Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/741

 

 

 

 

 

 

 

2021           11            19                                        741          

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч: Д.Але нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт Дашийн Алет холбогдох эрүүгийн 2105000001494 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг, сард 530 000 төгрөгийн тэтгэвэр авдаг, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, , эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Але.

 

Шүүгдэгч Д.Але нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хашчулуун төвийн нийтийн байранд хохирогч С.Баийн гуя хэсэгт хутгаар хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь гуянд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Але мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр 10 дугаар сарын 01-ний өглөө гэртээ байхад Ба утсаар ярьж, ахмадын баярын мэнд хүргэсэн. Тэгээд манайд ирээд бид хоёр архи уусан бөгөөд би төмс арилгаж байгаад түүнийг хутгаар 2 удаа хатгасан байсан. Ба манай гэрээс гарч яваад иргэж орж ирэхэд, би түүний шархыг  нь боосон. Өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500 000 төгрөг өгсөн. Хохирогчийн биеийн байдал одоо зүгээр байгаа.  Цаашид би архи дарс хэрэглэхгүй, миний буруу  гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч -С.Ба мэдүүлэхдээ:

Би Але гэх залуутай найзлаад 40 жил болж байгаад бөгөөд одоог хүртэл бид хоёр хоорондоо харилцаатай байдаг. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өглөө ажилдаа явж байх замдаа найз Але руу залгаад ахмадын баяр хүргэе, юу хийж байна гэсэн чинь гэртээ байна, ахмадын баяр тэмдэглье, хүн ирэхгүй байна. Чи ирэхгүй юм уу гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад байж байя гэж хэлээд утсаа салгасан. Ингээд ажлаасаа чөлөө аваад 11 цагийн үед Алеын түрээсийн байр болох тус дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хашчулуун төвийн нийтийн байрны тоотгүй 2 дугаар давхарт гараад гэр рүү нь орсон. Алеийнд хоёр ширхэг 0.5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд бид хоёр юм ярьж суунгаа уг архийг хувааж уусан. Тэгээд архи уучихаад би согтсон, мөн маргааш нь ажилтай байсан тул Алет хандан найз нь маргааш ажилтай, явлаа гээд үүд хэсэг рүү явсан чинь Але төмс арилгаад сууж байсан ба би ардуур нь гарах гэсэн чинь чи байж бай, хоол хийж байна, тэгээд хоёулаа хошуучийнд очно шүү дээ байж бай гээд баруун гартаа барьж байсан хар өнгийн иштэй хутгатай гараараа миний хөл хэсгийг зогсоох гээд зангаж байсан юм. Би за яах вэ, явлаа гээд гэрээс нь гарч яваад шатаар бууж байсан чинь баруун гуянаас цус бололтой нойтон оргиод байхаар нь буцаж ороод Алет хандан хөл нойтон оргиод цус гараад байх шиг байна, чи сая хутгаараа хатгачихсан юм биш үү гээд өмдөө тайлаад үзтэл баруун гуяны дотор хэсэгт зүсэгдсэн байсан. Тэгээд Але миний шархыг цэвэрлэж боож өгсөн чинь гайгүй болчихоор нь гэр рүүгээ харих гээд гудамжаар өгсөөд явж байсан чинь манай хүү На ажилдаа явахаар алхаж явсан. Тэгээд миний хөлийг харчихаад наад хөл чинь яасан юм бэ гэхээр нь Але ахтай чинь архи уугаад, тэгээд гарах гэсэн чинь намайг байж бай гээд санамсаргүй хутгалчихлаа гэсэн чинь эмнэлэгт үзүүлье, цагдаад хандая гээд өргөдөл өгсөн юм. Бид хоёр 40 жил найзлаж байна. Энэ хугацаанд огт маргалдаж, зодолдож байгаагүй. Тухайн өдөр ч гэсэн бид хоёр маргаж, зодолдсон зүйл байхгүй. Миний найз Але намайг санамсаргүй зүссэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 9-10 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.На мэдүүлэхдээ:

Тухайн өдөр ажлдаа явах гээд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 7-29 тоотоос гараад автобусны буудал орохоор гудамжаар явж байтал манай аав сонин царайлчихсан гудамжинд сууж байхаар нь яасан юм бэ, юу болсон юм бэ гэсэн чинь найз Алеын гэрт нь архи уугаад гэр рүүгээ харья гээд гарах гэсэн чинь төмс арилгаж байсан хутгаараа намайг явуулахгүй байж бай гэж байгаад санамсаргүй хатгачихсан гэхээр нь эмнэлэг явъя гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд шархыг нь харсан чинь баруун гуяны ард зүсэгдсэн шарх байсан бөгөөд шархыг нь боочихсон байсан. Гэмтлийн эмч нь 3х4 хэмжээтэй гүн зүсэгдсэн байна гэж хэлсэн. Тухайн үед аав өөрийн гэсэн ухаантай, хэвийн байсан гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Бат мэдүүлэхдээ:

Алеын гэрийн хажуу айлын эмэгтэй надад үүдний коридор цус болчихсон байна гэж хэлэхэд нь би цус болсон газрыг очоод хартал цусны толбо Алеын гэрийн үүд рүү чиглэсэн байсныг хараад би гэр рүү нь орж харсан. Гэтэл Але өвөө гэртээ согтуу байдалтай үүдний хэсэг нь цус болчихсон, архины шилнүүд өрөөтэй байсан. Би юу болсон юм бэ гэж асуухад манай найзын хамраас цус гараад урд шөнө яваад өгсөн гэж хэлсэн. Би үүдний цус болсон хэсгийг цэвэрлэсэн гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Н.Ту мэдүүлэхдээ:

Баруун гуяны ар дунд хэсэгт ташуу байрлалтай 2х0,1, 2х0,1 см тус бүр оёдол тавигдсан хоёр ширхэг зах ирмэг тэгш хатгагдсан шархтай байна. Уг гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Уг гэмтэл нь санаатай, санаандгүй үүссэнийг шүүх эмнэлэг тогтоох боломжгүй гэжээ. (хэргийн 43-44 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны 9407 дугаар дүгнэлтэд:

1. С.Баийн биед гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.Але нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)                                                            

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Але нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хашчулуун төвийн нийтийн байранд хохирогч С.Баийн гуя хэсэгт хутгаар хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь гуянд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Ба, гэрч Б.На, Ж.Бат, шинжээч Н.Ту нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны 9407 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Алет холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Дашийн Алеыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Алеыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Алет даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Але нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгасугай.

 

6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Д.Алеаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Але цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

            10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Алет хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН