| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2017/00151/И |
| Дугаар | 146/ШШ2017/00166 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2017/00166
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон баг, Дэнж 1-3 тоотод оршин суух, Боржигон овгийн Даваадоржийн Алтантуяа /АА78072505/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон баг, Эрдэнэзуу 198 тоотод оршин суух, Боржигон овгийн Төмөрбатын Баярцэцэг /МЮ90121086/-т холбогдох,
“6.400.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.Баярцэцэг нь надаас 2016 оны 06 дугаар сарын 27-нд зээлийн гэрээ хийж 4.000.000 (дөрвөн сая төгрөг) сарын 6 хувийн хүүтэй зээлээд нэг сар ч хүү төлөхгүй явсаар хүү нь өнөөдрийн байдлаар 2.400.000 төгрөг болж нийт 6.400.000 төгрөгийг гаргуулан өгнө үү. Жич цаашид шүүхийн шийдвэр гарах хугацаан дахь хүү тооцож олгоно...” гэжээ.
Хариуцагч Т.Баярцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төмөрбат овогтой Баярцэцэг би Даваадаоржийн Алтантуяагаас нэхэмжилсэн 6.400.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тайлбар гаргаж нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “1. Нэхэмжлэгч Д.Алтантуяа миний бие Т.Баярцэцэгээс 6.400.000 төгрөг гаргуулах мөн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хүү тооцуулан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрч байна. 2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэсэн ба миний бие шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү тооцуулан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч Т.Баярцэцэгээс 6.400.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 6.400.000 төгрөг нэхэмжлэгчид 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Шүүхээс зохигчид эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1, дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч Т.Баярцэцэгээс “6.400.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Баярцэцэгээс 58675, орон нутгийн төсвийн орлогоос 58675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Алтантуяад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН