| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00154/И |
| Дугаар | 345 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 345
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багт оршин суух, 1967 онд төрсөн, 40 настай, Баянжаргал овгийн Маацэрэнгийн Чулуундоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Хангамжийн 24-2-14 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, Боржигон овгийн Мишигдоржийн Нэргүй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 5-77 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, Пантаг овгийн Цэдэнсамбын Мөнгөннасан нарт холбогдох
7090000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Мөнгөннасан, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Чулуундож шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 08 дугаар сард Ц.Мөнгөннасан түүний эхнэр М.Нэргүй гэдэг хүмүүст мал мах өгсөн. Ц.Мөнгөннасан нь Өвөрхангай аймгаас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд ирж мал мах авч байгаа гэж хэлсэн. Тэгээд би 23 тооны эр ямааг нэг бүрийг нь 90000 төгрөгөөр, 13 тооны бүдүүн эр үхрийг нэг бүрийг нь 80000 төгрөгөөр тохирч Ц.Мөнгөннасанд өгсөн. Тухайн үед Ц.Мөнгөннасан нь хятад улс руу мах нийлүүлэх тендер авсан, хятадуудаас мөнгөө авч байгаад танд мөнгөө өгнө гэж хэлээд миний малыг зээлээр аваад явсан. Үүнээс хойш 2016 оны 09 дүгээр сард 1000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 380000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 1800000 төгрөгийг тус тус манай охин Ч.Даваасүрэнгийн дансанд хийсэн. Мөн 2016 оны 12 дугаар сард манай хүү Ч.Лхагвасүрэнгийн дансанд 2000000 төгрөг хийсэн. Ц.Мөнгөннасангаас Бонго-3 гэдэг машины ком 5 бул сэлбэг захиж авахуулсан ба үүнийгээ 200000 төгрөг гэж байсан. Ц.Мөнгөннасан надад малын үнэ нийт 12470000 төгрөг өгөх ёстой байснаас авсан мөнгө сэлбэгний мөнгийг хасаад 7090000 төгрөг өгөх ёстой. Мөнгөө авахаар утсаар ярихад өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд Ц.Мөнгөннасан болон түүний эхнэр М.Нэргүй нараас 7090000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Чулуундоржид 6000000 төгрөг өгөх нь үнэн. Уг мөнгийг төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч Ц.Мөнгөннасан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Чулуундоржид 12470000 төгрөг өгөх байснаас 6470000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн. Одоо үлдэгдэл 6000000 төгрөг дутуу байгаа. М.Чулуундоржид үлдэгдэл 6000000 төгрөгийг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Чулуундорж нь хариуцагч Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нарт холбогдуулан 7090000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2016 оны 8 дугаар сард нэхэмжлэгч М.Чулуундорж нь 23 тооны эр ямааг нэг бзрийг нь 90000 төгрөгөөр, 13 тооны бүдүүн эр үхрийг нэг бүрийг 800000 төгрөгөөр тохирч Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нарт зээлээр худалдсан бөгөөд хариуцагч Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нар 6000000 төгрөгийг нэхэмжлэгч М.Чулуундоржид өгнө гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нараас 7090000 төгрөгийг шаардах эрхтэй эсэх талаархи баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцагч нар 6000000 төгрөгийг нэхэмжлэгч М.Чулуундоржид төлөхийг зөвшөөрсөн тайлбаруудыг шүүхэд гаргасан зэргийг үндэслэн хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нараас 6000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Чулуундоржид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 1090000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Чулуундорж, хариуцагч М.Нэргүй нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч М.Чулуундорж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч М.Нэргүй шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлтээ гаргасан зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч М.Чулуундорж, хариуцагч М.Нэргүй нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нараас 6000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Чулуундоржид олгож, нэхэмжлэлийн үлдэх 1090000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нараас 110950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128390 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА