| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2018/0444/Э |
| Дугаар | 729 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 729
Х.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Энхбат,
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Б-д холбогдох эрүүгийн 1808013010268 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Харчууд овгийн Х.Б, 1968 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 55-04 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧВ68100767/;
Х.Б нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 1-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Т.Насанбадрахын хүзүүг нь ороолтоор боож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Х.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Х.Б-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-г 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шүүгдэгч Х.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-гаас 7.055.630 /долоон сая тавин таван мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбатад олгож, өмгөөллийн хөлс 500.000 /таван зуун мянга/ төгрөг Х.Б-гаас нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар түүнээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Х.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Х.Б нь миний хүүг өөртөө архи илүү хийж уулаа гээд төмөр ус буцалгагч авч бие рүү нь шидэн хэрүүл үүсгэж, улмаар өөрийн зүүж явсан хүзүүний ороолтоор, биеэ авч явах чадваргүй байх үед нь хүзүүгээр нь ороон татан унагаж, дээр нь мордож суугаад хоолойг нь боон амь насыг нь хөнөөсөн юм. Х.Б нь архи уусан үедээ хүнээ байж маш ширүүн, хэрцгий догшин, зан авир гаргадагийг гэрчийн мэдүүлэгт мэдүүлсэн байгаа. ...Миний хүүгийн амийг хөнөөх үед дэргэд нь Ганбаатар, Мөнхжаргал нар хамт байсан хэрнээ энэ үйл явдлыг таслан зогсоох арга хэмжээ аваагүй бөгөөд нас барсныг нь мэдсэн ч цагдаа болон ар гэрийнхэнд нь хэлэлгүй нуун дарагдуулж, тэр ч бүү хэл биеийг нь засаж тавиад, толгой дээр нь алчуур тавьж орхиод, өмсөж байсан улаан цамц болон хувцсаа хийдэг цүнхийг нь аваад гарцгаасан байгаа. ...Ийм илэрхий, хэрцгий, хүний амийг санаатай хөнөөсөн хүнд анхан шатны шүүх хэтэрхий хөнгөн ял оногдуулж байгаад үнэхээр их гомдолтой байна. ...Энэ эмэгтэйгийн үйлдлээс болоод хоёр хүүхэд өнчрөн хоцорч байна. ...Х.Б нь талийгаачийн оршуулгын зардалд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Х.Б нь хүний амь хөнөөсөн хэрэгтээ өнөөдрийг хүртэл гэмшээгүй. ...Биднээс уучлалт гуйж, ярьж уулзаагүй байгаад нь үнэхээр эх хүний хувьд маш их гомдож байна. Иймээс Х.Бд хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Би хэрэгт тохирсон ялыг сонстолоо хуулийн байгууллагад хандах болно...” гэжээ.
Шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Би хоёр хүүхдийн хамт амьдардаг. Мөн 70 настай ээжийгээ асардаг байсан. ...Хүү Ууганбаяр, Эрхэмбаяр хоёр насанд хүрээгүй. Хоёр хүүхэд маань өрхийн орлогогүй үлдэж байна. Хүүхдүүд маань хоол хүнс, түлээ нүүрс, гэрэл цахилгаан, өмсөж зүүх хувцас, бүхий л амьдралын ямар ч эх үүсвэргүй хоосон хоцорсон. ...Миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, өндөр настай ээж Хорлоо, насанд хүрээгүй хоёр хүү, мөн уг хэргийн амь хохирогч Насанбадрахын дээрэлхэж доромжлохоос шалтгаалан үйлдэгдсэн нөхцөл зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.
...Гэрч Ганбаатар, Мөнхжаргал нар анхнаасаа үнэнээр мэдүүлэг өгөөгүй гэдгийг 5 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгч Батмягмар надад хэрэг танилцуулахад мэдсэн. Яагаад ийм худал зүйл бичсэн юм бэ. “Амь хохирогч намайг ус буцалгагчаар цохиход, би цээжин дээр үсэрч гараад хоолойг нь боосон” гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Би энэ талаар өөрийнхөө өмгөөлөгчдөө олон удаа хэлсэн. Хэрэг болсон газар ямар нэгэн байдлаар зодоон болоогүй. Амь хохирогч над руу ус буцалгагч шидсэнээс нэлээд хэдэн минутын дараа түлхүүрээ өгөөч гээд татсан. Би амь хохирогчийн биед гар хүрээгүй. Би амь хохирогчийн оршуулгын зардалд 6 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан өгсөн...” гэв.
Шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Х.Бгаас 2.000.000 төгрөгийг оршуулгын бодит зардалд өгсөн. Тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Завхан аймагт албан ажлаар явж байсан учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн баримт байгаа. Мөн хувийн байдлыг тодорхойлсон баримт дээр Х.Б-г эрхэлсэн ажилгүй гэсэн байдаг. Эрхэлсэн ажилтай, нийгмийн даатгал төлж байсан нь холбогдох хөдөлмөрийн дэвтэр, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн түрээслэгчийн үнэмлэх зэрэг албан ёсоор баталгаажсан баримт байгаа. Нийгмийн даатгалын дэвтрээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг харуулж байгаа. Түүний боловсролын гэрчилгээ, бусад баримтууд зэрэг нийт 7 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Х.Б гэрч Ганбаатар, Мөнхжаргал нарын мэдүүлэг худал байсан. Тийм асуудал болоогүй гэж ярьж байгаа нь өөрийн үйлдлээ үгүйсгээгүй. Зөвхөн хэргийн газар болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлээгүй, худал мэдүүлэг өгсөн гэх байр суурьтай байгаа. Ус буцалгагчаар цохисон, дээр нь алчуур тавьсан үйлдэл байгаагүй. Зүйлчлэлийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн байдлаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх үүнийг гэр бүлийн харилцаа гэж үзээгүй. Яагаад гэвэл Гэр бүлийн тухай хуульд нэг эхнэр, нэг нөхөртэй байх зарчим байдаг. Амь хохирогч нь өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй нь хууль зүйн үндэслэлийн хувьд гэр бүлтэй хүн гэж үзнэ. Эдгээрийн хоорондын харилцааг гэр бүлээс гадуурх харилцаа гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэнтэй санал нэг байна. Хэргээс харахад Х.Б амь хохирогчийн байнгын дарамтад байдаг, хэл амаар доромжилдог, олон нийтийн өмнө гутаан доромжилдог, хүчирхийлэл үйлддэг, зоддог зэрэг хэрэг гарах үед амь хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг шүүх дүгнэсэнтэй өмгөөлөгчийн хувьд санал нэг байна. Хохирлоо хэсэгчлэн төлсөн. Өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй байна. Шүүх хуралдааны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчтэй холбоо барихад хохирлоо хэсэгчлэн төлсөн тохиолдолд гомдол, саналгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна гэсэн. Иймд үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж байна” гэв.
Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр заасан. Харин хаалттай хорих байгууллагад ял шийтгэлийг эдлүүлэх саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Хүний амь нас хохирсон учраас хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх нь зүйтэй. 9 жилийн хорих ял нь гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдалд тохирсон” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Х.Б нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 1-13 тоотод хохирогч Т.Насанбадрахын хүзүүг нь ороолтоор боож алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Х.Б нь “өөрийн хүзүүний ороолтоор хохирогч Т.Насанбадрахын хүзүүн дээгүүр нь тохоод өөр лүүгээ татаж, амьсгал бүтэлтэд оруулан боож алсан” талаараа тодорхой мэдүүлж /1хх-127-130, 142-147/, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд энэ нь гэрч Ж.Мөнхжаргал /1хх-59-63/, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх-22-27/, гэрч Ч.Ганбаатар /1хх-66-69/, гэрч Б.Нарандолгор /1хх-72-73/, гэрч Ч.Энхпүрэв /1хх-78/, гэрч С.Лхагважав /1хх-81-82/, гэрч Ч.Ууганбаяр /1хх-84-85/, гэрч Ж.Уранчимэг /1хх-86/, гэрч Д.Баяржаргал /1хх-87/, шинжээч эмч Б.Ундармаа /1хх-101-102/ нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 689 дугаартай дүгнэлт /1хх-96/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 335 дугаартай дүгнэлт /1хх-106-109/, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-35-41/ зэргээр нотлогдсон байна.
Шүүгдэгч Х.Б нь “...Гэрч Ж.Мөнхжаргал, Ч.Ганбаатар нар ус буцалгагчны талаар худал мэдүүлэг өгсөн. Амь хохирогч Насанбадрахын дээрэлхэж, доромжилсноос шалтгаалан гэж хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбат нь “...Энэ эмэгтэйгийн үйлдлээс болоод хоёр хүүхэд өнчрөн хоцорч байна. ...Х.Б нь талийгаачийн оршуулгын зардалд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Х.Б нь хүний амь хөнөөсөн хэрэгтээ өнөөдрийг хүртэл гэмшээгүй. ...Биднээс уучлалт гуйж, ярьж уулзаагүй байгаад нь үнэхээр эх хүний хувьд маш их гомдож байна. Иймээс Х.Б-д хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.
Гэрч Ч.Ганбаатар, Ж.Мөнхжаргал нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авсан, уг мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдсон, уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэргийн материалаас үзэхэд, амь хохирогч Т.Насанбадрах нь Б.Өнөмөнх гэх эмэгтэйтэй 2006 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа-/1хх-182/-гаар, тэд дундаасаа Н.Энхжин, Н.Энхзолбоо гэх хүүхдүүд төрүүлсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар-/1хх-183-184/-уудаар тус тус тогтоогдож байх тул Т.Насанбадрах, Б.Өнөмөнх нарыг эхнэр, нөхөр байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр амь хохирогч Т.Насанбадрах, шүүгдэгч Х.Б нарыг хамтран амьдарч байсан гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүх прокуророос Х.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан, хорих ял эдлүүлэхээр заасан дэглэм нь тус тус хуульд нийцсэн гэж үзэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Х.Б нь шийтгэх тогтоол гарсны дараа гэм хорын хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг энэхүү магадлалд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Л.ДАРЬСҮРЭН
Д.МЯГМАРЖАВ