Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/840

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2105000001823 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ... ий өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тээврийн жолооч ажилтай, ам бүл ... хамт ... сумын  ...  тоотод оршин суух /РД: /,

Урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 76 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Э-н Ү- .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн хашаан дотор машиныг нь шүргэснээс болж маргалдан *******-н үүдэн шүд хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн хашаан дотор хохирогч *******-тэй маргалдан улмаар үүдэн шүд хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2018 оноос Улаанбаатар хотод өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Маяти гэх нэртэй тээврийн хэрэгслээрээ хувиараа ачаа ачиж тээвэр хийдэг. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрч байхад би Баянгол дүүргийн 20 дугаар хороо ******* ХХК-ийн хашаанд цайны газарт хоол идчихээд гарч ирээд машинаа ухараагаад гарах гэж байхад машины баруун талаар саарал өнгийн бүхээгтэй цагаан өнгийн толгойтой шаланз тээврийн хэрэгсэл миний машины толь шүргээд зогссон. Би буугаад чи яаж байгаа юм бэ гэхэд тэр машинаас цэнхэр өнгийн куртиктэй, улаан өнгийн фодволктой залуу болон жолооч гэх шар фодволктой сааралдуу өмдтэй залуу бууж ирээд шууд над руу чи ямар сүртэй юм бэ гэх зэргээр доромжилсон. Жолооч залуу намайг атаман М- гэдэг намайг монголоос асуугаарай гэх зэргээр орилж байгаад миний уруул шүд хэсэгт нэг удаа цохисон. Би тэрэнд хандаж чи миний шүд рүү цохичихлооо шдээ гэхэд би шүдрүү нь цохиогүй гээд над руу уурлаад байсан. Би машиныхаа урд гараад доошоо хараад сууж байхад тэр жолооч залуу дахиж ирээд чи надаас хоолны мөнгө авах уу гэж хэлээд дахиад нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9825 дугаартай “...*******-н биед үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/,

Хохирогч *******-н шүүхийн шатанд гарсан өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 63-65 тал/,

Шүүгдэгч ******* ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод ачаа ачихаар орж ирсэн. Орж ирсэн үедээ би Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байх ******* ХХК-ийн хашаан дотор зүс таних Баян-Өлгий аймгийн тээврийн жолооч болон хуучин хамт тээвэрт явдаг байсан У нартай би тааралдаж тэр хоёртой машин дотроо архи ууж сууж байсан. ...би А-д зогсоол хадгалах гэж байгаад цайвар өнгийн өөрөө буулгагч краныг шүргэчихсэн. Тэгсэн чинь тус кран дотроос өндөр туранхай миний насны нэг эрэгтэй бууж ирээд чи яагаад шүргэчиж байгаа юм бэ гэх зэргээр над руу уурлаж эхэлсэн. Үүнээс болж бид хоёр маргалдаж бие биенээ заамдаж барилцаж авсан. Би тухайн үед согтолттой мөн уур их хүрсэн учир залуугийн баруун нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь тус залуугийн ам шүд хэсгээс цус гараад цаашаагаа машин руугаа яваад өгсөн. Би уучлалт гуйхаар очиход цагдаа дуудчихсан байсан. Замын цагдаа ирээд намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх зэргээр саатуулахаар аваад явсан. Би хийсэн хэргийнхээ хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн нэхэмжилсэн 326.000 төгрөгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ий хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 21 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 22 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 тал/, жолоочийн лавлагаа, жолоодох эрхийн онооны лавлагаа /хх-ийн 25-26 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 29-31 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-49 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн Хаан банкны депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 8-10 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн хашаан дотор хохирогч *******-н үүдэн шүд хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9825 дугаартай дүгнэлт, шүүгдэгч ******* ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч *******-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээч эмчийн 9825 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч *******-н эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч *******ий  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн хашаан дотор хохирогчийг цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ******* г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9825 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 63-65 дахь талд 326.000 /гурван зуун хорин зургаан мянга/-н төгрөгийн баримт гарган өгсөн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******* ээс 326.000 /гурван зуун хорин зургаан мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч *******-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ******* д оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой Э-н Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.Ү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******гээс 326.000 /гурван зуун хорин зургаан мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА