Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/705

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул /томилолтоор/,

хохирогч: Г.Ба, түүний өмгөөлөгч Г.Балжмаа /2594/

шүүгдэгч: М.Са нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Са-т холбогдох эрүүгийн 2105008111204 дугаартай,1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Са.

 

  Шүүгдэгч М.Са нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хятад” хоолны газар үйлчлүүлж байсан хохирогч Г.Батай маргалдан, түүний толгой хэсэгт пивоны шилээр нэг удаа цохиж, эрүү хэсэгт нь шилээр зүсэж, биед нь тархи доргилт, дух, эрүүнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.(яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- М.Са мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч бид хоёр цэргийн алба хаасан хүмүүс байсан. Би түүнээс 2 насаар дүү учраас намайг дээрэлхэх гээд, хэрүүл өдөөд, шинэ цэрэг, хоолоо бүгдийг ид гээд байсан. Хоол идэхгүй гэхэд архины шилээр цохисон. Намайг эхэлж архины шилээр цохисон учраас дараа нь би түүнийг пивоны шилээр цохисон. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлөөгүй бөгөөд надаас 2-3 сая төгрөг нэхээд байсан учраас төлж чадаагүй. Хохирогчийн эмчилгээний төлбөр баримтаар 766 900 төгрөг байгаа. Энэ мөнгийг одоо төлнө. Харин цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг төлнө. Хохирогчтой өнөөдөр л уулзаж байна. Хохирогчтой холбогдож, уучлалт гуйх гэж оролдож байсан. Утсаа авахгүй, фейсбүүкийг маань блоклосон учраас холбогдох боломжгүй байсан гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Ба мэдүүлэхдээ:

Тухай өдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр багын найз Та, Мандуул нартай кафед уулзаж, 2 шил архи уусан. Тэгээд Са Мандуултай утсаар яриад төрсөн өдөр тэмдэглэе гэж дуудсан. Тэгээд төмөр замд байрлах хятад хоолны газар Сатэй уулзсан. Тэр үед Сатэй ойлголцохгүй байсан. Цэрэг яриад, хоолны мөнгө би төлөх үү гэх санал тавьсан. Би эхэлж түүний толгойны дагзны хэсэгт нь шилээр цохисон. Та намайг авч гараад би тайвшраад буцаж орсон. Тэгээд Саийг гарч тамхилъя гэж хэлсэн. Гарах гээд босоход Са пивоны шилээр намайг цохисон. Та салгах гэхэд Таын суган доогуур гар нь гарч ирээд шилээр зүссэн. Би хойшоо болоогүй бол хоолой зүсэх байсан. Би үйлчилгээний салбарт ажилладаг учраас сорвио арилгах хэрэгтэй байна. Хохирлын мөнгө гаргуулах хүсэлтэй байна. Сорвины эмчилгээ болон хохиролд 4 000 000 төгрөг нэхэмжилсэн. Одоо надад сорвио арилгах эмчилгээний төлбөр байхгүй байна. Баримтаар 766 900 төгрөгийн зардал гарсан. Са энэ мөнгийг өгсөнийг авлаа. Тухайн үед түргэн уур гаргасан нь миний буруу гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Та мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн найз болох Ба, Мандуул хоёртой 14 цагийн үед уулзаад пабад суусан. Тэгээд бид нар хоол идээд сууж байхад Са Баыг архины шилээр толгой руу нь цохисон. Тэгэхээр нь бид нар салгаад Баыг гадагшаа авч гарсан. Тэгээд Баыг дагуулаад хоолны газар луу орсон. Тэр үед Са, Ба хоёр зүгээр сууж байсан. Тэгээд бид нар 30 минут орчим хоол идээд сууж байсан чинь Са, Ба хоёр муудалцах гээд байсан. Бид нар нээх анзаараагүй. Тэгсэн чинь Сайнаа ширээн дээр байсан пивоны шилийг аваад Баын толгой руу цохисон чинь пивоны шил хагарсан. Тэгсэн  чинь Сайнаа хагарсан шилээр нь Баын хоолой хэсэгт зүссэн. Тэгээд Батбаярын хоолой хагараад цус их хэмжээгээр гарч байсан. Бид нар тэндээс гарч эмийн сангаас бинт аваад Баын толгой хүзүүг боож өгөөд таксинд суулгаж өгөөд гэр рүү нь явуулсан. Би Сайнаа дээр очоод яаж байгаа юм бэ, хүн аллаа ш дээ гэсэн чинь Сайнаа нэлээн согтуу, уучлаарай гэж байсан. Тэгээд бид нар тараад харьсан гэжээ. (хэргийн 28-29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ня мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байсан чинь манай нөхөр Та 15 цагийн үед утсаар залгаад Мандуул, Ба хоёртой хамт нэг пабад сууж байна хүрээд ир гэсэн. Тэгээд би тэр 3 дээр очсон. Намайг ирэхэд манай нөхрийн найз Ган-Очир ирж байсан. Мөн Мандуулын эхнэр Оюука ирсэн байсан. Тэгээд тэр пабад сууж байсан чинь Мандуул Са утсаар ярьж байна гээд бид нар Сайнаагийн дуудсан газар луу очихоор болсон. Пабаас гарахад Ба нэлээн согтсон байсан. Тэгээд бид 6 Сайнаагийн дуудсан газар ирсэн чинь Сайнаа Тэтэй хамт байсан. Тэр 2 бас согтолттой байсан ба бид нар суугаад хоолоо захиалаад идээд сууж байсан чинь Ба Сайнаа 2 муудалцаад байсан. Миний харснаар Ба Сайнааг өдөөд “чи муу бацаан хэзээ ийм болсон юм” гэх зэргээр үгээр идээд байсан. Тэгээд Сайнаа ширээн дээр байсан пивоны шил аваад Ба-ын толгой  руу цохиход шил нь хагарсан чинь хагархай шилээр хүзүүг нь зүсчихсэн гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тэ мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүкээр найз Са-тэй холбогдоод бид хоёр 15 цагийн үед Модны 2-т уулзсан. Тэгээд бид 2 тэндээсээ гараад Төмөр замын тэнд нэг хоолны газар орсон. Тэр үед манай найзууд болох Мандуул, Та, Оюука, Ган-Очир, Ба, Нямка нар уулзчихсан байна гэхээр нь хоолны газартаа хүрээд ир гээд дуудсан. Тэр хэд 18 цагийн үед ирсэн. Тэгээд бид хэд хоол захиалаад гаднаас нэг шил архи, хэдэн пиво оруулаад хоолоо идээд, сууж байтал Ба, Сайнаа 2 хоорондоо муудалцаад байсан. Тэгсэн чинь гэнэт Ба ширээн дээрээс архины шил аваад Сайнаагийн толгой руу цохисон. Тэгээд архины шил нь хагарсан. Та Ба-ыг гадагш авч гараад хэсэг юм ярьж суугаад 30 орчим минут болж байтал Ба дахиад Сайнаа руу янз бүрийн юм яриад, үгээр идээд байсан. Тэгсэн чинь Сайнаа уурлаад ширээн дээрээс пивоны шил аваад Ба-ын толгой руу цохиход шил нь хагарсан. Мөн Ба-ын толгой бас хагарсан байсан. Тэгээд Сайнаа хагарсан шилээрээ Ба-ын хүзүүг зүссэн. Ба-ын хүзүүн дээр зүсэгдсэн ором гарчихсан бага зэргийн цус гарсан байсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Га мэдүүлэхдээ:

Бид ширээн дээр суугаад хоолоо захиалаад юм яриад сууж байсан чинь Са Ба хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд маргаж байснаа Ба Са-ийг чи муу бацаан ингэх болоогүй шүү гээд архины шил аваад толгой руу нь цохиж, хагалсан. Тэгээд бид хэд тэр хоёрыг салгаад голд нь суугаад хоолоо идэж байгаад би ариун цэврийн өрөө рүү явсан. Иргээд ирэхэд өрөөгөөр дүүрэн цус болчихсон, Ба-ын толгой нь хагарчихсан байсан. Тэгээд би Ба-ыг авч гараад юу болсон талаар асуухад муу бацаан намайг цохичихлоо гээд орилоод байсан. Тэгээд би эхнэрийгээ аваад Ба Ганаа хоёртой хамт таксинд суусан. Гэтэл Ба та нар намайг харж байгаад зодууллаа, би явахгүй, гэртээ харина гээд манай эхнэр Ганаа бид гурвыг буулгаад өөрөө таксигаараа гэр рүүгээ явсан. Тэгээд 23 цагийн үед Ба-ын эхнэр над руу залгаад цус нь тогтохгүй байна, бид хоёр гэмтэл явлаа гэж хэлсэн гэжээ. (хэргийн 42-43 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дугаар сарын 06-ны өдрийн 2798 тоот хэргийн материалаар хийсэн дүгнэлтэд:

1. Г.Баын биед тархи доргилт, дух, эрүүний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг, ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, хатгах, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Г.Ба нь АВО системээр А(II) бүлгийн цустай байна гэжээ. (хэргийн 78 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 576 тоот хэргийн материалаар хийсэн дүгнэлтэд:

1. Г.Ба-ын биед тархи доргилт, дух, эрүүний зүсэгдэн шарх гэмтэл тогтоогджээ.

2. Дээрх гэмтлүүд нь хүний нүдний хараанд нөлөөлөх боломжгүй.

3.  Г.Ба-ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

5. 6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 380 тоот дүгнэлтэд:

1. Г.Ба-ын биед тархи доргилт, дух, эрүүний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр, дух, эрүүний зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно.

5. Дээрх тархи доргилт, дух эрүүний зүсэгдсэн шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг дүгнэлтэд өөрчлөлт орохгүй болно гэжээ. (хэргийн 64-65 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариулцгаа хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:

Шүүгдэгч М.Са нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эдэлж дууссан гэжээ. (хэргийн 104 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Са нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хятад” хоолны газар үйлчлүүлж байсан хохирогч Г.Батай маргалдан түүний толгой хэсэгт пивоны шилээр нэг удаа цохиж, эрүү хэсэгт нь шилээр зүсэж биед тархи доргилт, дух, эрүүнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ба-ын мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.Та, М.Ня, Б.Тэ, Ц.Га нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 576, 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 380, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2798 дугаар дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Са-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Са гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Түүнчлэн энэ гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар нь архи ууж согтуурсан, согтуурсан үедээ хохирогч Г.Ба нь М.Са-ийг үг хэлээр доромжилж, түүний толгойн тус газарт архины шилээр эхэлж цохисон зэрэг хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлжээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Са нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Са-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Са-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч М.Са-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч М.Са-ээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Са-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.ОЮУН