Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2017/00599

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 7945705.12 төгрөг гаргуулах тухай “*******” банкны Дорнод аймаг дахь салбарын нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” банкны Дорнод аймаг дахь салбараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн *******, ******* нар нь 2015 оны 07 сарын 23-ны өдөр “Шинэ мянгат” тооцооны төвөөс *******3 тоот зээлийн гэрээ байгуулан 10 сая төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 7.1.1, 7.1.2-т заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 357 хоног зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. ...иймд 2015 оны 07 сарын 23-ны өдрийн  *******3 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 6857833.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1049000.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38871.15 төгрөг, нийт 7945705.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн *******, ******* нар нь “*******” банкнаас 10 сая төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа  төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, *******, ******* нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлдэгч ******* нь дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хамтран зээлдэгч *******ыг хариуцагчаар татахаас татгалзаж байна гэжээ.

      Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 2-06 тоотод оршин суух, ЖБ77041562 регистрийн дугаартай, Хавхчин овогт Нэмэхийн Цасанчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* банкнаас 10 сая төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Одоо зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 7945705.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тухайн зээлийг авахад манай нөхөр ******* хамтран зээлдэгчээр орсон нь үнэн боловч бид 2016 оны 04 сард салсан тул түүнд хамаагүй гэж үзэж би өөрөө зээлээ дангаараа төлж дуусгах болно гэжээ.  

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” банкны Дорнод аймаг дахь салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 7495705.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь уг хэрэгт хамтран хариуцагчаар оролцвол зохих *******ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан хүсэлт гаргасан байх тул шүүх уг хэргийн хариуцагчаар *******ийг тогтоож, нэхэмжлэлийн хувийг *******од гардуулаагүй болно.

Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч ******* нь зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 7945705.12 төгрөгийг нэхэмжлэгч “*******” банкны Дорнод аймаг дахь салбарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142081 төгрөгөөс 71040.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 71040.5 төгрөгийг төсвийн

орлогоос, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 71040.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” банкны Дорнод аймаг дахь салбарт олгосугай.          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН