Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/830

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч М.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Аид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, М.А /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч М.А нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фүүл” зочид буудалд байсан хохирогч Л.Лгийн эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй Ю-7” загварын гар утас, хохирогч Ч.Эгийн эзэмшлийн 430.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми-10 Икс” загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлан авсан,

Мөн 2021 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 6-101 тоотод хохирогч Ж.Бын эзэмшлийн “Самсунг А-51” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

  1. Шүүгдэгч М.А нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фүүл” зочид буудалд үйлчлүүлж байсан хохирогч Л.Лгийн эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй Ю-7” загварын гар утас, хохирогч Ч.Эгийн эзэмшлийн 430.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми-10 Икс” загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч Л.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 25-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, М2 гэх бааранд найз Эгийн хамт үйлчлүүлж байхад бид хоёрын сууж байсан ширээн дээр нэг үл таних 30 орчим насны, ойролцоогоор 175 см өндөртэй, хар өнгийн шар оруулгатай бэлтгэлийн хувцастай эрэгтэй ирээд хамт суусан. Тэгээд Ганболд гэх залуу ирээд бид гуравтай нийлээд М2 баарны хажуу талд “Фүүл” нэртэй буудлын 302 тоотод орж архи ууж байгаад Э бид хоёр унтаад өгсөн ба үл таних залуу Ганболд хоёр юм яриад суусан. Өглөө сэрэхэд Э бид хоёр өрөөнд байсан ба миний “Хуавей Ю-7”, Эгийн Рэдми маркийн гар утас байхгүй байсан. ...Ганболд, үл таних залуу хоёр 4 цагийн үед явсан байсан. Тэгээд Ганболдтой холбоо барихад тухайн үл таних залуу өөрийгөө та хоёрын дүү гэж танилцуулсан, ба явахдаа та хоёрын гар утсыг аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/,

         Хохирогч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М2 бааранд сууж байхад нэг үл таних залуу танай Хөвсгөлийн залуу байна гээд бид хоёрын сууж байсан ширээн дээр ирээд хамт суугаад юм ярьж байгаад баарнаас гараад хажууд нь байсан “Фүүл” зочид буудал руу орсон. Тэгээд хэсэг юм ярьж байгаад би түрүүлээд унтаад өгсөн. Өглөө босоод ирэхэд Л бид хоёрын утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч Ю.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын орчим байх, гар утас худалдааны төвийн худалдагч хийж байхад үл таних эрэгтэй хүн ирээд “Хуавей Ю-7” маркийн гар утсыг “бүх төрлийн сим уншдаг утсаар солих хэрэгтэй байна, зөрүү хийх үү” гэхээр нь би зөвшөөрөөд 220.000 төгрөгт тооцож авсан. Улмаар тухайн гар утсыг Төв аймагт байдаг хүнд 360.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүн цагдаагаас энэ зарсан гар утсыг чинь хулгайн утас гэж хэлээд байна гээд наймаагаа буцаасан. Баянгол дүүргийн цагдаагаас холбогдоод тухайн гар утсыг хураалгаж байна. Тус гар утсыг хулгайн гар утас гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

         “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №ТХҮ-921/147 дугаартай “...Редми 10х маркийн гар утас-430.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 38-41 дүгээр хуудас/,         

         “Кости-Эстимейт” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Хуавей Ю7 загварын гар утас – 450.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 42-44 дүгээр хуудас/,

         Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 2 дугаар сарын 25-ны орой 22 цаг 50 минутад ...хохирогч Л.Л, Ч.Э нар хар бараан өнгийн хоёр мөрөн дээрээ канттай цамцтай цайвар өнгийн өмдтэй үл таних залуутай хамт сууж байгааг харуулав...” гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/,

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “...3 дугаартай М овогтой А мөн байна...” гэх тэмдэглэл /хэргийн 54-58 дугаар хуудас/,

         Эд зүйл хураан авсан “...Ю.Гоос Хуавей Ю-7 маркийн хар өнгийн гар утсыг хураан авав...” гэх тэмдэглэл /хэргийн 74-75 дугаар хуудас/,

         Эд зүйл хүлээлгэн өгсөн “...хохирогч Л.Лд Хуавей Ю-7 маркийн гар утсыг хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хэргийн 76 дугаар хуудас/,

         Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...”Фүүл” зочид буудлын 302 тоот өрөөнөөс бааранд танилцсан үл таних 2 залуугийн гар утас болох “Хуавей Ю-7” маркийн хар өнгийн гар утас, “Редми 10 икс” маркийн 2 камертай цайвар хөх өнгийн 2 ширхэг гар утсыг хулгайлаад аваад гарсан. Тухайн гар утсаа Монтел дээр үл таних эмэгтэй хүнд 280.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 47-48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  1. Шүүгдэгч М.А нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 3 дугаар сарын 03-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 6-101 тоотод хохирогч Ж.Бын эзэмшлийн “Самсунг А-51” загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч аван бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед Приүс-20 маркийн автомашинд суусан. Уг машинд суухад урд суудал дээр жолоочоос гадна нэг залуу сууж байсан. 03 цагийн үед Гандангийн төв хаалганы урд очоод жолооч нь “би өөр ажилтай болчихлоо” гээд тэр залуу бид хоёрыг буулгаад явсан. Тэгж байтал тэр залуу утсаараа нэг яриулаач гээд миний гар утсыг аваад Гандангийн төв хаалганы баруун урд байрлах нэг айл руу яваад орохоор нь би дагаад ороход гэрт нэг хүн байсан. ...Хэсэг хугацааны дараа тэр залуу би түр гарчихаад ирье гэж хэлээд тэр чигтээ зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 97 дугаар хуудас/,

         Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед танил А үл таних бүсгүйтэй хамт гаднаас орж ирсэн. Тэр эмэгтэй цүнхэндээ нэг шил архитай орж ирсэн ба бид 3 уг архийг хувааж ууж байтал 02 цагийн үед А тэр эмэгтэйн гар утсыг утсаар чинь нэг ярьчихаад өгье гэж хэлж авч гараад зугтаад явчихсан. Удалгүй тэр эмэгтэй араас нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 102 дугаар хуудас/,

         “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №ТХҮ-921/95 дугаартай “...Самсунг А-51 маркийн гар утас-600.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 114-117 дугаар хуудас/,        

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “...2 дугаартай эрэгтэй мөн байна гэж М.Аийг заав...” гэх тэмдэглэл /хэргийн 127-135 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 145 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 146 дугаар хуудас/, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 148-149 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 152-164 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 166 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 173-176 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  Шүүгдэгч М.А нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фүүл” зочид буудалд байсан хохирогч Л.Лгийн эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй Ю-7” загварын гар утас, хохирогч Ч.Эгийн эзэмшлийн 430.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми-10 Икс” загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Мөн шүүгдэгч М.А нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 3 дугаар сарын 03-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 6-101 тоотод хохирогч Ж.Бын эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч аван бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

          Шүүгдэгч М.А болон түүний өмгөөлөгч М.Баттогтох нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч М.Аийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Эд 430.000 төгрөгийн хохирол, хохирогч Л.Лд 450.000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Бд 600.000 төгрөгийн хохирол иргэний нэхэмжлэгч Ю.Гт 220.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч М.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Лд хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч Ю.Гт 220.000 төгрөг, хохирогч Ч.Эд 250.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, бусад хохирол төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Аоос нийт 780.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Эд 180.000 төгрөг, хохирогч Ж.Бд 600.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баттогтох “...500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

             Шүүгдэгч М.Аийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Аийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 600 цагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.А нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Аийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 600 /зургаан зуу/ цагаар тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Аоос нийт 780.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Эд 180.000 төгрөг, хохирогч Ж.Бд 600.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО