Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Солонго,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2105017431380 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ...дүгээр сарын ...ий өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл ... эцэг, эх дүүгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суух /РД: /, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ...тоот хашаан дотор хохирогч ***-н гээгдүүлсэн Реалми 7 /Real me 7/ загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 899.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч ***-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Б-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед хамт ажилладаг Т-  эгчийнд буюу Баянгол дүүргийн ... дүгээр хороо Горькийн ... тоот гэрт нь ажлаа тараад очсон. Намайг очиход Т- , охин *** хамт ажилладаг М, О нар архи уугаад сууж байсан. Би очихдоо гаднаас 1 шил 1 литртэй соёрхол архи, том ундаа чипс, 2.5 литрийн пиво зэрэг аваад орсон. ...Бид нар бүгд тэднийд хоносон бөгөөд Т-  эгчийн хашаа байшингийн үүдэнд О-той хамт юм ярьж сууж байгаад нэг их удалгүй орсон. Тэгээд унтахаар хэвтсэн. Өглөө 6 цагт сэрээд өөрийнхөө гар утсаа хайхад олдохгүй байсан. Өглөө болъё гэж бодоод унтаж байгаад 8 цаг өнгөрч байхад сэрж явах гээд гар утсаа гэрт нь хайхад байхгүй байсан. Тухайн үедээ орхиж яваад цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би найз А-н Баянгол дүүргийн *** дүгээр хороо Горькийн ...-... тоотод хамт байсан. Би А- ыг гэртээ ганцаараа байсан болохоор хамт 10 гаруй хоног хамт байсан. ...Бид хоёр унтаж байсан чинь 9 цаг өнгөрч байхад хаалга тогшоод А-  онгойлготол нэг эгч эгчийнхээ утсыг өгчих, өчигдөр орой танай шатан дээр сууж байгаад орхичихсон юм шиг байна гэсэн. Ингээд А-  би аваагүй, юу яриад байгаа юм бэ гээд хаалгаа хаагаад бид хоёр унтсан байгаа. Би 00 орох гээд гэрээс гартал тэр эгч эгчийнхээ гар утсыг харсан уу гэхээр нь хараагүй, мэдэхгүй гэж хэлээд бие засчихаад эргэж ороод унтсан. ...А-  нөгөө олсон Real me 7 гар утсаа фэйсбүүкээр зар тавиад тэр гар утсаа нэг хүнд 400.000 төгрөгөөр зарсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

Гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би фэйсбүүкээр Real me хэрэглэгчдийн группт Б, Б гэсэн хаягнаас Real me 7 мөнгөлөг өнгөтэй гар утас зарна гэх зар байхаар нь холбогдоход аваад удаагүй гар утас байгаа, би 2 сар орчим барьж байна, хөдөө гар утасныхаа хайрцаг савыг үлдээсэн, яаралтай мөнгөний хэрэг гарсан учир зарах гэж байгаа гэсэн. Би зайсанд хүрээд ир гэхэд 2 намхан, бондгор охидууд хүрч ирээд би гар утсыг нь шалгаж үзэхэд хэвийн байхаар нь 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө ... тоот данснаас “utas” гэсэн утгатайгаар шилжүүлж авсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Дамно ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №БГ2-21-845 дугаартай ...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийин харьцуулалтын аргаар 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 899.100 төгрөгөөр үнэлэв... гэх тайлан /хх-ийн 29-30 тал/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 48, 49 тал/

*** дугаартай хаан банкны харилцах дансны хуулга,  фэйсбүүкээр чаталсан чатны хуулга /хх-ийн 56-57, 58-60 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 110, 109 тал/,

Шүүгдэгч  О.А- ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 6 цаг болж байх үед найз О-н хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо Горькийн ... гудамжны ... тоот хашаанд ирсэн. Хашаандаа ороод машинаа тавиад гэр рүүгээ ороод буцаж гарч ирээд нойл орох гээд ганцаараа гарч нойлын хажууд ирсэн чинь саарал өнгийн Реал ми -7 маркийн гар утас байхаар нь тус утсыг нь аваад нойл орчихоод гэртээ буцаад орсон. Унтах гээд хэвтэж байсан чинь хүн хаалга цохисон би хаалга онгойлгосон чинь үл таних согтуу эмэгтэй хүн танай шатан дээр сууж байгаад гар утсаа үлдээсэн байна гээд надаас утас асуухаар нь би тэр хүнд хандаж гар утас байхгүй байсан гэж хэлсэн чинь тэр хүн яваад өгсөн. ...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр надад мөнгөний хэрэг гараад байсан учир би олсон гар утсаа зарахаар би фэйсбүүкт зар тавиад удаагүй байж байтал Ц.Э гэсэн хаягнаас гар утсыг чинь авъя Зайсан дээр аваад ир гэж хэлсний дагуу Зайсанд байх Аз фармын уулзвараар баруун эргээд 84 дугаартай байрны гадаа очоод 88565264 гэсэн дугаар руу залгаад ирсэн талаараа хэлэхэд үл таних эмэгтэй гарч ирээд үл таних эмэгтэйд олсон гар утсаа үзүүлтэл тэр хүн авахаар болоод би саарал өнгийн Реал ми 7 маркийн гар утсанд хийсэн 2 дугаараа аваад тэр хүнд 400.000 төгрөгөөр өгсөн. ...Баянгол дүүргийн цагдаагаас залгаад та бусдын гээсэн гар утсыг олсон байна гар утас хаана байна, гар утас хаана байна гэж асуухаар нь би утас зарсан хүн дээр очоод наад гар утсыг чинь олсон юм аа, цагдаагийн газраас залгаад байна гэж хэлээд тэр хүнд мөнгийг нь өгөөд гар утсыг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн алдаагаа ухамсарлаж байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...А-  нь 2001 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. ...А-  нь буруу хүмүүстэй найзалдаггүй, гадуур дэмий тэнээд явдаггүй, бусад хүмүүстэй нам дуугаар ярьдаг, хэвийн харилцаатай байдаг. Гэр бүлийнхэнтэйгээ хэвийн харилцаатай, хүмүүстэй нийтэч байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 55 тал/, *** ресортын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 029 дугаартай ...*** овогтой *** нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажиллаж байгаа нь үнэн болно... гэх албан бичиг /хх-ийн 61 тал/, ***-ын депозит дансны хуулга /хх-ийн 62-101 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 22-24 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:                           

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ...тоот хашаан дотор хохирогч Н.Б-н гээгдүүлсэн Реалми 7 /Real me 7/ загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  авсан, улмаар гэрч Ц.Э-т 400.000 төгрөгөөр зарж борлуулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахгүйгээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Мөн гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Н.Б-н гар утас нь 899.100 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 29-30 дахь талд авагдсан Дамно ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №БГ2-21-845 дугаартай тайлангаар нотлогджээ.  

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “...гээгдэл эд хөрөнгө... бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч ***-ыг “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар: 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-д 899.100 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх ба шүүгдэгч О.А- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Б-д гар утсыг биет байдлаар буцаан өгсөн. Гэрч Ц.Э-т 400.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.А- нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг О.А- д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.А- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч О.А- д оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.А- д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.А- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А- д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***-д сануулсугай.

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА