Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0333

 

“Г” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 115/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн гомдолтой, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 115/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...1/ Урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг хийхгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 3.2-т “54.3.2.хуульд тусгайлан заасан тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй” бол шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзана гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

Тодруулбал; Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6-д тусгагдсанаар дээд шатны улсын байцаагч нь “10.12.6 улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн /Хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрх/ 1-д “14.1 Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана” гэж заасан байна.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гомдлыг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.3.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.6, 14 дүгээр зүйлийг удирдлага болгож, урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлэхгүйгээр гомдлыг шууд хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.

2/ “Г” ХХК-ийн гаргасан зөрчилд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дугаартай шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу торгууль болон нөхөн төлбөрийг барагдуулахаар тусгасан байхад 2.3-д заалтыг бичээгүй гэж үндэслэсэн байна. 2.3-д заасан “зураг төслийн магадлалын татгалзсан дүгнэлт гарсан байхад олгосон барилгын ажлын зөвшөөрлөөр барилгын ажлыг эхлүүлсэн бол...” зөрчлийг нэхэмжлэгч үйлдээгүй тул уг заалтыг бичих үндэслэлгүй.

3/ Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “...дээрх тайлбаруудад үндэслэн хэргийг хянан үзвэл дараахь нөхцөл байдал тогтоогдож байна” гээд “...Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д “хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй” гэж тус тус заасан зөрчлүүдийг тухайн үед гаргасан болохыг үгүйсгэхээргүй байна” гэж үнэлжээ.

Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл /шударга ёсны зарчим/-ийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйл /шийтгэл оногдуулах үндэслэл/ 1-д “шийтгэлийн зорилго нь ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” мөн зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасантай зөрчилдөж байгаа төдийгүй хоорондоо уялдаагүй байна.

Мөн зөрчил үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэлийг бий болгож байна.

4/ Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 10000000 сая төгрөгийг “Г” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн байна. Энэ нь “Г” ХХК-иас өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байна. Дээрх үйл баримтыг шүүхийн шийдвэр гаргахдаа үнэлж үзээгүй байна.

5 /Шийтгэлийн хуудсанд тухайн зөрчлийн шинж буюу үйлдлийг заасан заалт болох Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг бичсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Зөрчлийн тухайн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдэгдсэн гэж үзэж байгаа тохиолдолд хуульд “...учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, ...хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж заасан ба энэ тохиолдолд хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлах шаардлагагүй. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг нь өөрөө “...хуульд заасан магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгээгүй...” гэсэн тусдаа бие даасан зөрчил юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудастаа “Г” ХХК-ийн гаргасан Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан зөрчлийн талаар бичиж хуулийн заалтыг тавьж шийтгэл оногдуулсан байдлаа тусгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Мөн шийтгэлийн хуудсанд оногдуулах шийтгэл, авах албадлагын арга хэмжээг бүрэн тусгасан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлаагүй гэж үзсэн нь ойх үндэслэлгүй байна.

6/ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь төрийн нэрийн өмнөөс төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулдаг, шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах эрхтэй үндсэн субьектүүдийн нэг нь болно.

“Г” ХХК-ийн ерөнхий инженер Б.Эрдэнэбат, ахлах инженер н.Уяа-Эрдэнэ нар нь Барилгын тухай хуулийн дагуу хариуцан бариулахаар томилогдсон албан тушаалтнууд нь төлөөлөн газар дээр байсан. “Г” ХХК нь газрыг дур мэдэн өөрчилж, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга байгууламж барьснаар төр хохирч байгаа бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зөрчлийг илрүүлж холбогдох шийтгэл оногдуулах нь улсын байцаагчийн үүрэг тул уг зөрчлийн хэрэгт хохирогч заавал байх шаардлагагүй гэж үзэж байна.

Барилгын тухай хууль зөрчсөнөөр шууд бусаар газарт хохирол учирна, энэ тохиолдолд хэн нэгэн иргэн, албан тушаалтныг хохирогчоор тогтоох нь өрөөсгөл юм. Мөн тухайн газар нь тухайн орон нутгийн өмч бөгөөд тухайн хохирол тооцсон мөнгө нь орон нутгийн төрийн санд ордог.

“Г” ХХК-ийн үйлдсэн зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ” заасны дагуу зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Дээрх үндэслэлүүдээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 115/ШШ2018/0006 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гомдлоор зөрчлийн хэргийг хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Отгонжаргал нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 11-07-039/01 дүгээр шийтгэлийн хуудсаар “Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2017 оны 640 дүгээр захирамжаар 0.2 га газрыг газын шатахуун түгээх станцын зориулалтаар “Г” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх компани Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчиж, ... барилгын зөвшөөрөл аваагүй, эзэмшүүлэхээр олгогдсон газрын байршил өөрчилж, дур мэдэн газар шорооны ажил хийж, барилгын ажлыг эхлүүлж зөрчил, дутагдал гаргасан тул холбогдох зөрчлийн талаарх мэдээллийг олж, Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан, барилгын ажлын зөвшөөрөл аваагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн 12.1 дэх зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, газрын хохирлын нөхөн төлбөрт 9,600,000 /есөн сая зургаан зуун мянган/ төгрөгийг барагдуулах арга хэмжээ”-г “Г” ХХК-д оногдуулжээ.

“Г” ХХК нь “...Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 онд автомашин хийгээр цэнэглэх станц барьж байгуулсан газартаа холбогдох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авсан ... цахилгаан техникийн нөхцөл, архитекур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлэх зөвшөөрөл зэргийг авсны дагуу улсын комисст хүлээлгэж өгснөөр үйл ажиллагаа явуулж байна ... холбогдох зөвшөөрөлгүй хууль бусаар бүтээн байгуулалт хийсэн зүйл биш...” гэсэн үндэслэлээр дээрх улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх “...хариуцагч нь зөрчлийг шалгаж тогтоогоогүй, зөрчилд холбогдогч “Г” ХХК-ийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн ажиллагаанд оролцох болон хэрэгжүүлэх эрх, үүргийг ноцтой зөрчсөн...” гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасны дагуу “Г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий улсын байцаагчийн 11-07-039/01 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэж заажээ.

Хэдийгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар “Г” ХХК нь зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “...тухайн газар дээр ... цэнэглэх станц барихад тохиромжгүй байсан тул байршлыг нь бага зэрэг өөрчилсөн нь үнэн. Учир нь ойролцоох орших зочид буудлын зам дээр газар олгогдсон бөгөөд шууд зочид буудлын замыг хаагаад хийхээр цэнэглэх станц барих боломжгүй” гэсэн тайлбар нь гомдол гаргагч “Г” ХХК-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилж, зөрчил гаргаснаа үгүйсгэхгүй байна.

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нээсэн 1719000049 дугаар бүхий Зөрчлийн хэрэгт авагдсан гэрч Л.Олзбаяр, Б.Болдбаатар, Д.Төмөрбаатар нарын мэдүүлэг, зөрчлийн газрын гэрэл зураг, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/542 дугаар албан бичиг зэргээр дээрх тайлбар нь нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 115/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “Г” ХХК-ийн “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-07-039/01 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Отгонжаргалын давж заалдах гомдолыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР