Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1767

 

Ц.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01319 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Сарантуяа,

Хариуцагч Д.Батдэлгэрт холбогдох,

 

Зээлийн төлбөрт 38 950 000 төгрөг, ажлын хөлсөнд 3 895 000 төгрөг, нийт 42 845 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Сарантуяагаас Д.Батдэлгэр  удаа дараа мөнгө зээлдэг байсан ба хамгийн сүүлд 45 000 000 төгрөг зээлэхдээ 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай зээлийн гэрээ хийсэн. Зээл авснаасаа хойш 6 050 000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Гэрээ хийхдээ ямар нэгэн хүү, алданги тооцоогүй. Одоо зээлийн төлбөрт 38 950 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 895 000 төгрөг, нийт 42 845 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Өмнөх зээлийн төлөлтөнд ямар нэгэн маргаан байхгүй. Хариуцагч би 45 000 000 төгрөг зээлээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргах боловч 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 3 удаагийн гүйлгээгээр 6 050 000 төгрөгийг Ц.Сарантуяагийн данс руу шилжүүлсэн нь энэ гэрээг хүээн зөвшөөрч зээлээ төлж байгаа явдал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ц.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Батдэлгэр Ц.Сарантуяагаас 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг мөнгийг 4 сарын дотор төлж дуусгасан. Зээлийг төлж дуусгасны дараа Ц.Сарантуяа нь надад 20 000 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн бөгөөд энэ мөнгийг мөн хүүгийн хамт 2014 оны 02 дугаар сар гэхэд нийт 36 300 000 төгрөг төлж дууссан. 2014 оны 02 дугаар сард мөн 12 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд энэ мөнгийг цувуулан бас төлсөн. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 45 000 000 төгрөг зээлэхээр Ц.Сарантуяатай гэрээ байгуулсан боловч энэ мөнгийг өгөөгүй.

Зээлийн гэрээ гэж бичүүлсэн боловч надад тэр талаар баримт өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч 45 000 000 төгрөгийг зээлсэн болох нь төлбөр төлсөн баримтаар нотлогдож байгаа гэж маргаж, зээлийн гэрээний нэг хувийг гаргаж өгч мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ 45 000 000 төгрөгийг өгсөн, авсан гэдэг баримт байхгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт байдаг, Ц.Сарантуяа ямар эх үүсвэрээс мөнгө гаргаж хариуцагчид өгсөн нь тодорхойгүй байгаа зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Батдэлгэрээс 42 845 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 180 улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Сарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс урьд нь мөнгө зээлэхдээ дандаа данснаас нь шилжүүлэн авдаг байсан гэтэл энэ удаа бэлнээр өгсөн байдаг нь итгэл үнэмшилгүй гэж тайлбарласныг шүүх анхааран үзсэн тал ажиглагддаг. Гэтэл Д.Батдэлгэр нь мөнгө шилжүүлье гэхээр “...банкинд өртэй байгаа замаас нь авчихна бэлнээр өгчих...” гэж гуйдаг байсны дагуу бэлнээр өгдөг байсан. Үүнийг Д.Батдэлгэрийн болон миний депозит дансны хуулганаас харагддаггүй бөгөөд Д.Батдэлгэрийн 15 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг авч байсан гэж хүлээн зөвшөөрсөн тайлбараас харагдана.

Шүүх шийдвэртээ Иргэний хуулйин 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээ байгуулаагүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулйин 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасан "...нэг баримт бичиг үйлдэн гарын үсэг зурна" гэсэнтэй зөрчилдсөн дүгнэлт гаргасан, мөнгө өгөөгүй гэдгийг шүүх ямар баримтаар нотолсон нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Мөн мөнгө эд зүйлийг шилжүүлээгүй байх тул гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн боловч гэрээ байгуулснаас хойш хариуцагч 6 550 000 төгрөг шилжүүлсэнд маргаагүй гээд дүгнэсэн гэрээг хүлээн зөвшөөрч өөрийн гараар бичиж, мөнгө гардаж аваагүй хүн зүгээр л 6.5 сая төгрөг хүнд шилжүүлээд өгсөнд дүгнэлт хийгээгүй. Мөн Д.Батдэлгэр шүүхийг төөрөлдүүлэхийн тулд надаас мөнгө зээлж байсан н.Солонго гэдэг хүний 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1 100 000 төгрөг, 6 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөгийг Ц.Сарантуяагийн данс руу шилжүүлснийг, Эрка гэх хүний 2016 оны 07 сарын 04-ний өдөр шилжүүлсэн 210 000 төгрөг зэргийг өөрийнхөө мөнгөнөөс хасаж, тооцоонд оруулж, шүүхийг санаатайгаар будлиулсан бөгөөд үүнийг тооцоонд оруулж үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаалгах хүсэлтэй давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

             Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь Д.Батдэлгэрээс 42 845 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа уг гэрээний дагуу 45 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн аваагүй гэж маргажээ.

Хариуцагч 45 000 000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй гэж маргасан тул нэхэмжлэгч мөнгийг хүлээлгэн өгснөө өөрөө нотлох шаардлагатай.

            Хэрэгт Цэгмэд овогтой Сарантуяагаас 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 45 000 000 төгрөгийг зээлсэн, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгана гэж бичиж Д.Батдэлгэр, Ц.Сарантуяа нар гарын үсэг зурсан зээлийн гэрээ /хх-4/ авагдсан боловч нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр н.Батдэлгэрийн ажил дээр түүний мөнгөний зээлийн тооцоо бичсэн дэвтрийг үндэслэн тооцоо хийж, одоо би чамд 45 сая төгрөгийн өглөгтэй байна. Үүнийгээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгана гэж өөрийн гараар бичиж, надаар гарын үсэг зуруулж, гэрээ маягаар нэг нэг хувийг хадгалсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна. /хх-1/

            Улмаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс гомдлын үндэслэлээ бичгээр тайлбарлахдаа 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 38 220 000 төгрөгийг бэлнээр өгсөн, 6 050 000 төгрөг нь өмнөх зээлийн үлдэгдэл байсан гэжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дээрх байдлаар зөрүүтэй тайлбарласнаас гадна  45 000 000 төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлэн өгснөө өөр бусад байдлаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Дээрх байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлоогүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн “бодит үнэнд нийцсэн” байх шаардлагыг хангаагүй, харилцан зөрүүтэй тайлбарыг зээлийн гэрээ байгуулж, мөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлснийг нотлох эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй, 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор шилжүүлсэн нь тогтоогдоогүй гэж үзнэ. 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн байна.

Мөн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, өмгөөллийн хөлсийг харилцан тохиролцож тогтоох нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоогүй, зайлшгүй гарах зардал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01319 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ