан....” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Дэлэгпунцаг нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Дэлэгпунцаг нь

- 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар,

- 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 273 дугаартай Архивын лавлагаа, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай протокол, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн одоо ажиллаж байгаа нэгдлийн жинхэнэ гишүүдийн жагсаалт, 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Цэрэндоржийн Дэлэгпунцагийн 1991, 1992 онуудад ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Чимгээ, Н.Цэвэдсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Цэрэндоржийн Дэлэгпунцаг нь 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 167 дугаар ангид цэргийн алба хааж байсан болохыг дурдаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Дэлэгэпунцагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржгино овгийн Цэрэндоржийн Дэлэгпунцагыг

- 1973 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар,

- 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН