Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 56

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Э.Амарбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Малчин овогт Эрдэнэбатын Амарбаатарт холбогдох 201616000120 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Э.Амарбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3-5 тоотод иргэн Т.Отгондөлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж 2 литрийн шилэн сав авч Т.Отгондөл рүү шидсэн нь иргэн А.Ишгээгийн нүүрэн тус газар нь онож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Э.Амарбаатарын мэдүүлсэн: “...Би 2016 оны 09 дүгээр сараас эхлээд Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн насанд хүрэгчдийн гагнуурын ангид сурсан. Суралцах хугацаандаа коллежийн дотуур байранд амьдарч байсан бөгөөд 2016 оны З дугаар сарын 21-ний өдөр манай ангийн ах Хадбаатар манай ангийн байранд байдаг Баярсайхан, Оюу, Отгондөл бид хэдийг гэртээ ир гээд өөрөө байрны гадаа ирж авсан. Тэгээд гэрт нь очиход Хадбаатар ахын охин Ишгээ мах чанаж өгөөд хоолоор дайлсан. Тэгсэн Хадаа ах чацарганаар хийсэн брашик гаргаж өгсөн. Тэгээд удалгүй 1 шил архи гаргаж өгсөн, тэгээд тэр архийг бид хэд уусан, тэгээд юм яриад архиа нилээд удаан уусан. Тэгээд архи дуусахад Баярсайхан архи авахаар болоод Хадаа ахын охин Ишгээгийн хамтаар явсан. Тэгээд би Отгондөлтэй юм яриад Хадаа ах Оюу хоёр юм яриад сууж байсан. Тэгсэн Отгондөл ангилиар Оюутай юм яриад байсан над руу нэг хараад юм яриад байсан. Тэгэхээр нь би Отгондөлийг монголоор яриач гэж хэлсэн. Тэгсэн Отгондөл онгод орж байна гээд янз бусын юм яриад байсан. Тэгээд би Отгондөлийг чиний бөө гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн Отгондөл өөрийн гутлаа өмсөөд миний 2 гутлыг аваад гарсан. Тэгэхээр нь би гутал тавиач гээд араас нь босоод газар дээр байсан брашикны шил аваад араас нь шидсэн чинь Хадаа ахын охин Ишгээ орж ирж таараад санамсаргүй цохисон. Тэгсэн шил хагараад бутарсан. Тэгээд Оюу Ишгээг тэврээд цусыг нь тогтоох гэж үзсэн болохгүй байсан, тэгээд эмнэлэг рүү тэр хэд Ишгээг аваад явсан ийм зүйл болсон. ... Ишгээг шилээр цохиж гэмтээх санаа байгаагүй, Отгондөлийг айлгах гээд шилэн сав шидэхэд Ишгээ орж ирж таараад оногдсон асуудал болсон өөр бусдаар Ишгээг цохих санаа байгаагүй. ... 660.000 /зургаан зуун жаран мянган төгрөг/ төлсөн байгаа үлдсэн мөнгийг нь 5 сарын дотор төлөхөөр гэрээ хийсэн байгаа энэ асуудлаас салвал ажил хийж мөнгө олоод учруурлсан хохирлоо төлнө.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Амарбаатар мэдүүлэхдээ: “...Би буруугаа ойлгож байгаа, гэмшиж байна, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулах болно.” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд насанд хүрээгүй хохирогч А.Ишгээгийн мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 21-ний орой гэртээ байж байхад манай аавын Политехникийн коллежийн ангийн 4 хүн ирсэн. Тэгээд би хоол хийж өгөөд байж байхад аав 1 шил 0.75 граммын Ерөөл архи авдарнаасаа гаргаж өгсөн. Тэр архийг тэр хэд аавтай нийлээд ууцгаасан. Тэгээд аав нэг ахтай хамт эмнэлэг явсан. Тэр хооронд нь Амарбаатар болон Дөлөө нэг эмэгтэй нар гэрийн караокед дуулцгаагаад, юм яриад суужгааж байсан. Тэгж байхад аав нөгөө ахын хамтаар ирсэн. Тэгээд архи нь дууссан чинь аавтай эмнэлэг цуг явдаг ах намайг дэлгүүр хамт яваад ирье гээд бид хоёр гараад Замбаалай дэлгүүр ороод би гадаа нь байж байхад нөгөө ах ороод нэг шил архи аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр буцаж яваад би түрүүлээд гэрийн хаалгаар орж ирэхэд манай гэрт брашик хийдэг 2 литрийн шилэн саваар Амарбаатар намайг цохиж унагаасан. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлгийн үүдэнд ирчихсэн байж байсан. Тэгээд эмнэлэг рүү ороод нүүрэндээ 13 оёдол тавиулчихаад гэртээ хариад унтсан. Маргааш нь эмнэлэгт очиж хэвтсэн. ...Амарбаатар найзтайгаа муудалцаад найзруугаа шидэхэд нь оногдсон юм шиг байн лээ. ...Нүүрэндээ 13 оёдол тавиулсан нүдний аяганы яс цуурсан, толгой хөдөлсөн, зүрхэнд хий хурсан, мөн татаж унадаг болсон байсан. ...Амарбаатар тухайн үед согтуу байсан. ...Нүүрэндээ эмчилгээ хийлгэж хэвийн байдалдаа ормоор байна, эмчилгээний зардлууд болон гарсан бүх зардлаа нэхэмжилж байна”,

Анх 03 дугаар сарын 22-нд эмнэлэгт хэвтсэн, эмнэлэгт 8 хоног хэвтээд дараа нь 5 хоног Аюурзана гэх бариачид толгойгоо бариулсан. Мөн 20 хоног шархаа цэвэрлүүлж боолт хийлгэсэн. Мөн дараа нь Улам-Өрнөх гэх эмчид 8 хоног бариулсан. Тэгээд Улаанбаатар хот яваад цаашаа Төв аймгийн Батсүмбэр суманд очиж бариа хийлгэж зүү тавиулсан, нийт 7 хоногийн эмчилгээ хийлгэсэн тэгээд ирж байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин Батсүмбэр суманд очиж бариу хийлгэж, зүү тавиулсан, 4 хоног эмчлүүлсэн. Буцаж ирээд Улаанбаатар хотод Тод каннам гэх гоо сайхны мэс заслын эмнэлэгт үзүүлсэн. Тэр эмнэлэг намайг гоо сайханы мэс засалд орох болоогүй байна, 4 сарын дараа ирж үзүүл гэж хэлсэн. ... Эмнэлэгт хэвтсэн зардал 320000 /гурван зуун хорин мянган төгрөг/ энэ мөнгө төлөгдсөн, Аюурзана бариачид бариулсан 21.000 /хорин нэгэн мянган төгрөг/ төлөгдөөгүй, Улам-Өрнөх бариачид бариулсан 40,000 / дөчин мянган төгрөг/ төлөгдөөгүй, Батсүмбэр явж 7 хоног эмчилгээ хийлгэсэн ингэж явахдаа би газар мэдэхгүй тул аавтай хамт явсан. Ингэж явахад хоол унд, унаа тээвэр, эмчилгээний зардалд нийт 537,600 /таван зуун гучин долоон мянга зургаан зуун төгрөг/-ний зардал гарсан. Энэ төлөгдөөгүй, явахад Амарбаатар 130000 /зуун гучин мянган төгрөг/ өгсөн. Дахин Батсүмбэр явахад эмээтэй хамт явсан. Ингэж явахад нийт /484,000/ дөрвөн зуун наян дөрвөн мянган төгрөг/-ний зардал гарсан, энэ төлөгдөөгүй байгаа. Мөн ламд үзүүлж ном уншуулсан, мөн өвчин намдаах эм, лаа, тариа зэрэгт нийт 150000 /зуун тавин мянган төгрөг/-ний зардал гарсан. Ингээд нийт 1,576,600 /нэг сая таван зуун далан зургаа мянган зургаан зуун төгрөг/ болж байгаа юм энэ мөнгийг гаргачихаад байгаа юм. Тэгээд 4 сарын дараа “Тод каннам” эмнэлэг үзүүлж гоо сайханы мэс засалд ороход эмчилгээний зардал 2,500,000 /хоёр сая таван зуун мянган төгрөг/ болно гэсэн. Мөн тэр үед гарах зардал нь 923400 /есөн зуун хорин гурван мянга дөрвөн зуун мянган төгрөг/ болж байгаа юм. Ингээд нийт 5,660,000/ таван сая зургаан зуун жаран мянган төгрөг/ болж байгаа юм. Үүнээс Амарбаатар 660,000 /зургаан зуун жаран мянган төгрөг/-ийг нь төлсөн одоо 5,000,000 /таван сая төгрөг/ төлөгдөөгүй байгаа юм. Энэ мөнгөө Амарбаатар 5 сарын хугацаанд төлж дуусгана гээд Ноториатаар баталгаажуулсан байгаа” гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Э.Оюугийн мэдүүлсэн: “...Би Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн насанд хүрэгчдийн ангид нөхрийн хамтаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сурсан юм. Манай ангид Хадбаатар гэх ах байдаг байсан. Тэр ах дотуур байранд байдаг, бид хэдийг гэртээ аваачина гэдэг байсан. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ир гэсэн. Тэгээд бид хэдийг байрнаас ирж авсан. Тэгээд би нөхөр Баярсайхан, Амарбаатар, Отгондөл нарын хамтаар гэрт нь очсон. Тэгээд гэрт нь очиход Хадаа ахын охин хоол унд хийж өгсөн. Тэгээд байж байхад Хадаа ах нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд тэр архиа ууцгаасан. Мөн гэрт нь байсан брашик хийж өгөөд ууцгаасан. Тэгээд тэр архи дууссан, тэгж байгаад би 00 орчихоод ирэхэд манай нөхөр Хадаа ахын охинтой хамт дэлгүүр лүү явсан байсан. Тэгээд би гэрт орж ирээд Хадаа ахтай юм яриад сууж байхад Амарбаатар, Отгондөл нар муудаад байх шиг байсан. Тэгээд би тэр хоёрыг анзаараагүй. Тэгж байхад Отгондөл гараад явсан, тэр үед Амарбаатар гэрийн зүүн талд л зогсож байх шиг байсан. Тэгээд би Хадаа ахтай юм яриж байхад чанга чимээ гарсан. Тэгээд харсан чинь Хадаа ахын охин газар уначихсан байсан. Тэгээд би сандраад гүйж очиход нүүр толгой хэсгээс нь цус гарчихсан байсан. Би тэгээд цусыг нь тогтоох гэж оролдсон. Тэр үед Баярсайхан, Отгондөл нар орж ирсэн. Тэгээд бид хэд Хадаа ахын охиныг аваад эмнэлэг явж эмнэлэгт хүргэн өгсөн ийм зүйл болсон. ...Амарбаатар Отгондөлийг цохих гэж байсан байх, тэгсэн тэр охин орж ирж таараад цохиулсан байх, Амарбаатар санаатай цохиогүй байх. ...Тухайн үед Амарбаатар нилээд согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.Баярсайханы мэдүүлсэн: “...Хадбаатар ах...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ир гэсэн. Тэгээд бид хэдийг байрнаас ирж авсан. Тэгээд би эхнэр Оюу, Амарбаатар, Отгондөл нарын хамтаар гэрт нь очсон. Тэгээд гэрт нь очиход Хадаа ахын охин хоол унд хийж өгсөн. Тэгээд байж байхад Хадаа ах нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд тэр архиа ууцгаасан, мөн гэрт нь байсан брашикийг мөн уусан. Тэгээд архи дууссан, тэгээд бид хэд дахин архи авах уу гэж яриж байгаад архи авахаар болоод би Хадаа ахын охин Ишгээг дагуулаад дэлгүүр явсан. Тэгээд дэлгүүр ороод би нэг шил архи аваад буцаж хашаанд нь ороод би архиа бариад 00 ороод бие засаад зогсож байхад гэрт хашиграх чимээ гарсан. Тэгээд орилолдоод унасан. Тэгэхээр нь би гүйгээд очсон, тэгсэн чинь манай эхнэр Ишгээгийн толгойг өвөр дээрээ тавиад сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуугаад би 103 руу залгасан, тэгсэн их юм асуугаад байхаар нь шууд аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд Ишгээг эмнэлэгт үлдээгээд явсан. Тэгээд буцаад гэрт очиход Цагдаа ирсэн байсан, Тэгээд цагдаа руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Хадбаатарын мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Политехник коллежийн насанд хүрэгчдийн 1 жилийн ангийн манай ангийн байранд байдаг хүүхдүүд буюу Амарбаатар, Отгондөл, Оюу, Баярсайхан нарийг би машинтай очиж авсан. Тэгээд гэрт ирэхэд манай охин Ишгээ мах чанаад хоол хийгээд байж байсан. Тэгээд би 3 литр чацарганаар исгэсэн брашик гаргаж тэр хэдийг дайлж байгаад нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд тэр архийг Баярсайхан, Амарбаатар, Оюу бид хэд хувааж уусан, Отгондөл бол уугаагүй байх. Тэгээд архи уугаад дууссан, тэгж байхад Баярсайхан архи авахаар болсон байх манай охин Ишгээг дагуулаад дэлгүүр явна гээд гарсан. Тэр хооронд Отгондөл, Амарбаатар нар нэг нэгэнтэйгээ егөөдөөд л байх шиг байсан. Би Оюутай юм яриад нэг их анзаараагүй сууж байсан. Тэгсэн Амарбаатар гэрийн зүүн талд брашикны сав бариад сууж л байгаа харагдаж байсан, нэг мэдэхэд тас няс буугаад чимээ гарсан. Тэгээд харахад манай охин цусандаа хутгалдаад унасныг Оюу тэврээд авсан. Тэгээд шууд эмнэлэг аваад явсан ийм зүйл болсон. ...Отгондөлтэй маргаж байгаад андуураад л цохиж авсан юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Т.Отгондөлийн мэдүүлсэн: “...Би тухайн үед Амарбаатартай хэрэлдэж маргалдсанаа санахгүй байна. Архи уудаггүй болохоор жаахан брашик уугаад тасарчихсан байсан. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

-  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанзулын Цагадаагий газарт гаргасан өргөдөл /хх-ийн 03 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны дугаар №277 тоот

1. А.Ишгээгийн биед нүүрний зүсэгдсэн шарх, тархины доргилт, зүүн хацрын цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Нүүрний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, тархины доргилт, хацрын цууралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/

-  Э.Амарбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа хуулбар /хх-ийн 29-30 дугаар хуудас/

-  Төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 43 дугаар хуудас/

-  Хохирол төлбөрийн тухай баримт /хх-ийн 44-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Э.Амарбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3-5 тоотод иргэн Т.Отгондөлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж 2 литрийн шилэн сав авч Т.Отгондөл рүү шидсэн нь иргэн А.Ишгээгийн нүүрэн тус газар нь онож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь: насанд хүрээгүй хохирогч А.Ишгээгийн мэдүүлсэн: “...гэрийн хаалгаар орж ирэхэд манай гэрт брашик хийдэг 2 литрийн шилэн саваар Амарбаатар намайг цохиж унагаасан. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлгийн үүдэнд ирчихсэн байж байсан. Тэгээд эмнэлэг рүү ороод нүүрэндээ 13 оёдол тавиулчихаад гэртээ хариад унтсан. Маргааш нь эмнэлэгт очиж хэвтсэн. ...Амарбаатар найзтайгаа муудалцаад найз руугаа шидэхэд нь оногдсон юм шиг байн лээ. ...Нүүрэндээ 13 оёдол тавиулсан нүдний аяганы яс цуурсан, толгой хөдөлсөн, зүрхэнд хий хурсан, мөн татаж унадаг болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Э.Оюугийн мэдүүлсэн: “...би сандраад гүйж очиход нүүр толгой хэсгээс нь цус гарчихсан байсан. Би тэгээд цусыг нь тогтоох гэж оролдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Д.Баярсайханы мэдүүлсэн: “...гэрт хашгирах чимээ гарсан. Тэгээд орилолдоод унасан. Тэгэхээр нь би гүйгээд очсон, тэгсэн чинь манай эхнэр Ишгээгийн толгойг өвөр дээрээ тавиад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Б.Хадбаатарын мэдүүлсэн: “...Амарбаатар гэрийн зүүн талд брашикны сав бариад сууж л байгаа харагдаж байсан, нэг мэдэхэд тас няс буугаад чимээ гарсан. Тэгээд харахад манай охин цусандаа хутгалдаад унасныг Оюу тэврээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, шүүх шинжилгээний албаны 277 дугаар: 1. А.Ишгээгийн биед нүүрний зүсэгдсэн шарх, тархины доргилт, зүүн хацрын цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Нүүрний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, тархины доргилт, хацрын цууралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Э.Амарбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Амарбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Э.Амарбаатар анх удаа хөнгөн гэм хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч Э.Амарбаатарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар  баривчлах ял шийтгэл оногдууллаа.

Насанд хүрээгүй хохирогч А.Ишгээ гэмт хэргийн улмаас  учирсан хохирол 5660000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Э.Амарбаатар 660000 төгрөг төлж барагдуулсан, эмчилгээний зардалд 5000000 төгрөг төлөхөөр харилцан тохирч төлбөр барагдуулах тухай гэрээг хохирогч А.Ишгээ, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанзултай шүүгдэгч Э.Амарбаатар байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар эмчилгээний зардалд нэхэмжилсэн 5000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Амарбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.