Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/786

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр,

Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-н Г-д холбогдох эрүүгийн 2105014261393 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ... худалдааны төвд худалдаа эрхэлдэг, ам бүл ... эцэг, эх, дүүгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух /РД:/,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Б.Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн гадаа хохирогч Г.Х-, Д.Б- нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож Г.Х-н эрүүл мэндэд зүүн чихний дэлбээнд шарх, Д.Б-н эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, баруун, зүүн даланд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:   

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

 

Хохирогч Г.Х-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нийг шилжих шөнө 2 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны гадна талын хашааны үүдээр орох хэсгийн хаалганы гадна 00-00 УБЛ улсын дугаартай саарал өнгийн тоёота акуа машин дотор өөрийн найзууд болох Б- , Н- нарын хамт байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул дуудлагын жолооч дуудаж машинаа бариулж байсан болохоор тухайн дуудлагын жолооч нартай хамт байсан. Миний хувьд тухайн үед унтаж байтал машины гадна хажуугийн зогсоолын талбай дээр хоёр залуу манай найз Б- , Н- нарын хамт байсан. Би унтаж сэргээд юу болоод байгааг харахад Б-  үл таних 2 залуутай ноцолдож байсан. ...Би машинаасаа буугаад үл таних хоёр залуу болон Б-  рүү очиход тэдний нэг залуу нь буюу Г-  миний өөдөөс хутга бариад гараад ирсэн. Би Г-  гэх залуугийн хутганаас зугтаж, мөн хутгыг авахыг оролдож барьцалдаж байсан. ...Би Г-  гэгч залуутай барьцалдаад байж байтал Г-  гэгч нь өөдөөс дайрах явцдаа хоёр гараараа цохих гэж оролдоод 2 удаа миний шанаан тус газар цохисон. Тэгэхэд нь миний зүүн талын чихнээс цус гараад эхэлсэн. Энэ хугацаанд манай найз Б- ийн эхнэр С- гараад ирсэн тэднийг салгах гэхэд нөгөө хоёр залуу бид хоёр руу ээлжилж дайраад байсан ба манай найз Б- тэй М-  гэх залуу нь зодоон болж байсан газрын цаад талын далангийн тэнд ноцолдож байгаад доош далан руу унацгаасан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

Хохирогч Д.Б-н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийг шилжих шөнө 2 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны гадна талын хашааны үүдээр орох хэсгийн гадаа саарал өнгийн тоёота акуа маркийн 00-00 УБЛ улсын дугаартай машин дотор Х- , Н- , дуудлагын жолооч нарын хамт байсан. ...Миний хувьд гэрийнхээ гадаа машин дотор дуудлагын жолоочийн мөнгийг өгнө гээд хүлээлгээд сууж байхад нэг намхан залуу машины урд цонхон дээр ирээд хоёр үнээ авч ирж өгөх гэж ямар уддаг пизда вэ гээд хэл амаар доромжлохоор нь би чи машин андуураад байна согтуу толгой минь гээд хэлсэн чинь тухайн залуу миний сууж байсан ар талын цонхон дээр ирээд юу гэнээ пизда минь гээд байхаар нь би чи цаашаа зайлаа пизда минь цаашаа яв гэсэн чинь нөгөө залуу буюу М-  гэх залуу орц руу яваад орсон. Тухайн үед би дуудлагын жолоочийн мөнгийг шилжүүлэх гээд утсаа оролдоод сууж байтал М-  гэх залуу гарч ирсэнээ манай эмэгтэй найз Н- ын сууж байсан урд талын онгорхой цонхоор гараа оруулаад толгойн тус газар цохисон. Тэгэхээр нь би уурлаад машинаас буусан чинь М-  гэх залуу миний хувцаснаас зуураад авсан. Би тухайн залуугийн гарнаас барьчихсан байж байсан чинь Г-  гэгч залуу нь хутгатай хаанаас ч юм гараад ирсэн. Тэр үед би М-  гэх залууг түлхээд хутгатай байсан Г-  гэгчийн хутгатай гарнаас барьж байтал хажуунаас М-  гэгч нь орж ирээд миний толгойн тус газар, нүүрэнд цохисон. Тэр үед нь манай найз Н- салгах гээд салгаж чадахгүй байсан. Би Г-  гэгчийн хутгатай гарнаас бариад байж байсан болохоор ямар нэг хөдөлгөөн хийх боломжгүй байсан. Тэгж байгаад би газар унасан бөгөөд миний нуруун тус газар өшиглөөд байсан. Манай найз Х-  машиндаа унтаж байгаад сэрсэн юм шиг байгаан. Машинаас гарч ирээд салгах гэж оролдоод ирэхэд нь би нөгөө М-  гэх залууг элдэж хөөсөн харин тэр залуу надаас зугтаад гүйсэн. Тэр үед манай эхнэр цонхоор хараад гараад ирсэн бөгөөд цагдаа дуудсан чинь нөгөө хутгатай Г-  гэгч залуу зугтаах гээд байхаар нь би тухайн залуугийн цамцнаас зуураад явуулахгүй гээд байж байтал бид хоёр хамт жалга руу унасан, тэр үед миний толгой манараад байж байхад тэр залуу миний нүүрэн тус газар 2-3 удаа өшиглөсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Гэрч Э.М- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нийг шилжих шөнө 1 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 0 давхарын 00 тоотод өөрийн найзууд болох Х- , Г-  нарын хамтаар тэдний гэрт 1 шил 0.5 литрийн Эдэн архи хувааж уучихаад байж байтал архи дуусаад би шаг хүргэлтийн пиво дуудлагаар захиалаад ирэхээр нь пивоо авахаар гарсан. Тэгээд хүргэлтээр ирсэн пивоо авах гээд зогсож байтал хажуугийн машины арын суудал дээр нь сууж байсан цагаан подволктой залуу яасан пизда минь гэхээр нь би хэрүүл маргаан хийлгүй пиво авах гээд зогсож байна ш дээ гэсэн чинь тухайн машины урд жолоочийн сандлын хажууд сууж байсан нэг махлаг эмэгтэй над руу чи зүгээр зайлаач ээ гэхээр нь би юм авах гээд байж байна шүү дээ, чамд ямар хамаатай юм гэсэн чинь нөгөө махлаг хүүхэн машинаасаа бууж ирээд миний нүүрэн тус газар түлхэхээр нь би тухайн эмэгтэй гэдсэн тус газар хуруугаараа 2 удаа чичсэн. Тухайн эмэгтэй надтай маргаад байхаар нь би найзынхаа гэрт буцаад орсон. Тэгээд авсан пивоо тавьчихаад буцаад гараад тухайн залуучуудтай маргалдсан. Тухайн машинд хойд талд нь 2 залуу, урд нь нэг эмэгтэй, нэг залуу байсан нийлээд дөрвүүлээ байсан. Би тухайн үед найзынхаасаа гараад тухайн залуучууд дээр очоод ар талд сууж байсан цагаан подволктой залуутай цонхны наана цаанаас маргаж байтал хойно сууж байсан нөгөө залуу нь унтаж байгаад сэрээд машинаасаа бууж ирээд намайг цохих гэж дарахаар нь би бултаж зөрүүлээд цохисон. Тухайн үед хойд суудал дээр сууж байсан цагаан подволктой залуу болон махлаг эмэгтэй машинаасаа гарж ирсэн байсан бөгөөд хойд суудал дээр сууж байсан хоёр залуу нийлж байгаад намайг үсдээд дарсан. Тэгээд миний нүүрний хэсэгт шанаан тус газар тухайн хоёр залуу шанаадаж байсан, тэр үед махлаг эмэгтэй нь миний гэдсэн тус газар элэгдээд байсан. Харин урд жолооны хүрдэн дээр сууж байсан залуу машин дотроосоо хараад байгаад байсан. Тэр гуравтай ноцолдож байхад манай найз Г-  гэрээсээ гарч ирсэн байсан бөгөөд гартаа хутга барьчихсан байсан бөгөөд тухайн залуучуудыг боль гээд айлгаж байсан. Нөгөө цагаан цамцтай залуу манай найз Г-  хоёр нэг нэгээрээ хоорондоо зодолдье гээд манай найз хутгаа тавьсан байсан. Тэр хоёр урагшаа машины зогсоолын тийшээ холдоод зодолдоод байсан. Тэгж байтал цагдаа ирсэн бөгөөд бид нарыг цагдаагийн байгууллага дээр аваад ирсэн. ...Манай найз хутгаар бусдын биед халдаагүй, тухайн залуусыг айлгаж намайг салгах зорилгоор хутга барьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/

 

Хүний биед үзлэг хийсэн ...Г.Х- зүүн чихээ хутгаар зүсүүлсэн байдалтай байв. Өөр харагдах гэмтэл шарх байхгүй байв... гэх тэмдэглэл /хх-ийн 31-32 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №6647 дугаартай “...Г.Х-н биед зүүн чихний дэлбээнд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №6645 дугаартай “...Д.Б- ийн биед дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, баруун, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

 

Гэрч  Г.Н- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би өөрийн найзууд болох Б- , Х-  нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд дуудлагын жолооч дуудаад Б- ийг хүргэж өгөхөөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны гадна очсон. Тухайн байрны хашааны гадна өөрийн 00-00 УБЛ улсын дугаартай сараал өнгийн тоёота акуа машин дотор дуудлагын жолооч машины үрүүл дээр харин би хажууд нь сууж байсан. Мөн Б- , Х-  нар арын суудал дээр сууж байсан. Х-  тухайн үед унтаж байсан. Тэгтэл нэг намхан залуу ирээд ганц юм авч ирж өгөх гэж яасан уддаг пизда вэ гэх утгатай зүйл яриад байсан. Тэгэхэд манай найз Б-  түүнийг хүн андуураад байна цаашаа яв гээд тэр хоёр маргах шиг болсон. Тэгтэл нөгөө залуу цаашаа орц руу явж ороод удалгүй буцаж гарч ирэхдээ цээж нүцгэн болоод гараад ирсэн. Гарч ирэнгүүтээ миний сууж байсан талын цонхоор гараа оруулаад миний толгойн тус газар халт цохьсон. Тухайн үед миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Намайг тэгж цохиход нь Б-  рүү дайраад байсан мөн дахиад нэг цэнхэр цамцтай залуу хутгатай гараад ирсэн. Тэр хоёр нийлээд Б-  рүү дайраад байхаар нь би гарсан. Тэр хоёр хаана нь яаж цохиж зодоод байсныг анзаараагүй. Зууралдаад л ноцолдоод байсан болохоор би салгах гээд дийлээгүй. Салгах гээд хэн хаана цохиод байгааг анзааралгүй байж байтал Б-  газар унасан чинь тухайн хоёр залуу өшиглөөд байсан санагдаж байна. Тэр үед Х-  сэрээд машинаас буугаад ирсэн. Тэгсэн чинь нөгөө хутгатай залуу Х-  рүү дайраад бас тэр хоёр ноцолдоод, харин Б-  нөгөө хутгатай залуутай нь ноцолдоод байсан болохоор сандарч балмагдаад хэн нь хэнийгээ хаашаа нь цохиод байгааг анзаарч хараагүй. Нэг мэдэхэд Х чихнээс цус гарчихсан байсан. Тэгээд зодоон намжаад байж байтал Б- , нөгөө хутгатай залуутай байрны ойролцоо байдаг далангийн тэнд очоод барьцалдаж байгаад хоёулаа далангийн доош уначихсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай ...23.5 см урттай, ажлын хэсэг нь 12 см бүхий бор шаргал өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай... гэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 164 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 174 тал/,

 

Шүүгдэгч Б.Г- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 7 дугаар сарын 22-ноос 23-ний өдрийг шилжих шөнө би Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 77 тоотод хамтран амьдрагч Х- , найз М-  нарын хамтаар 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Нэмж уух зорилгоор манай найз М-  шагийн пиво хүргэлтээр дуудаад тухайн пивоо авах гээд гадаа гарсан. Тэгтэл манай байрны гадаа хүмүүс орилолдоод байхаар нь  би цонхоороо хатрал М- ыг гадаа нэг эмэгтэй, 2 залуу тойрчихсон байсан. Би гадаа гараад гадаа байсан 2 залуу руу дайрсан. Г.Х- гэх залуу манай найз М- ыг барьчихсан байхаар нь очоод толгойн тус газар зүүн чих рүү нь 2 удаа цохисон. Тухайн чихнээс цус гарсан үгүйг мэдэхгүй байна. Би дараа нь Б-  гэх залуу руу дайрсан учир нь манай найз М- тай барьцалдсан байхаар нь салгах зорилгоор Б-  гэгч залуугийн хойноос хэд хэд цохисон. ...Би байрныхаа хажууханд байсан машинаасаа өмнө нь аялалаар явахдаа авч явж байсан хутгийг аваад тухайн залуучуудыг айлгах тараах зорилгоор хутга барьсан. ...Тэгээд байтал намжаад байж байтал Б-  гэх залуу нь араас зуурсан. Би М- т тухайн залуутай нэгийн эсрэг нэг үзээдхий гэж хэлээд Б-  гэх залуутай тухайн байрны хажууханд байдаг уруу далангийн хэсэгт очсон. Бид хоёр барьцалдаж байгаад доош өнхрөөд унасан. Тухайн Б-  гэх залуу газар суухаар нь би хоёр удаа нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөсөн. Удалгүй цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн. ...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мэс хэрэглэж тухайн залуугийн биед халдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 64 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 65 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 66 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 87-88 тал/, гэрч С.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Миний хүргэн Г-  нь их төлөв даруу, ажлаа хийгээл явдаг. ...Миний хүүд муу зуршил гээд байх юм байхгүй. Миний нүдэнд архи согтууруулах ундаа хэрэглэж харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 107 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 тал/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 111-113 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г- ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 27 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

                   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн гадаа хохирогч Г.Х-, Д.Б- нартай маргалдаж, улмаар хохирогч Г.Х-н эрүүл мэндэд зүүн чихний дэлбээнд шарх, хохирогч Д.Б- ийн эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, баруун, зүүн даланд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ. 

 

Энэ нь гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 6645, 6647 дугаартай дүгнэлтүүд, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүгдэгч, хохирогч нар, гэрч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.  

 

Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Г.Х-, Д.Б- нарыг цохиход тэдгээрт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд хохирогч Г.Х-, Д.Б- нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч Б.Г- ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байх бөгөөд прокуророос түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Б.Г- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэм буруутайд тооцов. 

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Х-, Д.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 6645, 6647 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон.

 

Хавтас хэргийн 11-12 дахь талд хохирогч Г.Х- ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж,

            16-17 дахь талд хохирогч Д.Б- ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэж тус тус мэдүүлжээ.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г- ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Г- эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон ялын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж, шүүгдэгч Б.Г- эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.Г- эд оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор модон иштэй ажлын хэсгийн урт 12 см урт, нийт 23.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г- эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хн овогт Б-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-эд сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Д.Б- , Г.Х- нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бор модон иштэй ажлын хэсгийн урт 12 см урт, нийт 23.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-эд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА