Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 00786

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр хүүдийн  хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд оршин суух “Боржгон” овогт Баднаагаравын Цэндсүрэн /РС-62060504/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Цэндсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэндсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь улсад 32 жил тасралтгүй ажиллаж байгаа боловч одоо тэтгэвэрт орох болсон тул Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 55 дугаар тооцооны төвд нягтлангаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Ус цаг уурын харъяа Цэцэрлэг сумын Чандага өртөөнд 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд техникчээр тус тус ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын банкны 55 дугаар тооцооны төвд нягтлангаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Ус цаг уурын харъяа Цэцэрлэг сумын Чандага өртөөнд 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд техникчээр байдлыг тус тус сэргээн тогтоож өгнө үү.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Цэндсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын банкны 55 дугаар тооцооны төвд нягтлангаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Ус цаг уурын харъяа Цэцэрлэг сумын Чандага өртөөнд 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд техникчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Нэхэмжлэгчид 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №063847 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн архивын лавлагаа,

ХААН Банкны Хөвсгөл аймаг дахь салбарын эрхлэгчийн “....Баднаагарав овогтой Цэндсүрэн /Рс-62060504/ нь ХААН Банкны Хөвсгөл аймгийн Цэцэрлэг тооцооны төвд тооцоо ня-бо-р 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл ажиллаж байсан нь үнэн болно....“ гэх тодорхойлолт,

Улсын банкны Хөвсгөл аймаг дахь конторын даргын 1985 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай тушаалд: “....цэцэрлэг сумын тооцооны кассчин нябогоор тус сумын харъяат Баднаагарав овогтой Цэндсүрэнг 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай....” гэх Ажилд авах ба өөрчлөн томилох тухай тушаалын хуулбар,

Монголын хөдөө аж ахуйн банкны Хөвсгөл аймаг дахь 55 дугаар тооцооны төвийн эрхлэгчийн 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай тушаалд: “....тус тооцооны төвийн ня-бо Б.Цэндсүрэн ХХА-н төв банкны шийдвэрээр орон тооны цомтголоор гарах болсон тул 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс үндсэн ажлаас нь чөлөөлөх....“ гэх Ажлаас халах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дугаартай захирамжид “....Цаг уурын Чандагт өртөөнд Б.Цэндсүрэнг 1 сар техникчийн дагалдан хийлгэн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн техникчээр томилон ажлуулсугай....” гэх Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Я.Шаравдоржийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны Б/22 дугаартай тушаалд: ”....тус газрын Чандагат цаг уурын өртөөний техникч Бадамгарав овогтой Цэндсүрэнг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, өндөр настны тэтгэвэрт тогтоолгохоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй....” гэх Ажлаас чөлөөлж, тэтгэмжийн мөнгө олгох тухай тушаалын хуулбар,

Гэрч Б.Эрдэнэчулуун: “....Б.Цэндсүрэн нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хаан банкны 55 дугаар тооцооны төвд 1986 оноос 1997 оныг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан....” гэх,

Гэрч Н.Галбаатар: “....Б.Цэндсүрэн нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Чандагч станцад 1997 оноос 2017 он хүртэл цаг уурын техникч хийж байгаад одоо тэтгэвэрт гарах гэж байгаа. Ажилдаа сайн шагнал урамшуулал авч байсан. Цаг уурын тэргүүний жуухаар шагнуулж байсан....” гэх мэдүүлгүүд, 1986 онуудын Баярын бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Боржгон” овогт Баднаагаравын Цэндсүрэн /РС-62060504/-г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын банкны 55 дугаар тооцооны төвд нягтлангаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Ус цаг уурын харъяа Цэцэрлэг сумын Чандага өртөөнд 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ