Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0667

 

П.Д, Г.Б болон Сүхбаатар

дүүргийн Сонгуулийн хорооны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Г.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0682 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу П.Д, Г.Б болон Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0682 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163.1.1, 163.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, П.Д болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Нөхөн сонгуулийн тов зарлах тухай” 08 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 16 тоот тогтоолоор хуралд өргөн мэдүүлсэн 34 төлөөлөгчийн нэрстэй уг тогтоолд нэхэмжлэгч П.Д, Г.Б нар нь 10, 11 дүгээр хэсэгт өргөн мэдүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал анхдугаар хурлаараа баталгаажуулснаар хуучин 35 төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болж, 2016 оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон 34 төлөөлөгч тус өдрөөс эхлэн бүрэн эрхийг эдэлж, үүрэг хүлээсэн. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу “хуралд үг хэлэх, асуудал дэвшүүлэх, таслах эрхтэй оролцох, урамшуулал авах буюу тухайн сонгогдсон тойргийнхоо иргэдийг төлөөлөх эрхтэй болсон”.

            Тухайн анхдугаар хурал хуралдахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ажлын албанд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй холбоотой аливаа нэгэн гомдол, санал огт ирээгүй бөгөөд нэхэмжлэгч П.Д, Г.Б нар нь хурлын бүрэлдэхүүнд орж төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулахад өөрсдийн биеэр таслах эрхтэйгээр оролцож байсан. Үүнийг анхан шатны шүүх хуралд анхдугаар хурлын ирц болон хурлын тэмдэглэлийг нотлох баримт болгон хүргүүлсэн.

            Нэхэмжлэгч П.Д, Г.Б нар нь бүрэн эрхээ эдэлж байгаатай холбогдуулан сонгогдсон тойрогтоо зарцуулах мөнгөн урамшууллыг зохих журмын дагуу хүлээн авч байсныг нотлох санхүүгийн баримтыг анхан шатны шүүхэд мөн өгч байсныг тус тус нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй.

            Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11 дэх хэсэгт “сум, дүүргийн сонгуулийн хороо нь шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу 16 дугаар тогтоолыг дүүргийн сонгуулийн хорооны дарга Б.Бат-Эрдэнэ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 34 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр өргөн мэдүүлснийг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталгаажуулж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт заасны дагуу анхдугаар хуралдаанаар баталж 34 төлөөлөгчийн бүрэн эрх үүгээр хэрэгжиж эхэлсэн.

            Энэ үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Нармандах, Р.Оргил нар сонгуулийн үр дүнгийн нэгтгэлтэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд хандсан байсаан бөгөөд тус хэрэг нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дээд шүүхийн тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгдэж П.Д, Г.Б нарын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон байсан бөгөөд энэ тухай манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын ажлын албанд ямар нэгэн албан ёсны мэдэгдэл ирээгүй байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сард Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Оргил, Л.Нармандах нар 36 хуудас хавсралт бүхий өргөдлийг Хурлын дарга Э.Ганбатад хүлээлгэн өгснөөр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал албан ёсоор мэдсэн юм. Тус өргөдөлтэй холбогдуулан нарийн тайлбар авахын тулд 322, 323 тоот албан бичгээр Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Эрдэнэхуяг миний бие дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нарт хандсан болов хариу ирүүлээгүй явсаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчдийн бүрэх эрхийг хүчингүй болгосон.

            Үндсэндээ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл бүтэн 1 жил 1 сарын хугацаанд бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байна гэж үзэж байна.

            Бүтэн жилийн хугацаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх эдэлж, үүрэг хүлээж, тухайн сонгогдсон тойрогт хэрэглэх мөнгөн урамшууллыг зохих журмын дагуу авч, 7 дугаар хорооны иргэдийг төлөөлөн ажиллаж байсан нь Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр болон Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хүчингүй болсон”-д тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан бол нөхөн сонгууль явагдана” гэж заасны дагуу нөхөн сонгууль явуулах боломжтой харагдаж байна.

            Иймд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй.

            Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11 дэх хэсэгт “шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлэх”  гэж заасны дагуу 16 дугаар тогтоолыг дүүргийн сонгуулийн хорооны дарга Б.Бат-Эрдэнэ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 34 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр өргөн мэдүүлснийг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталгаажуулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын бүрэн эрхийн хэмжээнд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батламжилсан болно.

            Харин анхан шатны шүүхийн шийдвэрт дүүргийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргийн сонгуулийн хорооны ирүүлсэн тогтоолын нэхэмжлэгчидтэй холбогдох хэсгийг хүлээн авч баталгаажуулсан нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн” гэж үзсэн байна.

            Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллагын хувиар бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байгууллага бөгөөд сонгуулийн болон аливаа хэрэг маргаанд хянан шалгах эрхтэйгээр оролцох эрхгүй, харин сонгуулийн хорооны бидэнд өргөн барьсан шийдвэрийг баталгаажуулах үүрэгтэй.

            Дээрх тайлбаруудыг үндэслэн Б.Эрдэнэхуяг миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0682 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж, зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон” тохиолдолд дахин сонгууль явагдахаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 163.2-т “дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэж заажээ.

            Иргэн П.Д, Г.Б нар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар тойргоос тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 963 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 71 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 113 дугаар тогтоолоор “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Дээрх шүүхийн шийдвэр П.Д, Г.Б нар Сонгуулийн тухай хууль зөрчсөн тухай бус харин “… сонгогчдын ирц хүрээгүй буюу ирц хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр гарсан байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9-д “нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэхгүй” гэж заасны дагуу нөхөн сонгууль явагдсан тохиолдолд нэхэмжлэгч нар нэр дэвшихгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байна.

            Үүнээс үзвэл Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2016 оны 7 дугаар тойрогт явагдсан сонгуулийн дүн гарсан шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлд заасны дагуу дахин сонгууль явагдах үндэслэл бүрдсэн байжээ.

            Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоолыг үндэслэн “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01/02 дугаар тогтоолын хавсралтын 10 дугаарт бүрэн эрх нь баталгаажсан Пүрэвдуламын Давхарбаяр, 11 дүгээрт бүрэн эрх нь баталгаажсан Галиндэвийн Баяраа нарын Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг тус тус хүчингүй” болгож, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1, 164.3.2 дахь заалт, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох тухай” 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулахаар товлон зарлажээ.

            Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3.2-т “орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хүчингүй болсон” бол орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан гэж ойлгох бөгөөд мөн зүйлийн 164.1, 164.2-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан бол нөхөн сонгууль явагдах бөгөөд уг сонгуулийг сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд нийцүүлэн зохион байгуулж явуулах бөгөөд харин мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчийн нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн орон нутгийн хурлын Тэргүүлэгчид товлон зарлахаар тус тус хуульчилжээ.

            Энэ тохиолдолд нэхэмжлэгч П.Д, Г.Б нарыг сонгогдсон тооцсон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг болон тус нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон буюу Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэн байхад хариуцагч нь тус шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 12 дугаар тогтоолоороо нэхэмжлэгч нарын бүрэн эрхийг дахин хүчингүй болгож, улмаар уг шийдвэрээ үндэслэн нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан нь үндэслэлгүй байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Нөхөн сонгууль явуулах тухай” 8 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байна.

            Харин Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны адил шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар буюу нэг захиргааны байгууллага нөгөө захиргааны байгууллагад холбогдуулан шүүхийн журмаар маргах тохиолдолд гагцхүү тухайн асуудлаар маргах, нэхэмжлэл гаргах эрхийг бусад хуулиар олгосон тохиолдолд шүүх хүлээн авах зохицуулалттай байна.

Энэ тохиолдолд дүүргийн сонгуулийн хороо нэхэмжлэл гаргах эрхийг Сонгуулийн тухай хуульд тусгайлан заасан зохицуулалтгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны” гэснийг “нарын” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Нөхөн сонгууль явуулах тухай” 8 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ