Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/850

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

улсын яллагч С.Цэрэндорж,

хохирогч Т.Э,

шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Чд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 902 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2021 оны  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгосон, А.Ч /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Ч нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэлх хугацаанд  Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ээж З.Тийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны *** тоотод байршилтай 39.15 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг хохирогч Т.Эт захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсан мэтээр ойлгуулан 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны *** тоот дансаар 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 15.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг буюу нийт 35.000.000 төгрөгийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ч мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

           Шүүгдэгч А.Ч нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэлх хугацаанд  ээж З.Тийн өмчлөлийн Ү-***дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны *** тоотод байршилтай 39.15 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсан мэтээр хохирогч Т.Эт ойлгуулан 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгийг лизингийн нөхцөлөөр худалдана” хэмээн хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны *** тоот дансаар 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг буюу нийт 35.000.000 төгрөгийг авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүкийн байрнуудын зар гэсэн групп дээр “хувь лизинг хийх байр байна уу” гэж зар тавьсан. Тэгтэл над руу нэг хүн чат бичээд “10 дугаар хороололд байдаг 80а байрны *** тоот 39.15м2 2 өрөө байрыг 70 сая төгрөгөөр зарна, хувь лизинг хийнэ гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнээс байрных нь бүх зураг бичлэгийг үзсэн. Байр зарна гэсэн хүн надад “35 сая төгрөгийг одоо өгөөд 1 жилийн дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 20 сая төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үлдсэн 15 сая төгрөгийг нь төлөөд авч болно” гэсэн. Тэгээд би болж байна худалдаж авъя гээд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ч гэх хүний хаан банкны *** дугаарын данс руу 15 сая төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Тухайн байранд Улаанбаатар хотод байдаг Зулаа гэх дүүгээ очоод Ч гэж байрны эзнээс түлхүүр аваад орж бай гэж хэлсэн ба Зулаа Ч гэж хүнтэй уулзаж түлхүүр аваад байранд орсон. Тэгтэл 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Зулааг байрныхаа обойг солих гээд байж байхад Ч гэх хүний ээж Т гэх хүн орж ирээд “би байраа зараагүй, байраа хүнд түрээслүүлнэ, одоо та нар гар” гэж хэлсэн. Ч надад энэ байр манай ээжийн нэр дээр байдаг би ээжтэй ярьсан, ээж надад энэ байрыг зарах итгэмжлэл хийж өгсөн гээд итгэмжлэлийн зураг үзүүлсэн. ...Манай ах Өвөрхангай аймагт авто ослоор нас барсан, би одоо хөдөө явах гэж байна, сар орчмын дараа хотод ирнэ тэгэхээрээ ээжтэй чамайг уулзуулъя, итгэмжлэл байгаа болохоор баталгаатай гэж хэлэхээр нь би итгээд мөнгө шилжүүлсэн. Ч надад 15.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 60-61, 64 дүгээр хуудас/,

         Гэрч З.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хүүдээ итгэмжлэл хийж өгөөгүй. Энэ байр миний нэр дээр байдаг. Тус байранд Ч амьдарч байгаад 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс амьдрахаа больсон. ...Би ийм гэрээ болон зөвшөөрөл хүү Чд хийж өгөөгүй, гарын үсэг нь миний гарын үсэг биш, миний гарын үсгийг хуурамчаар зурсан байна. Тухайн байрыг зарна гэж огт ярьж байгаагүй. Тамга нь манай компанийн тамга мөн, энэ хэргийг манай хүү хийхээсээ өмнө манай компани дээр надад тус болж ажиллаж байсан. Манай “ТГТГ” ХХК нь төсөлд орж байсан ба тухайн төсөлд орж байхад компанийн тамгыг хэд хэдэн зүйл дээр дарах шаардлагатай байсан тул 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Чд тамгаа өгөөд төслийн материалд дарах шаардлагатай газар нь дараарай гэж үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 71-72, 75-76 дугаар хуудас/,

         Гэрч Т.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг миний ойр орчмын хүмүүс Зулаа гэж дууддаг. 2021 оны 9 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна Э эгч над руу яриад “би хотод байр авч байгаа юм, чи очоод түлхүүр, бичиг баримтыг нь авчих” гэхээр нь би 10 дугаар хорооллын туслах замын хойно байрлах 80а байрны гадна очоод Э эгчийн өгсөн *** дугаарын утас руу залгахад нэг эрэгтэй хүн аваад хаягаа зааж өгөөд орж үзсэн. Тэр байр үзүүлсэн хүн надад энэ байрыг танай эгчид зарж байгаа, ор, шкаф хоёрыг солих ёстой. Би сольчихоод маргааш чамд түлхүүр, бичиг баримтыг нь аваачаад өгье гэсэн. Тэгээд маргааш нь тухайн байрны эзэн гэх залуу 1 ширхэг түлхүүр, байрны гэрчилгээний хуулбар болон худалдах худалдан авах гэрээ зэрэг бичиг баримтыг өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 88-89 дүгээр хуудас/,

         Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл /итгэмжлэл/ /хэргийн 12 дугаар хуудас/,

         Фейсбүүк чатаар харилцсан мэдээлэл /хэргийн 18-54 дүгээр хуудас/,

         Шүүгдэгч А.Чын хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 99 дүгээр хуудас/,

         Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 100-101 дүгээр хуудас/,

         Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 103-105 дугаар хуудас/,

         Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №БГ2-21-951 дугаартай “...Уг үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 70.327.721 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 107-117 дугаар хуудас/,

            Шүүгдэгч А.Чын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Фейсбүүкийн нэг зарын групп дээр “Эрка” гэсэн хаягтай хүн “35 сая төгрөгийн урьдчилгаа байна хувь лизинг хийх байр байна уу” гэсэн зар оруулсан байхаар нь би тэр хүн рүү чатаар Баянгол дүүргийн 5 дугаар хороонд 39м2 байр байна. Энэ байр манай ээжийн нэр дээр байдаг, би итгэмжлэлтэй гэж хэлээд байрны дотор талын зураг, бичлэг явуулсан чинь тухайн хүн “би одоо Завхан аймагт байна, хотод байгаа дүүгээ явуулаад байрыг чинь үзүүлье” гэсэн. Тэгээд тэр хүний дүү гэх эмэгтэй ирээд манай байрыг үзээд эгч рүүгээ яриад байсан. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байр үзсэн дүүд нь байрны үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар, ээж Таас Эийн нөхөр Нямдэмбэрэл гэх хүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, тухайн гэрээг нотариатаар ороогүй учир нь би тус гэрээг хуурамчаар хийсэн. Худалдах, худалдан авах гэрээг интернэтээс олоод нэрийг нь солиод гаргасан. Ээж Тийн иргэний үнэмлэхийн зураг надад байсан, тэр зургийг ажил дээр хэвлэж аваад гэрээнд хавсаргасан. Тус гэрээн дээр ээжийн нэрийг бичээд гарын үсгийг нь би өөрөө зурсан. Мөн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны *** тоот байрыг ээж Таас надад итгэмжлүүлсэн зарж болно гэсэн хуурамч итгэмжлэл хийгээд ээжийн төслийн материал шаардлагатай газар нь тамга дарж EBRD төслийн компани руу явуулаарай гэж тамгаа үлдээсэн байсныг итгэмжлэл дээр дараад гарын үсэг зурсан. Тус итгэмжлэл болон худалдах, худалдан авах гэрээг Эийн дүү гэх эмэгтэйд өгсөн. Тэгээд Этэй холбогдоод “эмэгтэй дүүд чинь бичиг баримтуудыг өгсөн, одоо мөнгөө өг” гэж хэлээд өөрийн *** тоот данс руу 15.000.000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийг Эээс авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 126-128 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 139 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 143 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 144 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 145-152 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 153 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 155-159 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  Шүүгдэгч А.Ч нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэлх хугацаанд  ээж З.Тийн өмчлөлийн Ү-***дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны *** тоотод байршилтай 39.15 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсан мэтээр хохирогч Т.Эт ойлгуулан 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгийг лизингийн нөхцөлөөр худалдана” хэмээн хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны *** тоот дансаар 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг буюу нийт 35.000.000 төгрөгийг авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, дансны дэлгэрэнгүй хуулга, эд хөрөнгийн улсын бүртгэлийн эрхийн лавлагаа, хамтран өмчлөгчийн зөвшөөрөл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “баримт бичиг ашиглаж” гэдэгт бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч баримт бичиг, эд зүйл, ...ашиглах зэргийг, “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах” гэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж өөрийгөө итгүүлэн, төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсныг тус тус ойлгоно.

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Ч нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

         Шүүгдэгч А.Ч болон түүний өмгөөлөгч Б.Манлайжав нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч А.Чыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

    Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эт 35.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 15.000.000 төгрөгийг төлсөн /хэргийн 64 дүгээр хуудас/, шүүхийн шатанд 20.000.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайжав “...нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

             Шүүгдэгч А.Чын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч А.Чыг “Хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч А.Чын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилтын хүрээнд шүүгдэгч А.Чд 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Чын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас 56 цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 594 цагаар тогтоож шийдвэрлэв.          

Шүүгдэгч А.Ч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Чыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чыг 650 /зургаан зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Чын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас 56 цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 594 /таван зуун ерэн дөрөв/ цагаар тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч А.Ч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Чд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО