Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/734

 

 

 

 

 

 

 

   2021           11             17                                    734

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

хохирогч: Д.А,

шүүгдэгч: Д.Хо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хо-т холбогдох эрүүгийн 2105017041290 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайн оператор мэргэжилтэй, “Хишиг арвин” ХХК-д авто оператор ажилтай, сард 2 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт

2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн,

Шүүгдэгч Д.Хо нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 20 минутын үед таксины үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3, 4 дүгээр хорооллын эцсийн “И март” дэлгүүрийн урд хүргүүлсэн хохирогч ДАийн орхиж буусан “Ая фоне 11” загварын гар утсыг бусдын эзэмшлийн эд зүйл болохыг мэдсээр байж буцаан өгөлгүй, түүнд 1 550 000 төгрөгийн эд хөрөнгөний хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж, хохирогчид 1 550 000 төгрөгийн эд хөрөнгөний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Хо мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчийн гар утсыг өөрийн машинд байсныг мэдсэн. Хохирогч гар утсаа хаяад буусан учраас би авсан юм. Уг гар утсыг 500 000 төгрөгөөр зарсан. Хохирогчийн хохирлыг төлөхөөр би яг адилхан утас аваачиж өгсөн боловч би мөнгөөр буюу 1 700 000 төгрөг авна гэсэн. Гар утасны үнэлгээ нь 1 500 000 төгрөг гарсан байхад 1 700 000 төгрөг авна гэсэн. Одоо надад 1 100 000 төгрөг бэлэн байна. Энэ мөнгийг хохирогчид өгч байна. Үлдсэн 450 000 төгрөгийг 10 хоногийн хугацаанд төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.А мэдүүлэхдээ:

Анх мөрдөн байцаалтад гар утасны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчийн эхнэр надтай холбоо барьдаг. Би шүүгдэгчийг 1 700 000 төгрөг өгчих гэхэд надад гар утас аваад ирсэн. Тухайн гар утас нь задаргаа орсон, муу утас байсан болохоор би аваагүй. Мөн надад 1 200 000 төгрөг байна авах уу гэж байснаа шүүх дээр өөрөө авч очно гэсэн. Шүүгдэгч 1 100 000 төгрөгийг одоо төлье гэж байгааг зөвшөөрч байна. Энэ мөнгийг хүлээн авна. Үлдэх хохирлоо нэхэмжилж байна гэв.

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 760 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1 550 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ.  (хэргийн 23 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.Хо нь 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Хо нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 20 минутын үед таксины үйлчилгээнд явж байхдаа хохирогч Д.А-ийг Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3, 4 дүгээр хорооллын эцсийн И март дэлгүүрийн урд хүргэхдээ хохирогч ДА машинд нь орхиж буусан “Ай фоне 11” загварын гар утсыг бусдын эзэмшлийн эд зүйл болохыг мэдсээр байж буцаан өгөлгүй, зарж борлуулан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж, хохирогчид 1 550 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.А-ийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Хот холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 1 100 000 төгрөгийг төлсөн ба үлдэх хохирлыг 10 хоногийн хугацаанд төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Хо-аас 450 000 төгрөг гаргуулан хохирогч Д.А-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч ДАд 1 100 000 төгрөгийг төлсөн, үлдэх 450 000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Хо нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Хо-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Хо-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Д.Хо зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Д.Хо нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Хот оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Хо-аас 450 000 төгрөг гаргуулж, хохирогч Д.А-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хо-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.ОЮУН