Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/862

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Уламбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2917/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***-н овогтой ***-д холбогдох эрүүгийн 2105000001885 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ...дүгээр сарын...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... байрны ... тоотод оршин суудаг /РД: /, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******  нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* караокений гадаа хохирогч *******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар *******-ын нүүр болон шанаа руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, духны зулгаралт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* караокений гадаа хохирогч *******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр болон шанаа руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, духны зулгаралт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед Солонгос улсаас ирсэн ... гэх 2 найзтайгаа уулзаад хорооллын өргөөгийн ард талын ******* нэртэй караокед ороод 1 цаг орчим болчихоод 22 цагт гарч лаки нэртэй паб руу орсон. ...Гадна гараад зогсож байтал араас 175 орчим өндөртэй, хар өнгийн палтотой жаахан буржгардуу юм шиг үстэй залуу ирээд намайг хэл амаар доромжилж байгаад ирээд хөл рүү өшиглөөд зүүн, баруун шанаа руу 2-3 удаа гараа атгаж байгаад цохичихоод холдоод явсан. Би тэр залуугийн араас эргэж байгаад У-г тэр залуутай андуураад үүрээд шидчихсэн. У-  ухаан алдчих шиг болохоор нь сэрээх гэж байтал тэр залуу буцаж ирээд миний нүүр хамар хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Би нөгөө залуутай босоод барьцалдаж аваад ноцолдсон. Тухайн орой урт хар пальтотой М-  гэх залуу миний хамар руу 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд хамарны гэмтлүүд учирсан байх. ...Одоо надад  гомдол санал байхгүй, гарсан зардлуудаа нэхэмжлэн гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад байрны дүү болох М- , С, Э нарын хамт ******* нэртэй караокед ороод хэсэг сууцгааж байгаад гарсан. ...Би тухайн үед тооцоо хийж үлдээд манай гурав гарсан.  Би араас нь гартал манай 3 дүү, үл таних 3 эмэгтэй, 1 эрэгтэйтэй маргалдаад зогсож байхаар нь яваад очтол үл таних эрэгтэй нь манай 3 эрэгтэй рүү дайраад байсан. Тэгээд юу болсон талаар асуухад үл таних залуу би сая танай найзуудтай зодолдсон одоо цагдаа дуудчихлаа хүлээж бай л гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Л.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад ******* баар руу найз М- , Б, Э нарын хамт ороод бүжиглэж байгаад би П-  гэх ахтай танилцаад хамт ширээнд суусан. Улмаар босож бүжиглэж байгаад үүд рүү очиж тамхи татах гэтэл П-  гэх ах үл таних 3 эмэгтэйтэй хамт гарсан. ...П-  гэх ах буцаж ирээд М-нүүр рүү нэг удаа цохихоор нь би явж очоод наа чинь ямар овоо пизда вэ гэтэл М-  намайг түлхээд хэрэггүй зодоон битгий хий гэхээр нь би буцаад орсон. ...М-г дотор хайгаад олдохгүй болохоор нь хяналтын камерыг очоод хартал гадна байсан. Би зодуулж байгаа юм байна гэж бодоод нөгөө хоёрыгоо дуудаад гурвуулаа хамт гараад очиход зодоон болоод дууссан байдалтай М-н хацар жаахан улайчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэрч З.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар гарах гээд текэн дээр Б тооцоо хийх гээд би хажууд нь зогсож байтал С ирээд М-  гадна хүнтэй муудалцаад байх шиг байна гарах уу гэсэн. Гараад очиход үл таних 2-3 эмэгтэй, 2 эрэгтэй хажууд нь М-  тэд нартай маргаад зогсож байсан. Тухайн үед үл таних 1 залуу М-  рүү чи намайг цохичихлоо гээд маргаад зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед найз П- тай уулзаад ******* нэртэй пабд ороод 2, 2 шил пиво уугаад сууж байгаад 00 цагийн үед паб хаах болоод би найз Зулаагийн хамт нойл орохоор явчихаад гараад иртэл П-  гараад явчихсан байхаар нь араас нь гартал үүдэнд П-  үл таних залуутай маргалдаад зогсож байсан. ...Үл таних залууг П- аас холдуулаад миний дүү одоо болио гэтэл хажуугаар гүйж гараад П- тай заамдалцаад нэг цохих шиг болсон. Тэр хоёр хоорондоо хөөцөлдөөд ноцолдоод байхаар нь би П- ын араас болиоч гэтэл П-  намайг тэр залуутай андуураад тонгороод унагаачихсан. ...Намайг босож ирэхэд П- ын хамар хавдаад цус гарчихсан байсан. ...Надад бол гомдол саналгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Үл таних тэр залуу П- д гэмтэл учруулсан гэсэн. Би маргааш нь хамт явж байсан найз Зулаагаас асуухад намайг ухаан алдаж унасны дараа П-  миний хажууд суугаад намайг татаж сэрээх гэж байтал тэр үл таних залуу гүйж ирээд П- ын нүүр рүү өшиглөчихөөд яваад өгсөн гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10515 дугаартай “...*******-ын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, духны зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/, 

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 59-62 тал/,

Шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3 найзын хамт ******* пабд орсон. Бид нар 2-3 шил пиво уугаад бүжиглэж байтал үл таних П-  гэх залуу хажуу ширээнээс босож ирээд юм уух уу гэж бид нараас асуугаад С-тай юм яриад зогсож байсан. ...П-  гэх залуу С-ай маргасан байдалтай заамдалцаад зогсож байсан. Би явж очоод П-  гэх залууг түлхээд гаргах гэж байхад миний нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, өшиглөсөн. ...Би араас нь гарч очоод хөөё залуу чи намайг яагаад цохиж байгаа юм бэ гэтэл чи тэгвэл цагдаагаа дуудаач би мөнгийг нь өгчихье гээд над руу дайраад гараа далайхаар нь би түрүүлээд шанаа руу нь 2-3 удаа цохисон. Бид 2 заамдалцаж байгаад би П- ааас салаад зугттал миний хойноос хамт явсан эмэгтэйтэй хөөж байгаад тэр эмэгтэйгээ үүрээд шидчихсэн. Тэр эмэгтэй газар уначихсан хажууд нь П-  хараад суугаад байхаар нь би буцаж очоод чи яаж байгаа юм бэ гээд мөр рүү нь түлхсэн. Тэгтэл тэр залуу босож ирээд надтай заамдалцаад зогсож байтал манай найзууд пабаас гарч ирээд намайг П- аас салгаад хорооллоор уруудаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Маргаж мэтгэлцэх зүйл байхгүй, хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, байнга оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 51 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 52 тал/, нийгмийн  даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* эс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 12-13, 19-20 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хэргийн үйл баримтаар *******  нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* караокений гадаа хохирогч *******-тай маргалдаж улмаар нүүр болон шанаа руу нь цохиж эрүүл мэндэд нь ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, 2 нүдний зовхины цус хуралт, духны зулгаралт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч *******-, гэрч Д.Б, Л.С, З.Э, Б.У нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10515 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээч эмчийн 10515 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч *******-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч *******н 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* караокений гадна хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******  нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Мөн шүүгдэгч ******* , хохирогч *******- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тодорхой хэмжээгээр биеэ хянах чадвараа алдсан байдал нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 10515  дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Тэрээр хавтас хэрэгт хохирол төлбөрийн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Иймд хохирогч *******- нь гэмт хэргийн улмаас өөрийн мэндэд учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******  нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ******* д оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-н овогт Б-йн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д сануулсугай.

5. Хохирогч *******- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас өөрийн мэндэд учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА