Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/867

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Д.М /РД:***/.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Б.О /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.М, Б.О нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн байрнаас 75 кг хонины мах, 175 кг ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.147.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “О гэх хүн мах гаргаад өг гэсэн. Тэгэхээр нь гаргаад өгсөн нь миний буруу” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “М манай нөхрийн таньдаг хүн юм. Надтай тааралдаад биеийн байдал тааруу байгаа дусал залгаад өгөөч гэж байсан. Тэгээд 2 удаа гэрт нь очиж дусал залгаж өгсөн. Тэр нь махны үйлдвэр байсан. Нэг орой М над руу залгаад мах авах уу гэхээр нь авъя гэсэн. Тэгээд хорио цээрийн үе болохоор шөнө 3 цагийн үед очсон. Тэр үед дотоодын цэрэг гэх хүн ирчихсэн байсан бөгөөд М ахыг мах хулгайлсныг мэдсэн. Шөнө дуудсан болохоор хулгайн мах байх гэж сэжиглэсэн боловч хямдхан мах аваад гэрийнхэндээ өгье гэсэн бодолтой байсан” гэв.

           Шүүгдэгч Д.М, Б.О нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж 18-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн байрнаас 75 кг хонины мах, 175 кг ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2.147.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай манаач М үйлдвэрээс мах авч гарч байгаад баригдсан асуудал байсан. Мгийн авч гарч байсан мах нь хонь, ямааны мах 10 шуудай ба нэг шуудай нь 25 кг байсан. Манай компанийн зүгээс ямар нэгэн хохирол, гомдол байхгүй. М нь гаднаас нь бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой хүн бөгөөд ямар нэгэн склад болон мах бэлтгэлийн өрөөнөөс мах эд зүйл авч гарах эрх бүхий албан тушаалтан биш...” гэх мэдүүлэг /хэргийн 43, 45 дугаар хуудас/,

         Гэрч Э.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бугат-115 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн үүргийг цагдаагийн дэд ахлагч Э.Сын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэж байх хугацаанд үүрийн 05 цаг өнгөрч байхад Дулааны 4 дүгээр цахилгаан станцын баруун урд хаалганаас баруун тийш зам дагуу дулааны шугам дээр цагаан шуудайтай зүйл тавьсан хэдэн хүн байсан. Шалгаж үзэхэд тухайн шуудайнд мах байсан. Хүмүүсийг нь шалгаж үзэхэд Д.М, Б.О нар байсан ба Далангийн ар талд байх махны үйлдвэрийн хашаанаас 10 шуудай мах хулгайлж байгаад баригдсаныг илтгэх хуудас бичиж бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 56-57 дугаар хуудас/,

         Гэрч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр ажил дээрээ байрлан ажилласан. Шөнө 03 цагийн үед М ах дуудаад би босоод очтол үйлдвэрийн давхар хаалганы гадна шуудайтай мах гаргаад тавьсан байхаар нь “та юу хийж байгаа юм бэ” гэхэд зүгээрээ ямар ч асуудал байхгүй, хүнд өгөх гэж байгаа юм. Хүн нь одоо ирж байгаа чи зөөгөөд урагшаа зам дагуу гаргаад өгөөч гэж гуйсан. Би хулгайн мах гэдгийг нь мэдээгүй. М ах нохойн хоол, хаягдал мах, яс гээд авч гардаг болохоор тоогоогүй юм. Тухайн махнууд үйлдвэрийн зааланд байсан ба ямар нэгэн цоожгүй, онгорхой байсан. ...Тухайн үед М ахыг хулгай хийж байна гэж огт бодоогүй...” гэх мэдүүлэг /хэргийн 65-66 дугаар хуудас/,

         Хэргийн газрын үзлэг хийсэн “...дулааны шугамын дээр цагаан өнгийн мяндсан шуудайтай зүйл овоолон эмх цэгцгүй тавьсан байх ба шуудайг онгойлгож үзэхэд мах мэт зүйл байв. Шуудайг тоолж үзэхэд 10 шуудай байх ба уг шуудайтай зүйлийн жинг хэмжиж үзэхээр хэргийн газрын ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх “***” ХХК-ийн цэнхэр төмөр хашаанд зөөвөрлөн хэмжиж үзэхэд 1 шуудай нь 25 кг цул мах байх ба нийт 250 кг байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-8, 24-27 дугаар хуудас/,

         Эд зүйл хүлээлгэн өгсөн “...цагаан өнгийн мяндсан шуудайтай 10 шуудай махыг Г.Хд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хэргийн 9 дүгээр хуудас/,

         Мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “...05 цаг 00 минутад эргүүл хяналт, шалгалт хийх явцад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж 18-1 тоотод махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн агуулахаас тус компанид ажилладаг Д.М нь Б.Отай хамтран мах хулгайлан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж байсныг үйлдэл дээр нь илрүүлэв” гэх илтгэх хуудас /хэргийн 10 дугаар хуудас/,

         “Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №БГ1-21-734 дугаартай “...Хонины мах 75 кг-660.000 төгрөг, Ямааны мах 175 кг-1.487.500 төгрөг, нийт 2.147.500 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 71-72 дугаар хуудас/,          

         Шүүгдэгч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ажил дээрээ байхдаа мах бэлтгэлийн өрөөнд шуудайлж ангилсан мах байхаар нь уг махыг авахаар болж Дг дуудаж 10 шуудай мах гаргаж замын хажуу талын дулааны шугам дээр тавиад өөрийн танил Оыг дуудаж өгөх гэж байгаад цагдаад баригдсан. Д тухайн махыг хулгайн гэж мэдээгүй. Би энэ махыг хүнд өгөх гэж байгаа гэж хэлсэн болохоор надад тусалсан. Отай ийм их хэмжээгээр мах гаргаж авч байгаагүй. Миний дүү болохоор бага сага хэмжээгээр идэх махнаасаа өгч байсан удаа байгаа. О надад мах хэрэгтэй байна гэхээр нь өмнө өдөр нь ярьж байгаад “орой утсаар ярья, ирээд мах авчихаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 107-108 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгч Д.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 79 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 83 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 84 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 88 дугаар хуудас/, ажилд томилсон тушаал /хэргийн 89 дүгээр хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хэргийн 90-93 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 109-11 дүгээр хуудас/.

         Шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 96 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 97 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 98 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  Шүүгдэгч Д.М, Б.О нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдөр шилжих шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж 18-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн байрнаас 75 кг хонины мах, 175 кг ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2.147.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, мөрдөгчийн илтгэх хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан ба хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М, Б.О нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон байна.

          Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Пгийн “...Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж 18-1 тоотод махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн агуулахаас тус компанид ажилладаг Д.М нь Б.Отай хамтран мах хулгайлан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж байсныг үйлдэл дээр нь илрүүлэв” гэх илтгэх хуудас /хэргийн 10 дугаар хуудас/, гэрч Ч.Дгийн “...үйлдвэрийн давхар хаалганы гадна шуудайтай мах гаргаад тавьсан байхаар нь “та юу хийж байгаа юм бэ” гэхэд зүгээрээ ямар ч асуудал байхгүй, хүнд өгөх гэж байгаа юм. Хүн нь одоо ирж байгаа чи зөөгөөд урагшаа зам дагуу гаргаад өгөөч гэж гуйсан...” гэх мэдүүлэг /хэргийн 65 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Мгийн “...О “надад мах хэрэгтэй байна” гэхээр нь өмнө өдөр нь ярьж байгаад орой утсаар ярья, ирээд мах авчихаарай” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 108 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.О, Д.М нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

          Шүүгдэгч Б.О, Д.М нар болон тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхбаатар, Н.Одонтуяа нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч Б.О, Д.М нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***” ХХК /Г.Х/-д 2.147.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид 10 шуудай махыг биет байдлаар хүлээлгэн өгсөн /хэргийн 9 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Од 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч Н.Одонтуяа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж, тэнссэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Н.Энхбаатар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, мөн тэнссэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн шаардлагагүй гэж үзсэн болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч Б.Оын хувьд шүүгдэгч Д.Мгийн амьдралын боломж нөхцөлийг ашиглан гэмт хэргийг зохион байгуулж, бүлэглэж үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг,

Шүүгдэгч Д.Мгийн хувьд албан тушаалын давуу байдлаа ашиглаж гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй байна.

Мөн түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тоочин заасан гэмт хэргүүдийг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкц нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын төрлүүдтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д.М, Б.О нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлууд болон гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг харгалзан шүүгдэгч Д.Мд 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч Б.Од 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.М, Б.О нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.М, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЗОЛБОО