Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1773

 

“Пийк оптим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01600 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Пийк оптим” ХХК,

Хариуцагч “Монроуд” ХХК-д холбогдох,

 

46 176 987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Данзан, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын хувьд үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажиллагаа явуулдаг бөгөөд “Монроуд” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, Архангай аймаг, Солонготын даваа чиглэлийн 100 км газарт өрөмдлөг, тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсэн. Гэрээнд заасан нийт үнийн дүн нь 192 000 000 төгрөгийн ажил хийхээр тохиролцсон. Үйл ажиллагаа явуулах газар нь 60 м.куб, 1 м.кубыг 3 200 төгрөгөөр үнэлж гэрээ хийсэн байдаг. Ажил хийх явцад талууд харилцан тохиролцоод 192 000 000 төгрөгийг багасгаж гэрээгээр 66 667 192 төгрөгийн өрөмдлөг, тэсэлгээний ажил хийсэн байгаа. Үүнээс “Монроуд” ХХК нь 35 872 532 төгрөг төлж үүнээс үлдэх 30 784 658 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй элдэв шалтаг, шалтгаан тоочиж “Пийк оптим” ХХК-ийг хохироож байгаа. 30 784 658 төгрөгийн асуудалд талууд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээг дүгнэж тооцоо гаргасан. Үүнд “Пийк оптим” ХХК-ийн захирал нь “Монроуд” ХХК-ийн нягтлан бодогчтой харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4-т хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор заасан. Мөнгө өгөхгүй удсан учир хоногт 61 569 төгрөг гарна. Ингээд 15 392 329 төгрөгийн алданги тооцож байгаа. Гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангийн хамт нийт 46 176 987 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 66 000 000 төгрөгийн ажлаас 35 000 000 төгрөгийг “Монроуд” ХХК-д төлсөн. Үлдсэн 30 000 000 төгрөгт 0.2 хувийн алданги тооцсон гэж байна. Талууд хоорондоо 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний хувьд маргаан байхгүй. Гэвч гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн эсэх тал дээр “Монроуд” ХХК маргаж байгаа. Учир нь, гэрээний 6.1-т ажил хүлээлцэх акт үйлдэж гарын үсэг зурснаар ажил гүйцэтгэсэнд тооцож хүлээн авч акт үйлдэнэ гэж заасан. Үүнээс ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд акт зурж, бичсэний дараагаар талууд гэрээний 4.1, 5.2-т заасны дагуу “Монроуд” ХХК нь “Пийк оптим” ХХК-д гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэхдээ ийнхүү ажил хүлээлцэх акт үйлдээгүй, баримт байхгүй. Нотлох баримтын хүрээнд ирээгүй.

“Монроуд” ХХК-ийн зүгээс ажил хүлээлцэх акт байхгүй. “Пийк оптим” ХХК-ийн ажил хүлээлцэх актыг аваагүй бидэнд байхгүй учраас төлбөр төлөх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Гэрээний 5.2-т нэхэмжлэл өгсний дараа гэрээ байгуулагдсанаар 10 хувийг төлнө гэсэн байгаа. Гэвч “Монроуд” ХХК-д өгсөн нэхэмжлэлд авагдаагүй. Хэрэгт мөн байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэвч ажил гүйцэтгэсэн болон нэхэмжлэл гаргаж байсан баримт хэрэгт байхгүй байгаа. “Монроуд” ХХК нь өөрийнхөө татгалзлыг батлах нотлох баримтыг гаргаж өгөхийг хичээсэн боловч Архангай аймаг, Солонготын даваа замд АТГ-т тухайн үеийн сайд байсан хүнийг “Монроуд” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх захирлыг сэжигтнээр татаж, баримт авсан бөгөөд манай бүх баримтыг АТГ-т өгөөд өнөөдрийг хүртэл аваагүй. Бид нар бичиг баримтаа авна гэсэн хүсэлт гаргасан боловч өгөөгүй байна.

Бидэнд “Пийк оптим” ХХК-тай ажил гүйцэтгэсэн ямар нэгэн акт байхгүй. Гэрээний 5.3-т үлдсэн төлбөрийн 90 хувийг ажлын гүйцэтгэл 30 хувьтай  дараагийн 30 хувьтай хамт 60, 90 гэх мэтээр хувилж ажлын гүйцэтгэлийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн дүнд 15 000 000 төгрөг гаргаж ирж байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн дүн нь үлдэгдэл төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд тэр хугацаанаас эхэлж алданги тооцох боломж бүрддэг. Гэвч ямар төлбөрийг хэдий хугацаанд төлөхийг тохироогүй. Гэрээнд зааснаар ажил гүйцэтгэсэн акт гарсан тохиолдолд үлдэгдэл төлбөр, алданги бодох ёстой байхад ямар ч хугацаа тогтоогоогүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд гэрээнд ямар нэгэн тогтоосон хугацаа байхгүй. Иймд алдангийг хэрхэн бодож байгаа нь ойлгомжгүй. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актаар 30 000 000 төгрөгт тооцоо нийлсэн акт байна гэж байгаа боловч ямар гэрээний дагуу тооцоо нийлж байгаа нь тодорхойгүй байгаа. Түүнээс шууд тэсэлгээ, өрөмдлөгийн ажлын тооцоо нийлсэн акт гэж үзэх үндэслэлгүй.

“Пийк оптим” ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд ар талын нүүрэнд 2009 оны 12 дугаар сард тэсэлгээ, өрөмдөлгөөний ажлын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан бөгөөд 2012 онд “Пийк оптим” ХХК-ийн тэсэлгээний ажил хийх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа бөгөөд энэ талаараа дахин сунгуулсан баримт байхгүй. Иймд 2016 онд “Монроуд” ХХК-ийн тэсэлгээний ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж байгаа нь ямар учиртай вэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь анхнаасаа байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бөгөөд “Пийк оптим” ХХК нь тэсэлгээний ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг сунгуулаагүй.

Иймд “Пийк оптим” ХХК нь үндсэн зорилго нь алдагдсан гэж үзэж байгаа учир үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж хэлцэл хийсэн нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд “Монроуд” ХХК-ийн зүгээс “Пийк оптим” ХХК-иас ажил гүйцэтгэсэн акт хүлээж аваагүй, акт байхгүй, ажлын гүйцэтгэлийг хүлээж авах хугацаа тодорхойлоогүй. Гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа байхгүй учраас үндсэн төлбөр, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэрээ болон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар анхнаасаа үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Монроуд” ХХК-иас 30 784 658 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Пийк оптми” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 392 329 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388 835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монроуд” ХХК-иас 311 873 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Пийк оптми” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Пийк оптим ХХК-ийн хувьд тэсэлгээний ажил гүйцэттэх гэрээний 4.1-д заасны дагуу уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлж дуусгасан. Харин Монроуд ХХК нь гэрээний 5.3-д заасны дагуу 2015 оны 09 дүгээр сард төлбөрийг бүрэн барагдуулах ёстой байсан ч үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч байгууллагыг хохироосон болно. Өөрөөр хэлбэл үлдэгдэл төлбөр болох 30 784 658 төгрөгт хоногийн 0.2 хувийн алданги төлөх ёстой гэж үзэж байна. Нэг хоногт 61 569 төгрөгийн алданги, нийт 22 472 685 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 15 392 329 төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт Монроуд ХХК-иас 15 392 329 төгрөгийн алданги гаргуулж Пийк оптим ХХК-д олгох гэсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч “Пийк оптим” ХХК нь хариуцагч “Монроуд” ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүрэгт үндсэн төлбөр 30 784 658 төгрөг, алданги 15 392 329 төгрөг, нийт 46 176 987 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ /хх 11-13/,  2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн тооцоо нийлсэн акт /хх 14/-аас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

            “Пийк оптим” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “үйл ажиллагаа явуулах хугацааг 3 жилээр сунгасан” талаар тэмдэглэгджээ.

Мөн тэсэлгээний ажил гүйцэтгэх нь тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагаа болохыг мэдэж, захиалагч тусгай зөвшөөрөлтэйг нь үндэслэн, тэсэлгээний ажил гүйцэтгүүлэхээр гэрээний санал гаргасныг ажил гүйцэтгэгч хүлээн авч талууд харилцан тохиролцон тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иймд “Пийк оптим” ХХК-ийн тэсэлгээний ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2012 онд дууссан байхад гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, анхан шатны шүүх энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн  татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн нь зөв болно.  

Мөн ажил гүйцэтгэгч, захиалагч талууд гүйцэтгэсэн ажлын зардлын талаар харилцан тооцоо нийлж акт үйлдэн, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ажил үйлчилгээтэй холбогдсон төлбөрийн тооцоог хийж, ажлын хөлсний зохих хэсгийг хүлээн зөвшөөрч төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг харилцан тохиролцсоныг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авснаа үндэслэн төлбөрийн үлдэгдэлийг баталгаажуулсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хөлс төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч “Пийк оптим” ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын  хөлсийг шаардах эрхтэй бөгөөд тооцоо нийлсэн актаар тодорхойлсон 30 784 658 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

            Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний 5.4-т гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцэхээс гадна талууд тооцоо нийлэн, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулснаар төлбөр төлөх хугацаа тогтоосон байна. Иймд уг хугацаанаас хойш гэрээнд заасан хувиар алданги тооцож,  15 392 329 төгрөг шаардсаныг хангах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Анхан шатны шүүх алданги тооцох талаарх гэрээний заалт болон ажлын үр дүнг хүлээн авсныг үндэслэн хийсэн тооцоо нийлсэн актаар төлбөр төлөх хугацаа тодорхойлогдсон хэргийн үйл баримтыг үнэлэлгүйгээр алдангийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангасантай холбогдуулан шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний, 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн хувиарлалтад зохих өөрчлөлтийг оруулна.

            Дээрх  дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж,  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01600 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Монроуд” ХХК-аас 46 176 987 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Пийк оптим” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “56.2” гэснийг “56.1” гэж, “311 873 төгрөг” гэснийг “388 835 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 235 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

           А.ОТГОНЦЭЦЭГ