Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/861

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч В.Ганболд,

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Босоо Цамхаг” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Адаацаг сум, 1 дүгээр баг, Тавин, Тавин 8 дугаар гудамж, 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 2-90 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Н /РД:ЗА97113012/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Тэргэл” төвийн хойд замд 2021 оны 8 дугаар сарын 08-ны  өдрийн 21 цаг 05 минутын үед Тоёота Приүс-20 маркийн 13-25 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын  хөдөлгөөний  дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Үүнд: мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3. ...гэрэл  асахгүй, бүдэг асдаг болсон,” , 6.2. “Дуут дохио ажиллахгүй болсон,” 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,”,  16.1. “явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон, гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Өыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “Би 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед манай дүү нэг таньдаг ахындаа хүргээд өг гээд хүргэж өгсөн. Тэнд очиход хүмүүс архи, пиво ууж байсан тэрнээс нь 4-н лааз пиво уусан. Тэр үед ээж залгаад “хүрч ир” гээд уурлаад байхаар нь машинаа бариад явж байсан чинь замын хажуугаас гэнэт хүн гарч ирээд торомз гишгээд амжаагүй мөргөсөн. Тэгээд бууж очоод тэр хүнийг босгох гэхэд босож чадахгүй байсан болохоор өөрийнхөө утсаар түргэн дуудаад хохирогчийг түргэн тусламжид хүлээлгэж өгсөн” гэв.

          Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Тэргэл” төвийн хойд замд 2021 оны 8 дугаар сарын 08-ны  өдрийн 21 цаг 05 минутын үед “Тоёота Приүс-20” маркийн 13-25 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын  хөдөлгөөний  дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Үүнд: мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3. ...гэрэл  асахгүй, бүдэг асдаг болсон,” , 6.2. “Дуут дохио ажиллахгүй болсон,” 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,”,  16.1. “явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон, гарахаар завдаж байгаа  явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Өыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 4-10 дугаар хуудас/,

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...С.Нг драйгер багаж ашиглан шалгахад 2.50% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр манай эгч Ө Баянгол дүүргийн нутаг Гэмтлийн эмнэлгийн арын замд машинд мөргүүлж осолд орсон тухай би маргааш өглөө нь мэдсэн. Намайг ирэхэд Ө эгч Гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгаас гараад эрчимт эмчилгээний тасагт шилжин хэвтсэн байсан. Түүнээс хойш эмчлэгдэж байгаад 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр аарцагны ясны хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хэвтэж байгаа ...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

            Иргэний хариуцагч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн машин миний нэр дээр байдаг боловч надад огт хамаагүй. Тухайн машиныг манай ахын хүүхэд Н унадаг. Бусдад учруулсан хохирлыг Н өөрөө хариуцна...” гэх мэдүүлэг /хэргийн 47 дугаар хуудас/,

         Гэрч Э.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н ахын хамт хороололд нэг таньдаг ахынд очсон ба тухайн айлын ах нэг шил архи, 3 том пиво авчихсан байсан ба бид гурав ууцгаасан. ...Н ах утсаараа ээжтэйгээ яриад маргалдаад байсан ба удаагүй гэнэт гараад явсан байсан. Би маргааш нь осол болсон талаар сонссон...” гэх мэдүүлэг /хэргийн 91 дүгээр хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7370 дугаартай:

  1. Д.Өы биед зүүн сүүжний тогооны хугарал, зүүн сүүжний дэлбэн, зүүн, баруун суудал ясны дээд, доод салаа, баруун сүүжний үений хажуугийн ирмэг дайрсан хугарал, субарахнойд зайд цус харвалт, зүүн баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 22-24 дүгээр хуудас/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ-140.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 28 дугаар хуудас/,

            2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

  1. Тоёота Приүс-20 маркийн 13-25 УНБ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Соронзонболдын Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Дэмидийн Ө нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хэргийн 32-33 дугаар хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 173 дугаартай шинжээчийн:

        1. Тоёота Приүс-20 загварын 13-25 УНБ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
        2. Уг автомашины кофуд бага зэрэг хонхойсон, зүүн урд хаалга зурагдсан, дуут дохио ажиллахгүй, хойд буфер түгжээ мултарсан, зүүн болон баруун талын ойрын гэрэл, зүүн талын холын гэрлийн тусгал чадал стандартдаа хүрэхгүй, баруун талын холын гэрэл асахгүй байгаа зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.
        3. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдаж зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой. Мөн дуут дохио ажиллахгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулах арга хэмжээ аваагүй байна. Дээрх эвдрэл, гэмтэл нь ослын үед үүсээгүй хуучны эвдрэл гэмтэл байна.
        4. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй байна. дугуйн тоормос хэвийн ажиллагаатай байна.
        5. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг.
        6. Тухайн тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна.” гэх дүгнэлт /хэргийн 78-82 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ...Цыг аваад Тоёота Приүс-20 маркийн 13-25 УНБ улсын дугаартай цагаан өнгийн машинтай хороололд айлд очсон ба тухайн айлын хүн нэг шил архи, 6 ширхэг пиво гаргаж өгсөн. Би архинаас нь 100 граммыг, пивоноос 4 ширхгийг уучихаад байж байтал ээж О залгаад “хурдан ир” гээд байхаар нь би оройны 20 цагийн орчим уг айлаас ганцаараа гараад машинаа унаад явсан. Гэмтлийн эмнэлгийн арын замаар явж байтал замын зүүн талаас нэг хүн гэнэт гараад ирсэн ба би тэр хүнийг хараад тоормосоо гишгэсэн боловч зогсож амжилгүй машиныхаа урд хэсгээр мөргөөд тэр хүн газарт унасан. Би машинаасаа буугаад тэр хүн дээр очоод “зүгээр үү та” гэж асуугаад түргэн дуудсан. Би тэр үед замын 3 дугаар эгнээгээр 40 км/цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 41 дүгээр  хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 57 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 58 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 59 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 61 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 91 дүгээр хуудас/, хохирогчид хохирол төлсөн тухай баримт /хэргийн 105-106 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Тэргэл” төвийн хойд замд 2021 оны 8 дугаар сарын 08-ны  өдрийн 21 цаг 05 минутын үед “Тоёота Приүс-20” маркийн 13-25 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын  хөдөлгөөний  дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Үүнд: мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3. ...гэрэл  асахгүй, бүдэг асдаг болсон,” , 6.2. “Дуут дохио ажиллахгүй болсон,” 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,”,  16.1. “явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон, гарахаар завдаж байгаа  явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Өыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.  

          Харин Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/  гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

          Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүнд хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

            Шүүгдэгч С.Н болон түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

           Тиймээс шүүгдэгч С.Нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Өы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор нийт 6.820.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нэхэмжилсэн ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд 6.840.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Харин хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Улсын яллагчаас шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч В.Ганболд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

             Шүүгдэгч С.Нгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.   

             Шүүхээс шүүгдэгч С.Нг Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан, эрүүгийн хуулийн хохирол нөхөн төлүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч С.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Нд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,  тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц №1167480 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Нг “Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Нд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Н нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1167480 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО