Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/793

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2105000001691 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суудаг /РД: /, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *** овогт ***.  

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн гадна иргэн ***-н такси үйлчилгээ авч буух үедээ тус машинд цэнэглэж байсан “Хулан 21 плас” загварын 599.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гар утсаа гээж мартсаныг мэдсээр байж авч завшин бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Хохирогч ***-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цагаан байрнаас ах Л, П нарын хамтаар такси барьж хорооллын эцэс орохоор явсан. Тэр үед цагаан өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэл зогссон бөгөөд эмэгтэй жолоочтой байсан. Тухайн үед манай хоёр ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба бид гурав арын суудал дээр суусан. Таксинд суух үед миний Хулан-21 маркийн гар утасны цэнэг дуусаж байсан тул таксины жолоочийг гуйж цэнэглэгчээр нь гар утсаа цэнэглэсэн. Би гар утсаа цэнэглээд урд суудлын голд байрлах хайрцаг дээр нь тавьж цэнэглэж байсан. Би Өргөө кино театр арай хүрээгүй байхад эргээд буучихдаг юм билүү гэхэд тэгвэл энд буучих 6000 төгрөг гарсан шүү гэсэн. Тэгээд километрийг нь хартал 2.5 км явсан байхаар нь яахаараа 6000 төгрөг болдог юм км нь 2000 төгрөгөөр явж байгаа гэсэн. Улмаар манай ах *** тухайн эмэгтэй хүнтэй маргалдсан ба тэр эмэгтэй эрчүүд байж мөнгөө төлж чадахгүй байхдаа яадаг юм ингээд буу гээд Өргөө кино театрын автобусны буудал дээр зогсоод бид нарыг буулгасан. ...Цаашаа явж байгаад би гэнэт гар утсаа санаад халаасандаа үзэхэд миний Хулан-21 маркийн гар утас байгаагүй. Би гар утсаа тухайн эмэгтэйн машинд мартаж буусан гэдгээ мэдсэн. Тухайн үед би гар утас руугаа залгахад миний гар утас дуудаж байсан боловч 4-5 залгасны дараа холбогдох боломжгүй болсон. Би өөрийн эзэмшлийн Хулан-21 маркийн гар утсаа 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эхлэл Плазагаас 599.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн үед гар утсандаа *** гэсэн дугаар ашиглаж байсан. Би тухайн эмэгтэйн машины дугаарыг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Хас үнэлгээ ХХк-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 354 дугаартай “...Гар утас хулан-21 марк 599.000...” төгрөг гэх үнэлгээний тайлан /хх-ийн 18 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Тунгалаг өнгийн кэйс 1 ширхэг, ehlel гэсэн бичиглэл бүхий Hulan21 маркийн гар утас 1 ширхэг зэрэг зүйлсийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 28 тал/,

Б.Л, О.Т- нарын хаан банкны данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-35, 36-38 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 60 тал/,

Шүүгдэгч  ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын эхээр 19 цагийн үед гадуур машинтайгаа явж байсан. Байрны буудлын тэнд явж байтал үл таних хоёр хүн гараа өргөсөн. Би хоёр хүн байна гэтэл нэг хүн дуудаад гурвуулаа машинд суусан. Тэр гурав хоорондоо юм ярьж байгаад хорооллын Номингийн урд талд явж байтал нэг нь надаас таксины мөнгө хэд гарч байна гэхээр нь би буух газар хүртлээ явах юм бол 6000 төгрөг өгчих хэрвээ бага гарвал би үлдэгдэл мөнгийг нь буцаагаад өгчих нь гэж хэлсэн. Над руу 6000 төгрөг нэг нь шилжүүлсэн. *** кино театрын хажууд явж байтал нэг нь энэ хоёрын хооронд яахаараа ийм их гардаг юм пизда минь гэх зэргээр харааж эхэлсэн. Би за тэгвэл одоо энд буучих би заавал та нарыг авч явах албагүй гэж хэлээд Өргөө кино театрын автобусны буудал дээр буулгасан. ...Тэд нараас салаад 10 орчим минутын дараа гар утас дуугарах шиг болсон. Тэгээд хартал миний хажуу талын суудалны шалавч дээр гар утас дуугарч байсан. Анх машинд суухдаа нэг залуу нь гар утас цэнэглээд өгөөч гэж хэлсний дагуу би гар утсыг цэнэглэсэн. Тэгээд маргалдаж байгаад тэр залуу утсаа мартаад буусан юм шиг байсан. Би тухайн үед уурласан болохоор өөрсдөө олоод гар утсаа авна биз гэж бодоод гар утсыг эргүүлж өгөөгүй. Би тэр гар утсыг ашиглаагүй ба кодыг нь тайлуулах гээд Монтел дээр очсон. Тэгтэл гар утасны кодыг 40.000 төгрөгөөр тайлна гэхээр нь би тайлуулаагүй гар утсыг гэртээ байлгаж байсан. Тухайн гар утас нь Hulan 21 маркийн гар утас байсан. ...Би хохирлоо барагдуулсан. Би гар утсыг нь өөртөө байлгаж байсан болохоор буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн алдаагаа ухамсарлаж байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд хамаарна. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 50 тал/, үл хөдлах эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***-гээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 14-15 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн гадна хохирогч ***-н такси үйлчилгээ аваад буух үедээ гээгдүүлсэн “Хулан 21 плас” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  авч хохирогч ***-ид 599.000 хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл буюу бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахгүйгээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Мөн гээгдэл эд хөрөнгө болох хохирогч А.Б-н гар утас нь 599.000

төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 18 дахь талд авагдсан “Дамно” ХХК-ийн 2021 оны  10 дугаар сарын 18-ны өдрийн 354  дугаартай тайлангаар нотлогджээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “... гээгдэл эд хөрөнгө... бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч ***-г “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***-д 599.000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн 18 дахь талд авагдсан “Дамно” ХХК-ийн 2021 оны  10 дугаар сарын 18-ны өдрийн 354 дугаартай тайлангаар нотлогдож байх ба шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***-д гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг О.Т- д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Т- д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч *** овогт ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***-д сануулсугай.

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА