Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар  2021/ШЦТ/827

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

  1. Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай магадлалаар 3 жилийн хорих ял болгон өөрчилсөн,
  2. Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар,
  3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
  4. Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
  5. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
  6. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
  7. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
  8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
  9. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Ж.Ж /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Ж нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 19-ний өглөө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-86б тоотын гадаа байсан хохирогч Б.Гийн эзэмшлийн 74-64 УБН улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуугаар цохин хагалж, уг тээврийн хэрэгсэлд нэвтрэн орж 1.107.400 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг хайрцагтай цагаан идээ болох өрөм, бяслаг зэргийг хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Айс Оптикал” хараа зүйн төвийн гадна автомашины зогсоолд байсан хохирогч У.Бын эзэмшлийн 03-43 БНА улсын дугаартай Хьюндай Истана маркийн тээврийн хэрэгслийн цонхыг онгойлгон 8.296.200 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг хос годон гутлыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрын гадна талын автомашины зогсоол дээр байсан хохирогч Х.Тийн эзэмшлийн 58-63 УБР улсын дугаартай Тоёота Приүс-41 маркийн тээврийн хэрэгслийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Вох” болох ачааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин трейдинг” ХХК-ийн “Номин фейшн” дэлгүүрийн “Терранова” нэртэй хувцасны тасгаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 878.400 төгрөгийн үнэ бүхий 16 ширхэг өмд, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 378.100 төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг богино ханцуйтай цамцыг тус тус хулгайлан авч нийт 1.256.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ж мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 07–ны өдөр 3, 4 хорооллоор явж байгаад хүний толгой хаглаад 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр цагдаа дээр очиход надаас цагдаа гэрчээр “гутал авсан уу” гэж асуусан. Би тэр годон гутлыг аваагүй тул үүн дээр маргаж байна. 11 ширхэг тортой годон гутал алга болсон гэж ярьсан. Годон гутлын овор хэмжээг шалгаагүй, намайг алганы хээ таарсан гээд шалгаагүй, ижил төстэй ийм хэрэг хийдэг гэсэн ойлголтоор намайг хилсдүүлж байна гэж бодож байна” гэв.

  1. 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Айс Оптикал” хараа зүйн төвийн гадна автомашины зогсоолд байсан хохирогч У.Бын эзэмшлийн 03-43 БНА улсын дугаартай Хьюндай Истана маркийн тээврийн хэрэгслийн цонхыг онгойлгон 11 ширхэг хос годон гутлыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч У.Бд 8.296.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10000 нэрийн барааны дэлгүүрийн зүүн талд байдаг “Айс Оптикал” хараа зүйн газрын урд өөрийн 03-43 БНА улсын дугаартай “Хьюндай Истана” маркийн тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулж тавиад, дэлгүүр хэсэж байгаад ойролцоогоор 12 цаг 15 минутын орчим машин дээрээ ирэхэд машины баруун талын хаалганы цонх онгорхой байхаар нь очоод шалгахад машин дотор байсан тортой годон гуталнууд байхгүй байсан. Миний машинаас 11 хос годон гутал алдагдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 142 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 120-122 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 01/162 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь АДИС-Папилон санд MN000120004549, MN00052000364, MN000710005659, MN005210007437, MN000710007937, MN000210006021, MN000610003421, MN000110017637, MN000710006796 дугааруудаар Ж овогтой Жалбуу, Жамбуу овогтой Ж, Баттөмөр овогтой Ж, Баттөмөр овогтой Батжаргал гэх нэрсээр бүртгэгдсэн нэг хүний зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна.
  3. Шинжилгээнд тэнцэх гарын мөр нь гарын хээний нэгдсэн бүртгэлтэй байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газруудаас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэх дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 148-163 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №БГ1-21-99 дугаартай “...11 хос годон гутал-8.296.200 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 165 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  1. Шүүгдэгч Ж.Ж нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-86б тоотын гадаа байсан хохирогч Б.Гийн эзэмшлийн 74-64 УБН улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуугаар цохин хагалж, уг тээврийн хэрэгсэлд нэвтрэн орж 5 ширхэг хайрцагтай цагаан идээ болох өрөм, бяслаг зэргийг хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Б.Гт 1.177.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 18-ны орой 01:00 цагийн үед төмөр замын вокзал дээр очоод тээшнээс 9 ширхэг хайрцагтай цагаан идээ аваад Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамжинд гэртээ ирээд машинаас 4 хайрцагтайг нь гэртээ оруулаад үлдсэн 5 хайрцагтай болон задгай 3 ширхэг бяслаг, 2 ширхэг өрмийг машиндаа үлдээгээд гэртээ орж амарсан. Тэгээд өглөө 07 цаг 30 минутын үед гарч ирээд машинаа асаах гэтэл машины цонх хагарсан байдалтай, хайрцагтай цагаан идээ, задгай байсан өрөм, бяслаг байхгүй болсон байсан. ...Хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 23 дугаар хуудас, 2 дугаар хавтас 185 дугаар хуудас/,

Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг 35 минутын үед ажил дээрээ ирээд лангуугаа нээж байхад нэг эрэгтэй хүн ирээд өрөм, бяслаг авах уу гэж асуухаар нь хаанаас явж байгаа юм гэхэд Алтанбулаг гэж хэлсэн. Тэгээд хэд гэж байгаа юм гэхэд 5.000 гэж хэлсэн. Тэгээд би үзье гээд эргэж гараад 2 савтай өрөм барьж ирээд үзүүлсэн. Бяслаг бас байгаа гэхээр нь үзье гээд цуг гарч үзээд өрөм, бяслаг нь хөлдсөн жоохон тиймэрхүү байхаар нь би гарал үүслийг нь асуухад байхгүй гэхээр нь за за больё гээд буцаад орсон. Тэр тээврийн хэрэгсэл Тоёота Приүс-20 загварын хөх өнгөтэй байсан. Дугаарыг нь бол сайн хараагүй, 80-н хэдтэй эхэлж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 35 дугаар хуудас/,

Гэрч Ю.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах Ж намайг ажилтай байх үед миний 81-84 УБЭ улсын дугаартай Приүс маркийн автомашиныг унадаг байсан. Тэгээд ээж бид хоёр лагер дээр лагераа янзалж байхад ах Ж хашаанаас ирээд унаж явсан байсан. Лагераас гэрт ирэхэд машин байхгүй байхаар нь ах руу залгахад ах аваад явсан гэж байсан. Ах хааяа унаж явдаг болохоор нь гэртээ түлхүүрээ өлгөөд явчихдаг байсан ба хашааны хаалга хаагаад цоожилсон байхаар нь мэдэж залгасан. Ер нь манай гэр бүлийн машин, Ж ах унаж, хэрэглэдэг тэрийг нь манай зүгээс зөвшөөрдөг...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 101 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Я.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Юра овогтой Д 81-84 УБЭ улсын дугаартай автомашин барьцаалж 2.200.000 төгрөгийн зээл авсан. ...Одоо 1.234.472 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 104 дүгээр хуудас/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 4-8 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №ТХҮ-921/157 дугаартай “.... цагаан идээ нийт 1.107.400 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 28 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...надтай уулзсан хүн “2” дугаартай хүн байна гэж Ж овогтой Жы зургийг заав...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 36-44 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамжны хяналтын камерын бичлэгт хар малгайтай, хар куртиктэй эрэгтэй машины хаалгыг татаж үзээд явж байгааг, ...Гандангийн зүүн урд байрлах шашны эд зүйл худалдан борлуулдаг дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт хөх өнгийн Приүс-20 загварын тээврийн хэрэгсэл хэрэг гарах цаг үед явж байгааг, ...Амгалан зах дээр цагаан идээ худалдан борлуулахаар орж байгаа хар малгайтай, хар хөх өнгийн куртиктэй, хар өмд, хар гуталтай, цэнхэр масктай зүүн гартаа савтай зүйл барьсан байгааг, ...Амгалан захын гадаа хөх өнгийн Приүс-20 загварын тээврийн хэрэгсэл 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 40 минутад зогсоол руу ороод, машины ард хоёр залуу зогсож байгааг харуулав..." гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 45-48 дугаар хуудас/,

“Кости Эстимейт” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №21/79 дугаартай “Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл 8.600.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ /хэргийн 1 дүгээр хавтас 69 дүгээр хуудас/,

“Бичил Глобус Финанс” ББСБ болон Ю.Д нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 95-98 дугаар хуудас/,

“Бичил Глобус Финанс” ББСБ-ийн зээлийн дансны хуулга болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 1 дүгээр хавтас 105-107 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн ТХҮ-921/2171 дугаартай шинжээчийн “...Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийн хаалганы шил-70.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 181-183 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  1. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин трейдинг” ХХК-ийн “Номин фейшн” дэлгүүрийн “Терранова” нэртэй хувцасны тасгаас 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 878.400 төгрөгийн үнэ бүхий 16 ширхэг өмд, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 378.100 төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг богино ханцуйтай цамцыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.256.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн байранд байрлах Терранова дэлгүүрээс 2021 оны 4 дүгээр сарын 07-нд богино ханцуйтай цамц хулгайлж байсан хүнээс барьсан хувцаснуудаа авсан. Өмнө нь өмд хулгайлж авсан байсан, уг хэргийг цагдаад бариулсан гэж хэлсэн. Манай байгууллагын зүгээр одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Өмнө авсан зүйлийн хохирол мөнгөө авсан, сүүлд авсан байсан цамцыг нь тухайн үед нь авсан байсан.  Цаашид  Терранова дэлгүүрийн худалдааны зөвлөх Тыг энэ хэрэгт оролцуулна...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 13 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа хийж байхад манай дэлгүүрээс 19 ширхэг богино ханцуйтай цамц үл таних 50 орчим насны эрэгтэй авч гарч байгааг барьж уг 19 ширхэг богино ханцуйтай цамцыг буцаан авсан. Тэгэхэд тэр эрэгтэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би танай дэлгүүрээс өмд хулгайлж авсан гэдгээ хэлсэн. Тэгээд шалгаж үзэхэд 16 ширхэг даавуун ногоон өмдийг уг настай ах хулгайлан авсан байсан тул цагдаад өргөдөл гаргасан. Тэгэхэд уг ах манай дэлгүүрээс хулгайлсан өмдийг мөнгөн дүнгээр барагдуулсан. ...Манай байгууллагад одоо ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 17-18 дугаар хуудас/,

“Кости Эстимейт” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №21/79 дугаартай “Терранова брендийн эмэгтэй өмд 16 ширхэг - 878.400 төгрөг,  Терранова брендийн богино цамц 19 ширхэг – 378.100 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ /хэргийн 2 дугаар хавтас 26 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан “...Ж.Жаас богино цамц 19 ширхгийг хураан авав” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 30, 32 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...богино цагаан өнгөтэй цамц 19 ширхэг, ...750.000 төгрөгийг Ү.Тд тус тус хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 31, 33 дугаар хуудас/,

Мөнгө түр хүлээн авсан “...Ж.Жаас 750.000 төгрөг хүлээн авав” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 32 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...хар өнгийн саравчтай малгайтай, шаргал гадуур хувцастай, дотуураа саарал өнгийн цамцтай, амандаа маск зүүсэн, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй эрэгтэй баруун гартаа хувцаснууд барьсан явж байхад нь араас нь хар хослолтой эмэгтэй гүйж очиж барьж байгаа, ...хар эрээн куртик, саарал цамц, саарал өмдтэй бор өнгийн гуталтай эрэгтэй хүн гартаа олон тооны хувцас барьсан байдалтай гарч ирж ертөнцийн зүгээр зүүн зүг рүү эргэж харан алхаж байгаа бичигдсэн байв” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 37-38 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  1. 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байсан хохирогч Х.Тийн эзэмшлийн 58-63 УБР улсын дугаартай “Тоёота Приүс-41” маркийн тээврийн хэрэгслийн “Вох” болох ачааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Х.Төд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Х.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 52 дугаар байрны зүүн талд байрлах зогсоол дээр өөрийн эзэмшлийн 58-63 УБР улсын дугаартай саарал өнгийн “Приүс-41” маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавьсан. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн орчим гарч ирэхэд миний машины дээд талын ачааны хэсэг байхгүй болсон байсан. Камер шалгаж үзэхэд ногоон эрээн хувцастай нэг эрэгтэй 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цаг 50 минутын орчим аваад явж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 209-210 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...18 цаг 52 минут 37 секундэд ногоон эрээн өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай, урт түрийтэй хар гуталтай, бараан өнгийн өмдтэй 40-45 насны эрэгтэй хэрэг үйлдэл гарсан газрын тээврийн хэрэгслийн хажууд ирж зогсож байгааг, ...18 цаг 56 минут 52 секундэд тээврийн хэрэгслийн дээр байсан хар өнгийн хайрцаг ачааг аваад явж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 226-229 дүгээр хуудас/,

  “Дамно” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №БГ1-21-100 дугаартай “...автомашины ачаа /Вох/ - 500.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 232 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 49 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 50 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 2 дугаар хавтас 53-81, 188-192 дугаар хуудас/, нийгмийн халамжийн дэвтэр /хэргийн 2 дугаар хуудас 130-131 дүгээр хуудас/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт /хэргийн 2 дугаар хавтас 132 дугаар хуудас/, хянан магадлангийн шүүгчийн захирамж /хэргийн 2 дугаар хавтас 193-194 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 64-71 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Ж.Ж нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Айс Оптикал” хараа зүйн төвийн гадна автомашины зогсоолд байсан хохирогч У.Бын эзэмшлийн 03-43 БНА улсын дугаартай “Хьюндай Истана” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг онгойлгон 11 ширхэг хос годон гутлыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч У.Бд 8.296.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-86б тоотын гадаа байсан хохирогч Б.Гийн эзэмшлийн 74-64 УБН улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуугаар цохин хагалж, уг тээврийн хэрэгсэлд нэвтрэн орж 5 ширхэг хайрцагтай цагаан идээ болох өрөм, бяслаг зэргийг хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Б.Гт 1.177.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин трейдинг” ХХК-ийн “Номин фейшн” дэлгүүрийн “Терранова” нэртэй хувцасны тасгаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 878.400 төгрөгийн үнэ бүхий 16 ширхэг өмд, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 378.100 төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг богино ханцуйтай цамцыг тус тус авч бусдад нийт 1.256.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр байсан хохирогч Х.Тийн эзэмшлийн 58-63 УБР улсын дугаартай “Тоёота Приүс-41” маркийн тээврийн хэрэгслийн “Вох” болох ачааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Х.Төд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.  

“Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, ...үйлдвэрлэлийн эд хөрөнгө агуулах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж /тээшний хэсэг/ зэргийг хамруулан ойлгохоор бол Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгоно.  

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарах ба “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “...хохирогч У.Бд хохирол учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч У.Бд хохирол учруулсан үйлдлийг үгүйсгэн няцаасан буюу шүүгдэгч Ж.Ж үйлдээгүй гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Харин хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 01/162 дугаартай “хэргийн газар болох 03-43 БНА улсын дугаартай автомашины онгорхой байсан гэх цонхноос авсан гарын мөр нь ...Жамбуу овогтой Ж гэх нэрсээр бүртгэгдсэн нэг хүний гарын алгаар үүсгэгдсэн байна” гэх дүгнэлтээр /хэргийн 1 дүгээр хавтас 148-163 дугаар хуудас/ шүүгдэгч Ж.Ж нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч, гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй /худал мэдүүлэг өгсөн бол хариуцлага хүлээлгэхээр заасан/ байдаг бол яллагдагч, шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй болохыг дурдах нь зүйтэй.

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.Ж нь дээрх үйлдлүүдийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

    Тиймээс шүүгдэгч Ж.Жыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирлын талаар:

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Гэмт хэргийн улмаас хохирогч “Номин трейдинг” ХХК-ийн Номин фейшн дэлгүүрт 1.256.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн /хэргийн 2 дугаар хавтас 31, 33 дугаар хуудас/,

Харин хохирогч Б.Гт 1.177.400 төгрөгийн хохирол, хор уршиг, хохирогч У.Бд 8.296.200 төгрөгийн хохирол, хохирогч Х.Төд 500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна. 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Жаас нийт 9.973.600 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гт 1.177.400 төгрөг, хохирогч У.Бд 8.296.200  төгрөг,  хохирогч Х.Төд 500.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “ ...учруулсан хохирлын заримыг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, байнга оршин суух хаягтай тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ж.Жы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй.

  Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.Жыг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж  үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Жы 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Жы хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй /хэргийн 2 дугаар хавтас 194 дүгээр хуудас/, байнга оршин суух хаягтай /хэргийн 2 дугаар хавтас 49 дүгээр хуудас/, хохирол төлбөрийн заримыг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Жд оногдуулсан 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас түүний цагдан хоригдсон 94 хоногийг хасаж, эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 26 хоногийг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Харин шүүгдэгч Ж.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Жыг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Жыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жы 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд оногдуулсан 3 жил 8 сар 26 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Жаас 9.973.600 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гт 1.177.400 төгрөг, хохирогч У.Бд 8.296.200 төгрөг, хохирогч Х.Төд 500.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ЗОЛБОО